Б.Заяабал: Татвар төлөгч системтэй харилцаж хуулийн хэрэгжилтийг хянах боломжийг бүрдүүлнэ


12-р сарын 8
7 цаг 54 минут

С.УЯНГА   

Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшилж өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг хүн бий. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг байх учиртай. “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийнхаа энэ удаагийн зочноор  Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабалыг урьж ярилцлаа. 

 

-Таны хувьд сүүлийн таван жил татварын байгууллагыг удирдсан нь багагүй хугацаа. Салбарын онцлог ч бий. Энэ хугацаанд ажил албандаа ямар арга барил зарчим баримталж, бодлогын хэмжээнд хэр ахицтай, үр нөлөөтэй ажил амжуулав?

-Миний хувьд 2016 онд Татварын ерөнхий газрын дэд даргаар, 2019 оноос даргаар томилогдон ажиллаж байна.

Гадна талаас манай салбарыг татварын орлого бүрдүүлдэг гэсэн тоон утгаар дүгнэдэг бол, дотоод талдаа бид татварын хуулийн тэгш, шударга хэрэгжилтийг хангахад үндсэн анхаарлаа хандуулан шинэчлэлт, өөрчлөлтийг хийж ирлээ. Энэ нь эргээд нийгмийн хүсдэг бас шаарддаг шударга ёс, тэгш ёсны хэрэгжилтийн анхдагч үзүүлэлт нь гэсэн үг. Үндсэн хуулиараа бид иргэний хувьд хуулиар ногдуулсан албан татвараа төлөх үндсэн үүрэгтэй. Гэтэл үүргээ биелүүлээгүй хүн эрхээ эдлэх үү, төрөөс шагнал урамшуулал авах уу, бизнес эрхлэх зөвшөөрөл аваад байх нь зөв үү гээд олон асуулт гарч ирнэ. Тиймээс татварын хуулийн хэрэгжилтийг тэгш, шударга, жигд ханган ажиллахын тулд 2019 онд батлагдсан татварын багц хуулийн шинэчлэлийн дагуу татвар төлөгчдийг том, дунд, жижиг, бичил гэсэн дөрвөн сегментэд хуваан тохирох татварын шаардлага, үйлчилгээг үзүүлэх болсон. Татвар тайлагнах, төлөх ажиллагааг хялбарчилж байна. Нийт аж ахуйн нэгжийн 97 хувь нь нэг хувийн орлогын татвартай болсон, жилд дөрвөн удаа тайлан өгч байсан бол одоо нэг л удаа тайлан гаргах боломж ч бий болсон. НӨАТ, АМНАТ, ХХОАТ-ын тайланг татварын албаны систем дээрх мэдээлэлд үндэслэн татвар төлөгчид тайлангаа ирүүлэхээс нь өмнө хянан үзэж үнэн зөв тайлангаа илгээх боломжоор хангаж эхэлсэн. Мөн Засгийн газрын “Цахим засаг” хөтөлбөрийн хүрээнд татварын албаны системийг шинэчлэн бодит цагийн горимд ажиллах, их өгөгдлийн сан үүсгэн машинд таниулахуй технологийг үйл ажиллагаандаа ашиглан байцаагчийн хамаарлыг багасгах, татвар төлөгчийн тайлан гаргах, татвараа төлөх цаг хугацаа, зардлыг хэмнэж, эрсдэлээс урьдчилан хамгаалж ажиллах боломжийг олгож байна.

