О.Оюун-Эрдэнэ: Хорт хавдар үүсгэгч бензол дотоод орчинд аюулын хэмжээнд байна


9-р сарын 8
11 цаг 36 минут

     Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.

-Барилгын дотор заслын материал хүний эрүүл мэндэд хортой үр дагавар учруулж байгаа асуудлыг манай сонин хөндөж бичсээр ирсэн. Эрүүл мэндийн салбарын судлаачдын хийсэн Улаанбаатар хотод дотоод орчин дахь агаарын бохирдлын талаарх судалгаа олон улсын сэтгүүлд хэвлэгдсэнийг уншлаа. Нэлээд ноцтой үр дүн гарсан байна. Судалгааг ахалж ажилласны хувьд та энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд сайжруулсан түлшийг хэрэглэж эхлэхтэй зэрэгцээд угаарын хийн хордлого гарч эхэлсэн. Бид нарийн судлах шаардлагатай байсан. Мөн барилгын материалаас ялгардаг олон төрлийн химийн бодисыг судлах шаардлагатай ч тухайн бодисуудыг хэмжих лаборатори хомс, дээр нь дотоод орчин дахь угаарын хийн ялгарлын мэдээлэл цуглуулах, бичих багаж байгаагүй. Тиймээс судалгааны бэлтгэл ажлыг 2015 оноос хангаж байгаад 2019 онд НЭМҮТ-өөс НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр энэ цогц судалгааг эхлүүлсэн. Бид өмнө нь энэ төрлийн судалгааг 2008 онд түлш болон зуухтай холбож судалсан байдаг. Бидний дотоод орчны агаарын чанарын судлах судалгааны түүвэрт Улаанбаатар хотын Захирагчийн албанаас агаарын бохирдлыг бууруулах бүс гэж гаргасан. Энэ бүсээс гал түлдэг 80 айл өрхийг сонгож аваад 24 цагийн хэмжилтээр бүтэн долоон сарын хугацаанд РМ2.5 тоосонцор, нүүрсхүчлийн дутуу исэл буюу угаарын хий, нүүрстөрөгчийн давхар исэл буюу СО2-ыг үзсэн.

Мөн азотын хий, хүхрийн давхар исэл, азотын давхар ислийг хэмжсэн. Үүнээс гадна “Ногоон титэм” ХХК-тай хамтран Эрүүл мэндийн сайд болон Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 05/08 тушаалын журмын хэрэгжилтийг хангах үүднээс шинээр ашиглалтад орсон болон засвар хийсэн барилга байгууламжийн дотоод орчинд дэгдэмхий органик нэгдлүүдийг урт хугацааны турш хэмжилт хийсэн.

Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууц, хаус, оффис, худалдааны төв, монгол гэр зэрэг 123 объектын 583 дээжид бензол, формальдегид, ксилол, толуол гэсэн хорт бодисуудын нэгдэл ямар байгааг судалсан.

-Судалгааны аргачлал нэлээд онцлогтой байсан. Ялангуяа хавдраар өвчлөх магадлалын тооцооллыг хүртэл гаргасан байв уу?

-Дэгдэмхий органик нэгдлүүд буюу барилгын материалаас ялгардаг нэгдлүүдийн хүний эрүүл мэндэд нөлөөлж байгаа эрсдэл, үүнийг ямар нэгэн байдлаар бууруулахгүй бол эрсдэл хэрхэн нэмэгдэх вэ гэдгийг тооцоолсон. Бид судалгаандаа эрсдэлийн үнэлгээ хийдэг олон улсын аргачлалыг ашигласан. Тодруулбал, АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх газар болон АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагаас хавдраас урьдчилсан сэргийлэх эрсдэлийг тооцоолдог аргачлалыг ашигласан гэсэн үг. Хорт бодистой орчинд хүн тодорхой хугацаанд амьдрахад хорт хавдар тусах уу, тусвал хэзээ тусах вэ гэх тооцооллыг хийсэн.

-Энэ удаа барилгын материалаас үүдэлтэй дотоод орчны агаарын бохирдлыг дэлгэрүүлж ярихыг хүсч байна. Судалгааны үр дүнг энгийнээр тайлбарлаж өгөхгүй юу?

