Макроны айлчлал


4-р сарын 10
10 цаг 24 минут

      Сүүлийн жилүүдэд Хятад улс ба Барууны орнуудын харилцаа тааламжгүй болоод байгаа үед Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен нар Бээжинд хамтдаа айлчилсан нь энэ долоо хоногт олон улсын анхаарлыг хамгийн ихээр татсан үйл явдал байлаа.

Энэ удаагийн айлчлал бол Барууны удирдагчдын Хятадад хийж буй цуврал айлчлалын үргэлжлэл юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Германы Канцлер Олаф Шольц, долоо хоногийн өмнө Испанийн Ерөнхий сайд Педро Санчес нар айлчилсан бол энэ сард Германы Гадаад хэргийн сайд А.Бербок Бээжинд ирэх гэж байна.

Хятадын удирдагчийг ятгаж чадсангүй

Дайн эхэлсний дараахнаас Э.Макрон Орос, Украины удирдагчидтай уулзаж, утсаар хэдэнтээ ярьсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд бүтэн жилийн дараа ЕХ, АНУ ба Оросын хоорондын хэлхээ холбоо бүрмөсөн тасарч, талуудын байр суурь эвлэрэхийн аргагүй болж, хэл амаа ололцохоо больжээ. Ийм нөхцөлд Орос-Украины мөргөлдөөнийг зохицуулахад нөлөөлж чадах цорын ганц улс бол Хятад, Путинд нөлөөлж чадах цорын ганц хүн бол Ши Жиньпин мөн гэж үзэх хандлага Европт түгээмэл болов.

Э.Макрон Хятадын удирдагчид хандан, Украинд болж буй дайныг зогсоохын тулд өөрийн нэр нөлөөг ашиглан В.Путинд шахалт үзүүлэхийг хүссэн байна. Учир нь, Барууны хоригт өртөж, тусгаарлагдсан Оросын эдийн засаг Хятадаас улам их хамааралтай болж буй энэ үед Кремльд шахалт үзүүлэх арга хөшүүрэг Ши Жиньпинд бий. 

Нөгөөтэйгүүр, Орос-Украины асуудлаар “идэвхгүй” байр суурьтай байсан Хятад улс зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш яг нэг жилийн дараа “Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулахад чиглэсэн БНХАУ-ын байр суурь” гэх нэртэй 12 заалт бүхий энхийн төлөвлөгөөгөө НҮБ-д танилцуулсан билээ. Харин АНУ, Европын Холбоо ба Украин улс Хятадын дэвшүүлсэн санаачилгыг “хямралыг зохицуулах бодит төлөвлөгөө биш, ердөө дайны талаар байр сууриа илэрхийлсэн мэдэгдэл төдий зүйл” хэмээн үзэж байгаа юм.

“Оросын талыг ятган ухааруулж, талуудыг хэлэлцээний ширээний ард суулгаж чадна хэмээн танд найдаж байна” гэж Макрон хэлсэн бөгөөд түүний үзэж байгаагаар, Орос-Украины мөргөлдөөн нь дэлхийн том гүрнүүдийг хоорондоо дайсагналцсан хэд хэдэн эвсэл бүлгүүдэд хуваах аюултай ажээ. Үүний хариуд Хятадын удирдагч хэлэхдээ “даян дэлхийд энх тайвныг хамгаалах боломж хийгээд хариуцлага Хятад улс ба Франц улсад бий, талууд аль болох ойрын үед энхийн хэлэлцээ хийнэ гэдэгт найдаж байна” гэлээ

Айлчлалын дүнгийн талаарх баримт бичигт  дурдсанаар “Орос-Украины сөргөлдөөнийг эцэс болгох шидэт арга гэж байхгүй, талууд өөрсдөө санаачилга гаргаж, хэлэлцээний ширээний ард суух нь зүйтэй” гэсэн байр сууриа Хятадын удирдагч илэрхийлжээ.

Хамтарсан хэвлэлийн хурлын үеэр Макроны хэлсэн “Украины эсрэг дайныг зогсоохын тулд Путинд шахалт үзүүлэх” гэсэн уриалгад Ши Жиньпин ямар ч хариу өгөөгүй төдийгүй “Орос”, “дайн” гэх мэт үгсийг ганц ч удаа дурдаагүй байна. 

