ТОВЧ АГУУЛГА
Ураны төслөөс авах АМНАТ-ыг дэлхийн дунджаас өндөр тогтоосон
Хөрөнгө оруулалтын гэрээ боловсруулах ажлын хэсэгт нэг ч физикч, эрдэмтэн алга
Уран олборлох төслийг хэрэгжүүлснээр цөмийн энергийг хэрэглэх, атомын цахилгаан станцтай болоход нэг алхам урагшилсан, нэг шат ахисан үйл явдал болж байна.
Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа.
-Ерөнхийлөгч Францад айлчлах үеэр Засгийн газар болон Францын “Орано майнинг” компанийн хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан. Энэ протоколоор хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа баримтлах хүрээг тогтоож, аль аль талдаа харилцан ашигтай байхаар тохирсон. Тухайлбал, манай улс эзэмших 34 хувиасаа татгалзаж АМНАТ-аа 5-19 хувь байхаар тогтжээ. Протоколыг үйлдсэний дараа нийгэмд хөрөнгө оруулалтын хэмжээ арай бага юм биш үү гэх шүүмжлэл гарах болсон. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Дэлхий нийтэд 500 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулалттай төслийг мега төсөл гэдэг. Мега төслүүд улс орныг хөтөлж, хүчирхэгжүүлж, авч явдаг. Орчин үед жижиг, дунд үйлдвэрийг дэмжих ёстой гэж ярьж байна. Хуучин бол жижиг үйлдвэрээс том болж хөгжинө гэж ярьдаг байсан. Одоо дэлхий нийтэд өндөр технологи хөгжиж, эдийн засаг интеграцад орж, дэлхий нийтээр хавтгай болсон энэ үед мега төслүүд хэрэгжсэнээр түүнийг дагаж, жижиг дунд үйлдвэрлэл хөгжинө. Энэ утгаараа Эрдэнэт үйлдвэр шиг, Эрдэнэс тавантолгой шиг, Энержи ресурс шиг, Оюу толгой шиг дараагийн мега төсөл эхэлж байна.
Та хөрөнгө оруулалтын хэмжээ бага юм биш үү гэж хэлж байна. Ураны төслийн эдийн засгийн өгөөж алтны төсөл шиг хэмжээний байхгүй. Гэвч мега төсөл, олон жил үргэлжлэх төсөл учраас үүнийг дагаад ажиллагсдын цалин хөлс, татвар, хураамж гээд урт хугацаанд ашгаа өгөх төсөл болно.
Манайд АМНАТ гэж ярьдаг. Дэлхий нийтэд роялти гэж хэлдэг. Энэ нь тухайн улсад байгаа ашигт малтмалыг ашигласны төлөө төсөл хэрэгжүүлж байгаа газар нь улсад төлдөг мөнгө юм. Өөрөөр эзний мөнгө ч гэж хэлдэг. Үүнийг дотоодын ч, гадаадын ч хөрөнгө оруулагч төлнө. Дэлхийн дундаж роялти гурван хувь байдаг. Харин энэ төслийн урьдчилсан протоколд хамгийн багадаа таван хувь, дунджаар 11 хувь, өсөлтөөс хамаараад 19 хүртэлх хувиар АМНАТ төлөхөөр тохирсон байна. Миний хувьд хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах ажлын хэсэгт байхгүй, олон нийтийн дунд байгаа мэдээллийг үндэслэн ярьж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй.
-АМНАТ-ыг олон улсын дунджаас бол өндөр тогтсон харагдаж байна?
-Тийм ээ. Олон улсын дунджаас өндөр байхаар зарчмын тохиролцоонд хүрсэн.
-Монголын тал ч, Францын тал ч хөрөнгө оруулалтын гэрээгээ хамгийн гол нь харилцан ашигтай л байлгая гэдэг зарчим барьж байгаа гэсэн. Ийм байх боломжтой юу?
-Хөрөнгө оруулалт ч тэр, хоёр хүний хоорондох харилцаа ч тэр тэнцвэртэй байдал дээр тогтдог юм. Ямар ч хөрөнгө оруулалт харилцан ашигтай, хамтын ажиллагаан дээр тогтох учиртай. Энэ зарчмыг барьж урьдчилсан хэлэлцээг хийсэн.
