Цагдаагийн байгууллага “Шувуу” ажиллагааны хүрээнд олон улсын хэмжээнд 92 этгээд эрэн сурвалжилж байгаагаас 2023.09.18-ны байдлаар Интерполын “Улаан булант” зар мэдээгээр 4, “Хөх булант” зар мэдээгээр 46, нийт 50 этгээдийг олж тогтоон, эрэн сурвалжлалтыг зогсоосон байдаг.
Интерполын шугамаар үлдсэн 42 этгээдийг эрэн сурвалжилж байгаа тухай мэдээлэл хөвөрч байв. Тэгвэл олон улсын интерполоор сурвалжлагдаж байгаа 41 этгээдийг Eguur.mn мэдээллийн агентлаг зарлаж байна.
-Онцлох хүмүүс: Н.Удаанжаргал, Д.Буянтогтох, М.Марат, Г.Ган-Очир-

Н.Удаанжаргалын хувьд: Үндэслэлгүй хөрөнгөжих заалтаар яллагдагчаар татагдсан.
Тэрбээр, 2022.09.20-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан бөгөөд эдүгээ олон улсад эрэн сурвалжлагдаж, Малайз, Аргинтен зэрэг улсууд дамжин бүгсэн байдалтай буйг албаныхан мэдээлдэг. Түүнийг хилээр гарсны дараа сараас Засгийн газраас "Нүүрсний хулгай" акцийг эхлүүлсэн. Н.Удаанжаргалыг оргон зугтахаас 11 хоногийн өмнө буюу 2022.09.09-нд "Тавантолгой-Гашуун сухайт" чиглэлийн төмөр замын нээлт болж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хамтран, галт тэргийг хөдөлгөх ёслолыг нээж байв. Түүний хувьд "хэрэг бишиднэ" гэдгийг эртнээс тооцоолж, төмөр замаа нээнгүүтээ яваад өгсөн гэх логик эндээс харагддаг. Хожим Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нэг айлын хүргэчүүл буюу базууд болж таарсан. Улмаар С.Жавхлантбаатарын төрсөн дүү С.Эрдэнэбаатар нь АТГ-т ажилладаг гэдэг мэдээлэл гараад буйг дурдая.
Д.Буянтогтохын хувьд: Залилах зүйл заалтаар яллагдагчаар татагдсан.
Тэрбээр УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын хүргэн ах. Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсонтой бизнесийн хүрээнд хамтрахдаа залилсан байдаг. Хэргийг тодруулбал, Макс Жонсон 2016 онд Хонгконгийн “GRF” хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан Дорноговь аймгийн “Засагчандмань майнз” компанийн уул уурхайн төсөлд 19 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Гэвч “Засагчандмань майнз”-ын захирал Д.Буянтогтох нэр бүхий иргэдтэй үгсэн хуйвалдах замаар 19 сая ам.долларыг хувьдаа ашигласан гэх үндэслэлээр Макс Жонсон Монголын шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлага үүссэн.
М.Маратын хувьд: Залилах зүйл заалтаар яллагдагчаар татагдсан.
Тэр бол “Жи Тайм” хэмээх сүлжээ луйврыг санаачлагч. Монгол Улсад хамгийн их дуулиан тарьж байсан сүлжээний бизнес бол. “Жи тайм корпорейшн” ХХК нь 12,365 иргэнийг 27,965 хөтөлбөрт элсүүлж, нийт 11,352 иргэнд 25 тэрбум 805 сая төгрөгийн хохирол учруулсан гэх албан бус тоо байдаг. 2017 онд Ж.Маратыг “Буянт Ухаа” Олон улсын нисэх онгоцны буудлаас хил гарах гэж байхад нь Эрүүгийн цагдаагийнхан баривчилж байсан түүхтэй. Улмаар батлан даалтад гарч, мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан.
Г.Ган-Очирын хувьд: Хууль сахиулагчийг эсэргүүцэх зүйл заалтаар яллагдагчаар татагдсан.
Г.Ган-Очир нь гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас хорих ял шийтгэгдсэн тухай мэдээллийг Францын эрх бүхий байгууллагаас манай улсын Элчин сайдын яаманд мэдэгдсэн болохыг Гадаад харилцааны яамнаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мэдээлж байв. Франц улсын шүүхээс 2.2 жилийн хорих ял оноосон мэдээлэл бий. Түүний хувьд хоригдож байх хугацаандаа цахимаар мэдээллийг нэг биш удаа өгч, байр сууриа илэрхийлсэн.
-Залилах гэмт хэрэгт холбогдсон 18 хүн-

