Манай улс Евро-азийн тээвэр ложистикийн сүлжээд автозамаар холбогдоод байгааг ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.
Олон улсын геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-аас БНХАУ, Энэтхэг, Пакистан улсууд руу чиглэсэн тээврийн коридор Монгол Улсаар дайрах боломж шинээр бий болоод буйг мөн дурдаж, үүнийг бид ашиглах ёстой. Энэ талаар Монгол Улс санал санаачлага гарган яриа хэлэлцээг хийж байгааг мэдэгдэж байна. Ингэж чадвал Монгол Улсын эдийн засаг тэлэх боломж байна гэв.
Түүнчлэн Монгол Улс Ази, Номхон далайн орнуудын Худалдааны хэлэлцээрт нэгдэн орсныг мэдээлж, энд багтаж буй БНСУ, Энэтхэг, Пакистан, Бангладеш, Лаос, БНХАУ улсуудтай хийх худалдааг Евро-азийн тээвэр ложистикийн сүлжээгээр гүйцэтгэх боломжтой байгааг хэллээ. Эдгээр улс руу Монгол Улс 10.667 бараа, бүтээгдэхүүнийг тарифын хөнгөлөлтттэй үнээр экспортлох боломж өмнө нь бүрдсэн. Одоо энэ боломжоо бүрэн ашиглах хэрэгтэй байгааг тэмдэглэн хэллээ.
Үүнээс гадна Европын холбооны улсуудтай хөнгөлөлттэй нөхцөлийн систем болон Япон улстай хийсэн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр зэрэг гадаад худалдаагаа хөгжүүлэх, өргөжүүлэх боломж байна гэдгийг онцоллоо. Япон руу манай улс 5700 нэрийн бараа, бүтээгдэхүүн, Японоос манай улсад 9300 төрлийн бараа, бүтээдэхүүнийг татваргүй, тарифын хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх, Монголоос Европын холбоо руу 7200 бүтээгдэхүүнийг тарифын хөнгөлөлттэй гаргах худалдааны системд хамрагдаад удаж байна.
Сэтгэгдэл бичих