Хамгийн гол нь өмнө нь татварын тайланг хүлээн авсны дараа тайлангийн боловсруулалт хийх, ногдол татварыг төлүүлэх, өр хураах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, эрсдэл хийж хяналт шалгалтад хамруулах зэрэг төрийн захиргааны зардал өндөр, үр дүн муутай ажиллагаа явуулж байсныг өөрчилсөн. Одоо бид тайлангаа өгч байгаа үед нь үнэн зөв шалган авах, буруу бол системээс засварлаж буцаах юм. Ингэснээр татварын байцаагч биш татвар төлөгч өөрөө алдаагаа засаж маргаангүй үнэн зөв тайлан ирүүлснээр ногдол татвар ч нэмэгдэх, татварын албаны үр ашиггүй захиргааны зардал буурах боломжийг бүрдүүлсэн. Цаашид цахим шинэчлэл, мэдээлэл боловсруулалтыг илүүтэй ашиглан тайлан илгээхээс өмнөх шатанд татвар төлөгчид зөвлөгөө, мэдээлэл хүргүүлэн үр ашигт хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

-Татварын шинэчлэлийг олон жил ярьсан. Одоо бас л үргэлжилж байна. Эрх зүйн орчноос эхлээд тогтолцооны түвшинд эерэг нөлөө авчирсан бодит үр дүнг хуваалцвал? 

-Татвар өөрөө байнгын өөрчлөлт, шинэчлэлт, хөдөлгөөнд байдаг нийгмийн шинжлэх ухаанд харьяалагддаг салбар.Түүний нөлөөгөөр татварын шинэчлэлт байнга явагдаж байдаг. Жишээлбэл, хэзээ бид крипто, койн гэх ойлголтуудыг мэддэг байлаа даа. Гэтэл одоо бүгд л харилцагч, оролцогчид нь болчихсон явж байна. Мэдээллийн технологи, түүний хэрэглээний түвшин жил ирэх тусам өсөж байна. Үүнийг дагаад төр, хувийн гэхгүй бүхий л салбар байнгын өөрчлөлт, шинэчлэлт, үр ашигт ажиллагаагаа нэмэгдүүлэн ажиллахыг шаардаж байна.

Татварын албаны шинэчлэлийн хүрээнд бид мэдээллийн технологийн шинэчлэлийг ажилдаа бүрэн ашиглан ажиллаж байна. Төрийн цахим засаг хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагууд цахимд үе шаттайгаар шилжиж, төрийн байгууллагууд цаасаар солилцдог мэдээллүүдээ хур системээр дамжуулан шууд цахимаар хэрэглэх, үүний үр дүнд үр төрийн байгууллагуудын үр ашигт ажиллагаа нэмэгдэж байгаа. Үүнийг татварын үндсэн гурван процесс ажиллагааны хувьд тайлбарлавал, нэгдүгээрт, бүртгэлийн хувьд өмнө нь татвар төлөгч өөрийн биеэр харьяалагдах татварын албанд бүртгүүлдэг байсан. Харин одоо хур системээр дамжуулан шууд авч харьяалах татварын албадын бааз руу автоматаар шилжүүлж байна. Цаг хугацаа, зардал мөнгө, түгжрэл гээд нэлээд асуудлыг шийдэж байгаа. Хоёрдугаарт, татварын тайлангаа татвар төлөгч хаана байгаагаасаа үл хамааран илгээх боломжтой боллоо. Үнэн зөв тайлан ирүүлбэл татварын алба талдаа зардал буурна, улсад төвлөрөх орлого нэмэгдэх бол татвар төлөгч талдаа эрсдэл, хяналт шалгалтаас санаа зовохгүй бизнесийнхээ үйл ажиллагааг явуулах боломжтой болно. Иймд татварын алба өөрийн системд байгаа мэдээлэл дээрээ үндэслэн тайланг нь бэлтгээд татвар төлөгчдөд хянах боломжтой хэлбэрээр хүргүүлээд эхэлсэн. Үүний үр дүнд татварын орлого ч нэмэгдэж, татвар төлөгчдийн эрсдэл ч буурах хандлагатай байна. Өмнө нь татвар төлөгч өөрөө татвараа тооцоолж нэхэмжлэхээ үүсгээд банкинд очиж тушаадаг, энэ нь цаг хугацаа, зардал шаардсан ажил байсан. Татварын алба талдаа орлого орсон эсэхийг баталгаажуулахын тулд банкны өндөрлөгөө хийх, төрийн сантай дансны орлого тулгах гээд байцаагч нарын гүйцэтгэдэг 3-5 хоногийн ажил байсан. Одоо бид тайлан дээр нь үндэслэн татварын систем автоматаар нэхэмжлэх үүсгээд татвар төлөгчид хүргүүлэх болсон. Үүний цаана татвар төлөгч татварын орлогын данс мэдэх, алдаатай дансны дугаар бичих шаардлагагүй, улсын болон орон нутгийн төсөвт төлөх тул олон нэхэмжлэх үүсгэх шаардлагагүй болсон. Татварын алба талдаа данс хоорондын гүйлгээний алдаа, улсын болон орон нутгийн төсвийн орлого гээд ангилан ялгах, үүнээсээ үүдээд тодорхой бус орлого гэх мэт асуудлууд үүсэхгүй боллоо. Монгол банкны хүлээн зөвшөөрсөн бүх төрлийн төлбөрийн арга хэрэгслээр татвараа төлөх, төлсөн даруй орлогоор хүлээн зөвшөөрөх боломж бүрдсэн. Татварын алба улсын төсөв болон аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн орлогыг бүрдүүлэн ажилладаг. Татвар, төлбөр, хураамжийн 29 төрлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангадаг, үүний цаана эдгээр хуулийн төрөл бүр дээр, орон нутаг бүр дээр тус тусдаа төрийн сангийн орлогын данстай, их хэмжээний гүйлгээ, шилжүүлэг явагдаж байдаг.  

