Цус ойртолтын тод илрэл нь аминч үзэл


10-р сарын 15
10 цаг 45 минут

      Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн цус ойртолтын нэг судалгаа бий. Нэлээд хэдэн жилийн өмнөх уг судалгааг анагаах ухааны доктор, хүний их эмч Ц.Энхмаа танилцуулж байв.  Монголчууд өмнө нь ургийн бичиг хөтөлж цус ойртолтоос сэргийлж байж. Малаа дагаж нүүдэллэж, оторлож явдаг ахуй нь ч цус ойртолтын аюулаас холдуулж байсан гэж Ц.Энхмаа доктор ярьж байлаа.

Урьд цагт отор нүүдэл хийж явдаг залуус өөр аймгийн бүсгүйчүүдтэй танилцаж гэр бүл болох явдал их байсан аж. Засаг захиргааны нэгжийн хувьд өнөөдрийнх шиг хэтэрхий жижиг олон аймаг биш дөрвөн аймгийн тогтолцоотой байсан нь эерэг нөлөө үзүүлж байжээ. Гэвч 1925 онд Засгийн газрын нууц тогтоол гарч, монгол хүн угийн бичгээ хөтөлж овгоо хэрэглэхийг хаажээ. Энэ талаар Ц.Энхмаа доктор “Ямар учиртайгаар тийм шийд гарсныг мэдэхгүй. Эрдэмтэн судлаачийн хувьд ухаад бодохоор эртэй, бяртай хэдэн монголыг цус ойртуулах, хүчийг нь сулруулах харь гүрний бодлогын нэг илрэл юм болов уу гэж хардаг” хэмээн ярьж байсан нь санаанд тод үлджээ. Ингээд монголчуудын цус ойртолтоос хамгаалах ухаан гээгдэж эхэлжээ.

Монголчууд аав, ээжийн удмаас есөн үеэс дотогш хүнтэй гэрлэхийг хориглосоор ирсэн нь шинжлэх ухааны үндэстэй байж.

Хүн 32040 генийнхээ 16020 буюу 50 хувийг ааваасаа, үлдсэнийг нь ээжээсээ авдаг аж. Өвөө, эмээгийн хувьд энэ хамаарал хоёр дахин багасна. Тодруулж хэлбэл 8010 генээ өвөөгөөсөө авдаг байна. Үлдсэн 8010 нь эмээгийнх.

Энэ мэтээр хамаарал нь багассанаар 10 дахь үедээ бараг хамааралгүй болж харь элгийн хүнийх шиг болдог юм байна. Генийн сангийн тодорхой хувиар ижил хүмүүс хоорондоо гэр бүл болох нь гажиг төрөлтөөс эхлээд олон үр дагавар авчирдаг гэнэ. Цус ойртолтыг шууд болон алсуур гэж хоёр ангилдаг байна. Цусан төрлийн улс шууд цус ойртолт болдог бол нэг нутаг усныхан хоорондоо гэрлэх нь алсуур цус ойртолт болдог аж. Монголчуудын цус ойртолтыг судлаад үзэхээр нийт цус ойртолтын 97.24 хувийг шууд цус ойртолтын хэлбэр эзэлж байгаа юм байна. 2.74 хувь нь алсуур цус ойртолт гэсэн судалгааны дүн гарчээ.

НЭМХ-ийн судлаачид цус ойртолтыг аймаг бүрээр гаргаснаа танилцуулахад цус ойртолтгүй аймаг байгаагүй юм. Гэхдээ алслагдсан, хүн ам цөөхөн газруудад цус ойртолтын тохиолдол өндөр байгааг тэдний гаргасан статистикаас харж болохоор байсан юм.

Монголчууд өнөөдөр өөрсдөөсөө дээш гурав дахь үеэ мэдэхгүй байгаа нь гашуун нь ч гэлээ үнэн гэж судлаачид хэлсээр ирсэн.

