Б.Мөнх-Од: Шүүх, хууль хяналтын байгууллагууд нь гэмт хэрэгт холбогдсон хүмүүст тэгш бус, ялгамжтай хандах боломжгүй


4-р сарын 18
8 цаг 47 минут

     Лайвчин Д.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаантай холбоотойгоор “хуулийн байгууллагууд түүнд тэгш бус, ялгавартай хандсан” гэх мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр гарч байна. Тиймээс түүнийг ямар гэмт хэрэгт буруутгасан талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Одоос тодрууллаа

Лайвчин Д.Мөнх-Эрдэнийг ямар гэмт хэрэгт буруутгасан талаар тодорхой мэдээлэл өгөөч?

Д.Мөнх-Эрдэнэ нарын 5 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажилласан.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн түүнд холбогдох хэрэгт прокурор Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2, 22.4 дүгээр зүйлийн 4,  22.5 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн.

Тодруулбал, Д.Мөнх-Эрдэнэ нь Монгол Улсаас БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас төсөвт 112 сая 243 мянга 865 төгрөгийн хохирол учруулсан,

Иргэн С.Оюунбилэгийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг олон нийтэд тараасан,

Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн,

УИХ-ын Тамгын газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Эрдэнэбаярт бусадтай бүлэглэн хахууль өгсөн гэсэн гэмт хэрэгт буруутгагдсан.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд Д.Мөнх-Эрдэнийг дээр дурдсан 3 хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэрэг тус бүрт нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт 3 жил 10 сарын хорих, 3 сая 700 мянган төгрөгөөр торгох, нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилээр хасах ял тус тус оногдуулж, гэмт хэргийн улмаас олсон орлого болох 10 сая төгрөгийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 82 сая төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Д.Мөнх-Эрдэнэд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг бусад авлига, албан тушаалын хэрэгт шийтгүүлсэн хүмүүстэй харьцуулж, шүүмжилсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарч байна. Энэ талаар?

Тийм мэдээлэл гарсан байсныг харсан. Эдгээр  гэмт хэргүүд нь хоорондоо адилгүй, өөр өөр үндэслэл, журмаар шалгаж шийдвэрлэгдсэн хэргүүд учраас шүүхээс оногдуулсан ял ч харилцан адилгүй.

Энэ нь эрх зүйн зохицуулалттай шууд холбоотой. Жишээ нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийг ердийн болон хялбаршуулсан гэсэн хоёр журмаар явуулах зохицуулалт бий. Ямар журмаар хэргийг шалгаснаас хамаарч оногдуулах ялын хэмжээ өөр өөр байж болно.

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон зарим хүмүүс гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль бус хөрөнгөө улсын орлого болгуулахаар илэрхийлсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрснийг харгалзан шүүхээс торгох ял оногдуулсан тохиолдлууд байгаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан, бусадтай бүлэглэж 210 сая төгрөг, 315 мянган ам.долларын хахууль авсан, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах гэмт хэргүүдэд нь нийт  40 сая төгрөгөөр торгох, мөнгө угаах гэмт хэрэгт нь 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасах ял тус тус оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 210 сая төгрөг, 315 000 ам.долларыг түүнээс гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэсэн.

Энэ хэргийн тухайд, Д.Хаянхярваа нь прокуророос сонсгосон ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул хэрэг нь тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдсэн. Өөрөөр хэлбэл,  дээрх хуулийн зохицуулалтад хамрагдах талаар өөрийн сайн дурын хүсэлтийг гаргасан тул шүүхээс түүнд торгох ял оногдуулсан.

Харин Д.Мөнх-Эрдэнийн хувьд хэрэг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдэх боломжтой байсан ч мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй учраас хуульд заасны дагуу хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн.

Ердийн журмаар хянан хэлэлцэгдэж байгаа авлига, албан тушаалын хэргүүдэд Д.Мөнх-Эрдэнэд оногдуулсан эрүүгийн хариуцлага шиг ял оногдуулдаг. Ийм жишээ олныг дурьдаж болно.

Жишээлбэл, Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын даргаар ажиллаж байсан С.Д-д холобгдох хэрэг байна. Шүүхээс түүнийг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,  гэмт хэргийн улмаас бий болсон 92 сая төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.

Шүүх, хууль хяналтын байгууллагууд нь гэмт хэрэгт холбогдсон хүмүүст тэгш бус, ялгамжтай хандах боломжгүй. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй.  Энэ зарчмын хүрээнд л эдгээр хэргүүд шийдвэрлэгдсэн.

