Хятадын коммунист намын Хятад улсын хөгжлийн үзэл баримтлалууд


4-р сарын 27
7 цаг 31 минут

Монгол Улсын Боловсролын ухааны доктор (Ph.D),  Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш, Хятад судлаач Т.Чулуун-Эрдэнэ

                                                                          ОРШИЛ

 Хятад судлаачид Хятад улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн эх үндсийг Дэн Шяопин-гийн 1978 онд авч хэрэгжүүлсэн өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлоготой нягт уялдуулан авч үздэг. Сүүлийн 10-аад жилд онцолж хэлбэл Хятадын коммунист нам XVIII их хурлаас хойш, Хятад улсын эдийн засаг эрс хүчирхэгжиж, хөгжлийн тогтвортой байдлаа хадгалж байгааг Ши Жиньпин тэргүүтэй Хятадын коммунист намын Төв хороо, Засгийн газар ард түмнээр гол төв болгосон хөгжлийн үзэл санааг дэвшүүлж, эдийн засгийн салбаруудад үр дүнтэй бодлого арга хэмжээ авч хэрэгжүүлсэн, ялангуяа, өндөр чанарыг эрхэмлэж, гадаадад нээлттэй байх үндсэн төрийн бодлогыг тууштай баримтлан хэрэгжүүлсэнтэй нягт холбоотой гэж олон улсын эрдэмтэн судлаачид дүгнэдэг. 

Миний бие  энэ нийтлэлдээ Хятадын коммунист намын XVIII их хурал ба түүнээс хойш (2012–2022 он) Хятад улсын дэвшүүлсэн хөгжлийн үзэл баримтлалуудын талаар авч үзэх болно.

 

ХКН-ЫН XVIII ИХ ХУРАЛ БА ТҮҮНЭЭС ХОЙШ ДЭВШҮҮЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛУУД

 

Хятад улс өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 40 гаруй жилд асар хурдацтай хөгжлийн замыг туулсан ба Дэн Шяопин улсынхаа зарим хэсэг хүн, зарим бүс нутгийг эхэлж чинээлэг болгох зорилгыг дэвшүүлсэн байдаг. Харин Ши Жиньпин тэргүүтэй Хятадын коммунист намын Төв хороо, Засгийн газар ард түмнийг гол төв болгосон хөгжлийн бодлого баримталж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг дэвшүүлэн, холбогдох арга хэмжээнүүдийг идэвхтэй авч хэрэгжүүлж байна. 2020 он гэхэд Хятад улсын ДНБ хэмжээ 100 их наяд юанийг давж, өнгөрсөн 20 жилтэй харьцуулахад тус улсын нийгмийн баялгийг шинээр бүтээх чадвар хэдийнэ их хэмжээгээр дээшилж, 1.4 тэрбум хүнийхээ гэдэс цатгалан, мөр бүтэн байх асуудлыг шийдвэрлэн, дундаж чинээлэг нийгмийг үндсэндээ байгуулснаа зарласан юм.

 

ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

 

Ноён Ши Жиньпин 2015 оны аравдугаар сард Хятадын коммунист намын XVIII удаагийн Төв хорооны V бүгд  хурлаар шинэ үзэл баримтлал буюу инновацийн, зохицуулалттай, ногоон, нээлттэй, хамтдаа хүртэх гэсэн хөгжлийн үзэл баримтлалын талаар анхлан дэвшүүлж, Хятадын коммунист намын XIX их хурлаар тус үзэл баримтлалыг улсынхаа үндсэн 14 стратегийн нэгээр тодорхойлсон. Мөн 2022 оны гуравдугаар сард хуралдсан БХАТИХ-ын V чуулганы үеэр Ши Жиньпин “Хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлэх нь шинэ эрин үед манай орон хөгжин хүчирхэгжихийн зайлшгүй туулах нэг зам юм” хэмээн онцлон тэмдэглэжээ. Энэ бүгдээс харахад хөгжлийн шинэ үзэл баримлал нь Хятадын нийгэм, эдийн засгийн хөгжлийн цаашдын үндсэн чиг баримжаа, зам луужин хэдийнэ болжээ гэж харагдахаар байна.