Аливаа зүйлийг зөвхөн мөнгөний нүдээр харах нь учир дутагдалтай. Дэлхийн байдал хэцүү байгаа энэ цаг үед манай улс зэвсэг, техникээр аюулгүй байдлаа хангаж чадахгүй. Аль ч улс ингэж хангахаа больсон. Манай улсын гадаад бодлого, аюулгүй байдлын үзэл баримтлал дээрээ тусгаар тогтнол, аюулгүй байдлаа дипломат яриа хэлэлцээний замаар шийднэ гэж заасан. Энэ утгаараа Франц улс бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүний нэг. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн улсуудтай бид өндөр түвшинд хамтран ажиллах шаардлагатай. Ялангуяа, цөмийн энерги, өндөр технологийн түвшинд хамтран ажиллах, аль алиных нь хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих шаардлагатай. Уран олборлох төслийг хэрэгжүүлснээр цөмийн энергийг хэрэглэх, атомын цахилгаан станцтай болоход нэг алхам урагшилсан, нэг шат ахисан үйл явдал болно.
Монгол Улс атомын цахилгаан станцтай болох нь цаг хугацааны л асуудал.
Уран олборлоод, шар нунтаг болгон боловсруулаад, экспортолж буй орон бол атомын цахилгаан станцтай болох нь цаг хугацааны асуудал. Монголын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн талаар баримтлах бодлого дээр Монгол Улс цөмийн энергийг ашиглана гэж тусгасан.
Цөмийн энерги ашиглах нь олон стратегийн давуу талтай. Өнөөдөр та бүхэн харж байна. Улаанбаатар хот утаандаа баригдсан, өвлийн улиралд хамгийн бохирдолтой хотын жагсаалтыг байнга тэргүүлдэг. Утаа гаргадаггүй эрчим хүч, цэвэр эрчим хүч бол цөмийн энерги юм. Г.Хүүхэнхүү гуайн бичсэн “Монгол Улсын цөмийн энергийн салбар, түүхэн хөгжил, цаашдын ирээдүй” гарын авлагад нэг кг цэвэр уранаас гаргах эрчим хүч нь эрчим хүчний нэг сая тонн орчим нүүрснээс гаргах эрчим хүчтэй ойролцоо байна гэсэн байдаг.
Монгол Улс Киотогийн протоколд нэгдсэн. Тус протоколд нүүрснээс гаргах агаарын бохирдлыг үүсгэхгүй, цэвэр эрчим эрч хүч үйлдвэрлэнэ гэсэн байдаг. Иймд бид нүүрснээс гаргах эрчим хүчийг багасгаж, цөмийн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа усны, слахины, нарны, газрын гүний дулааны гээд эрчим хүчний олон эх үүсвэрийг ашиглах шаардлагатай тулгарч байна. Тиймээс цөмийн энергийн салбарт энэ хамтын ажиллагаа хамгаас чухал.
-Таны хувьд эдийн засгийн ач холбогдлоос илүү стратегийн ач холбогдлыг чухалчилж байх шиг байна?
-Эдийн засгийн ач холбогдол чухал ч стратегийн ач холбогдол нь түүнээс ч илүү. Стратегийн ач холбогдлыг мөнгөөр үнэлэх аргагүй. Франц бол ураныг бүрэн хэмжээнд боловсруулж, цөмийн технологийг бүрэн цикл хийдэг орон. Үүнийг дагаад бусад компаниуд дагаж орж ирдэг жишигтэй. Үүний жишээг Казахстан улсаас харж болно. Казахстан бол манай улстай нэг гараанаас эхэлсэн улс. Франц-Казахстаны хамтын ажиллагаа дэлхийн түвшинд хүрч, Казахстан дэлхийд нэг номерын уран экспортлогч, дэлхийн эдийн засаг, стратегийн хувьд томоохон тоглогч болсон. Тиймээс энэ төслийг зөвхөн эдийн засгийн ач холбогдлын талаас харах нь учир дутагдалтай гэж бодож байна.
Ураны эрэл хайгуул, тандан судалгаа, олборлолт гээд бүх явцад цөмийн болон цацрагийн хяналтыг Олон улсын атомын энергийн агентлагаас гаргасан дүрэм, стандартыг баримталдаг. Хүмүүс уран хортой юу, хоргүй юү гэсэн хоёрхон асуултыг л асууж байна. Аливаа зүйл өндөр ашигтай байх тусам эрсдэл нь өндөр байдаг. Уран нь цацрагийн хувьд эрсдэлтэй, химийн хувьд хоруу чанартай элемент мөнөөсөө мөн. Тиймээс үүнийг олборлохдоо цөмийн болон цацрагийн хяналтыг өндөр түвшинд ашиглах шаардлагатай. Иймд бүх үйл явцад ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд, ОУ-ын атомын агентлагийн хяналт дор явагдана. Цөмийн энергийн тухай хууль, төрийн бодлогод энэ бүгд туссан.
Тугал хордсоныг уранаас боллоо гээд сэвээд байсныг судлаад үзсэн чинь уран биш селени үхлийн дозоор гарсан шүү дээ. Монголын төр нүдтэй, үүнийг харж байгаа байх гэж найддаг.
