Р.Эрдэнэчимэг: Би өөрийнхөө ажилладаг эмнэлэгтээ ээжийгээ хэвтүүлэх гэж маш олон бэрхшээлтэй тулсан. Тиймээс хувийн эмнэлэгтэй болохоор шийдсэн...


11-р сарын 3
8 цаг 00 минут

Бидний нэг: Энэ удаагийн дугаарын зочноор “Төгсун” эмнэлгийн сэтгэцийн эмч, сэтгэлзүйч Р.Эрдэнэчимэгийг онцолж байна.

Р.Эрдэнэчимэг: Би өөрийнхөө ажилладаг эмнэлэгтээ ээжийгээ хэвтүүлэх гэж маш олон бэрхшээлтэй тулсан. Тиймээс хувийн эмнэлэгтэй болохоор шийдсэн...

Сайн байна уу? Та манай уншчигчдад эмч болсон түүхээсээ хуваалцаач...

За би Сэтгэцийн эмч, сэтгэлзүйч хүн. Сэтгэцийн ахлах болон тэргүүлэх зэрэгтэй. Сэтгэл зүйн, сэтгэл судлалын ухааны мастер хүн байна. Манай ээж эх барих бага эмч. Тэгээд хөдөө ээжийгээ дагаад дуудлаганд маш их явдаг байсан. Өвөл, зун, хавар, намаргүй. Зундаа бол тэр үед түргэний тэрэг заримдаа олдохгүй. Дуудлагандаа мориор, мотоциклоор, унадаг дугуйгаар хүртэл явдаг. Дугуйны ард сундлаад л зөндөө олон явж байсан л даа. Тэр үеэс л надад эмч болох сэдэл төрсөн байх.

Наймдугаар ангид орох үед ээжийн маань олгой гэнэт үрэвсэж хүндрээд тэгээд л тэр үеэс эргэлт буцалтгүйгээр би ерөөсөө эмч болъё гэдэг шийдвэрийг гаргаад, тэгээд энэ мэргэжлийг эзэмшсэндээ баяртай явдаг. Маш их нарийн нандин, чухал, тансаг мэргэжил учраас дурлаж эхэлсэн.

Таны ажлын гараа хэзээ, альл байгууллагаас эхэлсэн бэ?

Би 1992 онд АШУИС-г хүний их эмч мэргэжлээр төгсөөд СЭМҮТ-д сэтгэцийн эмчээр ажиллах болсон. Тэнд хурц тасагт сэтгэцийн эмчээр очсон. Өвчтөн гэдэг надад тэр чигээрээ багш байсан. Ер нь бол сэтгэцийн эмч гэхээр хүмүүс ойлгодоггүй. Шар хадны эмч, галзуугийн эмч гэдгээр ойлгодог нийт масс тийм хандлагатай байсан. Арван нэгэн жил ажилласан.

Тухайн үед монголчуудын дунд сэтгэцийн өвчлөл, эмнэлгийн хүчин чадал ямар байсан бэ?

Монгол Улсад ганцхан улсын эмнэлэг байсан. Тэр улсын эмнэлэгт сэтгэцийн завсрын эмгэгтэй хүмүүс 1990-ээд оны шилжилтийн дараагаар манай чиглэлийн буюу, сэтгэцийн өөрчлөлтийн асуудлууд нэлээд элбэгшдэг, ил гарч ирдэг. Тэгээд гарч ирэх тохиолдлууд бол нэлээд ядаргаатай, нойргүйдэлтэй, айдастай, түгшүүртэй тийм хүмүүс бол ихэссэн. Тэр хүмүүс маань харамсалтай нь шар хадны гэгдэх тасагт хэвтэхээр маш их очер дараалалтай, хүлээн авахын давааг давахад маш хэцүү. Би бол арваад жил ажиллачихсан гэхэд хүлээн авахаар хүн хэвтүүлэхэд тун хэцүү байсан. Тийм учраас би ерөөсөө хувийн эмнэлэг байгуулахгүй бол болохгүй нь гээд эмнэлэгээ байгуулсан.

Та эмнэлгийн хүртээмж, хүчин чадал муу байсан учраас тусламж авч чадахгүй үлдэж байгаа бусад хүмүүст үйлчилгээ үзүүлэхээр хувийн эмнэлэг байгуулжээ дээ. Өөр шалтгаан байгаа юу?