Элэнцийн түвшнээс хуланц өвөг эмгийн түвшний хоорондох үр удам өөр зуураа гэрлэх үзэгдэл түгээмэл ажиглагдаж байгаа гэсэн эмзэглэмээр үнэн бий. Тэр дундаа хуланцын түвшний үр удмууд олноороо гэрлэх болж. Монголчууд гурав дахь үеэ элэнц, дөрөв дэх үеэ хуланц хэмээн нэрийддэг. Тэгэхээр гурваас дөрөв дэх үеийн ах дүү нар гэрлэхэд илэрдэг түвшний цус ойртолт манайд давамгайлж байгаа гэсэн үг. Залуус “Чи бид хоёр цусан холбоогүй” гэсэн ерөнхий таамгаар гэрлэж байгаа гэж судлаачид сануулж байна.

Гэрлэлтийн бүтэц цус ойртолтод нөлөөлж байгаа гэнэ. Хөдөөгийн багийн хүн амын нийт гэрлэлтийг судалж үзжээ. 85.4 хувь нь тухайн багийн уугуул хүмүүс хоорондоо гэрлэж байгаа гэнэ. Нэг сумын уугуул хүмүүс хоорондоо гэрлэх нь мөн өндөр хувьтай байна. Сумын нийт гэрлэлтийн 73 хувийг нэг сумын гэр бүлүүд эзэлж байна гэсэн цочирдом тоо нэлээд хэдэн жилийн өмнө дуулдаж байлаа. Өнөөдөр ч энэ тоо буураагүй хэмээн судлаачид хэлж буй. Цус ойртолтын бас нэг түгшим үнэн гэвэл нэг аймгийнхан хоорондоо гэрлэх явдал ихэссэн нь. Аймгийн хэмжээний гэрлэлтийн хувийг тандаад үзэхэд 86.1 хувь нь нэг аймгийнхан гэр бүл болсон,  өөр баг, өөр сум, өөр аймгаас гэр бүл болох явдал маш цөөхөн хувьтай гарч байсан юм, цөөнгүй жилийн өмнө.

Цус ойртолтын тод илрэл нь аминч үзэл

Цус ойртолт ямар хор уршигтайг хүний генетикийн шинжлэх ухаан аль хэдийнэ тогтоожээ. Цус ойртолтын хэд хэдэн шинж тэмдэг бий аж. Оюун ухаан сэтгэхүйн чадавхийн түвшин буурах, оюуны төрөлхийн болон гүнзгий хомсдолтой төрөх хүүхдийн тоо өсөх нь цус ойртолттой холбоотой юм байна. Мөн дархлаа буурах, аминчхан бодолтой хүмүүсийн тоо өсөх нь ч цус ойртолтын тод хэлбэр гэнэ. Бие бялдрын өсөлт давжаарах ч цус ойртолттой шууд хамааралтай аж.

Шүд нь давхарлаж ургасан хүүхэд, хөгшин хүний төрхтэй ураг, хэл нь салаалсан хүн гээд цус ойртолтоос үүдсэн гажгууд ч манай ажиглагддаг байна.

Цагаан сормуус, үстэй альбиносууд ч цус ойртолтын үр дагавар юм байна. Цус ойртолтоос болж хаан угсаа мөхсөн жишээг ч бий.  Испанийн Хабсбургийн хаан угсаа мөхсөн шалтгааныг Сантъяго хотын их сургуулийн эрдэмтэд судалж үр дүнгээ шинжлэх ухааны томоохон сэтгүүлд гаргажээ. Хабсбургийн хаан угсааны нэгэн үеийн түүхийг харуулсан кино ч байдаг. “Хатан хаан Си Си” гэхээр уншигчид андахгүй. Хабсбургийнхан 1500-1700-гаад он хүртэл 200 гаруй жил хаан төр барьсан хүчирхэг угсаа аж. Энэ хаан угсааны мөхөлд цус ойртолт нөлөөлсөн эсэхийг эрдэмтэд судлаад тийм гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хабсбургийн угсааныхны хувьд дандаа ойр төрлийнхөн хоорондоо гэрлэдэг байж. Филипп I гэдэг хаанаас Хабсбургийн хаан угсаа эхэлжээ. Хамгийн сүүлчийн хаан нь Чарльз II аж. Энэ хооронд 11 цус ойртсон гэрлэлтийг судлаачид илрүүлжээ. Найм нь дандаа үеэлүүдийн гэрлэлт байсан гэнэ. Чарльз II хүртэл цус ойртолтын коэффициент арав дахин өссөн гэсэн тооцоо гарчээ. Сүүлийн хаан Чарльз II 39 насандаа өөд болсон юм байна. Үр хүүхэдгүй, удамшлын хоёр төрлийн эмгэгээр тарчилж байсан, данхар толгойт гэсэн хочтой энэ хаан цус ойртолтын жинхэнэ золиос болсон гэж судлаачид дүгнэжээ.

