Ү.Оюунзул: Орон нутгаа зэлүүдхэн орхичихоод улсаа хөгжүүлэх тухай ярих хэрэггүй


9-р сарын 11
9 цаг 06 минут

       “Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзулыг урилаа.

ХАРИУЦЛАГА ГЭДЭГ АЛДАЖ БОЛОХГҮЙ ИТГЭЛ

Үнэнбатын ОЮУНЗУЛ

БОЛОВСРОЛ

-2014-2016 Магистр, Төрийн захиргааны удирдлага, Рояал Академи Олон Улсын Дээд сургууль

-2005-2009 Бакалавр, “Улс төр судлаач, Нийгмийн ухааны багш”, Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль, Монгол Улсын Их сургууль

АЖЛЫН ТУРШЛАГА

-2020-с  Дарга, “Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн” ОНӨТҮГ

-2019-2020 Ерөнхий нарийн бичгийн дарга, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо (НАМЭХ)

-2018-2019 Захирал, “Стратеги Академи”-ийн дэргэдэх “Улс төрийн Боловсролын Институт”

-2016-2018 Орлогч дарга, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨҮГ

-2015-2016 Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, Төрийн Захиргаа Удирдлагын газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар

-2010-2015  Нарийн бичгийн дарга, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо (НАМЗХ)

-2009-2010 Нийгмийн ухааны багш, Улаанбаатар Их Сургууль

-Монгол Улсын хөгжилд хувь хүний хөгжил, хандлага, оролцоо хамгийн чухлаар нөлөөлнө. Ялангуяа улсын хөгжилд хувийн хэвшил, төрийн байгууллага гэхээс илүүтэй хүн бүр хариуцлагатай байх учиртай. Өөрөөр хэлбэл, хүн бүр өөрийнхөө хийж байгаа ажлыг маш сайн гүйцэтгэдэг тэмүүлэлтэй байх шаардлагатай. Нөгөөтэйгүүр хариуцлага гэдэг алдаж болохгүй итгэл. Бүхий л зүйл хүмүүсийн харилцаа тэр дундаа итгэлцэл дээр тогтдог. Тиймээс итгэлийг алдахгүй байх зарчим нь хувь хүний үүрэг гэж болно. Хүний итгэлийг олох хэцүү. Харин алдах хормын төдийд л болоод өнгөрнө.

Хэрэв чи хэн нэгний итгэлийг алдсан бол үүргээ ухамсарлахгүй, хариуцлага хүлээх чадваргүй байгаагийн илрэл. Үүнийг дор бүрнээ санаж үүрэг, хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй л дээ. Түүнчлэн хувь хүний оролцоо, хандлагад гэр бүлийн хүмүүжил чухал байр суурийг эзэлдэг. Учир нь нийгмийн уур амьсгалыг өөрчлөх суурь нь гэр бүл. Монголчууд “Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэдэг шүү дээ.

Тиймээс гэр бүлийн хүрээнд бусдыг зөв дадал, зуршилд манлайлагч нь эцэг, эх байх ёстой. Миний хувьд ээж, ааваасаа бусдыг хүндлэх, бусдад туслах, эрдэм боловсролд шамдах дадал болоод хувь хүн аливаад хариуцлагатай байх зарчмыг суралцсан. Энэ бол хүүхдүүддээ өвлүүлж үлдээх хамгийн том хөрөнгө оруулалт нь юм шүү дээ. Эндээс л сургуулийн орчинд, ажлын байран дээрээ хувь хүн ямар байр суурьтай байх вэ гэдэг харагдана. Өөрөөр хэлбэл, ирээдүйд бусдад зөв үлгэрлэн манлайлах нь нийгмийн хөгжилд оруулж буй хувь хүний оролцооны хэлбэр гэж болно. Ер нь нийгмийн хандлагыг өөрчлөхдөө хувь хүний хөгжлийг тэргүүнд эрэмбэлэх учиртай юм.

