Хүлээлт ба эдийн засаг


5-р сарын 17
9 цаг 53 минут

1. Санхүүгийн зах зээлд

Америкийн инфляцын шинэ статистик 8.3% гэж зарлагдсан нь зах зээлийн хүлээлт 8.1%-ээс өндөр тоо байв. Зах зээл гэдэг нь хөрөнгө оруулалтын банк, институционал хөрөнгө оруулагчид, сангууд гэх мэт ихэвчлэн банк санхүүгийн байгууллагууд юм.

Эдгээр мэргэжлийн оролцогчид хүлээлтээс өндөр инфляцад үзүүлсэн эхний реакц нь дараагийн хүлээлт буюу “төв банк (Фед) бодлогоо илүү хурдтай чангалж болзошгүй” гэх болгоомжлол байв. Хэрэв суурь хүүг илүү хурдтай өсгөсөн тохиолдолд бусад хүү дагаад хурдтай өснө гэсэн үг. Мөн төв банк балансаа илүү хурдтай хумьсан тохиолдолд үнэт цаасны худалдан авалтаа эрчимтэй бууруулж, бондуудын үнэ унаж өгөөж нэмэгдэх нөхцөл бүрдэнэ. Энэхүү хүлээлт нь илүү эрсдэлтэй хөрөнгө оруулалт, тэр дундаа хувьцааны үнэ (крипто ч бас) унах хүлээлтийг нэмэгдүүлэв. Мөн эрсдэл бага ч өгөөжгүй алтны үнэ унах хүлээлтэд ч нөлөөлөв.

Зураг: Америкийн хөрөнгийн зах дээр арилжаалагддаг бүх хувьцааны үнийн сүүлийн 1 сарын хөдөлгөөн

зураг
 

Нэгэнт зах зээл дээр үүссэн хүлээлтийн энэхүү гинжин урвал санхүүгийн бүх л суваг, хэрэгсэл дээр биеллээ олж, үнийн тохиргоонууд хийгдлээ. Үүнийг засгийн газрын үнэт цаасны ѳгѳѳж, бондуудын спред, хувьцааны индекс, ам.долларын индекс, үнэт металлын спот болон фючьерс ханшийн хөдөлгөөнөөс харах боломжтой. Зээлийн хүү (жишээ нь моргеж) дээр ч харагдана. Биткойн ч унаж "инфляцын хедж" биш болж таарав, стейблкойнууд ч унав. Улаанаар эргэлдсэн шуурга шиг зах зээлийн энэхүү хариу үйлдлийг хальт харахад замбараагүй хөдөлгөөн шиг санагдана. Гэхдээ ард нь нарийн уялдаа холбоо, зүй тогтолтой мөнгөний эргэх процесс явагдах бөгөөд энэ бүхэн ХҮЛЭЭЛТ дээр суурилдаг.

2. Бодит эдийн засагт

Хүлээлт санхүүгийн зах зээл төдийгүй, бодит эдийн засагт оролцогчдын хувьд ч үйл хөдлөлийг нь чиглүүлэгч чухал хөтөч болдог. Эдийн засгийн оролцогчид гэдэг нь хэрэглэгч иргэн, үйлдвэрлэгч компани аж ахуйн нэгж эсвэл бодлого боловсруулагч/ зохицуулагч төр байж болно. Ирээдүйн талаарх эерэг эсвэл сөрөг хүлээлт нь мөнгөтэй холбоотой шийдвэрүүдэд нөлөөлж, үйл хөдлөл болон хэрэгжсэнээр үр дүн нь статистик тоонд тусгалаа олдог. Иймд ажилгүйдэл, инфляц, эдийн засгийн өсөлт гээд одоогийн макро тоонууд бол иргэд, компанийн захирлууд, эсвэл бодлого тодорхойлогчдын аль хэдийн гаргасан шийдвэрийн л үр дүн юм.