Цус ойртолтоос үүдсэн гажгийн хэлбэр улам хүндэрч эхэлжээ

Эрүүл мэндийн сайдын 2005 оны 77 тоот тушаалаар ЭХЭМҮТ-ийн дэргэд төрөлхийн согог гажигтай хүүхдийг бүртгэдэг болжээ. Улсын хэмжээнд бүртгэж эхэлсэн гэсэн үг. Төрөлхийн гажиг, согогтой хүүхдүүдийг бүртгэдэг хүмүүс улсын хэмжээнд ямар гажиг согогтой хүүхдүүд төрж байгаа судлаад бүртгэчихэж. Зүрхний гажигтай, уруул сэтэрхий, уруул, тагнай хоёулаа сэтэрхий, зөөлөн тагнай, хүүхэн хэл сэтэрхий, зөөлөн тагнайгүй, өтгөний сүв битүү, хэвлийн урд талын хана хөгжөөгүй, тархи устай, нугас эвэрхий, олон эрхтэн тогтолцооны гажиг хавсарсан хэлбэрээр гэсэн арван төрлийн гажиг бүртгэгджээ. 2005-2009 оны эхний зургаан сарын байдлаар гэхэд л улсын хэмжээнд 689 хүүхэд гажигтай төрсөн байна. Гэхдээ ихэнх аймгийн мэдээлэл бүрэн бус байж. Тэгэхээр үүнээс олон гажигтай хүүхэд төрсөн гэсэн үг. Төрөлхийн согог гажигтай хүүхэд төрөөгүй аймаг байхгүйг судлаачдын гаргасан тооноос харж болохоор. “Хоёр, гурван аймагт л согог гажиг илрээд бусдад нь хоосон бол агаарын бохирдол, химийн бодис, хүнсний аюулгүй байдал гэх мэт тохиолдлын шинж чанартай байхыг үгүйсгэхгүй. Гэтэл бүх аймагт илэрч байгаа нь айхтар дэвсгэр хүчин зүйл байгаа хэрэг” гэж Ц.Энхмаа доктор ярьж байсан удаатай.

Судлаачид цус ойртолтыг уртраг, өргөргөөр нь судлаад гаргаад ирж. Өргөргийн дагуу Хөвсгөлөөс Өмнөговь руу урагшаа явах чиглэлд цус ойртолт нэмэгдэж байжээ. Согог гажигтай хүүхдийн тоо ч үүнийг дагаад өсч байгааг судалгаагаар тогтоожээ. “Хүн амыг цус ойртолтоос гаргах, хамгаалах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол согог гажигтай төрж буй хүүхдийн тоог цөөрүүлнэ гэж зүүдлээд ч хэрэггүй болсон” гэсэн судлаачийн үгийг энэ дашрамд онцолъё.

