УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол энэ сарын 12-15-ны өдрүүдэд товлогдсон. Гэвч АТГ мөрдөн байцаалтын нууц алдагдана гэх шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан билээ.
Бүрэн эрх нь түтгэлзсэн УИХ-ын 2 гишүүнээр туг дахин бусад улстөрчдийн хэргийг бултуулах нь гэсэн хардлага бий. Гэтэл үгүй юм байна. АТГ-аас зарлаагүй ч олон нийтийн дунд нүүрсний хулгайч хэмээн яригддаг нэр бүхий улстөрчдийн хэргийг нягтлан шалгаж эцэслэсний дараа Түр хорооны нээлттэй сонсголыг хийхээр болжээ. Сонсголд 144 албан тушаалтныг гэрчээр дуудахаар төлөвлөсөн. Тэдний дунд Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайдаар 2017-2020 онд ажилласан одоо УБ хотын Засаг дарга Д.Сумьяабазар болон түүний ойрын хүмүүс бий гэсэн мэдээлэл байна.
2018-2020 он бол ЭТТ компанийн сэргэн мандлын үе байсан. Нүүрсний хулгайн хэрэг ч энэ үетэй давхцдаг. Өнөөдөр гүйцэтгэгч асан Ц.Ганхуягийг ганцаар нь буруутган хэдэн сар хорьж буй. Үнэндээ бол түүнийг удирдан чиглүүлж байснаараа тухайн үеийн салбарын сайд, ТУЗ-ийн дарга, гишүүд нь ЭТТ-той холбоотой гай, гавьяа хоёрыг хамт үүрэлцэх учиртай билээ. Гэтэл гүйцэтгэх захирлыг шоронд хорьсон атлаа тухайн үед шууд үүрэг чиглэл өгч байсан салбарын сайд нь гэмгүй шударгын дүртэй ажиллаж , ТУЗ-ын дарга нь тушаал дэвшин, төрөөс төрсөн тэрбумтан болчихоод байхад АТГ хэн нэгнээс команд хүлээх мэт “хулгайч цагдаа” болж тоглосоор байсан. Үүнийг шударга иргэд гайхаж байсан юм.
Д.Сумьяабазар УУХҮ-ийн сайдаар 3 жил ажиллахдаа ЭТТ компанийн IPO-г олон улсад гаргах үүрэг хүлээн томилогдсон. Түүнд бүх эрхийг Ерөнхий сайд олгосон. Гэвч тэр чадаагүй. Харин IPO гаргах нэрээр ЭТТ компанитай эн зэрэгцэхүйц “Эрдэнэс тавантолгой майнинг” гэх нүсэр бүтэцтэй ХХК байгуулсан ч ЭТТ компанийн ажилчид эсэргүүцэн, жагсаж тэмцсэнээр Засгийн газар татан буулгасан билээ.
Түүнийг УУХҮ-ийн сайд байхад ЭТТ компанийн Хууль, гэрээ эрх зүй, Борлуулалт маркетинг, тээвэр хариуцсан дэд захирлууд болон голлох газар хэлтсийн даргаар УУЯ болон Сонгинохайрхан дүүрэгт хамт ажиллаж байсан хамаарал бүхий олон хүн томилогдсон байдаг. Энэ нь Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазарыг ЭТТ компанийн нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан шалгах ёстой олон шалтгаануудын нэг болоод байна.
ЭТТ КОМПАНИЙН УДИРДЛАГАД АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮМҮҮСИЙН Д.СУМЬЯАБАЗАРТАЙ ХАМААРАЛ БҮХИЙ БАРИМТЫГ ФОКУСЛАВ:
- Н.Баярчимэг- 2018-2020 онд ЭТТ болон “Эрдэнэс тавантолгой майнинг” ХХК-иудын дэд захирлаар ажиллаж байсан. Одоо НИТХ-ын төлөөлөгч
2011-2016 онд “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-д хуульч, ахлах хуульч, хэлтсийн дарга
2016-2017 онд Үндэсний хөгжлийн газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга
2017 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, хуулийн хэлтсийн дарга
2018-2019 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-д Хууль эрх зүйн асуудал хариуцсан дэд захирал. ТУЗ-ийн гишүүн
2019-2020 онд “Эрдэнэс тавантолгой майнинг” ХХК-д дэд захирал
2020 онд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т Засаг даргын орлогч
2020 оноос нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан
- М.Баяраа - ЭТТ компанийн ТУЗ-ийн дарга асан. Одоо Нийслэлийн Засаг даргын Ажлын албаны дарга бөгөөд УБ хотын Ерөнхий менежерээр ажиллаж байгаа.