-Монгол Улс цахим үндэстэн болохоор зорьж буй. Үүний гол хэмнэлт, давуу тал нь татварын албан дээр гарч байгаа тухай та хэллээ. Өнөөгийн бодит тооцоолол болоод дунд хугацааны хөгжлийн зураглалыг хэрхэн харж байна вэ?

-Цахим үндэстэн болох нь төрдөө ч, иргэддээ ч аль аль талдаа ашигтай. Татварын албаны цахим шилжилт, шинэчлэлийн тухайд нэг тооцоолол хэлэхэд татвар төлөгч талдаа бүртгүүлэх, тайлагнах, төлөх ажиллагааг цахимжуулснаар жилдээ нэг орчим тэрбум төгрөгийн зардал хэмнэсэн. Харин татварын алба талдаа орлого төвлөрүүлэх зардал 30 хувиар буурсан гэсэн тооцоо бий.  Цахимжуулалтын хүрээнд манай алба их өгөгдлийн сан үүсгэн машинд таниулахуй технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн бол цаашдаа их өгөгдөлд суурилсан хиймэл оюун ухаан, блокчейн технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. Үүний үр дүнд татвар төлөгч татварын байцаагчтай уулзах, субъектив хамаарал буурч татварын системтэй хуулийн дагуу харилцаад явах боломж бүрдэнэ.

-Татвар төлөгчдийн нуруун дээр улсын төсөв тогтож байгаа. 2023 оны төсөв батлагдсан. Ирэх оны төсөөлөл ямар байна вэ?

Ирэх оны төсөв саяхан арван нэгдүгээр сарын 11-ний өдөр УИХ-аар хэлэлцэн батлагдсан. Төсвийн онцлог нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх анхны төсөв гэдгээрээ онцлогтой бөгөөд шинэ хөрөнгө оруулалт хийхгүй, тэвчиж болох зардлыг хэмнэж чадсан гэж харж байна. Ирэх 2023 онд Монгол Улсын төсвийн нийт орлого 19.7 их наяд төгрөг, үүнээс татварын орлого 2022 оны батлагдсан дүнгээс 26.1 хувиар нэмэгдсэн.