Гажгийн хэлбэр хүндэрч улаан хоолой, цагаан хоолой хоёр нь нийлсэн хүүхэд төрж байжээ. Уруул сэтэрхий, тагнай цоорхойг мэс заслаар аргалж болох ч энэ тохиолдолд яаж ч болохгүй аж. Нүдний төрөл бүрийн хүнд гажигтай хүүхдүүд олноор төрөх болсон, нүдний алим нь төрөлхийн жижигхэн, нүднийх нь алим дотор хальс бий болсон хүүхдүүд ч олноор төрсөн гэх мэдээлэл ч бий. Төрөлхийн согог гажигтай төрж буй хүүхдийн тоо цус ойртолттой шууд шугаман хамааралтай өсч буйг судлаачид онцолсоор ирсэн.

Цус ойртолттой шууд хамааралтай өсч буй өвчний 13 бүлэг бий

Монгол Улс хүн амынхаа өвчлөл нас баралтыг 1996 оноос өвчний олон улсын аравдугаар ангиллын статистик руу оруулжээ. Өвчлөлөө үүний дагуу бүртгэдэг болсон гэсэн үг. Энэ статистикаар бол бүх өвчлөлийг 19 том бүлэгт хуваадаг байна. Цусны эргэлтийн тогтолцооны өвчин гэхэд л дотроо даралт ихсэх, судас хатуурах гээд задраад явчихдаг аж. Энэ өвчнүүдийг арван жилийн хугацаанд судлаад үзэхэд нийт аймаг, суманд ялгаагүй шахуу жигд тархсан байж. Эндээс хүн амын өвчлөлд сүүдэр шиг мөнхөд дагаж явдаг суурь шалтгаан үүссэнийг харж болно гэж судлаачид онцолж байна. Сүүдэр шиг дагаж яваа шалтгаан нь тэднийхээр цус ойртолт аж. 95 хувиас дээш түвшинд цус ойртолт, хүн амын нийт өвчлөл хоёр шууд хамааралтай байна гэсэн цочирдмоор дүгнэлт гарчээ. Цус ойртолттой шууд хамааралтай өсч байгаа өвчний бүлэг гэхэд л 13 байна.

Эх сурвалж: nio.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна3 сар 7. 14:57Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв3 сар 7. 14:51Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна3 сар 7. 14:35“Ухаалаг хот”-ыг хөгжүүлэхэд Япон улстай хамтран ажиллана3 сар 6. 18:09УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Иргэн, аж ахуйн нэгжүүдийг зөвшөөрөл авахад хүндрэл учруулснаар авлига, хээл хахуулийн асуудал болон даамжирдаг3 сар 6. 18:06Метроны чиглэлээр БНСУ-д магистрт суралцах долоон оюутантай хариуцлагын гэрээ байгууллаа3 сар 6. 17:57Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ3 сар 6. 17:54Их хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгарууллаа3 сар 6. 17:49Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ3 сар 6. 14:29Эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа3 сар 6. 11:30Тэрбумтнуудын тоогоор Хятад тэргүүлжээ3 сар 6. 11:25Нурууны мэдрэлийн ёзоорын өвдөлт намдаах тарилга нэвтрүүлжээ3 сар 6. 11:20Шар усны үерийн аюулын зураглалаар нийт нутгийн 2.5 хувь нь маш их, аюулын зэрэглэлтэй байна3 сар 6. 10:12Ойрхи дорнодоос буцах хүсэлтээ өгсөн148 иргэнийг авчрах боломжийг судалж байна3 сар 6. 10:01Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурлаа3 сар 6. 9:47УИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ3 сар 6. 9:14Цаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна3 сар 6. 9:07Л.Хосбаяр: Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна3 сар 5. 17:02Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ3 сар 5. 16:59Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ3 сар 5. 16:53Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна3 сар 5. 15:06“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо3 сар 5. 15:032026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл үргэлжилж байна3 сар 5. 12:36“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо3 сар 5. 10:12УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална3 сар 5. 10:09Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ3 сар 5. 9:59УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Чех Улсад албан ёсны айлчлал хийлээ3 сар 5. 9:55“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт зарласантай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгч, төслийг танилцууллаа3 сар 5. 9:51УИХ-ын дарга Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно3 сар 5. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн3 сар 5. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.