Д.Золбоо: Ерөнхий сайд АНУ-д хийсэн айлчлалаараа олон асуудлыг шийдэж чадлаа


8-р сарын 14
12 цаг 12 минут

        ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоотой ярилцлаа.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн айлчлал олон улсын анхаарлыг татлаа. Түүний айлчлалыг том зургаар нь та юу гэж дүгнэж байна вэ?

-Тусгаар тогтносон, бие даасан улсын гүйцэтгэх засаглал болон Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдын хийдэг, хийх ёстой хамгийн чухал ажлын нэгийг амжилттайгаар гүйцэтгэлээ л гэмээр байна. Ерөнхий сайдын түвшинд нэлээд хэдэн жил тасалдсан айлчлал гэдэг утгаараа хүлээлт их байлаа. Олон асуудлыг нааштайгаар, хоёр талдаа харилцан ашигтайгаар шийдэж, шийдүүлж чадсан нь өнөөгийн олон улсын улс төрийн нөхцөл байдал хурдацтайгаар өөрчлөгдөж байгаа энэ үед хожим эргээд харахад “алтан үсэг”-ээр ч бичигдэх түүхэн айлчлалуудын нэг болсон гэж хэлмээр байна. Ер нь тэгээд бид л өөрсдөө идэвхтэй, санаачилгатай байхгүй юм бол биднийг гэж ирээд байдаг үе өөрчлөгдсөн шүү дээ.

-Айлчлалын үеэр манай хоёр улс “Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн эдийн засгийн хамтын ажиллагааны Замын зураглал”-д гарын үсэг зурлаа. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, АНУ-аас илүү их хөрөнгө оруулалт татахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж талууд мэдээлж байсан шүү дээ. Тэгэхээр энэ хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ. Хэрэгжүүлэх тал дээр хэрхэн шуурхайлах ёстой вэ?

-Хийгдэх ёстой, хүлээгдэж байгаа маш олон ажил бий л дээ. Ерөнхий утгаар нь аваад үзвэл манай төрийн “гуравдагч хөрш”-ийн бодлогын амин сүнс нь эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр дундаа тэдгээр улс орнуудаас манайд хийгдэх шууд хөрөнгө оруулалт шүү дээ. Хамтын ажиллагааны олон хэлбэр бий, жишээ нь манай хоёр улсын худалдааны эргэлт хэзээ ч хөрш орнуудаас илүү гарахгүй нь гашуун үнэн. Харин бусад салбар тухайлбал уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг амин чухал салбарт хөрөнгө оруулалт, тэргүүний техник технологи нэвтрүүлэх, суурьшуулах зэргээр хамтрах өргөн боломж хэзээд ч нээлттэй л байна. Хэрвээ бүр өөдрөгөөр харвал сансар судлал, хиймэл дагуул, харилцаа холбооны чиглэлээр ч ажиллах шаардлага, боломж байсаар л байна.

Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар болсон тухай мэдээ харсан байх. Олон нийтэд зориулсан амжилт ололтоо дурдахаас гадна амжуулаагүй, хийж чадаагүй зарим зүйлсийн талаар бодитой дүгнэсэн байгаа гэдэгт найдаж байна. Энэ удаагийн айлчлалаар манай улсын гадаад харилцаа, гадаад бодлогын аливаа асуудал “нэг цонхны” зарчмаар амжилттай хэрэгжсээр, бас нэгэн алхам урагшлуулж чадлаа.

-Манай улс АНУ руу шууд нислэг үйлдэнэ гэж олон жил ярьсан. Тэгвэл Ерөнхий сайдын айлчлалаар энэ мөрөөдөл биеллээ оллоо. Энэ нь бидэнд ямар боломжуудыг аврах вэ?

-Бидний монголчууд олон жил хүсэн мөрөөдөж, ярьсаар ирсэн чухал сэдвүүдийн нэг шүү дээ. Гадаад харилцаа, дипломат протоколын дагуу бол дээд хэмжээний айлчлалуудын үеэр соёрхон батлах, баталгаажуулах ёслол үйлддэг жишгээр л хийгдсэн болохоос богино хэмжээний айлчлалын үеэр шийдэгдсэн гэх нь өрөөсгөл. Бүр цаашилбал энэ чиглэлээр ажиллаж ирсэн үе үеийн Засгийн газар, мэргэжлиийн яам, инженер техникийн салбарынханы хүч хөдөлмөрийг үгүйсгэсэн хэрэг болох юм. Зүгээр нислэг үйлдээд, хүмүүс зорчоод, ачаа зөөгөөд байгаа юм шиг харагдавч энэ бүхний цаана манай дотоодын инженер техникийн олон салбар стандарт шаардлагуудыг нь хангах шаардлагын хүрээнд дагаад л хөгжинө. Жирийн иргэд зорчигчдодоо л гэхэд хямд үнэ, өндөр чанар амлах биз. Америк жуулчдыг татахад ч хамгийн чухал хүчин зүйлсийн нэг байх нь маргаангүй. Нэг зүйлийг сонирхуулахад миний бие залуу байхдаа америк болон барууны жуулчдад хөтөч хийдэг байхад үйлчлүүлэгчдийн маань хамгийн их гомдоллодог сэдэв нь удаан үргэлжлэх нислэг дэх тийзний үнэ байдаг байлаа шүү дээ. Агаарын тээврээр гүйцэтгэх ачааны үнэ ч одоогийнхоос хамаагүй буурвал аль ч талдаа ашигтай байх нь ойлгомжтой.