ХҮЙСИЙН БИШ УР ЧАДВАРЫН ДАВУУ БАЙДАЛ ЧУХАЛ

Манлайлагч гэдэг бол бусдад эерэгээр нөлөөлөхийн сацуу хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд туслаж, дэмжсэн, мэдлэгийг түгээсэн гэдгээр хэмжигдэнэ гэж боддог. Түүнчлэн хэчнээн хүний амьдралыг эерэгээр өөрчилсөн бэ гэдгээс хамаарна гэж хардаг. Бүр тодруулбал, ярьснаа хэрэгжүүлж ажил хэрэг болгон үр дүнд хүргэсэн хүнийг л жинхэнэ манлайлагч гэнэ. Түүнээс албан тушаал хашиж, эрдмийн зэрэг цол хүртсэнээр нь хэмжихгүй л дээ.

Эмэгтэйчүүдийн манлайллын талаар хүмүүс байнга л асуудаг. Тэр бүрт “Хүйсийн давуу байдлаар биш ур чадварын давуу байдал чухал” гэж хариулдаг. Тэгэхээр эмэгтэйчүүд хүчтэй, шийдэмгий, зоригтой байх хэрэгтэй. Аливаад тууштай, эрэмгий байх ёстой гэж боддог. Монгол эмэгтэйчүүд амьдралд хүнд ачаа үүрч байгаа тухай ярих нь хэт өрөөсгөл. Энэ бол дэлхийн бүхий л улс орнуудын эмэгтэйчүүдэд тулгамддаг.

Үүнийг даван туулж гарах нь бусдыг манлайлахыг зорьж буй эмэгтэйн эхний алхам байж болно. Нөгөөтэйгүүр хэрэв та манлайлагч байхыг хүсч байгаа бол ажлын байран дээрээ үр бүтээлтэй, үлгэр дууриалалтай ажиллах хэрэгтэй юм. Гэтэл сүүлийн үед “Надад энэ ажил таалагдсан, таалагдаагүй. Таван жил ажилласан одоо өөр ажил хийнэ. Залхсан, залхаагүй” тухай ярих болжээ. Үүний оронд тогтвортой ажиллах дадалд суралцах ёстой. Хөгжилтэй улс орны жишгээс харахад ажлаа залхаж биш илүү үр дүнтэй, бусдад өгөөжтэйгээр хийдэг юм билээ.

МЭДЭЭЛЛИЙГ ЗӨВӨӨР ОЙЛГУУЛАХ НЬ АЖЛЫН 50 ХУВИЙГ НУГАЛДАГ

Мэдээж төрийн үүрэг оролцоог улсын хөгжлөөс салгах боломжгүй. Аливаа бүтээн байгуулалтыг хийхдээ нийгэмдээ ойлгуулах шаардлагатай. Яагаад гэвэл, төрөөс хийж хэрэгжүүлж байгаа ажлууд, бодлого шийдвэрүүд миний амьдралд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг хүмүүс хамгийн ихээр сонирхдог.

Жишээлбэл, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр иргэн Батын амьдралд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Ингэснээр тухайн хийх ажлын 50 хувийг “нугалчихлаа” гэсэн үг. Тэгэхээр улс орныхоо хөгжлийн бодлого, хийх гэж байгаа ажлын талаар хүмүүст маш сайн ойлголт өгөх учиртай юм. Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа 2050” бодлогын бичиг баримтын талаар хүмүүст зөв мэдээлэл хүргэж чадсан.