Хялбаршуулсан журмаар хэргийг шалгах нь ер нь ямар ач холбогдолтой юм бэ?

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” нь олон талын ач холбогдолтой.

Тухайлбал, хэргийн мөрдөн шалгах ажиллагаа богино хугацаанд явагддаг учраас гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчийн эрх ашиг шуурхай хамгаалагдана, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал багасна, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдөнө.

Гэхдээ гэмт хэрэгт холбогдсон этгээд прокуророос сонсгосон ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргаснаар энэ журмын дагуу хэргээ шийдвэрлүүлэх эрх нь нээгддэг. 

Өмнө нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой байдаг байсан бол 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр эдгээр хүмүүсийн үйлдсэн авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулж шийдэх боломжгүй болсон.

Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч болон түүнийг дэмжигчид, ар гэрийнхэн нь “хууль хяналтын байгууллагыг бусдын захиалгаар ажиллаж, олон жилийн өмнө болсон асуудлыг сөхөж жижигхэн юмаар  яллаж байна” гэсэн байсан. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсээс ийм мэдээлэл гаргах хандлага ч нэлээд байна. Ер нь прокурорын байгууллага хэн нэгний захиалгаар хэрэг шалгадаг асуудал байдаг юм уу?

Монгол Улсад хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй, иргэн бүр хуулийг сахин биелүүлэх үүрэгтэй. Хууль зөрчсөн бол хариуцлага хүлээх нь гарцаагүй. Үүнд том, жижиг гэж ялгах нь өөрөө шударга ёсны зарчимд нийцэхгүй.

Жишээлбэл, төрийн албан хаагч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас 100 мянган төгрөг авсан байсан ч үүнийг эрүүгийн гэмт хэрэгт тооцож, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг.

Энэ болгон дээр хууль хяналтын байгууллага хөөрхий энэ зуухан мянган төгрөг авсан байна гээд өршөөж өнгөрөөх боломж байхгүй. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдвол хуулийн дагуу л шийдвэрлэнэ.

Хууль хяналтын байгууллагад ажиллаж байгаа шүүгч, прокурор гээд бүгд тангараг өргөсөн, хуулийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй хүмүүс. Энэ үүргээ зөрчвөл өөрсдөө бас хариуцлагаа хүлээнэ.

Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийн хувьд 2019 онд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгагдсан хэрэг. Өөрөөр хэлбэл, саяхан сөхөж гаргаад шалгаад байгаа асуудал биш. Прокуророос хэн нэгэн албан тушаалтны эрх ашгийг хамгаалж, бусдын үүрэг даалгавар, чиглэлийн дагуу ажиллагаагүй, тэгэх ч боломжгүй.

Прокурорын тухай хуулийн 7 дугаар зүйлд “Прокурор шийдвэрээ хуульд нийцүүлэн хараат бусаар гаргана. Прокурор шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулахад нь хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, хууль бус шийдвэр гаргуулахаар дарамт шахалт үзүүлэхийг хориглоно” гэж заасан байдаг.

Дээд шатны прокуророос эрүүгийн хэрэгт хяналт тавихдаа зөвхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хүсэлт, гомдлын дагуу хэргийг хянадаг. Бусад тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа хэргийг хяналтын прокурортой нь зэрэгцээд хянаад явах боломжгүй гэдгийг хэлмээр байна.

Хэрвээ прокурорыг нөлөөнд автаж хууль бусаар шийдвэр гаргасан гэсэн үндэслэл бүхий баримт байгаа бол эрх бүхий байгууллагад гомдол гаргаж, шалгуулах бүрэн боломжтой.

Эцэст нь нэмж хэлэхэд зарим хүмүүс өөрт нь таалагдахгүй шийдвэр гаргасан мөрдөгч, прокурор, шүүгчийг доромжлох, элдвээр хэлж, нэр төрд нь үндэслэлгүйгээр халдах асуудал их гарч байна. Тэдгээр иргэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ч хуулиа хүндэтгэж, сахин биелүүлэх үүрэгтэй.

Хууль дээдэлдэг, шударга нийгмийн төлөө дуугарч байгаа бол Та ч бас хуулиа биелүүлдэг, бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэдэг иргэн байх хэрэгтэй.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна1 цаг 33 минутын өмнөЭверестэд Монголын хоёр уулчин авирч байна1 цаг 38 минутын өмнөСанхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав1 цаг 42 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав3 цаг 56 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна3 цаг 59 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ4 цаг 3 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ4 цаг 31 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ5 цаг 46 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ7 цаг 14 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь7 цаг 17 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан7 цаг 24 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.