2023 оны төсвийн тооцооллоос харахад эдийн засаг таван хувьд хүрч, инфляцыг нэг оронтой тоонд оруулахаар тооцсон. Төсвийн нийт орлогын 30 орчим хувийг уул уурхайн салбараас төвлөрүүлэх бөгөөд экспортын эрдэс бүтээгдэхүүний хэмжээг 2019 он буюу цар тахлын өмнөх түвшинд хүргэх, бүр нэмэгдүүлэх зорилт бий. Эдийн засаг урьдчилсан тооцооллын дагуу явбал төсвийн орлогын төлөвлөгөөний гүйцэтгэл биелэх боломжтой байгаа.  

-Танай албаны үүрэг бол татварын орлого бүрдүүлэх. Жил жилийн төсвийн орлого, бодлого өөр байх. Төсвийн орлого биелүүлж төрийн ажлын үйл ажиллагааг санхүүжүүлэх эх үүсвэр бүрдүүлэх. Энэ хүрээнд ямар бэрхшээл байдаг вэ?

-Дэлхийн улс хоорондын харилцаа, эдийн засгийн нөхцөл байдлыг тооцоолоход бэрх цаг үед бид амьдарч байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр татвар төлөгч бизнес эрхлэгч иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа доголдож, санхүүгийн ашигт ажиллагаанд нөлөөлж эхэлсэн. Зарим салбарт сөргөөр нөлөөлсөн байхад заримд нь эерэг нөлөөтэй байх жишээтэй. Тухайлбал бөөний болон жижиглэн худалдаа, эрчим хүч, харилцаа холбоо, хүнсний үйлдвэрлэлийн салбаруудын хувьд орлогын хэмжээ нэмэгдсэн байдаг. Засгийн газар олон улс орнуудын цар тахлын үед хэрэглэсэн татварын бодлогын дэмжлэгийг судлан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, татвар төлөх хугацааг сунгах, алданги, торгуулиас чөлөөлөх, алдагдлаа шилжүүлэн тооцуулах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Татварын албаны хувьд тухайн салбарын цар тахлын нөлөөллийг судлан хуулийн дагуу түүнд нийцэх уян хатан бодлого хэрэгжүүлж ирсэн. Тухайн аж ахуйн нэгжийн, салбарын үйл ажиллагаа, тэдний бизнесийн мөнгөн урсгалд байнгын судалгаа, шинжилгээ хийж татвар төлөгчтэй харилцаж байна.

Энэ жил татварын алба улсын болон орон нутгийн төсөвт  8.1 их наяд төгрөгийг төвлөрүүлэхээс өнөөдрийн байдлаар 7.8 их наяд төгрөгийг төвлөрүүлж, гүйцэтгэл 97.2 хувьтай байна. Он дуустал үлдсэн хугацаанд төсвийн хуулиар баталсан орлогын төлөвлөгөөг бүрэн биелүүлж ажиллана. Үүнд нэг сонирхолтой статистик хэлэхэд жилдээ 5.7 сая нэхэмжлэхийг манай системээс үүсгэж татварын төлөлт хийгдсэнээр улсын болон орон нутгийн төсвийн орлого бүрдэж байна.

-Бид цар тахлын хүндрэлтэй жилүүдийг даван тууллаа. Үргэлжлээд тодорхойгүй нөхцөл байдлууд эдийн засагт үүссэн тухай ярьдаг. Хаагдсан, данс улайсан аж ахуйн нэгжүүдийг төр бодлогоор яаж дэмжиж ирэв. Төр, хувийн хэвшилд аль аль талдаа хүндрэлтэй асуудлууд бий байх?