-АНУ-аас хөрөнгө оруулалт татаж, шинэ салбаруудад хамтын ажиллагааг эхлүүлэх тал дээр энэ айлчлалаас ямар үр дүн хүлээж болох вэ?

-Монголчууд бид маш олон зүйлсийг хүлээж байгааг дурдвал урт жагсаалт болох биз. Гэхдээ л нэг зүйл бол хамтын ажиллагаа хоёр талдаа харилцан ашигтай байх гэдэг ганц л зарчим бий. Хэдийгээр биднийг ардчиллын баярбүрд, үлгэр жишээ гэх зэргээр магтаж байгаа боловч худалдаа, эдийн засаг, шууд хөрөнгө оруулалт зэрэг зүйлс эхлэх үед нь өмнөх шигээ тогтворгүй байр суурьтай, гадныхныг хажиглах, хэт сэжиглэх зэргээр хандвал өөрчлөлт, ирээдүй бүрхэг хэвээр байх юм гэдгийг манайхан хаа хаанаа ойлгодог болсон байх л гэж найдаж байна. Гадаадын хөрөнгө оруулагчид хаана ч очсон тогтвортой, ил тод байдлыг л хүсдэг шүү дээ. Тэдгээр байхгүй орнуудад л авлига цэцэглэн хөгжиж, баялгийн хараал гэдгийг хүрдэг нь батлагдсан түүх дээ.

-Америкчуудын зүгээс манай ашигт малтмалын салбар тэр дундаа газрын ховор элементүүдийг хэрхэн сонирхож байна вэ?

-Зөвхөн америкчууд ч гэлтгүй техник технологийн өндөр хөгжилтэй, хагас дамжуулагч, чипний үйлдвэрлэл эрхэлдэг улс орон бүрд чухал байна даа. Даяаршлын хөгжлийн дагуу улс орнуудын ойлгож авсан нэг сургамж бол аливаа зүйлд тэр дундаа түүхий эдийн хувьд нэг улс орон, компаниас хараат байх нь буруу юм гэдгийг ойлгосон явдал гэж боддог. Тэр нь эргээд аливаа хөгжлийн чөдөр тушаа болдог юм байна. Хэрвээ хөгжүүлж чадвал газрын ховор элемент ч гэхгүй чанар, нүүрс боловсруулах, олборлох чиглэлээр ч ажиллах боломж бидэнд зөндөө байна. Ганцхан жишээ дурдахад л дэлхийд нүүрс боловсруулалтаараа хамгийн томуудын нэг Америкийн Пибоди компанийг нь ажиллах нөхцөл өгөхгүй байсаар байгаад хөөж гаргасан төр засагтай улс шүү дээ бид. Одоогийн төр засаг, бодлого боловсруулагчид энэхүү байдлаа ойлгосон, дахиж тийм юм болохгүй гэдгээ итгүүлж чадвал монголчуудын ирээдүй гэрэлтэй байлгүй яахав. Бид арай эрүүлээр сэтгээд тухайн үедээ гадны технологиор байгалийн занараа боловсруулж чадсан бол овоо хэдэн алхам урагш ахиж чадсан л байгаа даа.Чадаагүй гэх нь ч хаашаа юм, гадны гар хөлүүд л бужигнуулаад байх шиг харагдах юм даа.

-АНУ бол манай улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод чухал байр суурь эзэлдэг орон. Дайн, цар тахлын нөлөөгөөр дэлхийн геополитикийн асуудал үүсчихээд байгаа энэ үед Монголын Ерөнхий сайд АНУ-д айлчиллаа. Энэ үйл явдлыг дэлхийн дахин тэр дундаа манай хоёр хөрш хэрхэн хүлээж авч байгаа бол?

