Бусадтай харилцсан чатаа дэлгэвэл 1-10 сая төгрөгөөр торгоно


6-р сарын 29
9 цаг 41 минут

   Нийгмийн сүлжээ хөгжихийн хэрээр иргэд цахим орчинд өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болсон. Шүүмжилж, магтаж, өөрсдийн өнцөг, үзэл санаагаа түгээж харилцан мэдээлэл солилцож байна. Ингэхдээ хэн нэгэнтэй харилцсан зурвас, хувийн чатыг эерэг, сөрөг ямар нэг байдлаар шууд л нийтэд дэлгэдэг болжээ. Ялангуяа Монголчуудын өргөн хэрэглэдэг твиттер, фэйсбүүкт хэвийн мэт үзэгдэл боллоо. Гэхдээ мэдээлэл, зурвасыг дэлгэж буй хүн ямар нэг элдэв санаа агуулаагүй байж болох ч нөгөө талаараа хүний хувийн нууцад халдаж буй үйлдэл юм. Учир нь захидал харилцааг хүний хамгийн эмзэг мэдээлэл гэж хуулиар тодорхойлчихсон.

Үндсэн хуульд тодоос тодоор бичсэн ийм заалт ч бий. Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16.13-д “Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэсэн байна.

Зөвхөн захидал харилцааны нууцыг задлахаас гадна хүний хувийн нууцад халдаж зөрчсөнтэй холбоотой олон асуудал бий. Үүнтэй холбоотой асуудлыг зохицуулахаар Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийг 2021 онд баталж өнгөрсөн оны тавдугаар сараас мөрдөж эхэлсэн. Энэ хууль урьд өмнө нь байгаагүй цоо шинэ ойлголт биш. “Хувь хүний нууцын тухай” хуулиар 1995 оноос хойш мөрдөж энэ асуудлыг зохицуулж байсан. Шинэ нь хуучнаасаа илүү өргөн агуулгыг багтааж өгснөөрөө онцлогтой. Тухайлбал, хүчингүй болсон хуульд хэрэглэгдэж байсан  хүний хувийн  мэдээллийн төрлийг шинэ хуульд хүрээг биометрик, генетик, эрүүл мэнд, захидал харилцаа, эмзэг, хөрөнгийн зэргээр өргөжүүлсэн. Эмзэг мэдээлэлд хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээлэл багтана. Гэвч иргэд, олон нийтийн хуулийн талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байгаагаас үүдэж хүний мэдээлэлд халдсан олон асуудал өнөөг хүртэл гарсаар байна. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтэд ХЭҮК болон харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавих үүрэгтэй.

Хуульд зааснаар Хүний эрхийн Үндэсний Комисс “Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалах үйл ажиллагааны явцад энэ хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөөнд халдсан, эсвэл халдаж болзошгүй нөхцөл бүрдүүлсэн гэж үзвэл энэ талаар ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаж, шийдвэрлэх, эсвэл өөрийн санаачилгаар шалгаж, шийдвэрлэх, уг асуудлаар холбогдох байгууллагад шаардлага, зөвлөмж хүргүүлнэ” гэжээ.

Энэ талаар ХЭҮК-оос тодруулахад “Иргэд бие биенийхээ захидал харилцааны нууцыг цахимаар задруулсан тохиолдолд хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1.1, 4.1.12, есдүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу иргэдийн харилцсан зурвас буюу чат нь хүний эмзэг мэдээлэл, хувь хүний нууц мөн бөгөөд түүнийг зөвшөөрөлгүй задруулбал Эрүүгийн хуулийн 13.11, Зөрчлийн тухай хуулийн 6.27 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байж болзошгүй гэж үзнэ. Хүний эрх зөрчигдсөн, хүний хувийн мэдээллийг хууль бусаар задруулсан тохиолдолд комиссын гишүүний шаардлага, зөвлөмж хүргүүлэх бүрэн эрхийг зөвхөн гомдолд холбогдогч нь байгууллага байх тохиолдолд хэрэгжүүлэхээр хуульчилсан.

