Хахир хүйтний улирал шувтарч урин дулаан цаг хаяанд ирсэнтэй холбоотойгоор мотоцикл, унадаг дугуй, мопед, цахилгаан дугуйны хэрэглээ эрс нэмэгдлээ.
Тэр тусмаа залуус, ЕБС-ийн сурагчид цахилгаан дугуйг ихэд сонирхон хэрэглэж байна. Цахилгаан дугуйнд тавигдах шаардлага, хэрэглээг нь хязгаарлах зохицуулалт байхгүйгээс хүүхдүүд цахилгаан дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож байгаа юм. Мөн зохицуулалтаас гадна Улаанбаатар хотод цахилгаан дугуйгаар зорчих зориулалтын зам хангалтгүй. Энэ нь тэдэнд автомашины замаар замын хөдөлгөөнд оролц, эсвэл явган хүний замаар зорч гэсэн хоёр сонголтыг тулгаж байна. Энэхүү хоёр хүчин зүйлийн улмаас залуус цахилгаан дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулж байна. Тодруулбал, өнгөрсөн онд цахилгаан дугуй болох “Sur ron”-той замын хөдөлгөөнд оролцож байгаад осолд орсон гурван дуудлага Тээврийн цагдаагийн газар бүртгэгдсэн бөгөөд осолд орсон гурван иргэн хүнд, хөнгөн бэртэл авчээ. Түүнчлэн энэ бол зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоо мэдээлэл. Гэмтэж, бэртээд гэрээр эмчлүүлсэн эсвэл эмнэлэгт хандсан хэчнээн иргэн бийг тааж хэлэхэд бэрх.
Залуус эрсдэлээс “айхгүй”
Монголд худалдаалагдаж буй цахилгаан дугуйнууд нь загвар, хийцээсээ шалтгаалаад дээд тал нь 25-80 км цаг хүртэл хурдлах чадалтай байна. Тэгвэл залуусын хамгийн ихээр сонирхож худалдан авч байгаа цахилгаан дугуй нь 80 км цаг хүртэл хурдлах чадвартай “Sur ron” юм. Энэ цахилгаан дугуй тэгш газар 60-80 км цаг хүртэл хурдлах бөгөөд уруу газар унаж байгаа хүний жингээс хамаарч 100 км цаг хүртэл хурдлах техникийн чадалтай аж. Энэ талаар Тээврийн цагдаагийн албан урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Х.Мөнх-Эрдэнэ мэдээлсэн юм. Тэрээр “Хөдөлгүүрийн хүчин чадал сайтай болохоор цахилгаан дугуйн дундаас залуус “Sur ron”-ыг илүү их хэрэглэж байна. Өнгөрсөн оны байдлаар ЕБСийн 29 сурагч “Sur ron” дугуйтай байна гэх мэдээллийг БШУ-ны яамнаас өгсөн. Гэхдээ энэ тоог хэрхэн гаргасныг мэдэхгүй байна. Миний бодлоор, ЕБС-ийн сурагчид болон оюутнууд “Sur ron”-ыг илүү их хэрэглэж байна. “Sur ron” цахилгаан дугуй сонирхогч гэх цахим хуудасны админтай уулзаж ярилцахад тус цахилгаан дугуйг залуус их сонирхож байгааг хэлж байсан. Тэр админ нийт 900-1000 орчмыг худалдаалсан гэсэн” гэв. “Sur ron” нь 60-80 км цаг хүртэл хурдлах чадалтай болохоор 25, 50 км цаг хүртэлх хурдлах чадалтай бусад цахилгаан дугуйнуудаас илүү өндөр эрсдэлтэй гэсэн үг. Өмнөтгөлд өгүүлсэнчлэн, Улаанбаатар хотод цахилгаан дугуй унахад дугуйн зам хүрэлцээгүй, зохицуулалт байхгүй зэрэг олон асуудал осол аваар гарах суурь хүчин зүйл болж байна. Бодит амьдрал дээр цахилгаан дугуй унаж замын хөдөлгөөнд оролцох нь эрсдэл дагуулж байхад залуус техникийн хүчин чадал сайтай “Sur ron”-ыг хэрэглэсээр байгаа юм.