-2013-2016 онд Сонгинохайрхан дүүргийн боловсролын хэлтсийн дарга,
-2016-2017 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга,
-2017-2020 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
-2020-2022 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар ажиллаж байсан. Одоо УБ хотын ерөнхий менежерээр ажиллаж байгаа
- Т.Цогтбаяр - ЭТТ компанийн Борлуулалт маркетинг, тээвэр хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан.
Д.Сумьяабазар сайдын зөвлөх асан.
Өнгөрсөн оны тавдугаар сард Т.Цогтбаяртай холбоотой "Эрдэнэс Тавантолгой" компанийн удирдлагууд ачаа тээврийн зохицуулалт хийж, улмаар авлигаар 20-25 сая төгрөг авч байна" гэсэн утга бүхий аудио бичлэг сошиал орчинд тарсан. Үүнтэй холбогдуулан “ЭТТ компанийн Стратеги, хөгжлийн газар хариуцсан дэд захирлаар 2021 оны долдугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад, ажлаас чөлөөлөгдсөн” хэмээн ЭТТ компаниас мэдэгдэл гаргаж байсан. Гэвч хууль хяналтынхан тухайн үед үл тоосон.
ЭТТ компанийн хувьд нүүрстэй холбоотой гэрээг дэд захирал Н.Баярчимэг, Т.Цогтбаяр нар хариуцдаг байжээ. Борлуулалтын хэлтэс нь тендер зарлаад сонгон шалгаруулалтаа хийнэ. Хуулийн хэлтэс хянаад дэд захирлууд гарын үсэг зурсны дараа нь ЭТТ компанийн гүйцэтгэх захирал нь батална. Ийм зарчмаар гэрээ байгуулагддаг. Өөрөөр хэлбэл хууль эрх зүй, борлуулалт хариуцсан 2 дэд захирал гарын үсэг зураагүй бол нүүрсний гэрээ хийгдэхгүй. Энэ схемээр ЭТТ компанийн нүүрсний гэрээнүүд хийгддэг байж.
- Бат- Эрдэнэ - ЭТТ компанийн Худалдан авах ажиллагааны газрын дарга асан
Нүүрс борлуулалтаас бусад бүх тендерийг худалдан авах газар хариуцдаг. Мөн л дээрээс добра өгөөгүй бол бие даан гарын үсэг зурах эрхгүй хэмээн хүмүүс ярьдаг. ЭТТ компаниас зарласан ERP тендерт Д.Сумьяабазарын зөвлөх Х.Эрдэнэбаярын компанийг шалгарсан удаатай. Гэвч толгой компани нь айтигийн биш газар тариалангийн компани байсан нь илрээд бөөн хэл аманд орж байсныг санаж байна уу? Энэ Х.Эрдэнэбаяр нь мөн л Д.Сумьяабазарыг сайд байхад зөвлөж байсан хүмүүсийн нэг бөгөөд одоо койн гаргаад хил даваад зугатсан “Ворлд Плас Дижитал” компанийн захирал юм.
ФОКУСЛАВАЛ: Дээрх томилгоонуудаас харахад Д.Сумьяабазар УУХҮ-ийн сайд байхдаа ЭТТ компанийн гол албан тушаалуудад өөрийн багийн буюу УУХҮЯ болон Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байсан хүмүүсээ байршуулан эрх мэдлийг төвлөрүүлсэн байж болзошгүй байна. Тиймээс Л.Сумьяабазарын "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХХК-д үүсгэсэн энэхүү албан тушаалын сүлжээ нүүрсний хулгайн бас нэг схемийг илрүүлнэ хэмээн шалгаж эхэлсэн бололтой.
Сэтгэгдэл бичих