Тэгвэл хөгжлийн шинэ үзэл баримтлал гэж юу вэ. Үүнд нэгдүгээрт, инновациар хөгжлийг хөтлөх, хоёрдугаарт, зохицуулалттай хөгжлөөр хөгжлийн тэнцвэргүй асуудлыг шийдвэрлэх, гуравдугаарт, ногоон хөгжлөөр хүн хийгээд байгалийн зохицлын асуудлыг шийдвэрлэх. Дөрөвдүгээрт, нээлттэй хөгжлөөр хөгжлийн гадаад, дотоодын харилцан үйл ажиллагааны асуудлыг зохицуулах, тавд, хамтдаа хүртэх хөгжлөөр нийгмийн шударга байдлын асуудлыг шийдвэрлэх зэрэг багтана [1]. Тус таван чиглэлийг  дэлгэрүүлбэл:

Нэгдүгээрт, инновацийн хувьд хүчирхэг их гүрнийг бүтээн байгуулахад инновацийн хөгжлийг нийгмийн бүх салбарын манлайд тавих ёстой гэж үзээд “XIV таван жилийн төлөвлөгөө”-нд зангилаа цөм болсон технологийн шинэ чухал амжилтуудыг бий болгох.Инновацлаг улс орнуудын эгнээнд шилжих, шинэ аж үйлдвэржилт, мэдээлэлжилт, хотжилт, хөдөө аж ахуйн орчин үеийн шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн байдаг.

Хоёрдугаарт, зохицуулалттай хөгжилд хот, хөдөөгийн хөгжил, материаллаг болон оюуны соёл, эдийн засаг ба ард иргэдийн хөгжил, бүс нутгийн тэнцвэртэй байдал, хөгжлийн боломж, баялгийн тэгш хуваарилалт зэрэг олон агуулга багтана. Өнгөрсөн сард хуралдсан хоёр чуулганаар Хятадын Засгийн газар хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх ажлыг бодлогын чухал зорилт болгож, ядуурлаас ангижрсан бүсэд нутгийн онцлогтой үйлдвэрлэлийг хөгжүүлэх явдлыг дэмжих, хөдөө тосгоны бүтээн байгуулалтын ажилд түлхүү анхаарахаа мэдэгдсэн.

Гуравдугаарт, ногоон хөгжил нь шинэ хөгжлийн үзэл баримтлалын цөм үзэл санааны нэг. Хятад улс экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтад онцгой төвлөрч ажиллах зорилтуудыг “XIV таван жилийн төлөвлөгөө”-нд хэдийнэ дэвшүүлсэн. Энэ талаар дэлгэрүүлж уншихыг хүсвэл миний нийтлэлийг сонирхоно уу.

(http://www.mglnews.mn/content/read/82353.htm)

Дөрөвдүгээрт, нээлттэй хөгжил нь хөгжлийн гадаад, дотоодын харилцан үйл ажиллагааны асуудлыг шийдвэрлэх явдал гэж үзжээ. Гадаадад нээлттэй байх үндсэн төрийн бодлогыг баримтлан, харилцан ашигтай, хамтдаа хожих, нээлттэй стратеги хэрэгжүүлж, хүмүүнлэгийн солилцоог гүнзгийрүүлэн, хөрөнгө оруулалтын бүтцийг боловсронгуй болгож, илүү өндөр түвшний нээлттэй эдийн засгийг хөгжүүлэх.

Тавдугаарт, хамтдаа хүртэх хөгжлийг чухалчилсан нь нийгмийн тэгш шударга ёсыг дээдлэх явдал аж. Үүнд хөгжлийн үр шимийг хамтдаа хүртэх, ядууралтай оновчтой тэмцэж ард түмнийхээ олж хүртэж байгаа мэдрэмж, аз жаргалтай байх мэдрэмж, аюулгүй, баталгаатай байх мэдрэмжид онцгойлон анхаарч, хүн нэг бүрийг бүх талаар нь хөгжүүлэх төлөвлөгөө багтана.

 

ӨНДӨР ЧАНАРТАЙ ХӨГЖИЛ

 

Ноён Ши Жиньпин ХКН-ын XIX их хурал дээр “Өнөөдөр манай нийгэмд үүсээд буй зөрчил бол ард түмний өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй сайн сайхан амьдралын эрэлт хэрэгцээ ба тэнцвэргүй, бүрэн дүүрэн бус хөгжил хоорондын зөрчил болоод байна.

Тиймээс хөгжлийн шинэ үзэл баримтлалын шаардлагын дагуу манай улсын эдийн засаг өндөр хурдтай өсөлтийн үе шатнаас өндөр чанартай хөгжлийн үе шатанд  хэдийнэ шилжээд байна” хэмээн тэмдэглэв.

Үүнээс Хятад улс ард түмнийхээ гэдэс цатгалан, мөр бүтэн, толгой хоргодох байр, явж суух унаа хөсгийн асуудлыг үндсэнд нь шийдвэрлэж чадаад, харин одоо хүмүүсийн амьдралын сэтгэл ханамж, амьдралын чанарыг өндөр байлгах чиглэлд хөгжлийн бодлогоо хандуулж байгаа нь харагдаж байна. (Миний удахгүй хэвлэгдэн гарах “Орчин үеийн Хятад орон амьдралын чанар” орчуулгын бүтээлд энэ тухай дэлгэрэнгүй өгүүлэх болно.)