-Манай тал Бадрах Энержи ХХК-ийн 34 хувийг эзэмшиж байгаагийн хувьд энэ хувьдаа дүйцэхүйц хөрөнгө оруулалт хийх асуудал яригдана. Харин сая Францад хийсэн урьдчилсан хэлэлцээгээр манайх энэ хувиасаа татгалзаж, харин АМНАТ-аа өндөр авахаар тохирсон нь хэр зөв шийдвэр юм бэ?
-Миний харж байгаагаар бол Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээн дээр гаргасан алдаагаа дахин давтахгүй гэж үзэж байх шиг байна. Энэ алхмыг буруутгаад байхгүй. Засгийн газарт энэ хөрөнгө оруулалтын гэрээг хэрхэн хийх вэ гэдэг бүрэн эрх нь бий. Хөрөнгө оруулалтын гэрээгээ боловсруулаад Засгийн газрын хуралдаанаар оруулаад УИХ-аар батлуулах ажил хүлээгдэж байна. Амжилттай болох байх гэж хувьдаа найдаж байна.
-Олон нийтийн дунд уран хортой, ургийн гажигтай болгох юм байна гэсэн мэдээлэл давамгайлж байна. Ураны талаарх олон нийтийн бодол ийм байгаа нь цаашид төслийг үргэлжлүүлэхэд саад тотгор болох болов уу?
-Олон нийтийн физикийн боловсролыг сайжруулах шаардлага бий. Дээр үед нийтийн биеийн тамирын боловсролыг дээшлүүлнэ гэдэг байсан бол одоо нийтийн шинжлэх ухааны боловсролыг дээшлүүлье гэж ярих шаардлагатай болжээ. Хар ухаанаар гэдэг үгнээс салж, шинжлэх ухаанчаар асуудалд хандаж, судлаач шинжээчдийн үгийг сонсох хэрэгтэй.
Фүкүшимагийн осол шиг осол болвол яах юм бэ гэж асуудаг. Хүмүүс тухайн ослыг атомын цахилгаан станцын улмаас олон мянган хүн үхсэн мэт ойлгодог. Үнэндээ 9.0 баллын газар хөдлөлтөөс болж цунами үүссэн. Тэр цунамигаас болж 20 мянга орчим хүн хорогдсон юм. Атомын цахилгаан станцаас болж хүн үхээгүй. Япон улс ийм хэмжээний хүнээ нэг дор алдсан нь харамсалтай боловч нөгөө талдаа эрдэмтэд цөмийн энергийн салбарт шинэ нээлт хийсэн юм шүү дээ. Хүн төрөлхтөн тухайн үед 8.0 баллын газар хөдлөлтөд цөмийн станцыг сэгсрэх туршилт хийж үзээгүй байсан. Харин тэр туршилтыг байгаль эх хийж өгсөн юм. Осол болсноор 8.0 баллаас дээш газар хөдлөлтөд цөмийн станц дэлбэрэхгүй, буруу ажиллахгүй юм байна, аюулгүй юм байна гэдгийг нотолж өгсөн юм. Мэргэжлийн хүмүүс ийм дүгнэлт хийсэн. Мэргэжлийн хүмүүс, эрдэмтэд, судлаачид үүнийг юу гэж ярьж байна, эрдэм шинжилгээний нийтлэлүүд дээр юу гэж бичсэн байсныг олж харах чухал.
Аливаа төслийг хэрэгжүүлэхдээ олон нийтийн санаа бодолд зөв бөгөөд шинжлэх ухаанч мэдээллийг тогтмол хүргэж байх ёстой. Ингэж байж таны хэлээд байгаа эрсдэлийг бууруулна. Мэдэхгүйгээр энэ төслийг эсэргүүцэж байгаа бол тэр хүмүүсийг мэдлэгжүүлэх ёстой. Харин мэдээд эсэргүүцэж байгаа бол яагаад эсэргүүцээд байгааг нь олох шаардлагатай. Үндэсний хэмжээний томоохон төслийг зогсоохыг оролдож байгаа хүмүүсийн цаад санаа, цаана нь байгаа этгээдийг олж тогтоох шаардлагатай.
Тугал хордсоныг уранаас боллоо гээд сэвээд байсныг судлаад үзсэн чинь уран биш селени үхлийн дозоор гарсан шүү дээ. Монголын төр нүдтэй, үүнийг харж байгаа байх гэж найддаг.
Улс орнууд цөмийн технологийг ашиглаж сансар огторгуйг эзэмдэх гэж байхад монголчууд бид дэлхий дээрээ торойгоод үлдэж болохгүй.