-Ёстой гоё асуулт, загатнасан газар маажлаа. Нэгдүгээрт гэвэл, гадаад бодлого гэдэг тухайн улс орны дотоод асуудал гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа гэдэгт итгэлтэй байна. Хоёрдугаарт, дундын бүсэд нь бусад улс орны нөлөө, ашиг сонирхол орж ирэхэд хөршүүд маань тааламжтай байдаггүй нь түүхээр батлагдсан үнэн шүү дээ. Тэр тусмаа өнөөгийн энэ ороо бусгаа цаг үед “гуравдагч хөрш” улс орнуудын төрийн тэргүүнүүдийн шил шилээ дарсан амжилттай айлчлалууд дээр нь гадагшаа хийж байгаа айлчлалууд үр дүнгээ өгч байгаад бие судлаачийн хувьд ихээхэн баяртай байна даа. Гадаад, дотоод бүх асуудлаа гаднаас асууж шийддэг биш бие даасан, тусгаар тогтносон улсын хувьд байдаг л нэг төрийн ажил гэж харвал өөр байх. Та санаж байгаа бол саяхан бид англи хэлийг заавал үзэх хэл байх эсэх дээр маргалдаж, мэтгэлцсээр арай гэж батлуулж чадсан шүү дээ. Энэхүү ажлын хамгийн гол тулгуур болсон англи хэлний багш бэлтгэхэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ тохирчихлоо. “Хэлтэй бол хөлтэй” гэдгээр бидний дараагийн үеийнхэнд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэхэд нэг том шат ахих боломжийг нээж байна гэж харж байна. Багш нараа бэлтгээд авна гэдэг чинь хөрс сууриа тавина л гэсэн үг биз дээ. Техник, технологи гээд л бүх л зүйлийг нутагшуулахад англи хэл хамгийн чухал зэвсэг байсаар байх биз. Мэдээж хэрэг нөгөө талаасаа эх хэл, түүх, соёлоо муулах, мартуулах гэсэн санаа огтоос байхгүй шүү гэдгээ хэлэхгүй бол шүүмжлэгчид захаасаа өгсүүлээд олон. Энийг харин ч гадаад хэлтэй хүмүүс дэлхийд хүргэнэ гэдгийг ойлговол бидэнд бүр ч хэрэгтэй. Бас нэг жижигхэн жишээ сонирхуулъя. Манай эрдэмтэд, тухайлбал нийгэм, хүмүүнлэгийн салбарын судлаачдын маань сор болсон бүтээл монголоор байдаг ч түүнийг нь ойлгож хүлээн авах зах зээл хангалтгүй байсаар ирсэн. Бид саяхан нэрт эрдэмтэн, академич Чулууны Далай агсны “Монголын бөө мөргөлийн түүх” номыг академик хэвлэлийн олон улсын томоохон хэвлэлийн компаниар англи хэлээр хэвлүүлэхэд л дэлхийн 200 гаруй хүрээлэн, номын сангууд худалдан авч, эрдэм шинжилгээний эргэлтэд орж байгаагаас харж болно. Бид аливаа зүйлийг энүүхэн жалгандаа биш дэлхийн энгээр хардаг болоход англи хэл хамгийн чухал шүү гэдгийн л баталгаа юм даа.

Эх сурвалж: М. Мөнхцэцэг DNN.MN


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа5 цаг 50 минутын өмнөУргац хураалт 88 хувьтай үргэлжилж байна6 цаг 2 минутын өмнөНотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ6 цаг 4 минутын өмнөНийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ6 цаг 7 минутын өмнөТөрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ6 цаг 9 минутын өмнөУИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо7 цаг 55 минутын өмнөЗасгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ8 цаг 5 минутын өмнөТайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ8 цаг 23 минутын өмнөАрктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ8 цаг 29 минутын өмнөТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав10 сар 28. 9:22Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл10 сар 28. 9:16УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа10 сар 28. 9:10Зудын урьдчилсан төлөв гарлаа10 сар 28. 8:58УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна10 сар 28. 8:54Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна10 сар 28. 8:49Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 28. 8:42Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв10 сар 27. 14:12Улаанбаатар хотын музейг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ10 сар 27. 12:51Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь10 сар 27. 12:43“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 27. 12:37БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд10 сар 27. 11:41“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа10 сар 27. 11:30Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв10 сар 27. 10:34УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 27. 10:29Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 65 жилийн ой тохиож байна10 сар 27. 10:24Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа10 сар 27. 10:21Хот хоорондын зорчигч тээврийн үнэ ирэх сарын 5-наас нэмэгдэнэ10 сар 27. 10:14ХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа10 сар 27. 10:06Беларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд найрамдах зөвлөл болон Төлөөлөгчдийн танхимын дарга нар бараалхлаа10 сар 27. 9:59Төрийн банк “Төрийн Орон Сууцны Корпораци“ ТӨХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа10 сар 27. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.