-Дотоод орчинд дөрвөн төрлийн хорт бодисын агууламж ямар байгааг тодорхойлсон гэсэн шүү дээ. Бензол хорт хавдар үүсгэгч А-1 ангилалд багтдаг бодис. Мөн нөхөн үржихүйд хортой, амьсгалахад хортой, олон удаагийн өртөлтөөр тодорхой эрхтэн системд нөлөөлдөг хоруу чанар үүсгэдэг, арьс үрэвсүүлэгч болон цочроогч бодисын тоонд ордог. Формальдегид ч мөн хорт үүсгэгч ангилалд багтдаг. Арьс мэдрэгшүүлэгч буюу харшил үүсгэгч, үрэвсэл үүсгэгч бодисын тоонд орно. Толуол нөхөн үржихүйн эрүүл мэндэд хортой бодис. Ксислол хортой бодисын ангилалд ордог.

Судалгааны үр дүнд формальдегид цэцэрлэгт нийт дээжийн 94.7 хувьд, сургуульд 100 хувь, эмнэлэгт 100 хувь, орон сууцанд 97.2 хувьд, оффист 85.7 хувь, хауст 23.1 хувь, гэрт илрээгүй. Бензол цэцэрлэгт нийт дээжийн 26.3 хувьд, сургуульд 33.3 хувьд, орон сууцанд 16.2 хувь, оффист 62.9 хувь, эмнэлэгт 42.9 хувь, худалдааны төвүүдэд 12.5 хувь, монгол гэрт 100 хувь, хауст 100 хувьд илэрсэн. Толуол цэцэрлэгт нийт дээжийн 10.5 хувьд, сургуульд 22.2 хувьд, орон сууцанд 11.1 хувьд, хауст 30 хувьд, оффист 25 хувь, эмнэлэгт 7.1 хувьд, гэрт 33 хувьд илэрсэн. Дандаа улсын санхүүжилттэй сургууль, цэцэрлэг, эмнэлэгт хорт бодисууд илэрсэн гэсэн үг. Мөн нийтийн орон сууцанд ч хорт бодисууд ялгарч байдгийг тодорхойллоо.

-Маш ноцтой тоон мэдээллүүдийг та хэллээ. Эдгээр нь хоруу чанарын хувьд ямар хэмжээнд байна гэсэн үг вэ?

-Эрүүл мэндийн сайд болон Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 05/08 тушаалаар батлагдсан барилгын материалаас дотоод орчны агаарт ялгарах дэгдэмхий органик нэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнд формальдегидын гурав хоногийн дундаж 50 мкг/м3 байхыг зөвшөөрдөг. Харин олон улсад ДЭМБ-ын зөвлөмжид 0.1 мкг/м3 байх ёстой гэдэг. Бидний судалгаагаар формальдегид нийт дээжид дундаж нь 8.7 мкг/м3 гарсан. Хамгийн ихдээ 225 мкг/м3 илэрсэн.

Бензол нийт дээжид дундаж 25.4 мкг/м3 байсан. Хамгийн их нь 180 мкг/м3, хамгийн бага нь 1.5 мкг/м3 гэж гарсан. Гэтэл олон улсад, ДЭМБ бензолыг дотоод орчинд байх ёсгүй бодис гэж үздэг. Харин манайд хоёр сайдын тушаалаар батлагдсан хавсралтад 1 мкг/м3-аас ихгүй байх ёстой гэж заасан. Гэтэл бодит байдал дээр ямар гарсныг та сонслоо.

-Хорт хавдар үүсгэгч үндсэн бодисуудаар дотоод орчинд хүмүүс амьсгалсаар байдаг юм байна гэж ойлгогдож байна. Тэгвэл өнөөдөр бидэнд тулгамдаж байгаа хавдрын өвчлөлийн өсөлтөд дотоод орчны агаарын бохирдол нөлөөлж байна гэж үзэж болох уу?

-ДЭМБ-ын мэдээллээр 2013 онд агаарын бохирдол нь хавдарт нөлөөлдөг орчны хүчин зүйл мөн гэж зарласан. Иймээс байх боломжтой. Нөлөөлөх хүчин зүйлийн нэг нь яах аргагүй энэ бодисууд. Бид судалгаагаа Улаанбаатар хотод л хийсэн. Гэтэл хөдөө орон нутагт сургууль цэцэрлэгийн нөхцөл байдал ямар байгаа вэ. Сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээ хийдэг хүмүүс энэ талаар мэдэж байгаа юу. Тендерийн хуулийн зарим заалтад бараг хамгийн хямд будаг, хамгийн хямд үнэтэй материал авахыг шаарддаг. Хамгийн хямд байна гэдэг хамгийн хортой байна гэсэн үг. ЭХЭМҮТ-өөс гаргасан судалгаагаар жил бүр хавдраар өвчилж байгаа хүүхдүүдийн 40 хувь нь цусны цагаан эсийн хорт хавдар эзэлж байна гэж үзсэн байдаг. Цусны цагаан эсийн гол эх үүсвэр бензол, формальдегид. Мэдээж энэ хавдрыг үүсгэх олон хүчин зүйл бий. Гэхдээ орчны талаас энэ хоёр бодис шууд нөлөөлдөг.

