Монголчуудаа "шулсан" монгол буюу хагас саяын зардалтай 10-км зам


11-р сарын 17
9 цаг 59 минут

      Нар шингэж нийтээрээ амарч байх ахуйд Монголын баруун урд хил дээр амьдрал  өрнөж эхэлдэг. Ийн шөнө дөлөөр бэлтгэлээ базааж байршлаа эзэлсэн суудлын тэрэгнүүд үүр хаяарахтай зэрэгцээд “уралдаан”-ы замдаа гарна. Ийм л эсрэг тэсрэг ажил амьдралын хэмнэл хийгээд мөнхийн өрсөлдөөн Замын-Үүд боомтод жилийн 365 хоног үргэлжилдэг аж. Зорчигчийн “нүд”-ээр хөндлөнгөөс харвал байнгын тэмцэл, сорилт дунд хэдэн мянган хүн хоёр улсын хилийн хооронд хөлхөж буй. Бараг хоёр, гурван сумын хүн амын дайтай тэнцэхүйц арваад мянган хүний амьдрал Хятад, Монгол хоёр улсын хилийн зурвас хооронд жинхэнэ “буцалж” байна.

Хилийн 10 км зурваст хагас саяыг төлж “шулуулдаг” Монголчууд 

Хил хамгаалах байгууллагын мэдээллээр арваннэгдүгээр сарын 11-12-ны хооронд хилээр 8000 гаруй иргэн нэвтэрчээ. Энэ нь энгийн өдрүүдтэй харьцуулахад хоёр мянгаар илүү байгаа аж.

Нийслэлээс 650 гаруй км замыг хугас өдөр илүү туулсан хүмүүс ихэнхдээ Замын-Үүд боомтод ургах нарыг угтдаг. Бага үдээс өмнө амжаад хилээр нэвтрэхээр төлөвлөж очсон хүмүүс тэнд буудалд, танил тал, хамаатан садангийндаа хоноглоно. Цаана нь цөөнгүй хэсэг нь машиндаа нүдний хор гаргаад үүр цүүрээр “хөдөлдөг” юм байна. Гэхдээ хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн оочер дараалал урд орой нь эхэлдэг. Цагаан гэгээ тасарч хүн амьтны хөл татрахтай зэрэгцээд хилийн ойролцоох зам дагуу тэндхийн жолооч нарын хэлдгээр “Гурвын хаалт” дээр урт цуваа үүсгэж тэндээ “байр”-аа хадгалж хоноод үүр хаяарах төдийд эхний эгнээний арваад машин хэдийнээ зорчигчдоо аваад хил нэвтрэхэд бэлэн болсон байх. Хилийн цэргийн албан хаагч цуваа цэгцлэх сиймхийгээр оочер дарааллаа булаацалдаж өмнө хойноо орохоор жолоо мушгих нь яг л бартаат замын уралдааныг санагдуулна. Тэнд зорчигдын аюулгүй байдал, тав тух хэцүүхэн.

Хил нээгдэж эхний машинууд хөдлөх үед үлдсэн 30-40 тэрэг хооронд иргэд нааш цааш баахан гүйлдэнэ. Хэдэн төгрөгийн зардлаар хил “давуулах” талаар асуух боловч барагтай бол тоймтой, тогтсон үнэ ханш хэлэхгүй. Яг л дуудлага худалдаагаар үнэ хаялцуулж байгаа мэт өмнөх машины жолооч ямар үнэ хэлэх бол, хэн нь гарч ирээд зардлаа өсгөх бол хэмээн харзнаж илүү их хүн цуглаж өрсөлдөхийг хүлээх нь гачлантай.

