Д.Цогтбаатар: Би Монгол руу гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, гуйлгын эдийн засгаас гаргахыг хүссэн


Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатарын “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаас “Тренд үг”-т онцоллоо.  Тэрбээр оффшор дансны асуудлаар байр сууриа илэрхийлжээ.
-Нэг зүйлийг эхнээсээ их тодорхой хэлмээр байна. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос зарласан манай улсын оффшор данстай хүмүүсийн нэрс дотор миний нэр байхгүй. Надад оффшор нууц данс байхгүй болоод л тэр.
-Би Монголд бүртгэлтэй, Монголд ажил олгогч, татвар, нийгмийн даатгалаа Монголд төлдөг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт хийж байсан. Үүнээс хойш 11 жил өнгөрч байна. Хөрөнгө оруулалт хийхдээ ил тод өөрийн нэрээр хийсэн. Хэнээс ч, юу ч нуугаагүй. Тэр компанийн толгой компани Британийн Виржинийн арлын чөлөөт бүсэд бүртгэлтэй компани байсан. Тэр нь Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын агентлагийн бүртгэлд хуулийн дагуу ил тод туссан. Тэгэхээр энэ толгой компани нь нууц байгаагүй, Монголын төр бүртгээд авчихсан, сайтар мэдэж байсан гэсэн үг.
-Хоёр жилийн өмнө зарчихсан байраа ч юм уу, машинаа одоо байгаа мэтээр хөрөнгө орлогодоо мэдүүлж болохгүй биз дээ.
-Тэр үеийн төрийн албан хаагчийн дундаж цалин чинь өнөөдрийн Монгол Улсад мөрдөгдөж буй цалингийн доод хэмжээнээс гурав дахин бага байсан юм. Далан мянган төгрөг байсан. Амьжиргаанд нь яагаад ч хүрэхээргүй цалин өгч байсан учраас ажлын бус цагаараа өөр ажил бизнес эрхэлж амьдралаа залгуулах боломжийг нь нээсэн байсан хэрэг л дээ.
-Миний санаж байгаагаар тэр үед манай системд ажиллаж байсан бараг бүх хүн ар гэрийнхэнтэйгээ хамтран нэг бар, ресторан ч юм уу, эсвэл кафе, дэлгүүр, үйлдвэр үйлчилгээний газар ажиллуулдаг байсан. Үнэн юм үнэнээрээ сайхан. Төрд хөгжлийнх нь ийм үе шат бас байсан л юм.
-Харин би хэзээ ч төрийн, төсвийн мөнгөтэй холбоотой тендер, концесс, гэрээт ажил авч, цавчаа гээч юмтай холбогдож яваагүй. Бас хэзээ ч төрөөс их бага зээл авч байгаагүй.
-Би Монгол руугаа л гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, зээл тусламжийн, гуйлгын эдийн засгаас гаргахад бодитой хувь нэмэр оруулахыг л хүсч ажиллаж байсан. Нэг ч болов монгол хүний, Монгол Улсын орлого, амьжиргааг бага ч болов ахиулчих юмсан л гэж зорьж явсан.

  • Шинэ
  • Их уншсан