Жишээ нь, иргэдийн хувьд “ирээдүйд бодит цалин өсөхгүй нь” гэх хүлээлт хэрэглээнд нөлөөлөх нь гарцаагүй. Сүүлийн үеийн түүвэр судалгааны үр дүнгүүд олон улсад хэрэглэгчийн сентимент унасныг харуулж байгаа нь дэлхий дахинд идэвхжиж буй инфляцтай шууд холбоотой (жишээ нь Мичиганы их сургуулийн түүвэр судалгаанаас харахад Америкийн хэрэглэгчийн итгэл 2008-09 оны дэлхийн санхүүгийн хямралын үеийн доод түвшин рүү ойртоод буй). Үнийн өсөлт иргэдийн нэрлэсэн орлогын өсөлтийг идэж, бодит орлогод сөргөөр нөлөөлөх тул хүмүүс мөнгөө үрэх бус хэмнэх шийдвэрт хүргэж болно.

зураг
 

Харин бизнес эрхлэгчдийн хувьд, тодорхой бус байдал өндөр үед том хөрөнгө оруулалтуудаа царцаах, хойшлуулах нь түгээмэл. Санхүүжилт босгоод, хүн ажиллуулж төсөл хэрэгжүүлээд, бүтээгдэхүүн үйлчилгээ нь зах зээл дээр амжилт олно гэдэг итгэл сул үед ийм эрсдэлээс зайлсхийх нь аргагүй. Олон улс оронд цар тахал, геополитикийн асуудал дунд хувийн секторын хөрөнгө оруулалтууд өсөлтгүй болж байгаа нь санамсаргүй хэрэг биш болов уу.

Сүүлийн саруудад хэрэглээ болон хөрөнгө оруулалт саарснаар дэлхийн гол эдийн засгуудад идэвхжил сулрах процесс өрнөж байна (ДНБ-ийг бүрдүүлдэг эдгээр 2 хүчин зүйл дээр нэмээд олон улсын худалдаа мөн асуудалтай байгаа нь дэлхийн эдийн засгийг хойш татах том хүчин зүйл болж буй). Гэтэл инфляц дэлхий дахинд өндөр байгаа тул төв банкууд бодлогоо чангалж, харин засгийн газрууд цар тахлын үед эдийн засгаа дэмжихийн тулд зарлагаа өсгөж, өрөө нэмсэн тул дахиад орон зай хязгаарлагдмал болсон. Улмаар судалгааны байгууллагууд эдийн засгийн өсөлтийн төлөвийг бууруулж, стагфляцын эрсдэл нэмэгдээд буй. Бодит эдийн засагт өрнөж буй энэ бүх процессын эхлэлийн цэг нь дахиад л ХҮЛЭЭЛТ юм.

3. Хүлээлтийг удирдах нь…

Санхүүгийн зах зээл ч тэр, бодит эдийн засаг ч тэр ийнхүү хүлээлтээс ихээхэн хамаарч байна. Тэгвэл хүлээлтийг хэрхэн, яаж тогтвортой байлгах вэ гэдэг нь нэг талаас шинжлэх ухаан, харин нөгөө талаас урлаг гэж хэлж болно. “Яагаад шинжлэх ухаан бэ” гэхээр эдийн засаг, санхүүгийн зүй тогтлууд нь ардаа онолтой, томьёотой, сурах бичигтэй – гэхдээ энэ харьцангуй амархан хэсэг нь. Харин “яагаад урлаг вэ” гэхээр хүлээлт нь өөрөө хүний сэтгэлзүй дээр тогтдог. Сэтгэлзүй бол айдас паник, баяр хөөр, догдлол эмоц гээд шууд логикоор удирдахад хэцүү зүйлс юм. Зах зээлийн сэтгэлзүй бол 1 биш маш олон хүний сэтгэлзүйн байдлын нийлбэр бөгөөд Ж.Кейнсийн хэлснээр хүний логик гэхээсээ "Амьтны мөн чанар (Animal spirits)"-аар хөтлөгдөх тул таамаглахад боломжгүй шахуу байдаг. Санхүүгийн зах зээл болоод эдийн засгийн хамгийн хүнд бөгөөд сонирхолтой хэсэг нь энэ юм. Энэ бол тусдаа том сэдэв тул дараа авч үзье.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ6 цаг 3 минутын өмнөНийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ6 цаг 9 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа6 цаг 23 минутын өмнөГ.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ6 цаг 32 минутын өмнөНайруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ7 цаг 35 минутын өмнөЧуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ8 цаг 8 минутын өмнөӨБХ: Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ9 цаг 25 минутын өмнөОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ9 цаг 37 минутын өмнөУсны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв9 цаг 45 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан10 сар 2. 8:59Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.