Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ажлаа аваад хамгийн түрүүнд хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах асуудлыг хуульчлахаар зэхэж байна. Тэрээр даваа гаригт “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хуулийн төслийг Засгийн газар танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Харин МАН-ын бүлэг хуулийн төсөл дэх татвар, торгуультай холбоотой заалтыг сайтар судалсны дараа УИХ-д оруулж ирэх чиглэлийг өгсөн юм.
Ямартай ч хуулийн сайд хийж байсан Х.Нямбаатар нийслэлийн тулгамдсан асуудал болох түгжрэл, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлээд хуульчилж, дараа нь үе шаттай арга хэмжээ авахыг зорьсон бололтой. Нийслэлийн иргэдийн ажил, амьдралтай шууд холбоотой эл хуулийн төсөлд тусгагдсан онцлох заалтуудыг цувралаар хүргэх болно. Энэ удаа “төлбөртэй бүс”-ийг танилцуулъя.
Хуулийн төсөлд “Замын хөдөлгөөний төлбөртэй бүс” гэж замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон нутаг дэвсгэрийг хэлэх бөгөөд төлбөртэй бүсэд нэвтрэхэд төлөх төлбөрийг хэлнэ гэжээ.
Төлбөртэй бүс, түүний хилийн зааг, цагийн хязгаарыг Нийслэлийн Засаг дарга тогтоож, бүсэд мөрдөх журмыг батлахаар заажээ. Өөрөөр хэлбэл, хотын дарга Х.Нямбаатар түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн тодорхой бүсийг төлбөртэй болгох бөгөөд тухайн бүсэд нэвтэрсэн тээврийн хэрэгсэл төлбөр төлөх эрх зүйн орчныг энэ хуулиар бий болгох аж.
Хуульд автомашин эзэмшигч болон жолооч хотын даргын тогтоосон төлбөртэй бүсэд өдөрт нэг удаа нэвтрэхэд төлбөргүй буюу 0 байна. Харин өдөрт 1-ээс дээш удаа нэвтрэх бүрт төлбөр төлөх зохицуулалттай байх аж. Хамгийн ихдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хүртэл хувьтай тэнцэх буюу 27500 төгрөгийн төлбөр төлөхөөр тусгасан байна. Гэхдээ төлбөртэй бүсэд нэг жолооч өдөрт хоёр удаа зорчвол хэд, гурав, дөрөв бол хэдэн төгрөгийн төлбөртэй байхыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоохоор заажээ. Харин аль зам төлбөртэй байх вэ, цагийн хязгаар яаж тогтоохыг Нийслэлийн Засаг дарга шийднэ.
Дараах этгээдүүдийн төлбөртэй бүсийн төлбөрийг хөнгөлнө
-Замын хөдөлгөөний төлбөртэй бүс гэж тодорхойлсон бүсэд оршин суух хаягтай иргэний тээврийн хэрэгслийг 90 хувиар хөнгөлнө.
-Зөвшөөрөлтэй такси үйлчилгээг 50 хувиар хөнгөлнө.
Дараах этгээдүүдийг төлбөртэй бүсийн төлбөрөөс чөлөөлнө
-Тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэж замын хөдөлгөөнд оролцох хууль сахиулах, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага, хүн, мал эмнэлэг, цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, үйлдвэрлэлийн ослын шуурхай дуудлагын болон дохиолол хамгаалал, даатгалын шуурхай алба, хот тохижилт, техникийн хяналт болон замын арчлалт, засвар үйлчилгээ, хяналт шалгалтын зориулалттай шуурхай ажлын тээврийн хэрэгсэл;
-Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тээврийн хэрэгсэл, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, бүрэн хараагүй, бүрэн хэлгүй, дүлий, одой иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тээвэрлэх зориулалтаар зөвшөөрөл авсан асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн тээврийн хэрэгсэл;
-Чиглэлийн тээврийн хэрэгсэл, сургууль, цэцэрлэг, ажилчдын автобус;
-Бүх төрлийн унадаг дугуй, мопед, мотоциклийг 100 хувь төлбөртэй бүсийн төлбөрөөс чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ.
Төлбөртэй бүсийн төлбөрийг 10 хоногийн дотор төлнө
-Замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөр төлөгч нь замын хөдөлгөөний төлбөртэй бүсэд нэвтрэх төлбөрийг нэхэмжлэх үүссэнээс хойш ажлын 10 өдөрт багтаан холбогдох төсөвт төлөхөөр төсөл заасан байна.
Түүнчлэн замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй иргэн, хуулийн этгээдийн харилцах данснаас төлбөрийн гүйлгээг холбогдох хуульд заасны дагуу төсөвт шилжүүлж болно.
Хугацаанд нь төлөөгүй замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2-т заасан урамшууллаас суутгаж болох зэргээр хуулийн төсөлд тус тус тусгажээ.
Энэхүү замын хөдөлгөөний бүсчилсэн төлбөрийн механизмыг дэлхийн томоохон хотууд ч хэрэглэдэг. Ази тивд гэхэд Сингапур улс 1970-аад онд замын хөдөлгөөний бүсчилсэн төлбөрийг анх удаа нэвтрүүлсэн гэж түүхэнд бичигджээ. Сингапур улс 1975 оны зургадугаар сард хотынхоо бизнесийн төв дүүрэг гэж тодорхойлсон 7.25 хавтгай дөрвөлжин км газар нутгийг "төлбөртэй бүс"-ээр тогтоож, 25 жилийн хугацаанд тодорхой үе шаттайгаар татварыг нь нэмэгдүүлж, түгжрэлийн асуудлаа цэгцэлж чадсан байна. Эхлээд 07.30-09.30 цаг хүртэл, 17.30-19.30 цаг хүртэл татвар оноож байсан бол яваандаа хөдөлгөөнийг илүү хязгаарлахын тулд 1994 оноос хойш бүтэн өдрийн турш татвар оноохоор болж өөрчилж байжээ. Гол нь хөдөлгөөний идэвхжил 76 хувиар буурсан бодит үр дүн гарсан байна.
Сингапурын энэ тогтолцоог Их Британийн Лондон, АНУ-ын Сан-Франциско, Шведийн Стокгольм зэрэг 50 гаруй улсын томоохон хотууд нэвтрүүлжээ. Тэгвэл Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод энэ жишгийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин дээрх хууль батлагдвал бүрдэж магадгүй юм.
Сэтгэгдэл бичих