Дээр онцлон дурдсан Д.Буянтогтох, М.Марат нараас гадна залилах гэмт хэрэгт яллагдагчаар татагдан эрэн сурвалжлагдаж байгаа 18 хүн байна.
Тодруулбал, Зууннастын Мөнхзул, Дулмаагийн Лүндадорж, Баттөмөрийн Ганбаатар, Загдсүрэнгийн Цолмон, Базаррагчаагийн Норжмаа, Баасангийн Нямсүрэн, Тэрбишийн Ариунболд, Бат-Эрдэнийн Батболд, Оролзодын Чиндагина, Bohnert АлтанЭрдэнэ, Гончигсумын Шижиртунгалаг, Бэгзсүрэнгийн Жавзансүрэн, Оюунбилэгийн Тэгшжаргал, Түвшинтөгсийн Энхзаяа, Боролзойн Оюунтуяа, Махбариадын Баярмагнай, Нармандахын Түвшинтөр, Фейлчирийн Баярмагнай гэсэн хүмүүс байна.
Өөрөөр хэлбэл 41 хүний 20 нь залилангийн хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байгаа аж.
-Хүн алах, хар тамхи, хүчиндэх гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд-

- Хүн алах гэмт хэрэгт Ёндонжамцын Баттөгс
- Хүчиндэх гэмт хэрэгт Цэнджавын Цогтбаяр
- Хар тамхины гэмт хэрэгт Даваадоржийн Пүрэвдорж
- Хар тамхины гэмт хэрэгт Зоригт Ануужин
-Бусдын биед гэмтэл учруулсан ТАВАН этгээд-

- Бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэгт Шагдарын Золбоо
- Бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэгт Батбаатарын Баатархүү
- Бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэгт Нямаа Батсоёл
- Бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэгт Баринзайн Бат-Орших
- Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт Лэгцэгийн Төмөрцогт
-Дээрэмдэх ДӨРӨВ, завших НЭГ, хулгайлах ГУРАВ, малын хулгай НЭГ, бусдын эд хөрөнгө устгасаг НЭГ-

- Хулгайлах гэмт хэрэгт Авдилын Бахатбек
- Хулгайлах гэмт хэрэгт Эрдэнэбилэгийн Азбаяр
- Хулгайлах гэмт хэрэгт Эрдэнэбилэгийн Манлайхүү
- Мал хулгайлах гэмт хэрэгт Отгонбаатар Мөнхбат
- Дээрэмдэх гэмт хэрэгт Гүндэгмаагийн Билгүүн
- Дээрэмдэх гэмт хэрэгт Нямсүрэн Нямдорж
- Дээрэмдэх гэмт хэрэгт Гантулгын Эрдэнэсувд
- Дээрэмдэх гэмт хэрэгт Энхтөрийн Энхбумба
- Завших гэмт хэрэгт Баянжаргалын Энхмаа
- Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн Даваасүрэн Базаррагчаа
Задлал тайлбар: Дээрх 41 хүний 17 нь интерполын “Улаан булант”-аар, 23 нь “Хөх булант”-аар эрэн сурвалжлагдаж байна. Харин нэг нь Цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж хилээр гарсан ч, интерполын шугамаар олон улсад зарлагдаагүй БНХАУ-д байгаа нь тогтоогджээ. Тэр нь Фейлчирийн Баярмагнай аж.
Байршлын хувьд: Ази тивд 15, Америк, Европ тивд 10 этгээд байгаа нь тогтоогджээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлт хүргүүлж, 29 этгээдийн гадаад паспортын бүртгэлийг хүчингүй болгож, холбогдох гадруудад мэдээлэл дамжуулжээ. “Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байгуулсан улс орнуудаас 12 этгээдийг шилжүүлэн авахаар тухайн улсын хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байгаа тухай холбогдох албаныхан мэдээлж байв.
-Сугарагсад: Ч.Сайханбилэг, С.Төмөрбат нар багтаагүй байна-

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Нийслэлийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч асан С.Төмөрбат, Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа А.Үржинбадам нарын нэр байхгүй байгаа нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл 50 этгээдийг олж тогтоон, эрэн сурвалжлалтыг зогсоосон гэх бүлэгт багтсан уу гэдэг асуулт үүсэв.
Ч.Сайханбилэг: "Оюутолгой" төсөл, мөн далд уурхайн санхүүжилтийн гэрээтэй холботойгоор Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Авлигатай тэмцэх газар /АТГ/ 2018 оны гуравдугаар сараас шалгаж эхэлсэн бөгөөд сарын дараа сэжигтнээр татан баривчилж байв. Улмаар тавдугаар сард шүүхийн шийдвэрээр сулласны дараа тэрбээр наймдугаар сард биеэ эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьж, тэндээсээ АНУ руу явснаас хойш эргэж ирээгүй юм.
С.Төмөрбат: 2019 онд Салхитын мөнгөний орд газрыг эзэмшигч нартай холбоотой хэргийг шалгах шатанд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан С.Төмөрбат холбоотой болохыг олж тогтоосон. Тэрбээр энэ авлигын хэрэгт холбогдож, шүүгчийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэнгүүт тухайн оныхоо зургадугаар сард гэр бүлийнхээ хамтаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор гарч, ОХУ-аар дамжин, АНУ-д очсоноос хойш эх орондоо эргэж ирээгүй юм. Ийнхүү түүний холбогдсон хэргийг хамсаатангуудаас салган авч, түр түдгэлзүүлсэн байдалтай байгаа.
Сэтгэгдэл бичих