Макроны айлчлалтай холбогдуулан Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков мэдэгдэхдээ “Хятад улс зуучлагчийн үүргийг гүйцэтгэх маш их чадавхтай, саяхны дипломат амжилт нь үүнийг тод томруун харуулсан. Гэхдээ Украинтай холбоотой нөхцөл байдал нь нэн төвөгтэй бөгөөд одоохондоо хямралыг энхийн замаар зохицуулах хэтийн төлөв харагдахгүй байна” гэлээ. 

Европчуудын нэгдмэл байр суурь

“Бид Хятад улстай хамтран ажиллахыг хүсэж байна, харин хэрвээ Хятадын тал Путинд цэргийн тусламж үзүүлэх аваас байдал эрс өөрчлөгдөнө шүү” гэсэн санаагаа Хятадын удирдлагад хүргэхийн тулд Макрон, фон дер Ляйен нар Бээжинд айлчилсан гэдгийг ажиглагчид онцолж байлаа. Ялангуяа АНУ-ын зүгээс Хятад улс Орост зэвсэг нийлүүлж магадгүй гэсэн болгоомжлолоо нэг бус удаа илэрхийлсэн юм.

Зэвсэг нийлүүлсэн тохиолдолд АНУ-ын зүгээс Хятадын эсрэг хатуу хориг арга хэмжээ авах нь гарцаагүй бөгөөд Европын холбоотнуудаасаа ийм алхам хийхийг шаардах нь ойлгомжтой. Байдал үүндээ хүртэл хурцдах аваас Европын Холбооны эдийн засагт хүндээр тусах болно.

Ийм нөхцөл байдлыг үүсгэхгүйн тулд, Европын Холбоо бол дайн ба энхийн асуудлаар АНУ-ыг дагалдагч бус харин бие даасан байр суурьтай субъект гэдгийг Хятадын талд ойлгуулахын тулд Европын удирдагчид Бээжин рүү цувж байна гэдгийг ажиглагчид хэлж байна. Ташрамд дурдахад, удахгүй 6-7 дугаар сард ЕХ-Хятадын дээд хэмжээний уулзалт болно.

Гэсэн хэдий ч Их7-гийн түншүүд болох АНУ, Канад, Япон, Их Британиас ялгаатай нь гэвэл, ЕХ-ны гишүүн 27 улс Хятадын талаарх байр сууриа яг таг нэгтгэж чадахгүй хэвээр байна.

Байр сууриа нэгтгэх эхний оролдлогыг Европын Комиссын тэргүүн фон дер Ляйен хийсэн бөгөөд тэрбээр Бээжин рүү явахынхаа өмнөхөн хөтөлбөрийн шинжтэй илтгэл тавихдаа, хатуу байр суурь илэрхийлжээ. Тэрбээр хэлэхдээ “Европ тив Хятадтай хамтран ажиллахыг хүсэж байна, гэтэл Хятадын Коммунист нам нээлттэй байдал ба интеграциас хаалттай байдал ба өөрийгөө дөвийлгөх тал руу аажмаар шилжиж байгаа нь олон асуудал үүсгэж байна” гэв.

Макрон, фон дер Ляйен нар хамтдаа Бээжинд очсон нь ЕХ-ны гишүүн орнууд нэгдмэл байр суурьтай гэдгийг илэрхийлэх зорилготой байсан хэдий ч эл зорилгодоо хүрч чадаагүй гэдгийг “Politico” сонинд онцолжээ. Жишээ нь, Хятадын тал Макронд хүндэтгэл үзүүлж, фон дер Ляйенийг үл тоосон хандлага гаргасан байна.

Түүнээс гадна “Макрон Ши Жиньпинийг ятган итгүүлж чадаагүй” гэдгийг Францын Le Monde сонинд дүгнэн бичжээ. Наад зах нь гэхэд, Беларусьт тактикийн цөмийн зэвсэг байрлуулах гэсэн Путинийг буруутгахыг Шид ятгаж чадаагүй бөгөөд Хятадын удирдагч “цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээ, даян дэлхийд энх тайван тогтоох, бүх улсуудын ашиг сонирхлыг хүндэтгэх” гэх мэт уламжлал болсон ерөнхий үгсээр хариу өгчээ. Макронтой хамтран хийсэн хэвлэлийн хурлын үеэр Ши Жиньпин мэдэгдэхдээ, дайны явцад цөмийн зэвсэг хэрэглэж болохгүй гэдгийг давтан хэллээ.

