“Супер Марио”эрийн цээнд хүрлээ


4-р сарын 8
11 цаг 44 минут

        Нинтендо видео тоглоомын компанийг амжилтад хүрэхэд тулах цэг болсон Супер Марио энэ жил 40 нас хүрч байна. Япон орныг дэлхийд таниулахад үлэмж хувь нэмэр оруулсан дүрсгүй Мариогийн төрсөн өдрийг угтаж Холливуд ч зүгээр суусангүй. Дэлхийн нийтийг дөрвөн арваны туршид байлдан дагуулж буй хөгжөөнт эрд зориулсан “Супер Марио Брос” бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино дэлхий дахинаа нэгэн зэрэг нээлтээ хийлээ.

Нэрээ олсон үсэрдэг хүн 

1980-аад оны хүүхдүүд төрсөн өдрөөрөө хамгийн их хүсдэг бэлэг нь гар удирдлагатай “Донки Конг” тоглоом байв. Баатарлаг гол дүртэй, 2D дэлгэцийн тоглоомыг нэг бариад авсан байхад хүүхэд гэлтгүй насанд хүрэгчид ч завсарлахад бэрх. Ёстой л найман настай балчраас наян настай буурлын хайрыг татсан баатарлаг дүр бол Марио юм. Дизайнер Шигэру Мияамото тухайн цаг үеийнхээ урлаг соёлын нөлөөг тусгасан яг л кинонд гардаг баатар дүр төрхийг дотроо төсөөлж байв. 1983 онд Марио Бросыг танилцуулахад түүний махлагдуу бие, хөгжилтэй дүр төрх, өхөөрдөм малгай, жирвэгэр сахал тоглоом сонирхогчдод төвөггүй танигдлаа. 

Техникийн нөхцөл өнөөгийнх шиг хөгжөөгүй байсан үед тоглоомын  дүрд жинхэнэ үс зурахад графикийн бэрхшээл тулгарав. Тиймээс малгай өмсүүлэх нь хялбар шийдэл болжээ.

Аргагүйн эрхэнд малгайтай зурсан нь өнөөдөр түүнийг илэрхийлэх бэлгэ тэмдэг болно гэж хэн санах билээ. Мариог анх бүтээхдээ мужаан мэргэжилтэйгээр дүрсэлж байсан ч олон нийтэд таалагдах үүднээс итали гаралтай америк сантехникчийн дүрд хувиргасан нь тоглоом бүтээгчдийн хамгийн оновчтой шийдлүүдийн нэг байв. Мужаан Мариог сантехникч болгон өөрчлөхөд Мияамотогийн барууны зурагт номын хорхойтон байсан нь түлхэц болжээ. Нөгөөтэйгүүр тоглогчдыг уйдаалгүй олон сонирхолтой ертөнцөөр аялуулахын тулд сантехникийн хоолойгоор холбоход Мариогийн дүрийг зохицуулах гэсэн санаа байжээ. 

“Супер  Марио”эрийн  цээнд хүрлээВидео тоглоом бүтээгч, продюсер Шигэру Мияамото 

Хүн бүр өндрөөс унахаас айдаг. Хэрэв замд чинь нүх таарвал харайгаад гарчихна. Арай том нүх таарвал холоос гүйж харайдаг биз дээ. Тэдгээр туршлага болон дүрийг удирдах интерактив шинж чанар, хариу үйлдэл үзүүлж байгаа зэргээс улбаалж Супер Марио тоглоомын ертөнцөд цахиур хагалсан болов уу.

 

Тэгвэл дэлхийн нийтийн хайр хүндлэлийг хүлээхээс өмнө Марио огт өөр нэртэй байлаа. Донки Конгийн эсрэг тулалдаж буй баатрыг эхэндээ “Оссан” хэмээн нэрийдсэн. Энэ нь япон хэлээр идэр насны эрэгтэй гэсэн утгатай. Нинтендогийн Америк дахь салбарын ажилтнууд агуулахыг нь түрээслэдэг үл хөдлөх хөрөнгийн эзэн Марио Сегалын нэрээс санаа авч бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд өрсөлдөх боломжтой болгох хүртэл “Ноён Видео”, “Үсэрдэг хүн” ч гэж дуудуулж байв. 

Үе үеийн тоглоомын хорхойтнуудыг өөртөө татаж чадсан түүний адал явдалт дүр хүүхэлдэй, худалдааны карт, кимоно зэрэг бүхий л бараа бүтээгдэхүүнийг чимдэг. 40 жилийн өмнө Марио ердөө видео тоглоомын дүр байсан бол өнөөдөр япончуудын гэр бүлийн дотно гишүүн, Наран улсыг дэлхийд илэрхийлэх нэрийн хуудас болжээ. 2016 онд Япон улс Бразилаас дараагийн олимпыг хүлээн авахдаа Ерөнхий сайд Абэ Шинзо агсан Супер Мариогийн дүрд хувирч үзэгчидтэй мэндчилэн олимпын наадмыг нэр төртэй зохион байгуулахаа амлаж байв. Марио улс орны бахархал болсны нотолгоо үүнээс илүү бий гэж үү. 