Харин уг хуулийг зөрчсөн хувь хүний үйлдэлд Эрүүгийн хууль, эсвэл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасан. Иргэд хоорондын харилцааг ХЭҮК-ын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.5-д заасны дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлж, шалгуулж болно” гэв.

ХЭҮК-т захидал харилцааны нууцтай холбоотой гомдол төдийлөн их биш байгаа нь иргэдийн энэ талаарх мэдлэг дутмаг байгааг илэрхийлж буй нэг хэлбэр юм. Учир нь ХЭҮК-т үүнтэй холбоотой ганцхан гомдол иржээ. Өмчийн маргаантай хоёр иргэн захидал харилцаа задруулсан асуудлаар гомдол гаргажээ. Ингэхдээ тухайн хоёр иргэн харилцан бие биенийхээ чатыг задалсан байсан учраас цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой асуудлаар хуульч, судлаач Л.Галбаатар “Захидал харилцаа нь хувийн нууцад хамаардаг. Тухайн иргэн хувийн мэдээллээ хуваалцах, түгээхийг зөвшөөрөөгүй бол цахим орчинд зурвас, чатыг дэлгэх нь нууцад халдсан, хууль зөрчсөн үйлдэл болно. Хууль зөрчсөн гэж үзвэл Зөрчлийн тухай хуулиар болон ХЭҮК-т гомдол гаргах бүрэн эрхтэй. Мөн хүний эмзэг мэдээллийг задруулж нэр төр, алдар хүндэд халдсан гэж үзвэл Иргэний хуулиар ч шийдүүлэх боломжтой. Иргэд хувийн нууцаа хамгаалахдаа анхаарч өөрсдийн хэрэглэж буй аппликейшнийг зөв сонгох хэрэгтэй” гэсэн юм. Найз нөхдийн хөгжилтэй зурвас эсвэл ноцтой асуудал хөндөгдсөн эсэхээс үл хамааран захидал харилцааг задруулах нь хуулиар хориотой. Олон нийтийн сүлжээнд найз, нөхөдтэйгөө харилцсан зурвасыг дэлгэх нь хүртэл хүний эмзэг мэдээллийг задруулсанд тооцогдоно. Захидал харилцааны нууцад агуулга хамаарахгүй. Харин эцэг эх нь хүүхдийнхээ зурвасыг задруулахад энэ нь хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй аж. Гэвч энэ нь хуулийн зөрчил бус ёс зүй, ёс суртахуунтай холбоотой үйлдэл болохыг мэргэжлийн хүмүүс тайлбарлалаа. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ зурвасыг олон нийтийн сүлжээнд дэлгэхдээ аюулгүй байдлыг харгалзан үзэж хувь хүний орон зайд хүндэтгэлтэй  хандах хэрэгтэй юм.

Хувь хүний нууцыг задруулсан тохиолдолд Эрүүгийн хуулиар торгох ял, эсвэл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг.

Хэрэв иргэд хувийн нууцыг нь задруулсан, хүний эмзэг мэдээлэлд халдсан гэж үзвэл мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаатай холбоотой гомдлоо Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргаж, шийдвэрийг мэдээллийн эзэн эс зөвшөөрвөл шүүхэд хандах боломжтой.

 

Эх сурвалж: Б. БЯМБАЖАРГАЛ “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав33 минут 12 секундын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна36 минут 44 секундын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ40 минут 45 секундын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ1 цаг 9 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ3 цаг 51 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь3 цаг 54 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан4 цаг 2 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03“2025 оны ургацын хүнсний ногооны урамшууллын тухай”5 сар 7. 11:5125 дугаар эмийн сангийн уулзвараас "Гранд плаза"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна5 сар 7. 10:34Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг энэ сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна5 сар 7. 10:20Хүүхэд хамгааллын төсвийг 20,8 тэрбум болгон нэмэгдүүлжээ5 сар 7. 10:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.