Цөлмөгдсөн сангуудын цуврал дуусахгүй нь!


5-р сарын 22
9 цаг 11 минут

     Английн зохиолч Жорж Оруэллийн “Амьтны ферм” хэмээх номонд “Бүх амьтан тэгш эрхтэй ч зарим амьтад бусдаас илүү тэгш эрхтэй” гэх ёжтой тайлбар бий. Энэ зохиолыг уншсан хүн бүрд төр засаглалын төлөв байдал, төлөөлөх нэрийн дор төсвийн мөнгийг хумслагч “Гахай” дүртнүүд, түүний эрхшээлд бүрнээ автсан түмэн олны дүр зураг зурайх шиг болдог. Товчхондоо “Хүн”-ий эсрэг бослого хийж, хүчирхэг “Анимализм” гэх ойлголтыг цогцлоохыг хүсэж буй амьтдын талаар энэ зохиолд өгүүлнэ. Гэхдээ энэ нь тэдний амьдралыг улам ч дордуулж, гавьтай үр дүнд хүргэдэггүй нь гачлантай.

Хувьсгалаас хэн, юу хожив?

Ардчилсан хувьсгал ялж, ахуй амьдрал дээрдэх нь гэсэн итгэл тэртээх 30 гаруй жилийн өмнө хэн бүхний сэтгэлд төрж байв. Гэтэл энэ нь ердөө төсөөлөл, төөрөгдөл төдий байжээ. Анхандаа ардчилал бидэнд үзэл бодлоо илэрхийлэх үнэмлэхүй боломж олгосон нь үнэн. Өөрийн бодож санаснаа хэрэгжүүлэх, өрөөл бусдаас дутахгүй эн тэнцүү эрх эдлэх гээд тэгш боломж гэдэг талаас нь бид харж байв. Гэвч цаг хугацаа ч өнгөрч, цаасан малгай өмсгөх төрийн хэд хэдэн нүүрийг үзэв. Амьдрал дээрдсэнгүй, адил тэгш боломж ч эдэлж чадсангүй. Хувьсгалаас хумслагч ба түүний нөхөд хожиж, харин бид тэдний таатай, тавтай байдлын төлөө тамираа тасартал зүтгэж байна.

Бусдын боломжийг хулгайлах, бузар булай үйлдлээ халхавчлах байдал нь яг л  “Гахай” дүртнүүдийг санагдуулна. Дээр дурдсан зохиолд эрх баригч гахайнууд өөрсдийн хумсалж буй хулгайгаа ийн тайлбарладаг. “Биднийг амин хувийн өчүүхэн эрх ашиг, давуу эрхийнхээ төлөө ингэж байгаа гэж бодоогүй биз. Угтаа бид алим, сүүнд дургүй юм шүү дээ. Харж ч чаддаггүй. Чухам та нарын төлөө л харахаас дургүй хүргэм сүүг ууж, алимыг идэж байгаа хэрэг.”

Харин биднийг төлөөлж буй гахайнууд хаана юу хийж явна вэ? Ханаж, цадахаа мэдэхгүй тэдэнд хавийн тендер, сан, бондыг хамсаатнуудтайгаа хамаж, цөлмөхөөс өөр хүсэл үгүй. Хууль хүртэл тэдний өмнө гууль болж, хүсэл юуг нь ч хязгаарлаж дөнгөхөө байж.

Цөлмөгдсөн сангуудын цуврал дуусахгүй нь!Хуульч О.Батхүү

Амжилттай яваа үндэсний компаниуд гэж боддог байлаа. Гэтэл Хөгжлийн банкнаас хүүгүй мөнгө хусчихсан байж. Гадаадад их, дээд сургууль төгссөн мундаг хүмүүс гэж хардаг байв. Үнэн хэрэгтээ арын хаалгатай ширэн нүүртэй хулгайчид аж. Гэтэл улны бид 20 хувийн зээлтэй, 40 хувийн татвартай. Өвдөх эрхгүй, үхэх эрхгүй. Луйварчдын хүүхдийн төлбөрийг төлж, зээлийнх нь хүүг төлсөөр...

Хулгайд өртөөгүй төсөв, тендер, ЖДҮ, сан гэж үлдсэнгүй

Аливаа улс орны амин чухал судас боловсролын тогтолцоо, боловсон хүчний эрэлт хэрэгцээ байдаг. Тэр ч утгаараа дэлхийн ихэнх улс орон энэ чиглэлд голчлон анхаарч, төсөв мөнгө харамгүй зарцуулдаг аж. Манайд ч ялгаагүй ам.долларын үнэлэмж бүхий их хэмжээний мөнгө “Боловсролын зээлийн сан”-д төвлөрдөг, төсөвлөдөг. Гол ялгаа нь бусад улс орны боловсролдоо зарцуулсан зээл, тэтгэлэг бодит үр дүнгээ өгдөг бол харин манайд хэн нэгний халаасанд аль эсвэл хэмжээлшгүй эрхтэн дархтны хамаатан садны оюунд хөрөнгө оруулалт болдог. Бусдын боломжийг хулгайлсан тэдгээр нөхөд буцаж эх орондоо ирлээ ч гавьтай зүйл бүтээдэггүй. Брэндээр өвч тоноглож, баярхах, хийрхэх эсхүл хэрхэн яаж баяжих талаар сошиалд солиотой инфлүүсерийн дүрд хувирахаас цаашгүй. Аль эсвэл урьдаас зэхсэн даргын суудалд сууж, унаа хөлс бүх хэрэглээнийхээ зардлыг төрөөс даалгадаг.