Хэдийгээр Орос-Украины асуудлаарх Бээжингийн байр суурийг өөрчилж чадаагүй ч гэсэн Макроны айлчлал нь өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш Ши Жиньпин ба Барууны удирдагчдын хооронд болсон эхний уулзалт гэдгээрээ ач холбогдолтой. Тухайн үед Бали аралд болсон G20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Ши, Байден нар уулзаж байсан билээ.

Эдийн засгийн болон бусад асуудал 

Макроны айлчлалын үеэр зөвхөн Украины асуудлыг хэлэлцээгүй бөгөөд хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр амжилт олсон гэж дүгнэж болно. Францын Ерөнхийлөгч Өмнөд Хятадын нийслэл гэгддэг Гуандун мужийн төв Гуанжоу хотод айлчиллаа. Энэ муж АНУ, Их Британитай эдийн засгийн гүнзгий харилцаатай бол Францын оролцоо, хөрөнгө оруулалт хязгаарлагдмал байдаг. Зарим ажиглагчдын дүгнэж буйгаар, Макрон Гуанжоуд очсон нь Барууны орнууд Хятадын зах зээл дэх байр сууриа нэмэгдүүлэхийн төлөө ширүүн өрсөлдөж эхэлснийг харуулж байгаа ажээ. Макроныг дагалдан нисэх онгоц үйлдвэрлэгч Airbus, эрчим хүчний Electricite de France SA, галт тэрэг үйлдвэрлэгч Alstom SA зэрэг Францын томоохон 60 компанийн захирлууд явжээ. Францын Ерөнхийлөгч хамгийн сүүлд 2019 онд Бээжинд айлчлах үеэр Airbus корпораци Хятадад зорчигч тээврийн нисэх онгоцууд нийлүүлэх 30 тэрбум еврогийн гэрээг байгуулж байв. Харин энэ удаад Тяньжин хотод А320 нисэх онгоцны эцсийн угсралтын хоёрдахь шугамыг барих гэрээ болон бусад салбарт хамтран ажиллах хэд хэдэн том гэрээнд гарын үсэг зуржээ.

Нөгөө талаас, Тайваний хоолойн тогтвортой байдлын тухай асуудлыг хэлэлцэх болов уу гэж ажиглаж байсан боловч хэлэлцсэнгүй. Елисейн ордноос гаргасан мэдэгдэлд дурдсанаар, зөвхөн хүлээн авагч талын санаачилгаар уг асуудлыг хэлэлцэх ёстой байжээ. Түүнээс гадна, Франц болон ЕХ-ны санааг ихэд зовоож буй худалдааны алдагдлын тухай асуудлыг ч хөндсөнгүй. Европын Комиссын тэргүүний хэлснээр, протекционизмын бодлогын уршгаар Хятадын зах зээлд нэвтрэх боломж тэгш бус байгаа нь харилцан ашигтай худалдаа, хөрөнгө оруулалт хийхэд саад учруулж байна.  

“Нэг айлчлалаар бүх асуудлыг шийдэх боломжгүй, гэхдээ энэ айлчлал нь харилцаа муудах явцыг зогсоож, нөхцөл байдлыг тогтворжуулахад эргэлтийн цэг байх боломжтой. Хэрвээ талууд асуудлуудыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийг эрмэлзэх аваас Хятад-ЕХ-ны хамтын ажиллагааны ирээдүй гэрэлтэй байна” гэж Хятадын европ судлаач Сун Кэчян дүгнэн хэллээ. 

Эх сурвалж: Б.Адъяахүү


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана5 сар 10. 9:46Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 10. 9:44Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 9. 20:40Хүннү хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна5 сар 9. 20:39Чуулганы нэгдсэн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо5 сар 9. 20:36Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 70 хувьтай үргэлжилж байна5 сар 9. 20:35Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 9. 20:33Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна5 сар 9. 20:32Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ5 сар 9. 20:27Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа5 сар 9. 20:17Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ5 сар 9. 18:36Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна5 сар 9. 14:32Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна5 сар 9. 14:27Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав5 сар 9. 14:23Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав5 сар 9. 12:09Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна5 сар 9. 12:05“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ5 сар 9. 12:01УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ5 сар 9. 11:33УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 9. 10:18Нийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ5 сар 9. 8:51УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 9. 8:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 сар 9. 8:40Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.