Байгаа. Би тэнд очоод удаагүй байхдаа эмч болчихлоо гээд ээжийгээ эмнэлэгтээ хэвтүүлэх гээд маш их хэцүү даваануудыг давсан. Хүлээн авах дээр очсон, тасгийн эмчээс нь зөвшөөрөл ав гэсэн. Зөвшөөрөл авах гэсэн чинь тэрнээс ч ав, энэнээс ч ав гээд тасгийн эмч, эрхлэгч эмч хоёр маань бие биерүүгээ түлхээд л. За тэгээд тэр давааг нь давсан чинь заавал эмчлэх эмчилгээ эрхэлсэн орлогчоос зөвшөөрөл ав гэдэг ч юм уу ингээд л аягүй хэцүү даваануудыг давж ямар ч байсан ээжийгээ мэдэгдүүлэхгүйгээр хэвтүүлэхийг хичээсэн. Хэвтүүлсэн боловч тэр өрөөнд нь зургаа ч билүү, найман ортой байсан юм. Тэгээд инсулин гэдэг эмчилгээ тэр үед мэдрэлийн ядаргаанд хийдэг. Хөлөргөх тунгаар хийхээр мэдээж салхи оруулахгүй, дулаан бүлээн байлгах шаардлага байдаг байсан. Тухайн үед тасгийн дэглэм маань. Тэр дунд ээж хэвтчихсэн. Тас халуунд цонх хаалттай, баахан хөлөрчихсөн хүмүүсийн дунд бамбайтай хүн чинь зүрх нь дэлсээд таагүй байсан учраас би эмчээс гуйж таарна даа. Амьхандаа бас мөр зэрэгцээд нэг байгууллагад ажиллаж байгаа эмчээс миний ээжийг өөр өрөөнд оруулж хэвтүүлэх боломж байна уу гэж гуйхад “гэртээ аваачиж хэвтүүлэх үү” гэж надад хэлсэн. Аягүй эвгүй санагдсан. За тэгээд ер нь бол улсын эмнэлэгт хүн хэвтүүлэхэд маш хэцүү байдаг юм байна аа. Маш олон давааг давдаг юм байна. Хэвтүүлсэн хойноо эмчийн ая талыг харахад маш хэцүү байдаг юм байна гэж бодоод яаж би хувийн эмнэлэг байгуулах вэ яаж энэ зовсон зүдэрсэн сэтгэцийн завсрын эмгэгтэй, нойргүйдэл, ядаргаатай хүмүүст тусламжийг хүргэх вэ гэж бодсон. Тэгээд эмнэлгээ байгуулах эхлэл тавигдсан даа.

Эмнэлгээ байгуулахдаа сэтгэл судлалын чиглэлээр мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хэрхэн ажилласан бэ?

2005 онд Америкаас нэг сэтгэлзүйч ирээд Монголын маш олон хүмүүст өөрөөр хэлбэл сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, сэтгэцийн эмч энэ чиглэлээр нийгмийн тусламж үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг хамруулсан зургаан сарын хөтөлбөр, оройн цагаар семинар явуулсан юм. Тэрэнд нь азаар би хамрагдаад зургаан сар тасралтгүй явсан. Хамгийн анхны найман эмч, психио-анализын сэтгэл засалч эмч гэдгээр суралцаж, психио-анализын тухай анхны ойлголтыг авч энэ чиглэлээр сэтгэл заслын суурь маань тавигдсан. Тэгээд өөрийн эрхгүй энэ мэргэжилд илүү их дурласан. Тэгээд зориг шулуудаад хувийнхаа эмнэлгийг эхлүүлсэн. 2005 оноосоо “Төгсун” эмнэлгийг үүсгэн байгуулаад одоог хүртэл сэтгэцийн эмч, сэтгэл засалч сэтгэл зүйчээр ажиллаж байгаа юм аа.

Танай эмнэлэг анх ямар хүчин чадалтай байсан бэ? Одоо хэрхэн өргөжсөн бэ?

Тухайн үед 20 ортойгоор эхэлсэн байдаг юм. Тэр үед орны зөвшөөрөл авахад хэцүү, төвөгтэй бэрхшээлтэй байсан учраас яг эмнэлэг гэдэг зөвшөөрлөөр тухайн үед гараагүй. Нөхөн сэргээх клиник сувилал гэдгээр гарч байсан. Энэ эмнэлгийг эхлэхэд би гуравхан шар хаднаас сувилагч гэрээтэй. Тэгээд би өөрөө. Бас гурван асрагчтай. За мэдээж хэдүүлхнээ эхэлсэн учраас миний доор ажиллах эмч хараахан байгаагүй. Өглөө 7-н цагт ирээд шөнө 11,12 цаг гэхэд миний ажил арай гэж нэг юм дуусдаг. Хүчээр эмхэрдэг, тэр өдрийн ажил дуусдаг байлаа. Одоо бол цэвэр сэтгэц наркологийн нарийн мэргэжлийн төрөлжсөн хэвтүүлэн эмчлэх ортой  ийм эмнэлэг болоод явж байгаа.