-Хорт бодисоор хэр хугацаанд амьсгалахад хавдрын өвчлөл үүсэх талаар тооцооллыг олон улсын аргачлалаар гаргасан гэлээ. Ямар үр дүн гарсан бэ?

-Бидний судалгаагаар бензолын агууламж хамгийн ихдээ дотоод орчинд 0.042 мкг/м3-аар ялгарч байхад тийм орчинд тогтмол байгаа 0-19 насны хүүхдүүд хорт хавдрын эрсдэл хэзээ үүсч байгааг судалсан. Яг ийм орчинд 24 цагаар 70 жил ажиллаж амьдрахад хорт хавдар үүсэх магадлалтай үр дүнг та бүхэн судалгааны өгүүллээс харсан байхаа. Ялангуяа долоон сартайгаас дөрвөн нас хүртэлх хүүхдүүд хамгийн өндөр эрсдэлтэй. Учир нь энэ насны хүүхдийн физиологийн өсөлт хамгийн эрчимтэй явагддаг. Унтаж байх үедээ хэрэгцээт хүчилтөрөгчөөр амьсгалдаг хэмжээ нь маш өндөр байдаг.

-Гэтэл өнөөдөр хүүхэд багачууд сургууль, цэцэрлэгтээ, гэртээ 0.042 мкг/м3-аас хэд дахин өндөр тунгаар амьсгалж байна шүү дээ. Эрсдэл бүр илүү гэж ойлгож болох уу?

-Энэ бол өнөөдрийн байдлаар дотоод орчинд дээж цуглуулаад, хэмжилтийн хамгийн өндөр тунгаараа тооцоолоход нэг өдөрт дунджаар амьсгалж байгаа тун гэж ойлгож болно. Бидний судалгааны аргачлал АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг болон өвчнөөс сэргийлэх төвийн аргачлалаар хийсэн тооцооллын үр дүн. Цаашид улам нарийн судлах шаардлагатай, бид бас судалгааны хөрөнгө судлах, олох, судалгааг хийх шаардлагатай байна.

-Гарц юу байж болох вэ. Мэргэжлийн хүний хувьд та бүхэнд тооцоолсон гаргалгаа байгаа байх?

-Монгол Улс өнөөдөр MNS 4585:2016 гэсэн гадаад орчны ганцхан стандарттай. Стандартын тухай хуулиар таван жил тутамд стандартуудыг шинэчлэх ёстой. Байгаа энэ стандарт маань чанарын шаардлага хангадаггүй. Энэ стандартаар бол РМ-2.5-ын агууламж 24 цагийн дундаж 50 мкг/м3 гэж үздэг.

ДЭМБ РМ-2.5-ын агууламжийг бууруулах дөрвөн үе шатыг зааж өгсөн. Нэгдүгээр шатанд РМ-2.5-ын агууламжийг 75, хоёр дахь 50, гурав дахь 37, дөрөв дэх нь 15 гээд явдаг. Өнөөдөр ДЭМБ РМ-2.5-ын агууламжийг 37 хувьд хүргэхийг улс орнуудад зөвлөж байгаа. Гэтэл манай улс нэгдүгээр үе шатан дээр ч очиж чадаагүй байна. Тиймээс MNS 4585:2016 стандартыг яаралтай шинэчлэх ёстой. Энэ талаар асуудал хариуцсан мэргэжлийн байгууллага мэргэжилтнүүдэд ханддаг ч “2016 онд баталсан стандарт байгаа” гэсэн ойлгомжгүй, мэргэжлийн бус тайлбар өгдөг.

Хамгийн чухал нь өнөөдөр Монгол Улсад дотоод орчны агаарын чанарын стандарт гэж байхгүй. Дотоод орчны стандартыг яаралтай баталж, үндэсний хэмжээнд мөрдөх шаардлагатай. Гэвч байгаагүйн хор уршгаар дотоод орчинд ямар хорт бодисууд ялгарч байдгийг бидний судалгаа харууллаа. Хэрэв дотоод орчны агаарын чанарын стандарттай бол барилгын компаниудад, барилгын материал дээр шаардлага тавьчихна шүү дээ. Ядаж л нэгдүгээр зэрэглэлийн орон сууц болох хүн байнга амьдардаг сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууцыг шинээр барихдаа, засвар үйлчилгээ хийхдээ барилгын материалд нь стандартын шаардлага тавьдаг болох ёстой.