-Таны хувьд хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа манай талын ажлын хэсгийг юунд анхаарахыг сануулах вэ, бид юун дээр алдаж болзошгүй вэ?
-Физикчдийг ажлын хэсэгт оруулж, зөвлөгөө мэдээлэл авах шаардлагатай. Цацрагийн хяналтыг хэрхэн хийх вэ, аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ, энэ талаар гэрээндээ юу тусгах вэ, цацраг идэвхит ашигт малтмалаас үүдэлтэй эерэг сөрөг ямар талууд байна вэ гэдгийг ажлын хэсэгтээ мэргэжлийн хүмүүс оруулж, саналыг нь авч, тэдний аюулгүй байдлыг хангах шаардлагатай.
-Ажлын хэсгийн мэдээлэл ил болоогүй байгаа. Эхний байдлаар харахад физикчид гэхээс илүү төрийн байгууллагынхан байгаа харагдсан?
-Тийм бололтой юм байна лээ.
-Та хэлж байна. Ураны шар нунтгийг олборлоод, боловсруулаад, экспортолж байгаа орон атомын цахилгаан станцтай болох нь цаг хугацааны л асуудал аа гээд. Францын тал манай улсыг атомын цахилгаан станцтай болохыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Ер нь нэг атомын цахилгаан станцыг хэдий хугацаанд барьдаг юм бэ. Манай улс хэзээ ийм станцтай болох бол?
-Манай улс хоёр хөршөөсөө эрчим хүчний хувьд хараат болсон. Импортын эрчим хүчний 30 хувийг ОХУ-аас, 70 хувийг БНХАУ-аас авдаг. Хүмүүс бол зөвхөн ОХУ-аас хамааралтай гэж бодоод байдаг. Уг нь хоёулангаас нь хамааралтай. ОХУ-аас импортолж буй эрчим хүчээр баруун болон төвийн хэсгийг хангадаг. Тэд эрчим хүч өгөхөө больчихвол баруун аймгууд хөлдөнө. Харин БНХАУ эрчим хүч өгөхөө больчихвол Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч буй Оюу толгой, Тавантолгой зэрэг газрууд эрсдэлд орох юм. Эдийн засгийн хувьд ч , эрчим хүчний хувьд ч гаднаас хараат байна.
Олон улсын атомын энергийн агентлагаас атомын цахилгаан станцыг 300 МВт хүртэлх хүчин чадалтай бол жижиг, 300-700 МВт бол дунд, 700 МВт-аас дээш бол том гэж үздэг. Ойролцоогоор манай улс нэг жижиг АЦС баривал эрчим хүчний хэрэгцээгээ дотоодоосоо хангана. Нэмж нэгийг баривал АЦС баривал Монгол Улс эрчим хүчний хувьд аюулгүй байдлаа бүрэн хангана. Гурван жижиг АЦС баривал хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангаж, эрчим хүчний хувьд аюулгүй байдлаа хангаад зогсохгүй экспортолж эхэлнэ.
Эрчим хүчээ АЦС-аас буюу цэвэр эх үүсвэрээр хангаад ирэхээр Улаанбаатарын утаа багасч, утаанаас хамааралтай өвчлөл буурна. Эрүүл мэндийн ч, аюулгүй байдлын ч, эдийн засгийн ч ач холбогдолтой. Мөнгийг нь шийдчихвэл нэг АЦС-ыг таван жилийн хугацаанд барина.
Уран олборлох, атомын цахилгаан станц барих төслийг хэн ч эсэргүүцсэн монгол төрийн бодлого үргэлжлэх ёстой. Монгол Улс мэдэх юмаа мэддэг болох ёстой, хийх ёстой юм аа хийнэ. Дэлхий нийтээрээ хийж байгаа энэ ажлыг Монгол Улс хийхгүй байна гэдэг нь хоцрогдол. Бид ядуурлын туйл, дэлхийн шившиг болно. Эсэргүүцээд байдаг хүмүүс үүнийг хэзээ ойлгох юм бол.
Сая Ерөнхийлөгчийн Францад хийсэн айлчлалаар харилцаа холбооны салбарт өөрийн гэсэн хиймэл дагуулыг сансрын уудамд гаргах гэрээ хэлэлцээнд гарын үсэг зурсан. Энэ манай улсад маш чухал зүйл. Цөмийн технологийг олон зүйлд ашигладаг. Хүн төрөлхтөн цөмийн технологийг хөгжүүлснээр сансар огторгүйг эзэмдэх шат руу явж байна. Гэтэл бид дэлхий дээрээ торойгоод үлдэж болохгүй биз дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл бичих