МОСКВА, 2023 оны арваннэгдүгээр сарын 7 /ТАSS/. Дэлхий дээр хүчтэй соронзон шуурга болж байна гэж ОХУ-ын Хэрэглээний геофизикийн хүрээлэн (IPG) мэдэгджээ.
“Арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн хоёрдугаар хагаст геосоронзон талбайн өөрчлөлтийг бүртгэж авлаа” гэж тайланд дурдсан байна.
IPG-ийн сансрын цаг агаарын ажиглалтын мэдээлэлд дурдсанаар, соронзон шуурганы далайцын түвшин “G3” буюу “хүчтэй” гэсэн үзүүлэлтэд хүрээд байна. Соронзон шуурганы далайцын түвшнийг таван шатлалаар хэмждэг бөгөөд “G5”-ыг туйлын өндөр түвшин, “G1”-г сул түвшин гэж үздэг.
Соронзон шуурга “G3” түвшинд байх үед дэлхий дээр эрчим хүчний системд асуудал гарч болзошгүй. Тодруулбал, эрчим хүчний гал хамгаалагчийн хуурамч дохиолол, мөн тосон трансформатор "буцлах" аваарын горимд шилжлээ гэсэн хуурамч дохиолол үүсч болзошгүй гэсэн үг.
Хиймэл дагуулын болон нам давтамжийн байршил тогтоох радио системд тасалдал гарч, өндөр давтамжийн радио холбоо тасарч болзошгүй. Мөн дэлхийн дунд өргөрөгт туйлын туяа ажиглагдах магадлалтай.
Эрдэмтэд өмнө нь Наран дээр М ангиллын хэд хэдэн хүчтэй дэлбэрэлт болсныг бүртгэж авсан байна.
Сэтгэгдэл бичих