Эрх баригчдын авааль эхнэр, нөхөр, амраг хайртуудад олддог боломж

Тамираа тасартал зүтгэх татвар төлөгчдийн хүүхдэд тэр бүр олддоггүй боловсрол эзэмших энэхүү боломж хэний хэнд олгогдож байсан талаар мэдээллийг нийтэд ил болгосон нь ёстой л нийгмийн халуухан маргаан болоод буй. 1997 оноос өдийг хүртэл боловсролын зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжаар суралцсан 154 662 хүний мэдээлэл ил болсноос гадаадын их, дээд сургуульд суралцахаар зээл авч, гэрээний үүргээ биелүүлээгүй 230 хүнийг зарласан. Эдгээрийн дийлэнх олонх нь эрх баригчдын авааль эхнэр, нөхөр, амраг хайртууд, үр хүүхэд, ах дүү, хамаатан садан нь байх жишээтэй. Баримт материалыг нийтэд ил болгосон сайдын эхнэрээс эхлээд УИХ-ын гишүүд, дарга сайд нар ч энэ сангаар суралцсан байх юм. Тэр ч бүү хэл Засгийн газраас баталсан тэргүүлэх чиглэлд багтаагүй мэргэжлээр дэлхийн томоохон их, дээд сургуульд суралцаж, бусад амьжиргааны зардлаа хүртэл улсаас төлүүлсэн жишээ олон. Тухайлбал тэргүүлэх ач холбогдолгүй мэргэжлээр 2012-2015 онд 14 суралцагч 1.1 тэрбум, 2017-2018 онд ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр 11 суралцагч 985 сая буюу нийт 2.5 тэрбум төгрөгийн зөрчил илэржээ. Түүнчлэн дээрх ангилалд багтах бакалаврын хөтөлбөрийн 25 суралцагчдад 79 933 352 ам долларын зээл олгосон байна. Эдгээр тэргүүлэх бус чиглэлээр суралцсан суралцагчдад төгсөөд бүртгэл хийлгээгүй зөрчил илэрсэн нь сургуулиа төгсөөгүй байх өндөр магадлалтайг илтгэнэ. Харин бид хагас семестрийнхээ төлбөрийг төрөөс зээлэх гэж аль нэг мэргэжилтний хаалга сахиж, аль эсвэл өргөдөл бичиг цаас барьж гүйдэг биш бил үү.

Шунаг сэтгэлтэн

Хэн нэгэн талийгаачийн тэтгэврийн зээлийг үр хүүхдээр нь төлж, барагдуулдаг хэрнээ өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдийн зээлийг тэглэж орхих нь хэвийн үзэгдэл. Инээдтэй нь боловсролын зээлийн сангаас хумсалсан мөнгөө хувийн данс руугаа шилжүүлж, хэрэглээндээ зарцуулсан жишээ ч олон байна. Давуу эрх эдэлнэ, дэрээс нь жилийн сургалтын төлбөрийг нь хоёр, гурав дахин нугалж, зээлжих сангаас авна. Ер нь та нарын шунаг сэтгэлд хэмжээ хязгаар гэж байна уу. Ядаж хэн нэгний амьдрал, ирээдүйгээ өөрчлөх боломжийг өөрсдөд нь үлдээ. Монгол төгрөгөөр хэмжигдэх сургалтын төлбөрийн зээлээ нэхэл дагуул болж төлүүлдэг шигээ, хэдэн зуун мянган ам.долларын үнэлгээтэй авсан зээлийг нь “тэглүүлэлгүй” төлүүлж, алсдаа боловсролын зээлийг чадалтай, чансаатай залууст тэгш хүртээмжтэй олгомоор байна.

Боловсролын зээлийн сан бол цөлмөгдсөн сангуудын цуврал хэд дэх нь ч болж байгаа юм. Өмнөх ЖДҮ-ийг дэмжих сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Хөгжлийн банк, "Нүүрсний хулгай" гээд сэдвүүд "хуучраагүй" байхад Боловсролын зээлийн сангийн маргаан дэгдсэн. Гэвч энэ сангийн булхай луйвар эхнийх нь биш, бас эцсийнх нь ч биш байжээ. Өнөөдөр дараагийн хоёр сангийн асуудлыг ил гаргаж тавихаа Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч мэдэгдээд байна.  

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна2 цаг 22 минутын өмнөЭверестэд Монголын хоёр уулчин авирч байна2 цаг 27 минутын өмнөСанхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав2 цаг 31 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав4 цаг 45 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна4 цаг 49 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ4 цаг 53 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ5 цаг 21 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ6 цаг 36 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ8 цаг 3 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 цаг 6 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан8 цаг 14 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.