УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа


5-р сарын 8
12 цаг 06 минут

       Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат өнөөдөр (2024.05.08) Азийн сангийн дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Сюзанне Сискел, тус сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сара Тэйлор нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, хатагтай Сюзанне Сискел тэргүүтэй хүндэт зочидтой уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд Азийн сан нь Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойших хугацаанд засаглалыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, авлигатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр үр дүнтэй ажлуудыг амжилттай зохион байгуулж ирснийг тэмдэглэв. Энэ ташрамд Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Улсын Их Хурлаас “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Азийн санд талархал илэрхийллээ.

Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сантай хамтран 2017 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар анхдугаар Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байсан бөгөөд 2021 онд Хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан юм. Энэ хүрээнд хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдэд парламентын боловсрол олгох, Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх, парламентын ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр үр дүнтэй ажлуудыг хамтран хэрэгжүүлсэн.

Өнөөдрийн уулзалтаар Хамтын ажиллагааны санамж бичгийг дахин байгуулахаар талууд уулзаж байгаа бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сантай хамтран ажилласан өмнөх туршлага дээрээ үндэслэн илүү эрч хүчтэй, бүтээлчээр хамтран ажиллах болно гэдгээ Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат илэрхийлэв.

Хатагтай Сюзанне Сискел, цаг гарган хүлээн авч буй Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад талархал илэрхийллээ. Энэ ташрамд Азийн сангийн ерөнхийлөгч, удирдлагын баг болон ТУЗ-ийн мэндийг Д.Энхбат даргад уламжилж, Улсын Их Хурлын Тамгын газартай нягт хамтын ажиллагаандаа сэтгэл хангалуун, баяртай байгаагаа хэлэв.

Олон Улсын Ардчилсан Холбооны хурал Монгол Улсад зохион байгуулагдаж байсан талаар хатагтай Сюзанне Сискел дурдаж өөрчлөгдөн хувьсаж буй энэ цаг үед Монгол Улс ардчиллыг бэхжүүлэх чиглэлд жишиг болж байгааг тэрбээр бахархан тэмдэглээд “Талууд хамтын ажиллагаагаа ийн үргэлжлүүлж, өргөжүүлсний үр шимийг Монголын нийт ард иргэд хүртэнэ хэмээн найдаж байна” гэлээ. Мөн тэрбээр Монгол Улс дахь Суурин төлөөлөгчөөр томилогдоод байгаа хатагтай Сара Тэйлорыг танилцуулж, цаашид үр дүнтэй хамтын ажиллагааг өрнүүлнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн.

Талуудын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх энэ удаагийн Санамж бичиг таван чиглэлд хэрэгжих арга хэмжээнүүд тусгагдсаны зэрэгцээ өөрчлөгдөн буй цаг үе, нөхцөлөөс үүдэн хэрэгцээ, шаардлага хувьсаж буйтай нийцүүлсэн онцлогийг тэмдэглээд, оновчтой шийдэл хэмээлээ.

Азийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан ноён Марк Кэйнигтэй Улсын Их Хурлын Тамгын газар нягт хамтран ажиллаж байснаа Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат тэмдэглээд, шинээр томилогдсон хатагтай Сара Тэйлортэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн, бэхжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна гэв.

Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдэд парламентын боловсрол олгох, Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх, парламентын ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр үр дүнтэй ажлуудыг хамтран хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдрийн уулзалтаар хамтын ажиллагааг үргэлжлүүлэх Санамж бичигт гарын үсэг зурах гэж буйдаа баяртай байгаагаа Д.Энхбат дарга илэрхийлсэн.