Танай эмнэлэгт архины хамааралтай болсон хүмүүс дийлэнхдээ ирж, хордлого тайлах, архинаас хамааралтай болсон эмгэгээ эмчлүүлдэг гэсэн. Жилд ойролцоогоор хэдэн хүнд хүрч үйлчилж байна?

Архины асуудал нийгмийн шилжилтийн дараагаар эхэлсэн. Тэгээд 2000 он гарахад нийт хүн амын 13.6 хувь нь архинд донтчихсон байсан. Өшөө 50-иад хувь нь бол архи хэтрүүлэн хэрэглэгч болчихсон байсан. Тийм учраас нөгөө гэр бүлийн гишүүдийн маань ихэнхи нь архи хэрэглэгч нар болоод нэлээд хувь нь болохоор донтогч нартай амьдраад байна шүү дээ. Энэ маань гэр бүлийн бусад гишүүдийг тавгүйтүүлсэн, тухгүй байдал маань сэтгэцийн тулгамдсан асуудалд оруулж эхэлсэн. Тэгэхээр би нэг өвдчихсөн невроз мэдрэлийн ядаргааг эмчлэх үү, тэр невроз мэдрэлийн ядаргаа айдас түгшүүрийн эмгэгийг бий болоход нөлөөлж байгаа нэгээхэн хүчин зүйлийн нэг болох архийг нь эмчлэх үү гэдэг асуудал надад тулгарч ирсэн. Нэг айл, нэг гэр бүлийн асуудлыг шийдснээрээ нийгэмд маш олон айлуудын асуудлыг шийдэхэд илүү их ач тустай илүү урьдчилсан сэргийлэх ач холбогдол байсан учраас сүүлийн үед түлхүү архины асуудалтай хүмүүсийг эмчлэх ийм чиглэлийг барин ажиллаж байгаа.

Архины хамааралтай хүмүүст үйлчилхэд хэр хүндрэлтэй вэ?

Ер нь эмч хүмүүс дандаа өвчтэй, зовлонтой хэцүү нөхцөл байдалтай хүмүүсийг хардаг учраас ямар ч эмч хүнд хэцүү л дээ. Адилхан л миний ойр дотны хүнд ийм зүйл тохиолдсон бол гэдэг сэтгэлээр би хүлээж авдаг. Тийм учраас тэр хүмүүсийг яг байгаагаар нь хүлээж авч чин сэтгэлээсээ туслахыг хүсдэг. Тэгэхээр би ажилчиддаа ч бас заримдаа хэлдэг. Өвчтөндөө өөриймсөг хандаж бай, чиний аав өвдөөд ирчихсэн байх юм бол чи яах байсан бэ, чиний ээж ингээд өвчтэй болчихоод ийм тулгамдсан асуудалтай байвал чи яаж тусламж үзүүлэх вэ, чи тийм сэтгэлээр л хүмүүсдээ хандаж бай гэж эмч, сувилагч нартаа хэлдэг. Тийм ч учраас манай хамт олон бол хүмүүсийг ирэхэд нь байгаагаар нь хүлээж авдаг. Мэдээж хэцүү. Уйлсан, зовсон, зүдэрсэн. Эдийн засгийн асуудал байна аа, хувийн эмнэлэг учраас. Хэчнээн Р.Эрдэнэчимэг эмчид эмчлүүлэх гээд, хэчнээн Төгсун эмнэлэгт эмчлүүлэх гээд ирж байгаа ч энэ нь цаанаа нөгөө банкны зээл ч гэдэг юмуу, санхүү эдийн засгийн хэцүү байдалд байдаг учраас нөгөө хүндээ төлбөртэй тусламж үзүүлэх хэрэг гардаг. Тэгэхээр зарим хүмүүсийг нь төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх хэрэгцээ гарна. Заримыг нь бол үнэхээр ингээд банкны зээл авах гээд, тэтгэврийнхээ зээлийг цуглуулчихаад ороод ирж байгаа нь аягүй хэцүү, сэтгэл өвтгөм байдаг. Тийм болохоор аль болох л тэр хүмүүст өгөх ёстой мэдээллүүдийг нь өгөөд, сэдэлжүүлэх ёстой зүйлүүдийг нь сэдэлжүүлээд тэр хүний маш их хүч хөдөлмөрөөр цуглуулж ирсэн мөнгөөр энэ хүн хэвтэж байгаа учраас бүхий л бололцоог дайчилж энэ хүмүүст мэдлэгээ өгч, тусламжийг үзүүлэх ёстой гэдгийг л би хатуу мэддэг. Тийм учраас цаг наргүй улайран ажилладаг л даа. Гэр бүлд нь бид нартай эргэх холбоотой ажиллах хэрэгцээ байдаг. Тэгж байж эмчилгээний үр дүн гардаг.