Гэвч нийгэм, эдийн засаг хөгжихийн хэрээр Хятад улсад нийгмийн хоёр туйлт байдал даамжирч, баян ядуугийн ялгавар цаашид ч улам тэлж, Хятад улсын хөгжлийн өмнө тулгарч буй шинэ асуудал болсон тул ХКН “Хамтдаа чинээлэгжих” улс төрийн хүсэл эрмэлзлэлийг илүүтэй товойлгон, өндөр байр сууринд тавих болов.

 

ХАМТДАА БАЯН ЧИНЭЭЛЭГ БОЛОХ

 

2013 онд Хятадад ядуурлыг бууруулах хөтөлбөр хэрэгжиж эхлэх үед 100 сая хүн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдарч байсан бол долоон жилийн дараа буюу 2020 онд энэ тоо тэг-д хүрч, Хятад улс үнэмлэхүй ядуурлыг үндсэнд нь арилгаж чадсанаа мэдэгдсэн билээ.

Ноён Ши Жиньпин 2020 оны аравдугаар сард ХКН-ын XIX их хурлын V хуралдаанд “Нийт ард түмнийг баян чинээлэг болгох ажилд  бодитой дэвшил гаргах” зорилтыг  дэвшүүлсэн бол бүх ард түмний хамтдаа баяжин чинээлэгжих явдлыг 2021 оны Хятадын “XIV таван жил”-ийн төлөвлөгөө болон 2035 оны алсын зорилтод багтаасан  байдаг.

Гэхдээ хамтдаа баян чинээлэг болох зорилт цоо шинэ ойлголт биш юм. Өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлого хэрэгжсэнээс хойш, Дэн Шяопин төлөвлөгөөт эдийн засгийн хязгаарлагдмал байдлыг бүрэн таньж, хүмүүст хөгжлийн бүрэн эрх чөлөөг өгч, тэднийг баялаг бүтээхийг дэмжиж байж сая Хятадын эдийн засаг сэргэнэ.Хятадын нийгэм ч ингэж байж чинээлэгжинэ гэдгийг ойлгожээ. Тиймээс “Муур хар байна уу цагаан байна уу хамаагүй. Хулгана барьж чадаж л байвал сайн муур” гэсэн хөгжлийн үзэл санааг дэвшүүлэн, зарим хүнийг түрүүлж баяжаад дараа нь бусдыгаа араасаа дагуулж, эцэст нь хамтдаа бүгд баян чинээлэг болохыг дэмжсэн байна. Үүнээс харвал хамтдаа чинээлэгжих явдал бол Дэн Шяопингийн үеийн ХКН-ын урт хугацааны зорилт. Ши Жиньпинийн үе ирэхэд улс даяараа хамтдаа чинээлэгжих замаар алхах материаллаг нөхцөлийг бүрдүүлж чаджээ.

Жэжянь мужийн Хужоу хотын Наньшүнь бүс нутгийн Шань Лянь шянь/Зургийг Жинь Лианкуай/

Тус суманд хөдөө тосгоныг хөгжүүлэх бодлогыг амжилттай хэрэгжүүлж, тариачдын орлогыг нэмэгдүүлснээр хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг хангахад дөхөм болж хамтдаа баян чинээлэг болох зорилтод хүрэхэд бат бэх суурь болжээ. (Эх сурвалж: http://www.chinanews.org/zx/shehui/14265.html)

Тус зорилтыг биелүүлэхийн тулд нэгдүгээрт, хөгжлийн чанарын үр ашгийг нэмэгдүүлж, хамтдаа баян чинээлэг болох материаллаг суурийг бат бэх тавих. Хоёрдугаарт, орлого хуваарилалтад анхаарч, хот хөдөөгийн иргэдийн орлогыг олон гарц сувгаар нэмэгдүүлэх, гуравдугаарт, хот, хөдөөгийн хөгжлийн зөрүүг багасгаж, нийтийн үйлчилгээний давуу байдлыг адил тэгш хүртэх. Дөрөвдүгээрт, ард иргэдийн оюуны соёлын амьдралыг баяжуулах. Тавдугаард, тав тухтай амьдрах орчныг бий болгох. Зургадугаарт, амар тайван нийгмийн орчныг бий болгох [2] гэсэн зургаан алхамт арга хэмжээ авах аж.