-Дээр хэлсэнчлэн цар тахлын үед татварын бодлогоор Засгийн газраас дэмжсэн. Өнгөрсөн хоёр жилд дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр татвар төлөгч бизнес эрхлэгч иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа доголдож, санхүүгийн ашигт нь сөргөөр нөлөөлсөн нь хуулиар ногдуулсан татварыг хурааж төсөвт төвлөрүүлэхэд эрсдэл учирсан. Засгийн газраас цар тахлын үед татварын өр хураах үйл ажиллагаа хэрэгжүүлсэн буюу татварын өртэй татвар төлөгчдийн арилжааны банк дахь битүүмжлэгдсэн харилцах дансыг 2020 оны арваннэгдүгээр сард 257.9 тэрбум төгрөгийн татварын өрд хамаарах 5153 татвар төлөгчийн, 2022 оны тавдугаар сард 128.2 тэрбум төгрөгийн татварын өрд хамаарах 540 татвар төлөгчийн арилжааны 12 банк дахь дансны битүүмжлэлийг цуцалсан. Мөн өртэй татвар төлөгчдөөс өр хураах үйл ажиллагааг санхүүгийн чадавх, үйл ажиллагааны чиглэл, салбарын онцлог зэргийг харгалзан ялгавартай буюу цар тахлын нөлөөлөл тооцож тухайн салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд хэрэгжүүлэн ажилласан.

Хэдий хөл хориотой, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа доголдсон, санхүүгийн чадавх муудсан үе байсан ч татварын алба хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, улсын төсөвт төвлөрүүлэх орлогын гүйцэтгэлийг бүрэн хангаж ажиллалаа.

-Х тайлантай аж ахуйн нэгжийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байна гэдэг. Үүнийг багасгах бодит шийдлийг та бүхэн олж харсан байх. Эдийн засгийн бодит байдалтай уялдуулан авч үзвэл ямар байгаа вэ?

-Бизнесийг дэмжсэн төрийн бодлогын үр нөлөөгөөр аж ахуйн нэгжийг маш богино хугацаанд хялбар байдлаар байгуулдаг болсонтой холбоотойгоор ААН-ийн тоо тогтмол өсөж жилд 17 мянгаар нэмэгдэж байна. Гэвч нөгөө талдаа татан буулгах үйл ажиллагаа удаашралтай байснаас Х тайлан ирүүлдэг болон ирүүлдэггүй аж ахуйн нэгжийн тоо жилээс жилд өсөж татварын баазын 60 орчим хувийг эзлээд байна. Татварын хуулиудын шинэчлэлийн хүрээнд эрсдэлийн үнэлгээ хийж, хэрэв эрсдэлгүй бол шууд татан буулгадаг хялбар үйлчилгээг нэвтрүүлснээр 2020-2022 оны хооронд 2572 аж ахуйн нэгжийг татан буулгасан байна.

Нөгөө талаас хуульд заасан үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийг татан буулгах талаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд санхүүгийн тайлан найман улирал дараалан гаргаагүй тохиолдолд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн бүртгэх эрх бүхий байгууллага татан буулгах үйл ажиллагааг зохион байгуулахаар тусгасан байдаг.

Татварын албанаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 26.1-д Санхүүгийн тайлангаа найм ба түүнээс дээш улирал дараалан гаргаагүй 58630 хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасуулах саналыг Сангийн яамаар  уламжлан УБЕГ-т хүргүүлж тус байгууллагын цахим хуудсанд нь мэдээлсэн. Хуулийн дагуу нийтээр зарласнаас хойш зургаан сарын дотор бичгээр санал гомдол гаргаагүй тохиолдолд улсын бүртгэлээс хасах зохицуулалттай.

-Нийгэмд цар тахал, эдийн засгийн хямралтай холбоотой аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогссон, алдагдалтай ажиллаж байна гэх мэдээлэл цацагдаад байгаа?

