Хөгжлийн банкны шүүх хурал хэмээх эмгэнэлт инээдмийн цуврал баримтат жүжиг Улаанбаатар чуулгын концертын танхимд болж байна.
Хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн Л.Аззаяа “НВЦ” компанийн захирал Ц.Баатарбилэгээс ууттай юм авсан ч өвөл болохоор хүйтэн болдог тул авлига гэдэг нь мэдэгдэж өгөөгүй юм байна. Өвлийн хүйтэнд хөлдөөд юу болох нь сайн мэдэгддэггүй, 1000 доллар, үнэтэй брэндийн түрийвч оргилуун дарс мэт харагддаг, авлига өгөгч өвлийн өвгөний дүрээр үзэгддэг шахуу юм ярилаа. Машиндаа суулгаад авлига өгөх гэхээр нь “Ингэж болохгүй шүү дээ” гэж хэлээд бууж явсан Л.Аззаяа аргагүйн эрхэнд андуураад авлига авчихсан юм байна. Авлига биш шампанск, шампанск бол авлига биш гэж андуурснаараа андуураад бандан тас болсныхоо гороор өнөөдөр шүүх танхимд хоолой зангируулан зогсож байна. “Ингэж болохгүй шүү дээ” гэдэг үгэндээ үнэнч байсан бол тэр дор нь хэлдэг газар нь хэлээд, улсад тушаасан бол азтай заяатай амьдрах байсан юм шүү дээ, Аззаяа минь.
НВЦ компанийн Ц.Баатарбилэг барьцаа хөрөнгөгүйгээр Хөгжлийн банкнаас 21 сая долларын зээл авсан. Унадаг машин, утасных нь дугаар хүртэл барьцаанд байхад Хөгжлийн банкны удирдлага, улс төрийнхөнд авлига өгч байж, 21 сая долларын зээл авч, өрөнд орж, өтөнд бариулсныг гэрчүүд мэдүүлж байна.
Дэд захирал Б.Чойжилжалбуу Хөгжлийн банкны дарга нарын албан ёсны сөн түшигч, хуучнаар бол буурчийн ажил хийж байсан юм байна. Дамбажаа ноён биш ээ, Б.Даажамба даргынхаа мэлмий гийсний их ойн баяр цэнгэл наадмын найр хуриманд бүгдээрээ нийлээд нэг бал авч өгснийг хууль хяналтынхан харддаг, төслүүдтэй уядаг гэж мэдүүллээ. Тэр нэг бал нь мянган төгрөгийн бал биш. Тэр нэг бал нь доллароор үнэлэгддэг бал.
Барьцаа баталгаагүйгээр зээл авах аргын мастер, хаана тусгай сан, хөнгөлөлттэй зээл байна, тэр бүхэнд өр тавигч, улсын манлай уяач бөгөөд улсын манлай унжигч “Алтай констракшн”-ийн Х.Бат-Эрдэнэ мөн л яаж дутах вэ? Хөгжлийн банкнаас зээл авсандаа маш их харамсаж яваа юм байна. Хөгжлийн банк ингэж хүнийг харамстал нь зээл өгсөн юм байна. Хуурай сүүний үйлдвэр 60-ыг барина гэсэн хуурай амлалтаар, 1,5 сая доллар хүрэхгүй барьцаагаар 15 сая долларын зээл авсан нь хуурай сүү биш хуурай цаас л болж үлдээд байгаа юм. Энэ 7 хоногт ЦХХХ-ны сайд Н.Учрал Шил ажиллагаагаар ЖДҮХС-гийн өр авлагын мэдээллийг дэлгэхэд Х.Бат-Эрдэнийн нэр ахиад л гарч ирсэн. ЖДҮХС-гаас 5 компаниар 10 тэрбумын зээл авч, өр тавьсан нь илэрлээ.
Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн асан Ж.Үхэртар гэдэг өвөрмөц нэртэй хүн өр болсон зээлүүдэд гарын үсэг зурснаа үхэр малд өвс тараасны дайтай боддог юм байна. Тэрбээр зээл олгох ял байдаг юм бол нийгмийн амьдрал явахад хүнд болно гэж хэлсэн. Дүрэм журмаар нь зээл биш өр өгсөн учраас нийгмийн амьдрал хүнд болсон юм. УИХ-ын гишүүн асан Ч.Ундармаагийн “Монголмах экспо”, “Монголэмимпекс”, МоАХ-ны газар дээр барилга барьсан “Пирамид-Орд”, бүхлээрээ өр болсон “НВЦ-гийн 15 сая долларын зээлүүдэд гарын үсэг зурахдаа Та маш их баярлаж байснаа хэлсэн бол өр нь иргэдийн баяр биш уур төрүүлж байна.
МоАХ-ны Г.Байгальмаа улсын Ерөнхийлөгчийн гарын үсгийг дуурайлгаж зурсны төлөө энд зогсож байгаадаа бүр нь гайхаш нь тасраад, яаж ч бодоод ойлгохгүй байгаа юм байна. Очиж очиж Ерөнхийлөгчийн гарын үсгийг дуурайлгаж, ганц хуурамч бичиг гаргаж өгсний төлөө шүүх дээр дууддаг нь нээрээ яаж байгаа юм бол оо, тийм ээ. Цаг нь тулчихсан учраас цаас бичиг дээр Ерөнхийлөгчийн гарын үсгийг дуурайлгахгүй өөр хэний гарын үсгийг дуурайлгах юм бэ гэмээр ч юм уу? Хөгжлийн банкнаас “Пирамид-Орд” компани 15 тэрбум төгрөгийн зээл авсан ч төлөөгүй. Захирал Цолмон нь Хөгжлийн банк удахгүй дампуурна, ахиад 8 тэрбумыг авчихъя гэж миний хажууд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай ярьж байсан гэж ажил гүйцэтгээд, хөлсөө авч чадахгүй яваа “Бэсон” компанийн захирал Д.Батжаргал мэдүүлж байсан юм.
Хөгжлийн банкны нийт зээлийн 74 хувь нь зориулалтын бусаар зарцуулагдсан. Эд нарт өгч өр болгоогүй бол багадаа 54 мянган ажлын байр шинээр нээгдэж, Тавантолгойн цахилгаан станцаа барьж босгох байсан мөнгө. Оюутолгойн уурхай жилдээ 240 сая долларын эрчим хүч Хятадаас биш Монголоос авч, тэр хэмжээний валют үлдэх байсан юм.
Сэтгэгдэл бичих