Багахан тоо баримт дурдвал Хятад улсын хамгийн баян чинээлэг иргэд хүн амын  нэг хувийг эзэлдэг. Тэд нийт баялгийн 31 хувийг дангаараа эзэмшиж байгаа нь 2000 оноос хойш 21 хувиар өссөн байна (АНУ хувьд хамгийн баян  нэг хувь иргэн баялгийн 35 хувийг эзэмшдэг байна) [3]. Мөн Хятадад эдүгээ  дундаас доош орлого бүхий 600 сая иргэн бий. Тэдний нэг сарын дундаж орлого 1000 юаниас бага [4]. Хамтдаа баян чинээлэг болох бодлого нь нийгмийн энэхүү анги бүлэгт илүү хандах юм.

 

НЭГ БҮС НЭГ ЗАМ САНААЧИЛГА

 

Энэ тухай дэлгэрэнгүйг доорх линкээр орж унших боломжтой. (http://www.mglnews.mn/content/ read/82025.htm? fbclid=IwAR3Is9obCYohGb6kaHHo8a9nblqPXaDRIW CBdRUUyvRWoWBZDaWM6Vx3Urg)

 

ДЭЛХИЙН ХӨГЖЛИЙН ТУХАЙ САНААЧИЛГА

БНХАУ-ын дарга Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд цахим хэлбэрээр оролцож буй нь /Зураг Шинхуа агентлаг/ (Эх сурвалж: http://global.chinadaily.com.cn /a/202109/22/ WS614a995ca310cdd39bc6aaeb.html

Хятадын дарга Ши Жиньпин 2013 онд “Нэг бүс нэг зам” санаачилгыг дэвшүүлж байсан бол 2021 оны есдүгээр сард болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр “Дэлхийн хөгжлийн тухай санаачилга”-ыг анхлан дэвшүүлж, дэлхийн улс орнуудыг тэнцвэртэй, зохицуулалттай, хүртээмжтэй “Шинэ хөгжлийн үе шат” руу хамтдаа алхан орохыг уриалсан юм.

“Дэлхийн хөгжлийн тухай санаачилга” дотроо тууштай баримтлах ёстой зургаан цөм агуулгатай. Үүнд нэгдүгээрт, “Хөгжлийг эн тэргүүнд тавих”, илүү эрх тэгш, тэнцвэртэй дэлхийн хөгжлийн түншлэлийн харилцааг бий болгох. Хоёрдугаарт, “Ард түмнийг гол төв” байр сууринд тавьж, иргэдийн аз жаргалтай байх мэдрэмж, олж хүртэж байгаа мэдрэмж, аюулгүйн мэдрэмжийг тасралтгүй дээшлүүлэх, гуравдугаарт, “Уужуу хүртээмжтэй, ашиг тустай” байхад анхаарч, улс хоорондын болон улс орны дотоодын хөгжлийн тэнцвэргүй, бүрэн дүүрэн бус асуудлыг шийдвэрлэх. Дөрөвдүгээрт, “Инновацийн хөдөлгөгч хүч”-ийг чухалчилж, COVID-ийн дараах эдийн засгийн өсөлтийн шинэ хүчийг нээн илрүүлж, үсрэнгүй хөгжлийн төлөө хамтдаа зүтгэх. Тавдугаарт, Хүн хийгээд байгалийн зохиролт оршихуйн жамыг дагаж, дэлхийн байгаль орчны засаглалыг сайжруулж, уур амьсгалын өөрчлөлтөд идэвхтэй арга хэмжээ авах, зургадугаарт, “Үйл ажиллагааг залуур болгож”,  хөгжлийн нөөц баялгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, дэлхийн хөгжлийн хувь заяаны цогц нэгдлийг бий болгох зэрэг болно.

 

Дүгнэлт

 

Хятад улс эдийн засгийн хөгжлийн стратегийн хувьд "XIII таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаа (2016-2020)-нд эдийн засгийн хөгжилдөө чанар, үр ашгийг дээшлүүлэх, шинэчлэлтийг шинэ шатанд гаргах бодлого дээр илүү төвлөрч байсан бол “XIV таван жилийн төлөвлөгөө” (2021-2025)-нд Хятадын эдийн засгийн бүтцийг чанарын хувьд сайжруулж, өндөр чанартай хөгжилд анхаарч ажиллахаар байна. Тэгвэл энэ өндөр чанартай хөгжлийн шаардлага нь миний дээр танилцуулсан хөгжлийн шинэ үзэл баримтлалын хэрэгжилтээр хангагдах юм.