-Бодит статистикаас харвал, 2020 оны жилийн эцсийн тайлангаар 135252 татвар төлөгч тайлангаа ирүүлснээс үйл ажиллагаа явуулаагүй Х тайлан 68520, алдагдалтай 20359, ногдолтой тайлан илгээсэн 35425  байна.Өнгөрсөн оны жилийн эцсийн тайлангаар 142599 татвар төлөгч тайлангаа ирүүлснээс үйл ажиллагаа явуулаагүй Х тайлан ирүүлсэн 71252,  алдагдалтай тайлан 20152, 45352 аж ахуйн нэгж ногдолтой тайлан ирүүлсэн. Энэ дүнгээс харахад 2021 онд тайлан ирүүлсэн татвар төлөгчийн тоо 5.4 хувь буюу 7347 татвар төлөгчөөр нэмэгдсэн боловч үйл ажиллагаа явуулаагүй Х тайлантай татвар төлөгчийн тоо дөрвөн хувь буюу 2732 нэмэгдсэн, алдагдалтай тайлангийн тоо нэг хувь 207 буурч, ногдолтой татвар төлөгчийн тоо 28 хувь буюу 9927 татвар төлөгчөөр нэмэгдсэн бодит статистик мэдээ байна.

-Гадны иргэд манай улсад бизнес эрхэлж байгаад орлогоо ногдол хэлбэрээр мэдүүлчихээд өрөө төлөхгүй оргон зугтдаг жишээ байдаг. Энэ байдал бүрэн зогссон уу?

-Татварын албанд өнөөдрийн байдлаар найдваргүй өр авлага 700 орчим тэрбум төгрөгт хүрсэн. Үүний 400 орчим нь буюу 60 хувь нь ийм гадны хөрөнгө оруулагч, бизнесийнхэнд холбогдох өр байгаа. Хуулийн дагуу тайлангаа мэдүүлж татварын өр үүсгэсэн төлөвтэй байж байгаад алга болсон нөхдүүд ч байдаг. 

Манай улсын хувьд 1991-2007 оны хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах зорилгоор 26 улс оронтой Давхар татварын гэрээг байгуулсан. Гэвч эдгээр хоёр талд давхар гэрээнүүдэд татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх олон улсын орчин үеийн дүрэм журмууд тусгагдаагүйн улмаас үндэстэн дамнасан корпорациуд Монгол Улсын татвараас зугтаах, зайлсхийх, татварын суурийг багасгах эрсдэл улам бүр нэмэгдэж эхэлсэн. Иймд Монгол Улс олон улсын конвенциудад элсэн орсон. Эдгээр олон улсын эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийн хүрээнд бид бусад улсуудтай харилцан татвар төлөгчдийн мэдээлэл солилцох, татвар төлөгчийн өрийг барагдуулахад харилцан туслалцах шинэ хамтын ажиллагаа үүссэн. Энэ хүрээнд тухайн орны татварын байгууллагуудад хүсэлтээ илгээн, хамтран ажиллаж эхлээд байна.

-НӨАТ-ын сугалаатай холбоотой санал шүүмжлэл тасрахгүй байна. Иргэд буцаалтын хувиа нэмэгдүүлье гэдэг. Гэтэл та бүхэн сугалаа явуулаад байдаг. Хувь нэмэх хувилбар яригдах боломжгүй юу?