Түүний дараагаар Шинэ сэргэлтийн бодлого, Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогыг иргэддээ сайтар танилцуулж чадвал эсэргүүцэлтэй тулгарахгүй. Түүнээс гадна байгаль орчны хувьд хүмүүс анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай. Учир нь Монгол орны газар нутгийн 76 хувь нь цөлжилтийн байдалтай байна гэсэн судалгаа гарсан. Энэ бол аюул. Тэгэхээр бидэнд ирээдүйд уух ус, амьсгалах агаар, идэх хүнсгүй болох эрсдэл тулгарч байна. Манай улсын хувьд байгаль орчны салбарт бодитой хөрөнгө оруулалт хийх учиртай. Учир нь ногоон байгууламжийг цогцоор нь хөгжүүлж, амжилттайгаар байгаль орчноо хамгаалж байгаа улс орнуудыг харахад хүний нөөц, хөрөнгө мөнгөний асуудлыг дорвитой шийдвэрлэсэн байдаг юм билээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд гадны улс орнуудын ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, байгаль орчны чиглэлээр хийж байгаа ажилтай танилцаж, туршлага солилцсон. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах нь зөвхөн монголчуудад хамаатай асуудал биш гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Тиймээс “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр цаг үеэ олсон хөдөлгөөн гэж хардаг. Харин Монгол Улсын байгаль орчны салбарт улсынхаа хэмжээнд 4000 гаруй мэргэжилтэн бий. Хэрэв бид уур амьсгалын өөрчлөлттэйгээ тэмцэх гэж байгаа бол үүнээс олон мэргэжлийн хүмүүсийг бэлтгэх ёстой. Мөн энэ салбартаа хангалттай хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, байгаль орчны салбарыг хөгжүүлэхийн тулд ажиллах хүч болоод хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлага тулгарсныг онцолмоор байна. Мөнгө хүн бүрт хэрэгтэй. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Тэгвэл байгаль орчны салбарыг хөгжүүлэхэд хүн бүрийн оролцоог хангаж мөнгө олох хөшүүрэг болгох боломж бий.

Торуулбал, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг эдийн засаг талаас нь харж өөртөө санхүүгийн эх үүсвэр болгох боломжийг бүрдүүлж болно. Өөрөөр хэлбэл, өөрийн эзэмшлийн газартаа мод үржүүлгийн бизнес эрхэлж болно. Тэр ч бүү хэл, ногоо, жимс, ургамал тариалдаг болсноор санхүүгийн эх үүсвэртэй болно.

Хамгийн наад зах нь тарьсан жимсээрээ эх орны хөрсөнд ургасан жимсний чанамал хийж болно шүү дээ. Энэ мэтчилэн уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах ажилд өөрийн хувь нэмрийг оруулахын зэрэгцээ өрхийн эдийн засгийн өсөлтийг бүрдүүлэх хөшүүрэг болж байна. Нөгөөтэйгүүр, хүн бүрийн оролцоо "Тэрбум мод" хөтөлбөрийн хэрэгжилтэд эерэгээр нөөлөөлнө.

“МОНГОЛЧУУД МОД ТАРЬЖ ЧАДДАГ”

Монголчууд мод тарьж, цэцэрлэгт хүрээлэн байгуулж чадна гэдэг итгэлийг өгөх цорын ганц байгууллага нь “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”. Хайргархаг хөрстэй энэ газар 2009 онд ганц ширхэг ч мод байгаагүй. Гэтэл өнөөдөр 170 мянган модны 98.5 хувь нь ургаж байна. Түүнчлэн ургасан модноосоо үр авч тарьц суулгац бэлдэн эргүүлэн тарьж байна шүү дээ. Бид нийслэлийнхээ хүн амтай дүйцэхүйц буюу 1.5 сая модыг цэцэрлэгт хүрээлэндээ тарьж ургуулах зорилго тавин ажиллаж байгаа.

Ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг монголчууд хаана ч байсан байгуулж, тордож, ургуулж чадна гэдгээ 14 жилийн хөдөлмөрийн үр дүнгээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олон харуулж байгаа гэдгийг хэлмээр байна. Цаашилбал, ийм хэмжээний цэцэрлэгт хүрээлэнг улсынхаа аль ч нутаг дэвсгэрт байгуулж чадна гэдгээ нотолж байна.

