Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал В.Баярмаатай ярилцлаа.
-Нийгмээс шалтгаалаад стресстэй, сэтгэл гутралтай хүмүүсийн тоо улам нэмэгдэж байна. Манай хүн амд тохиолдож байгаа сэтгэцийн өвчлөлийн талаар мэдээлэл өгнө үү?
-Сэтгэцийн эрүүл мэнд бол эрүүл сэтгэц, сэтгэцийн тулгамдсан асуудал, сэтгэцийн эмгэг гэж гурван том ойлголт батдаг. Нийт хүн амын 1-3 хувийг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эзэлдэг бол 60-70 хувь нь эрүүл, 20-25 хувь тулгамдсан асуудалтай хүмүүс байдаг. Бид эрүүл эмгэгийн завсарт байгаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадвал эмгэгтэй хүмүүсийнхээ тоог бууруулаад эрүүл хүмүүсийнхээ тоог нэмэгдүүлэх боломжтой.
Хүн амын дунд хамгийн түгээмэл тохиолдоод байгаа асуудал нойргүйдэх байна. Нойрноос улбаалаад сэтгэл санаа тогтворгүй болно. Сэтгэл санаа тогтворгүй болоод байхаар гутарна, хөөрнө. Гутралтай удаан хугацаанд яваад байхаар ямар ч эрч хүч, ажлын бүтээмж байхгүй, ядарсан, сульдсан хүмүүс л яваад байдаг. Тиймээс тулгамдсан асуудлыг урт хугацаанд үргэлжлүүлж болохгүй, урт хугацаанд засах аргуудыг олон нийтэд таниулах, боловсрол олгох ажлыг эрчимтэй хиймээр байна.
-Дэлгэцээс хамааралтай хүмүүс их байна. Жилд танай эмнэлгээс дэлгэцийн хамаарал нь эмгэг болсон хэчнээн хүүхэд тусламж, үйлчилгээ авч байна вэ?
-Манай СЭМҮТ-д хүүхэд, өсвөр үеийн нэг л клиник ажиллаж байгаа. 25 ортой, ер нь байнга л дүүрэн байна. Ялангуяа хүүхдүүдийн амралтын үеэр бүр их болдог. Ирж байгаа хүүхдүүдийг харахад эрэгтэй хүүхдүүд дэлгэцийн хэрэглээ асар их буюу ямар ч хяналтгүй хэрэглэснээс болоод нойргүй, унтаж чадахгүй болчихсон. Түүнээсээ болоод нүд нь анивчдаг, сэтгэл хөдлөл, уур бухимдал ихтэй, таагүй асуудлаасаа ангижрах аргаа олохгүй хүүхдүүд ирж байна. Ийм асуудалтай хүүхдүүдэд мэргэжлийн эмчийн зөвлөгөө зайлшгүй хэрэгтэй. Харин биеийн зовуурь хавсарсан бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай.
Манайд жилд дунджаар 400 орчим хүүхэд, өсвөр үеийн өвчлөл хандаж байна. Мөн сүүлийн таван жилд нэлээд анхаарал татаад байгаа зүйл бол аутизмын эмгэг. Ялангуяа хүний амьдралын хэвшил, нийгмийн хандлага, янз бүрийн соёлын хүчин зүйлийн нөлөөллөөс болж энэ төрлийн эмгэг эрс нэмэгдэж байна. Гадаад л бол сайн гэсэн ойлголт, тэдний амьдралын орчныг хүүхдэд бүрдүүлж өгснөөр бөөнөөрөө амьдраад, юмаа хувааж идээд, инээж, хөхрөөд амьдардаг байсан монгол хүүхдийн соёл ахуй өөрчлөгдөөд ганцаараа нэг өрөөнд байх, хүнтэй ярихгүй байх, зөвхөн утастайгаа харьцах, ямар ч амьд харилцаа үүсгэхгүй байгаа энэ нөхцөл нь хүүхдийг хэл ярианы хөгжилд орох боломжгүй болгож байна. Нэгэнт хэл яриа байхгүй хүүхэд өөрийнхөө бодол санааг илэрхийлж чадахгүй байсаар байгаад сэтгэц нь хөгждөггүй. Хүүхэд ярих тусмаа хөгждөг. Ярихгүй бол хөгждөггүй. Тэгэхээр хэлд орох үе дээр нь хүүхэдтэйгээ харьцахгүй байх нь аутизмд өртүүлэх том хүчин зүйл болж байна.