Хятад улс өөрчлөлт шинэчлэлт,  нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 40 гаруй жилд асар хурдацтай хөгжлийн замыг  туулсан ба Дэн Шяопин зарим хэсэг хүн, зарим бүс нутгийг эхэлж чинээлэг болгох зорилгыг хэрэгжүүлснээр дундаж чинээлэг нийгмийг үндсэндээ байгуулж, 1.4 тэрбум хүний гэдэс цатгалан, мөр бүтэн байх асуудал шийдэгдэв. Нэг үгээр хэлбэл, өмнөх 40 жил нь Хятад улс эдийн засгийн бүтээн байгуулалтыг төв болгож, бүх хүчин чармайлтаар эдийн засгийг хөгжүүлж, зарим хэсэг хүнийг чинээлэгжин баяжуулсан бол үүнээс хойшх 30 жилд /2050 он хүртэл/ бүх чадлаараа эдийн засгийг хөгжүүлэхийн зэрэгцээ бүх ард түмнээ хамтад нь чинээлэгжүүлэхээр чармайн ажиллах аж.

 

Ашигласан эх сурвалж:

[1] 关系我国发展全局的一场深刻变革——习近平总书记关于完整准确全面贯彻新发展理念重要论述综述(https://www.12371.cn/2021/12/08/ARTI1638917739193231.shtml)

[2]“共同富裕示范区”来了!什么是共同富裕?如何实现?专家解读来了(http://www.workercn.cn/34196/202106/11/210611094009534.shtml)

[3] 习近平提“共同富裕”,敦促中国富豪分享财富(https://cn.nytimeмs.com/china/20210907/china-xi-common-prosperity/)

[4] “6亿人每月人均收入1000元”?国家统计局回应(http://politics.people.com.cn/n1/2020/0615/c1001-31747507.html )



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

11 дүгээр сард цаг агаар ямар байх вэ?6 минут 49 секундын өмнөБНСУ-д “Монгол гэр бүл өдөрлөг” болов10 минут 24 секундын өмнөӨнгөрсөн долоо хоногт 89 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ15 минут 38 секундын өмнө“Sensei Cup-2024” тэмцээнд 220 жүдоч өрсөлдөж байна25 минут 29 секундын өмнөБНСУ-д ажил мэргэжлийн ур чадварыг сайжруулах олон төрлийн хөтөлбөр хэрэгждэг30 минут 21 секундын өмнөУИХ-ын Тамгын газрын удирдлагууд УИХ-ын үйл ажиллагааг сурвалжилдаг хэвлэлийн мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа34 минут 29 секундын өмнөЭрүүгийн 19 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлэв38 минут 22 секундын өмнөЛ.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг “…Шуналын гутамшигт үлгэрлэл” гэв4 цаг 52 минутын өмнөУИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.10.28-11.015 цагийн өмнө“Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсов5 цаг 2 минутын өмнөШүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын мэдээлэл5 цаг 6 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан5 цаг 9 минутын өмнөЕрөнхий сайд яг хаачсан бэ, Н.Учрал сайд аа10 сар 25. 18:182025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ10 сар 25. 16:35Хөгжлийн бэрхшээлтэй хүн насан туршдаа төрөөс ямар үйлчилгээ авах нийгмийн үйлчилгээний “зураглал”-тай болно10 сар 25. 16:31Монгол Улсын Засгийн газраас Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ10 сар 25. 11:09Асрахуй, сувилахуйн асуудлаар эрх зүйн болон тогтолцооны томоохон шинэчлэл хэрэгтэй10 сар 25. 11:04Гэмт хэргийн шинжтэй 51 гомдол, мэдээллийг хүлээн авав10 сар 25. 11:01Таван шалгуур үзүүлэлтээр нийслэлд тээврийн хэрэгслийн сери дугаар олгоно10 сар 25. 10:58УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 25-ны өдрийн ирцийн мэдээ10 сар 25. 10:51ТБХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ10 сар 25. 10:47Говийн бүсийн сургалтыг зохион байгууллаа10 сар 25. 10:44Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ10 сар 25. 10:41НББХ: Ирэх оны төсвийн тухай хуулиудын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа10 сар 25. 9:10Эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт ирэх 11-р сарын 1-нээс эхэлнэ10 сар 25. 9:06БОХХААБХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг хэлэлцэж, цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо10 сар 25. 8:54Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан10 сар 25. 8:44Хүүхдийн эрхийн улсын байцаагч хуулиар тогтоосон 29 зөрчлийг шалган шийдвэрлэнэ10 сар 24. 13:25“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр хяналтын сонсгол зохион байгуулна10 сар 24. 13:12Ахмад настны эрүүл идэвхтэй насжилтыг дэмжье10 сар 24. 9:29
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.