Тэгэхээр урт хугацааны зөв хуваарилалт, чиглүүлэлт, системт бодлого улсын хөгжилд дорвитой хөшүүрэг болно гэдгийг хэлмээр байна. Зөвхөн өөр хоорондоо хэлэлцэхээс илүүтэй гадны сайн туршлагуудыг бид нэвтрүүлэх шаардлагатай. Мэдээж улсын хөгжилд салбар бүрийн оролцоо чухал байр суурийг эзэлнэ. Ингэхдээ бодлогын түвшинд зөв тодорхойлох учиртай. Энэ бүхэн гарах үр дүнгийн 50 хувийг бүрдүүлэх бол хувь хүний оролцоо, хандлагаас бусад нь шалтгаална. Хамгийн гол нь Монгол Улсын хөгжил зөвхөн нийслэл Улаанбаатарт амьдардаг хүмүүсийн хэрэглээ, амьдрах орчноор илэрхийлэгдэхгүй. Бид орон нутгаа зэлүүдхэн, хөгжил буурай орхичихоод улсаа хөгжүүлэх тухай ярих хэрэггүй. Мэргэжил, боловсрол эзэмшсэн хойноо нийслэл бараадан үлдчихээд “хөдөө нутаг дэд бүтэцгүй, боловсон хүчний хомсдолтой” гээд суудаг байж болохгүй. Нутаг орноо хөгжүүлэхэд таны оролцоо чухал гэдгийг залуустаа хэлмээр байдаг. Учир нь Монгол Улсын хөгжил 21 аймаг, сум, суурингийн хөгжлөөс хамаарна. Орчин үед техник технологийн дэвшлээр аливаа зүйлийг энгийн байдлаар шийдвэрлэх боломжтой болсон. Магадгүй нийслэлийн түгжрэлд бухимдаж суухын оронд төрсөн нутагтаа  илүү амар амгалан амьдрах боломж хүн бүрт бий.

Эх сурвалж: Д.ОЮУНЧИМЭГ “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав4 цаг 56 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө5 цаг 3 минутын өмнө“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдааны шагналыг гардууллаа5 цаг 8 минутын өмнөСэрэмжлүүлэг: Хот, суурин газарт хүрэн баавгай орж ирэхээс сэрэмжлүүлж байна5 цаг 13 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович-д бараалхлаа5 цаг 16 минутын өмнөБайгаль, цаг уураас хэт хамааралтай туршлагыг өөрчлөхөд хамтын ажиллагааг чиглүүлэх боломжтой гэв5 цаг 20 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа5 цаг 23 минутын өмнөБ.Дашпүрэв: Өнөөдөр автобензиний хомсдолтой 12 суманд шатахуун нийлүүлнэ5 цаг 27 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ5 цаг 34 минутын өмнөАБГББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв5 цаг 39 минутын өмнөДаваа гарагт Балба даяар гашуудал зарлажээ8 цаг 23 минутын өмнөБүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчилна9 цаг 10 минутын өмнөШаардлага хангаагүй эмийг эргүүлэн татаж байна9 цаг 12 минутын өмнөМонтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа9 цаг 57 минутын өмнөТөрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна9 сар 8. 10:04Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв9 сар 8. 10:00Монголын пара шатарчид анх удаа дэлхийн шатрын олимпиадад оролцоно9 сар 8. 9:56“Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны 3 дахь дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарч байжээ9 сар 8. 9:51Ерөнхий сайд Н.Учрал: 2026 оны төсвийн тодотгол бол төсвөө иргэддээ зориулж, дарамтыг төр өөртөө авах бодлогын шийдэл юм9 сар 8. 9:44УБЦТС: Энэ долоо хоногт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 8. 9:41Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа9 сар 8. 9:37Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ9 сар 8. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан9 сар 8. 9:07Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно9 сар 7. 19:26Маргааш Сүхбаатарын талбайн төв зогсоолыг түр хаана9 сар 7. 19:06Ерөнхий сайд Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна9 сар 7. 15:05О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан УИХ-ын дарга С.Бямбацогтын бүрэн эрхэд халдаж, Цэцэд дуудагдах болзлоо хангав уу9 сар 7. 13:41Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн, хадгалсан зөрчлийг илрүүлжээ9 сар 7. 12:43С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцжээ9 сар 7. 12:34Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо9 сар 7. 12:31
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.