Таны эмзэглэж явдаг зүйл?

Манай эмнэлгийн лого гурван талтай нийгмийн эрүүл мэнд, сэтгэцийн эрүүл мэнд, бие махбодийн эрүүл мэнд гэсэн утгыг илэрхийлдэг. Тэгэхээр нийгэм маань аюулгүй байх ёстой. Бид нарыг амьдрах нөхцлөөр бүрэн хангасан амар тайван, санхүү эдийн засгийн байдал ч гэдэг юм уу тэ, цалин мөнгө нь хүрэлцээтэй байдаг ч гэдэг юм уу гэх мэтчилэн нийгмийн хүчин зүйлүүд бүрдсэн байгаасай. Ингэж чадах юм бол хүмүүсийн оюун санааны нөхцөл бол бүрдэж ирэх ёстой. Нийгмийн хүчин зүйл маань бүрдэж чадахгүй байгаа учраас хүмүүсийн дунд стресс, бухимдлууд үл ойлголцлууд маш их байна. Тийм учраас өнөөдөр хүмүүс маш хэцүү байна л даа бие биенээ барьж идэх гэсэн л байдалтай байна. Тэгэхээр энэ байдал маань арилаасай, нийгэм маань эрүүл саруул орчныг бүрдүүлж өгөөсэй. Төр засаг маань ард түмнээ хайрлаасай.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд эрчим хүчний хэрэглээг 31 хувиар хэмнэнэ3 сар 3. 17:20Тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж III сард олгох хуваарь3 сар 3. 17:16Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно3 сар 3. 17:10“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулна3 сар 3. 17:07Гуравдугаар сарын 9-нөөс нийтийн тээврийн 11 чиглэлийн нэршлийн эхний үсгийг өөрчилнө3 сар 3. 12:44“Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр болно3 сар 3. 12:16Хувийн эрх зүйн “Үндсэн хууль”-ийн шинэчлэлээр хүний эрх, бизнесийн орчныг эрүүлжүүлэн чөлөөлөхийг УИХ-ын дарга уриаллаа3 сар 3. 12:12Ноос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхээр болов3 сар 3. 12:01Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа3 сар 3. 11:54Монгол цэргүүд 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авчээ3 сар 3. 10:00ШХАБ-аас мэдэгдэл гаргажээ3 сар 3. 9:56Хуурамч бичиг баримт үйлдэн бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ3 сар 3. 9:52“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн мэдээлэл танилцуулга “PDAC 2026”-д оролцож буй хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна3 сар 3. 9:44Ж.Баясгалан: Монгол Улсад эмийн чанар муу байгаа гэдгийг би 100 хувь баттай хэлнэ3 сар 3. 9:31“Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсийн 15 байршилд хөрөнгө оруулах 28 санал иржээ3 сар 3. 9:23Францын хөгжлийн агентлагийн бүсийн захирал А.Оберийг хүлээн авч уулзлаа3 сар 3. 9:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн3 сар 3. 9:10Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр Энхтайваны өргөн чөлөө, гол гудамж замын ачаалал 13-20 хувиар буурна3 сар 2. 16:51Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна3 сар 2. 16:49Израил, Иран улс болон Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдийн анхааралд3 сар 2. 16:45А.Амартүвшин: Нийслэл умайн хүзүүний хорт хавдрын эсрэг кампанит ажлыг эхлүүллээ3 сар 2. 16:37Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарь3 сар 2. 16:33Хотын дарга Х.Нямбаатар ЕСБХБ-ны Төв Ази, Монгол Улсыг хариуцсан Бүсийн захирал Хусейн Озхантай уулзлаа3 сар 2. 16:27Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв3 сар 2. 16:21“Бүргэдийн баяр-2026” энэ амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно3 сар 2. 14:18Энэ долоо хоногийг дуустал үнэгүй үйлчлэх музейн цагийн хуваарь3 сар 2. 14:06Г.Занданшатар: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана3 сар 2. 14:01Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ3 сар 2. 12:23Энэ оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ3 сар 2. 10:02Цаг агаар, зам орчны нөхцөл байдлын талаарх мэдээ3 сар 2. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.