Мариогийн дүрүүд 

Мариог анх нийтэд танилцуулснаас хойш нийтдээ 200 гаруй тоглоомд дүрээ үлдээжээ. Түүний мөөгний хаант улсад биеийн хэмжээгээ томруулж, багасгаж чаддаг хувьсамтгай шинж чанарыг 1985 онд тоглоом бүтээгчид анхлан танилцуулсан юм. Видео тоглоом болон цэргийн шинжлэх ухааны чиглэлээр бичдэг Америкийн зохиолч Стивен Л Кент 2010 онд хэвлүүлсэн “Видео тоглоомын түүх” номдоо Мариог орчин цагийн тоглоомын зах зээлийн ууган төлөөлөгч гэж онцолжээ. Учир нь, 1985 онд гарсан “Супер Марио Брос” тоглоомын гол дүрийг нэгэн хэвийн байдлаас гаргаж, хил хязгааргүй өнгөлөг ертөнцөд хөл тавиулав. Тоглогчид түүнийг аварга мөөг, шилтгээн, хөндий нүхээр дүүрэн эцэс төгсгөлгүй, өнгө өнгийн хөдөө талаар хаашаа ч хамаагүй гүйлгэж чаддаг болсон. Үүн дээр нэмэгдээд Марио бүх төрлийн дүрд хувирах шидтэй болжээ. Жишээ татвал 1988 онд гаргасан “Супер Марио” тоглоомд сантехникч Марио нисдэг загал илбэнхийн дүрд, 2007 оны “Супер Марио Галакси” цувралд зөгий, 2013 онд гаргасан “Супер Марио 3D World” тоглоомд муурын дүрд хүртэл хувилах болов. Мөн эмч, хөгжмийн зохиолч, уран бүтээлч, олон төрөлт спортын тамирчин ч болж үзэв. 2017 оны “Супер Марио Одиссей” цувралд Мариогийн малгай хүртэл өөрийн гэсэн тоглоомыг бүтээлгэжээ. Мариогийн туслах дүрүүд ч нэмэгдэж бүгд өөрийн гэсэн тусдаа тоглоомтой болжээ. Мариогийн дүү Луижи, туслахууд нь болох Пийч гүнж, Ёши, өрсөлдөгч Донки Конг, Боузер, хошин Варио нар тоглоомыг илүү сонирхол татахуйц болгодог. Мариог алдартай болгоход нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл бол хөгжим. Түүний хөгжилтэй ая тоглоомын дүрмийг өөрчилсөн гэхэд хилсдэхгүй. Хөгжмийн зохиолч Кожи Кондогийн зохиосон ая 1985 оноос Мариогийн адал явдалд нэгджээ. Харин Мариогийн үргэлж хэлдэг “Lets-a-go!” тэргүүтэй сэтгэлд хоногшсон үг хэллэгүүдэд Америкийн жүжигчин Чарльз Мартинет дуу оруулсан юм. Тоглоомын ая Биллбоардын жагсаалтад 125 долоо хоногийн турш багтаж, амьд найрал хөгжмөөр тайзан дээр тоглогдож байсан түүхтэй. 

“Супер  Марио”эрийн  цээнд хүрлээ

Тоглоомын ертөнцөөс дэлгэц рүү

Олны сэтгэлд хоногшсон видео тоглоомын дүрийг кино дэлгэцэнд амилуулна гэдэг эрсдэлтэй хэдий ч хүүхэлдэйн киноны салбарт шинэ давлагаа болох нь гарцаагүй. Яг л Соник зараа бууриа сэлгэсэн шиг. Гэхдээ Марио анх удаа кино дэлгэцийн бүтээл болж байгаа хэрэг биш. 1993 онд Боб Хоскинс гол дүрийг нь бүтээсэн “Супер Марио Брос” киног Холливудад танилцуулж байлаа. Хоскинс хожим нь The Guardian сонинд өгсөн ярилцлагадаа өөрийнх нь бүтээсэн хамгийн муу дүр бол Марио байсан гэж дүгнэсэн удаатай.

Харин энэ удаад кино бүтээгчид бодит хүн тоглуулахын оронд Супер Мариогийн тоглоомын ертөнцийг харуулсан зурган дүрслэлийг сонгосон байна. Мөн цэнхэр мөрөвчтэй өмдтэй Мариог агуу зүрх сэтгэлтэй баатраар дүрслэн харуулахыг зорьжээ. Мариогийн дүрд жүжигчин Крис Пратт дуу оруулсан бол Аарон Хорварт найруулагчаар ажилласан юм. Марио вант улсуудаар аялж, яг л анхны хувилбар дээрээ гардаг шиг блокуудыг эвдэн нурааж, баатарлаг үйлс бүтээх ажээ. Дүрсгүй хэрнээ танил дулаан Мариог музейд тавьж алдаршуулах нь зүйн хэрэг гэж Лондоны “Young V&A” музейн эрхлэгч Кристиан Волсинг сэтгэгдэлээ хуваалцлаа. Мэдээлэл технологийн дэвшилттэй адил видео тоглоомууд ч мөн соёлын нөлөөгөө таниулах хэрэгтэй гэж тэр үздэг. 