Дүрэмгүй “тоглоом”
Биет овор хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжийг харгалзан хоёр дугуйтай тээврийн хэрэгслийг унадаг дугуй, мопед, мотоцикл гэж гурав ангилдаг байна. Өөрөөр хэлбэл, унадаг дугуй, мопед, мотоциклийг хэдэн настай хүн хаагуур унаж болох, зорчихдоо юуг анхаарах, зөвшөөрөлтэй жолоодох эсэхийг нь нарийвчилсан байдлаар тодорхойлсон байдаг аж. Энэ тодорхойлолтын дагуу холбогдох албаны хүмүүс хяналт тавьдаг байна. Харин цахилгаан дугуй нь энэ гурван ангиллын алинд ч таарахгүй байгаагаас болж хяналт тавьж чадахгүйд хүрч, цаашлаад унаж буй хүн осолд орох өндөр эрсдэлтэй болдог ажээ. Тодруулбал, цахилгааны дугуйны дээд хурд 25-80 км цаг хүртэл хурдлах чадалтай бөгөөд мопедын ангилалд дээд хурд 50 км цагийн хурдаас бага хурдлах чадалтай хоёр болон гурав дугуйтай хэрэгсэл хамаарна гэж үздэг байна. Харин мотоциклын ангилалд 50 км цагаас дээш хурдтай хоёр дугуйтай хэрэгслийг заана гэж тодорхойлдог ч цахилгаан дугуйнд толь, гэрлэн дохио зэрэг замын хөдөлгөөнд оролцоход байх ёстой “элемент” байдаггүй аж. Түүнчлэн мотоциклын ангиллын дагуу цахилгаан дугуй хэрэглэгч нь А ангиллын эрхтэй байх, улсын дугаар авдаг болох зэрэг асуудал тулгарч байгаа юм. Энэхүү ээдрээтэй байдлаас болоод цахилгаан дугуйг хязгаарлах, хэрхэн зорчих талаар нарийвчилсан тодорхойлолт байдаггүй. Харин замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж баруун гар тал руугаа шахаж явах ёстой л гэж Тээврийн цагдаагийн албанаас зөвлөдөг байна.
Амиараа “наадагсад”
Цахилгаан дугуй нь дээрх гурван ангилалд хамаарахгүй байгаагаас болж хэдэн насны хүн хаана хэрэглэх, зөвшөөрөлтэй жолоодох эсэх нь тодорхойгүй байгаа талаар дээр дурдсан. Замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй, жолооны дамжаанд суралцаагүй хүмүүс 80 км цаг хүртэл хурдлах чадалтай цахилгаан дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож байна. Түүнчлэн цахилгаан дугуйнд толь, гэрлэн дохио байхгүй тул араас ирж байгаа машин харагдахгүй бас эгнээ байр солиход бусад тээврийн хэрэгслийн байршлыг мэдэх боломжгүй зэрэг томоохон асуудал тулгарч байгаа юм. Нэг үгээр багцалбал, замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй хүн зориулалтын бус хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байна. Энэ нь яг л таван настай хүүхэд галаар тоглож байгаатай адил үйлдэл юм. Өнөөдрийн байдлаар цахилгаан дугуй хэрэглэгч ослын улмаас амь насаа алдсан тохиолдол алга. Гэхдээ цахилгаан дугуй хэрэглэгчид эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирох өндөр эрсдэлтэй байна. Иймд цахилгаан дугуйнд мөрдөгдөх зохицуулалт гаргаж, хяналт тавих шаардлагатай юм. Нөгөө талаар дугуйн замыг нэмэгдүүлж цахилгаан дугуй хэрэглэгчдийг зориулалтын замаар зорчуулах хэрэгтэй юм. Түүнчлэн цахилгаан дугуй сонирхож, хэрэглэж буй залуус, дүү нартаа хандаж хэлэхэд, замын хөдөлгөөний дүрэмтэй танилцаж хөдөлгөөнд оролцоорой.
Сэтгэгдэл бичих