Харин охидын хувьд манай хүүхэд өсвөр үеийн клиник дээр хүчирхийллийн асуудалтай хүүхдүүд их ирж байна. Бэлгийн хүчирхийлэл, бэлгийн харилцаа, эрт жирэмслэлт гээд хүчин зүйлүүд нь өсвөр насны охидыг эмгэгт өртөх, үүнээсээ гарч чадахгүй байх, яваандаа хүнтэй суухгүй, амиа хорлох ч юм уу ноцтой зүйлүүдийн урьдал хүчин зүйл болоод байгаа учраас ийм хүүхдүүдийг хэвтүүлэн эмчилж байна.
-Сүүлийн 5 жил аутизмын өвчлөл нэмэгдсэн гэж байна. Энэ нь олдмол уу. Хэрвээ олдмол бол эцэг, эхчүүд үүн дээр хэрхэн анхаарч, яаж сэргийлэх вэ?
-Аутизм бол 0-5 насны эмгэг. Олдмол болон төрлөхийн гэж хоёр янз бий. Амьдралын хэвшил хэв маягаас шалтгаалж олдмол аутизм үүсч байна. Нэг, нэг өрөөнд ороод суучихдаг, хоорондын амьд харилцаа байхгүй. Гэтэл хүүхэд нь яримаар байдаг, ярих хүнгүй юм чинь яаж хөгжих юм бэ. Үүнээс үүдэлтэй аутизмыг F84 гэж оношлодог. Аутизм гэдэг ганцаардал гэсэн үг. Ганцаараа байдаг хүүхэд гэсэн үг. Тэгэхээр хүүхдийг ганцаараа байгаа нөхцөлийг бүрдүүлээд байна. Тиймээс олдмол, орчинтой холбоотой үүсч байгаа учраас бид орчноо л өөрчлөхгүй бол болохгүй. Нэгэнт хэл яриа байхгүй хүүхдэд хүчээр хэл яриа үүсгэнэ гэсэн үг. Уг нь хүүхэд эцэг эхтэйгээ харилцаж, гэр бүлийн халуун дотно уур амьсгалд хэл яриа үүсдэг юм шүү дээ. Хүүхэдтэйгээ харьцахгүй, утас бариулж суулгачихаад манай хүүхэд аутизмтай болчихлоо гээд байгаа нь цэвэр эцэг, эхийн буруу. 0-5 насны хүүхдийн хөгжил гэдэг бол эцэг, эх гэр бүлийн орчин шүү. Хэрвээ та өвчтэй хүүхэдтэй болъё гэвэл битгий харьц. Хар багаас нь буруу хэвшилтэй, дэлгэцийн хамааралтай болгоод өсгөсөн хүүхдийг засахад, эмчлэхэд үнэхээр хэцүү.
-Сүүлийн таван жилд энэ төрлийн өвчлөл эрс нэмэгдсэн гэлээ. Жилд хэдэн хүүхэд шинээр оношлогдож байна вэ?
-Монгол Улсад 2014 онд аутизмтай 30 хүүхэд байсан бол 2022 онд 746 болсон байна. 2021 онд 276 хүүхэд шинээр оношлогдсон байна. Энэ бол зөвхөн манай дээр ирээд аутизм гэж оношлогдсон хүүхдийн тоо.
Нөгөө талдаа оношлогдоод эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх нь зөв үү гэдэг асуудал байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэдэг нэлээд оройтож ирж байна гэсэн үг. Ер нь аутизмыг ой хоёр сартайгаас ой найман сартайд оношлох ёстой. Хоёр нас хүртлээ анхны онош тавигдах ёстой. Хоёр наснаас хойш бол хожуу оношлогдож байгаа хэлбэр. Гол эмчилгээ бол харилцан яриа.
-Тэгвэл эрт оношлогдвол эмчлэгдэх үү?
-Хөнгөн хэлбэрийн аутизмтай хүүхэд эмчлэгдэнэ. Хэл яриа нь хөгжөөд ирэхээр өөрийнх нь бодож сэтгэх, таньж мэдэх чадвар нь байгаа шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл бичих