Марио 1980-аад оны үед видео тоглоомын түүхэнд хувьсгал хийсэн бөгөөд өнөөдөр 40 настай ямар ч алдартнаас илүү бүхний танил болсон билээ. 2015 онд “Супер Марио Мэйкер”- ийг бүтээхэд хүн бүр энэ тоглоомыг хэрхэн тоглодгийг мэдэж байсан гэдэг. Учир нь тэдний оюун ухаан, дурсамжид нь хадгалагдан үлдсэн болохоор тэр шүү дээ. Тэр бүх үеийнхэн, гэр бүлийн бүх насны гишүүд хамтдаа нэг тоглоомоор тоглож болдгийг харуулж чадсан. Өнөөдөр ч 10 хүртэлх насны хүүхдүүдийн хүслийн жагсаалтад Супер Марио лего эсвэл видео тоглоом байгаа нь үүнийг гэрчилнэ. Q Score-ын хийсэн судалгаагаар 1990- ээд онд америк хүүхдүүдийн дунд Марио Микки Маусаас ч алдартай байжээ. Супер Мариогийн анхны хувилбар дэлхий даяар 40 сая гаруй хувь борлогдсон бол 240 сая франчайз эрх худалдсан амжилтаараа Геннисийн номд бичигдсэн юм. Урсан өнгөрөх цаг хугацаанд Марио бидний дотнын найз, хүчирхэг баатрын дүр төрхөө хадгалан үлдэнэ итгэлтэй байна. 

Төрсөн өдрийн мэнд хүргэе, Ноён Марио!

 Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
Эх сурвалж: Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд саад учруулж буй байгууллага, албан тушаалтнуудыг зарлалаа3 сар 28. 17:57Хүүхэд хамгааллын тухай хуулийг сурталчлах, таниулах арга хэмжээг зохион байгууллаа3 сар 28. 17:52“Эрдэм” монгол бичгийн бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ3 сар 28. 17:47Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ3 сар 28. 17:37Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3 сар 28. 17:30Онол, үйлдвэрлэлийн бага хурлаас зөвлөмжийн төслийг танилцуулж, оролцогч нэг бүрийг саналыг тусгав3 сар 28. 13:30Чих, хамар хоолой, сэтгэц судлал, дотор, ерөнхий мэс заслын салбар зөвлөлийн боловсруулсан зааврын төслийг хэлэлцлээ3 сар 28. 13:27“Уран хөдөлгөөнт гимнастик-2024” тэмцээн эхэллээ3 сар 28. 13:23Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ3 сар 28. 13:12ЭЗБХ: Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв3 сар 28. 13:10Чингэлтэй дүүргийн нэрэмжит гудамж Япон улсад нээгджээ3 сар 28. 13:05Булган боомт-БНХАУ-ын Такашикен, Хавиргын боомтоос Манжуур чиглэлд жуулчин тээвэр эхэллээ3 сар 28. 9:58Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ3 сар 28. 9:54Ц.Наранчимэг: Нам, эвсэл, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөртөө ямар нэг амлалт оруулах ёсгүй3 сар 28. 9:50Ч.Ундрам: Гурилын үйлдвэрүүд найман хувийн ашигтай ажилладаг юм бол банкинд мөнгөө хадгалуулсан нь дээр3 сар 28. 9:45Төөрсөн, сураггүй болсон таван дуудлага ирэв3 сар 28. 9:34Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа3 сар 28. 9:30Өнөөдөр орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна3 сар 28. 9:27“Процессын нээлттэй байдал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо3 сар 28. 9:22Хөгжөөн дэмжигчидийн тэмцээний аваргууд шалгарлаа3 сар 28. 8:05УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар3 сар 28. 7:50Өнөөдөр дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин туулай өдөр3 сар 28. 7:46Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн3 сар 28. 7:42Дүүргийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдах ажилтнуудын ээлжит шуурхай боллоо3 сар 27. 17:16Дорнод аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байранд дадлагажуулах хүний нөөцийг бэлтгэж байна3 сар 27. 17:10Дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хөгжөөн дэмжигчидийн тэмцээн эхэллээ3 сар 27. 17:02Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 16:38“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ордын нөөцийг 8.1 тэрбум тонноор баталлаа3 сар 27. 16:19Хаврын улс төр Монголоос халив3 сар 27. 14:53Дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудын ээлжит шуурхай боллоо3 сар 27. 14:19
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.