IMAGE: О.Цолмон


Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр улс төрөөс холдох бодолгүй байгаа билээ. Тэрбээр энэ удаагийн сонгуульд нэр дэвшихийг хүссэн ч цагдаагийн байгууллагаас түүнд тодорхойлолт гаргаж өгөөгүй. Тиймээс өөрийнхөө нэр дэвших гэж байсан 70 дугаар тойрогт эхнэр О.Цолмонгоо нэр дэвшүүлээд байна. Ингээд нэгэн үе Монголын тэргүүн хатагтай явсан О.Цолмонгийн имижийг онцолж байна.

Овог: Онон
Нэр: Цолмон
Боловсрол:   Эдийн засагч, философич мэргэжилтэй, ЗХУ-ын Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуулийг төгссөн гэдэг.
Ажил:  “Ерөөл сан”-гийн тэргүүнээр ажиллаж буй. Хараа хяналтгүй эмзэг бүлгийн хүүхдүүдэд тусалдаг бөгөөд Н.Энхбаяр төрсөн өдрөөрөө буюу жил бүрийн зургаадугаар сарын 1-нд хүүхдүүдийг гэртээ урьж баярлуулдаг уламжлалтай хэмээн хэвлэлд бичигддэг.
Оффшор данстай эсэх: Одоогоор мэдэгдээгүй.
Имиж:  Монгол Улсын тэргүүн хатагтай байхдаа эрхэмсэг, дэгжин байсан. Гэсэн хэдий ч нөхрөө хоригдох үеэс хойш “авгай” имиж бүрдүүлэх болсон гэж болно. Урьдын О.Цолмон хаана байна гэтэл өөрчлөгдсөн.  Нөхрийнх нь хэлснээр О.Цолмон хар кофе уух, тамхи татах, ном унших гэсэн гурван зуршилтай гэнэ лээ.
Гэр бүл: Нөхөр, дөрвөн хүүхэдтэй. Том хүү Э.Батшугар нь өдгөө Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг.
Улс төр: Н.Энхбаяр эхнэрийнхээ талаар “Үнэндээ надаас хэд дахин илүү дайчин хүн” хэмээж байсан ч О.Цолмон улс төрд орох бодолгүй гэдгээ илэрхийлж байсан. 2012 онд тэрбээр МАХН-ын төв байранд  нэг ч удаа очиж үзээгүй хэмээж байв.
Дуулиан: О.Цолмон 2013 онд тухайн үед Хууль зүйн сайдаар ажиллаж байсан  Х.Тэмүүжин рүү “Чамайг занаж байгаа ээжүүд нэмэгдэж байх юм. Чи яасан зоригтой юм бэ. Ийм зоригтой хүн хүнтэй сууж хүүхэд гаргаж болдоггүй л юм даа. Хүүхдүүдээ бодохгүй байгаа юм уу, тоохгүй байгаа юм уу. Ямар их нулимс уудаг юм бэ. Энэ нулимсанд чи биш, чиний хүүхдүүдэд унана даа. Чамд хэн ч хэлсэнгүй гэж үү” гэсэн мессэж илгээснийг Х.Тэмүүжин “Твиттер” хуудаснаа цацаж байсан.
Тэгвэл  Н.Энхбаяр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцсоны дараа уг нэвтрүүлгийн хар зураг цацагдсан. Интернэтээр цацагдсан бичлэгт  О.Цолмон уг бичлэгт "Би ч юм уу, Н.Энхбаяр ч юм уу, бид нар хор найруулаад эхлэх юм бол юун Ц.Элбэгдорж, юун С.Баяр, юун Ц.Нямдорж, тэд нарыг бүгдийг нь нийлүүлснээс илүүг хийж чадна гэдгийг ойлгож байна уу, үгүй юу? Миний толгой, миний ухаан тэд нарыг нийлүүлээд найм дахин эргүүлснээс ч илүү хор найруулж чадна, муу юм хийж чадна шүү дээ. Н.Энхбаяр бол надаас арай бага, угаасаа муу хүн биш учраас. Гэхдээ би нэг гараараа нөгөө гараа барьсаар байгаад өдий хүрсэн. Би өнөөдөр доошоо орчихсон, хамгийн дор байгаа юм шиг боловч үгүй, нэг ........ юм бол пүхх гээд бүгдийг гаргаад ирж чадна шүү дээ. Муу юм хийх амархан шүү дээ” хэмээн ярьсан нь бий. Тэгвэл хамгийн сүүлд О.Цолмон 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж дуулиан дэгдээгээд байна.

Г.БАЯР

  • Шинэ
  • Их уншсан