Монгол Улсын Их Хурал бүтцээ өргөжүүлж 126 гишүүнтэй болж буйтай холбоотой Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулиудыг шинэчлэн баталж буй талаар зочдод дуулгаад “Эрх зүйн энэ өөрчлөлтийн хүрээнд парламентат ёс төлөвшсөн орнуудын жишгээр Монголын парламентын музейг байгуулах асуудлыг тусгасан. Энэ санаачилгыг Азийн сан дэмжин ажиллана гэдэгт найдаж байна” хэмээв. Парламентын нээлттэй, ил тод байдлыг бэхжүүлэх, хүүхэд залууст парламентат ёс, парламентын үйл ажиллагааг таниулах үйл ажиллагааг дэмжин ажиллахдаа баяртай байдгаа Азийн сангийн дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал тэмдэглэсэн.

Монгол Улс парламентын ардчиллын хувьд цоо шинэ үеийг эхлүүлж буй энэ цаг үед Азийн сангийн дэмжлэг, санал, зөвлөгөө манай улсын парламентын өөрчлөлт, шинэчлэлтэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Азийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сара Тэйлор нар хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Азийн сангийн дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Сюзанне Сискел болон Улсын Их Хурлын Тамгын газрын Дэд дарга Ц.Батбаатар, Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Даваадаш, албаны бусад хүмүүс байлцав. Талууд хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд төлөвлөсөн ажлуудыг бүрэн дүүрэн гүйцэтгэхэд хичээл зүтгэл гарган ажиллаж, хамтын ажиллагаагаа илүү үр дүнтэй болоход анхаарахаа харилцан илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ8 цаг 53 минутын өмнө2024 оны марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ8 цаг 55 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томиллоо6 сар 1. 10:56“Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээн зургаадугаар сарын 6-9-ны өдрүүдэд болно6 сар 1. 10:49Дэлхийн тамхигүй өдрөөр “Худлаа ярихаа зогсоо” аяныг эхлүүллээ6 сар 1. 10:29Хүүхдийн баяраар болох арга хэмжээнүүдийн хөтөлбөр6 сар 1. 10:24Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна6 сар 1. 10:17Хоёр настай хүүхдийн уран зураг 7000 ам.долларт хүрчээ5 сар 31. 17:00Бага насны хүүхэд хүчиндсэн Монгол Улсын иргэнийг гадаад улсад баривчиллаа5 сар 31. 16:5680 мянга гаруй иргэдийг авран хамгаалах ангитай болно5 сар 31. 16:47АБГББХ: Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ5 сар 31. 13:11Хангай бүсийн салбар зээлийн батлан даалтын хүсэлтийг шуурхай шийдвэрлэдэг боллоо5 сар 31. 13:08Үндсэн хуулийн Цэцийн даргаар Г.Баясгаланг сонгох уу5 сар 31. 12:23ҮББХ: “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив5 сар 31. 12:11Тухтай, аюулгүй амьдралын төлөөх - Ухаалаг дэд бүтэц, зөв бүтээн байгуулалт5 сар 31. 12:08Б.Саруул: Анх удаа балет үзэж байгаа хүүхдүүд ч “Дэггүй Лиз”-ийг маш сайн ойлгодог5 сар 31. 12:00Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 31. 11:53Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах шинжээчдийн түвшний ээлжит хэлэлцээг зохион байгуулав5 сар 31. 11:51Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томилох саналыг дэмжлээ5 сар 31. 11:42СЕХ 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзав5 сар 31. 11:36Цаг агаарын нарийвчилсан мэдээг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна5 сар 31. 9:43БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.М.Готсурвэтэй уулзлаа5 сар 31. 9:28Одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүллээ5 сар 31. 9:25Хувийн туслах үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах уулзалтыг зохион байгуулав5 сар 31. 9:21"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргал томилогдлоо5 сар 31. 9:18"Пиноккио"-той хүүхдийн баяр5 сар 31. 8:55Сонсголоор илэрсэн зөрчлүүдийг хуулийн байгууллагад шилжүүлнэ5 сар 31. 8:49Эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны гурван талт хамтын хэлэлцээр байгууллаа5 сар 31. 8:41Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тогтоолын төслүүдийг баталж, 14 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 31. 8:36Өнөөдөр хөхөгчин хонь өдөр5 сар 31. 8:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.