-Нэмэгдсэн өртгийн албан татвар нь бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгч эцсийн хэрэглэгчид оногддог хэрэглээний татварын нэг төрөл. Дэлхийн 190 орноос НӨАТ-ын татварыг хэрэглэдэг 170 гаруй орон байгаагийн нэг нь манай улс. Анх 1993 онд хэрэглээний татварын нэг төрөл болох худалдааны татварыг хэрэглэж байсан бол 1998 оноос НӨАТ-т шилжсэн байдаг. Анх 15 хувийн хэмжээтэйгээр хэрэглэж эхэлсэн бол одоо 10 хувийн татварын хувь хэмжээ хэрэгжиж байгаа. Эндээс иргэдийн эцсийн хэрэглээнд олгож хасаж тооцдог хоёр хувийг хасвал үндсэндээ цэвэр дүнгээрээ найман хувийн НӨАТ татвартай орон болж байгаа. Энэ нь 10 хувиас бага буюу НӨАТ албан татварын бага хувь хэмжээтэй улсын тоонд ордог.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 онд хийхдээ урамшууллын бодлого оруулж ирсэн. Урамшуулал нь дотроо хоёр янз, тус тусдаа тодорхой бодлоготой. Нэг дэх нь, иргэдийн эцсийн хэрэглээний худалдан авалтын хоёр хувийн буцаан олголт байна. Энэ нь НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн бизнес эрхлэгчдийн борлуулалтын орлогыг хянах үндсэн зорилготой. Татварын албанд НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн 50000 орчим иргэн, аж ахуйн нэгжүүд бий. Эдгээр татвар төлөгчид НӨАТ-ын орлогын 80 орчим хувийг бүрдүүлдэг. Хоёр дахь нь, НӨАТ төлөгч бус 300000 орчим иргэн, аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогыг хянах бодлоготой бөгөөд олгосон баримтад нь НӨАТ бодогдож төлөгдөхгүй тул сугалаанд хамруулах урамшууллын хэлбэр байна. Урамшууллын бодлогын үндсэн зорилго нь иргэд баримтаа тогтмол авах, баримт олгохыг шаардах, иргэд өөрсдөө бизнес эрхлэгчээс хуулийн биелэлтийг шаардах боломжийг олгох явдал юм.

НӨАТ-ын хуулийн урамшууллын бодлого хэрэгжээд долоон жилийн хугацаа өнгөрсөн тул энэ оны тавдугаар сараас бодлогын хэрэгжилтийн үр дүнг тооцоолж, цаашид илүү сайжруулсан хувилбараар зохион байгуулахаар судалгааны ажлуудыг хийх шаардлагатай гэж үзээд сугалааны тохирол хэлбэрээр урамшуулал олгохыг түр хугацаагаар зогсоосон. Гэтэл иргэд төлбөрийн баримт авах нь буурч далд эдийн засаг тэлэх, төсвийн орлого буурах сөрөг нөлөө үүссэн. Ингээд Сангийн яамтайгаа татварын байгууллага хамтран олон улсын туршлагад үндэслэн сугалааны тохирол явуулах арга хэлбэрийг улам боловсронгуй болгон олон нийтэд нээлттэй ил тод зохион байгуулахаар шинэчлэн энэ орны аравдугаар сараас сугалааны тохирлыг сэргээсэн. Төлбөрийн баримтын сугалааны шинэчлэл нь ил тод, нээлттэй, олон төлбөрийн баримт бүртгүүлдэг иргэдийг болон орон нутгийн идэвхжилтийг дэмжихэд чиглэсэн. Олон төлбөрийн баримт уншуулж, цахим төлбөрийн баримтын системд идэвхтэй хамрагдах тусам хожих хонжворын хэмжээ нэмэгддэг байх зарчмыг баримтлан сугалааны тохирлыг гурван ангилалтай болгосон. Мөн орон нутагт төлбөрийн баримт олголтыг сайжруулах зорилгоор тухайн аймаг, дүүрэгт өсөлтийн хувь хэмжээгээр хонжворын хэмжээг нэмэгдүүлэн олгодог болсон. Сугалааны тохирлын зохион байгуулалт, явцыг олон нийтэд ил тод, нээлттэй болгож, иргэн бүр гар утсаараа дамжуулан сугалааны тохирлын явцыг хянах боломжтой болсон ба тохирлыг олон нийтийн газар зохион байгуулсан. Сугалааны тохирлыг зөвхөн хэвлэгдсэн бүх баримт дунд явуулж иргэдийн азтан болох магадлалыг нэмэгдүүлсэн ба супер шагналын азтан заавал тодордог болсон.