Бид аль эрт 2019 онд дотоод орчны агаарын чанарын стандартын шаардлагыг мэргэжлийн хүрээнд боловсруулаад холбогдох хүмүүст нь хүргэсэн. Гэвч өнөөдөр хүртэл ажил хэрэг болоогүй л байна. Стандартчилал хэмжил зүйн төвийн зохих мэргэжилтнүүд хүртэл дэмжээд энэ дотоод орчны стандартын ач холбогдлыг үнэлж батлахаар хэлэлцсэн ч эрх зүйн хувьд зөрчилтэй зохицуулалтууд гарч ирээд байгаа. Гэхдээ бидний сэтгэл нэгтэй судлаачид мэргэжилтнүүд дахин хэлэлцүүлэхээр хүлээн авсан байгаа. Удахгүй стандарттай болох байх гэж хичээж байна.

Эх сурвалж: Б.Энхзаяа DNN.MN


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шинээр томилогдсон Элчин сайд Х.Р.Кулитцийг хүлээн авч уулзав6 цаг 25 минутын өмнө“Хөгжлийн бодлого төлөвлөлт, тайлагналт” сэдэвт сургалт боллоо6 цаг 56 минутын өмнөБаянзүрх дүүргийн хэмжээнд “Нэг иргэн-нэг ажлын байр” өдөрлөг зохион байгуулагдлаа7 цаг 2 минутын өмнөЧингэлтэй дүүргийн 43-р цэцэрлэгийн багш Б.Энхзул Олон улсын тэмцээнээс хүрэл медаль авчээ7 цаг 10 минутын өмнөСурагчдад шүдний үзлэг хийх төсөлд дэмжлэг хүслээ7 цаг 14 минутын өмнө"Гурвансайхан" Нисэх буудлын хөөрч, буух хучилттай зурваст засварын ажил хийгдэж байна7 цаг 18 минутын өмнөТавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замд үүссэн хур хогийг цэвэрлэв7 цаг 23 минутын өмнөТуршилтын хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн 103 өрхөд оёдлын багц хүлээлгэн өглөө7 цаг 32 минутын өмнөТөрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу батлах захиргааны хэм хэмжээний актын дараах төсөлд санал авч байна7 цаг 37 минутын өмнөМонголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа7 цаг 43 минутын өмнөОХУ шатахуун, дизель түлшний экспортыг түр хязгаарлажээ8 цаг 37 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийнэ8 цаг 45 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо8 цаг 47 минутын өмнөАБГББХ-ны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид БНТУ-д айлчилж байна8 цаг 51 минутын өмнө“Парламентын судалгаа шинжилгээ” эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хүлээн авч байна8 цаг 55 минутын өмнөУлсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол болно8 цаг 56 минутын өмнө“Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт” сэдэвт цахим хэлэлцүүлгийн бүртгэл үргэлжилж байна8 цаг 58 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 сар 20. 18:31Ёс зүйн хорооны Орон тооны бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ9 сар 20. 18:23О.Мөнхжин, Б.Гантиг нарын хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,хилээр гарахыг хориглолоо9 сар 20. 18:17УИХ-ын дарга Г.Занданшатар “Ханжоу 2022” Азийн XIX наадамд оролцох шатарчдыг хүлээн авч уулзаж, амжилт хүслээ9 сар 20. 18:02Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургалт зохион байгуулж байна9 сар 20. 17:53“Эрдэнэс Тавантолгой” ХК Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартын магадлах аудитыг эхлүүллээ9 сар 20. 17:25Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад оролцлоо9 сар 20. 17:18НД-ын багц хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулах сургалт, ажил олгогчдын зөвлөгөөнийг зохион байгууллаа9 сар 20. 17:09Тендерт оролцох эрх хязгаарлах “Хар жагсаалт”-ын бүртгэл хөтлөлтийг эрчимжүүлнэ9 сар 20. 17:00Шүдний эрүүл ахуйн тогтолцоог нэвтрүүлэх төслийн багийхан загвар сургуулиудад ажиллалаа9 сар 20. 16:382023 оны IV улирлын C зөвшөөрөл9 сар 20. 16:32Төрийн албаны тогтолцооны шинэчлэлийн талаар ярилцаж, санал солилцов9 сар 20. 16:24Эрсдэл өндөртэй 354 албан тушаалтны ХАСХОМ-ийг нарийвчлан шалгаж байна9 сар 19. 13:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.