Өнгөрсөн 2021 оны буцаан олголтоор 1.2 сая иргэнд 260 тэрбум төгрөгийг олгосон байдаг. Харин сугалааны хонжворт 15 тэрбум төгрөгийг 350 мянган иргэнд олгосон байдаг. Үүнээс харахад буцаан олголтын хэмжээг нэг хувиар нэмэгдүүлэхэд төсөвт ирэх ачаалал 130 гаруй тэрбум төгрөгийн шууд нөлөөлөл үзүүлэхээр байна. Хэрэв НӨАТ-ын таван хувь буцааж олгоно гэвэл 650 тэрбум төгрөг шаардлагатай болно гэсэн. Нөгөө талдаа төсвөөс ийм хэмжээний эх үүсвэр дутагдана гэсэн үг.

Олон улсад НӨАТ-ын сугалаатай 23 улс, НӨАТ-ын буцаан олголт олгодог хоёр улс байгаа нь Бразил, Монгол юм. Цаашид татварын хуулийн хэрэгжилтийг сайжруулах, татварын орлогыг бүрдүүлэх чиглэлээр олон улсын татварын хууль тогтоомжид манайхтай адил урамшууллын хөшүүрэг орж ирж байгаа хандлага байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Алтанчимэг: Азийн аваргын тэмцээнээс ихийг сурч, туршлага хуримтлуулсан7 сар 23. 8:31Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан7 сар 23. 8:25Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан анхны албан даалгаврыг гаргалаа7 сар 22. 19:51Алтай таван богд хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол боллоо7 сар 22. 19:41Чанаргүй, үнэтэй эмийн асуудалд бодит өөрчлөлт хийнэ7 сар 22. 12:01Үерийн 19 дуудлагаар үүрэг гүйцэтгэв7 сар 22. 11:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан7 сар 22. 8:26ЭМД-ын шимтгэл төлөлтийн статистик мэдээ7 сар 21. 21:00УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Тайшир сумын 100 жилийн ойн баярт оролцлоо7 сар 21. 20:55Баяр наадмын үеэр сайн дурын 24 ажилтан ГССҮТ-д хөтөч, зөвлөн туслагчаар ажиллалаа7 сар 21. 20:52Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдын тэргүүлэн ажиллах Хамтарсан Засгийн газрын гишүүд7 сар 21. 20:46Төрийн тахилгат Бурхан буудай уулын тэнгэрийг тайх ёслол боллоо7 сар 21. 20:43УИХ-ЫН Тамгын газар: УИХ-ын гишүүдээс орон сууц авах хүсэлт ирүүлээгүй7 сар 21. 20:31Хичээлийн жилийн бүтцийг баталжээ7 сар 19. 16:18УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна7 сар 19. 16:11ЭМД-ын санд 21 сая 219 мянга 403 төгрөгийг нөхөн төлүүллээ7 сар 19. 11:53Туулбаатарын Тэмүүлэн: Наадамчин олон уухайлаад эхэлтэл би зориг орж байгаа юм шиг л болсон7 сар 19. 11:49С.Бямбацогт: Алдаа дутагдал гаргасан бол шударгаар хариуцлагаа үүрдэг хандлага энэ салбараас тод харагдах ёстой7 сар 19. 11:43Хөвсгөл, Сэлэнгэ аймагт ойн түймэртэй байна7 сар 19. 11:27Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх, эрт илрүүлж эмчлэхэд ДЭМБ хамтран ажиллана7 сар 19. 11:21Монгол Улсын Их Хурлын 4 дэд хорооны бүрэлдэхүүн7 сар 19. 11:14Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлэв7 сар 19. 11:09УНТЭ БНСУ-тай сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллана7 сар 18. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан7 сар 18. 9:07Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, эмч, үйлчлүүлэгчидтэй уулзаж, санал солилцлоо7 сар 17. 10:58Гамшгаар зоолдог "мөнгө"-ний нийгэм7 сар 17. 10:13Наймдугаар сарын 12-ноос иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсооно7 сар 17. 8:52Буудлагын тамирчид тэмцээндээ орох боломжтой болжээ7 сар 17. 8:47Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан7 сар 17. 8:31Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан УИХ-ын 11 Байнгын хорооны дарга, гишүүд7 сар 16. 19:31
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.