Мөн жолооч нар “we chat” буюу дотоод холбоогоороо зардлаа хэд болгож өсгөх талаар сэмхэн хуйвалдах нь нарийн ажсан хүнд андашгүй. Ингэж өглөөний жаварт бээрч ядан машин хооронд хүн хүн царайчлан цаг гаруй гүйлдсэний эцэст нэг нь 300 юань гэсэн үнэ хэллээ. Ачаа бараагаа чирж, урт цуваан дунд баахан эргэлдэж бухимдаж ядарсан иргэд тэр зүгт хошуурцгаан нэгнийхээ урдуур дайрч, барьцалдаж авахаас наахнуур хэрүүл шуугиан болов. Энэ дүр төрхийг жолооч нар бах нь ханасан байртай харж зогсонгоо дахиад ямар "мэх"-ээр зардлаа нэмэх талаар өөр хоорондоо шивнэлдэх аж. Тэгэж байтал нэг нь өмнүүрээ машин оруулж “ёндоо”-ны  мөнгөөр наймаалцах нь ганц минутын ч болов өмнө хилээр нэвтэрч ажлаа амжуулахаар илүү мөнгө төлөн тухгүй, хөлдүү машинд чичирч суугаа иргэдийн аргыг барна. Тэглээ гээд яаж ч чадах билээ. “Олон” юм яриад хөөгдөж буувал ард нь оочерлосон хүмүүс хэдэн зуугаараа хүлээж байна шүү дээ. Иймэрхүү бизнесийн зарчмаар яах ийхийн зуургүй 20 гаруй машин дүүрч, хажуугаар нь хэдэн арван том оврын автобус үйлчлээд ч эрэлт тасарсангүй. Сүүлдээ унаа хүрэлцэхээ больж замын зардал 350 юань буюу 200 мянган төгрөг болжээ. Энэ дүр зураг бол өнгөрсөн амралтын өдрүүдэд урд хилийн наана, бүр тодруулбал өглөөний 06:00-07:00 цагийн хоорондох тэрүүхэн хугацаанд өрнөж буй монголчуудын үнэн төрх билээ. Харин хилийн цаана үүнээс илүү өрөвдөлтэй дүр зураг өрнөнө. Нэг талд дөнгөж Эрээнд бууж буй монголчууд буудлын өрөөнд дугаарлаж бүртгэлийн ажилтнуудын ая талыг засах бол зөрөөд ачаа тээшээ дааж ядсан иргэд унаа унаш олдохгүй хэдэн цаг буудлын үүдэнд, гудамжинд зогсох нь олонтаа тааралдана. Гадаа тийм ч таатай биш. Цаг агаар Монголтой ижил хэмийг зааж байв. Хамаг мөнгөөрөө бараа “дарсан” учраас арай хямд зардлаар буцах санаатай өнөөх л хэдэн монгол жолооч нарынхаа дунд гүйлдэнэ. “Хүний нутагт нутаг нэгтнээ” гэсэн үг цухуйлгаж царайчилж нэг үзэх. Гэсэн ч буцах тасалбар 300 юаниас буусангүй. Үүн дээр ачааны үнэ нэмэгдээж 350-400 юань болж байх жишээтэй. Яарсан сандарсан, оройны галт тэргэнд тасалбар захиалсан хүмүүс хувиараа тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн “ам”-нд багтахаас аргагүйд хүрэв. Нэмж мөнгө төлөх юм бол Монголын хил дээр ачаа буулгахгүйгээр шууд машинтай нэвтрүүлэх сонголт ч байна.

Ийн Хятад, Монголын хилийн зурвасаар гарах 10 хүрэхгүй км зайд ирж, очихдоо нэг хүн л зөвхөн замын зардалд 600 юань, дээр нь ачааны үнэ нэмэгдээд 450-500 мянган төгрөг төлж байна. Уг нь баяр ёслол, сурагчдын амралт таараагүй үед хоёр талдаа 100 юаниар хүн тээвэрлэдэг унаанууд хилээр зорчигчдын тоо хэд дахин нэмэгдэхтэй зэрэгцээд үнэ ханш 3-4 дахин өсөөд байгаа нь энэ.

Өөрөөр хэлбэл, энгийн өдрүүдэд 80-90 мянган төгрөгөөр ирж очдог байсан бол эрэлт нэмэгдэх хэрээр жолоочид ашгаа нэмэх ухаан сийлж, сурагчдын амралтаар өвлийн хувцасаа базаах сезоноор ийнхүү хагас сая хүртэл хөөсөрчээ. Түүнчлэн таксичид зах зээлийн ханш нь 477.20-той байгаа юанийг 500.00 болгон нэмэгдүүлэн бодно гэдгээ зардлаа тушаах үед хэлэх аж. Хувиараа тээвэр хийж байгаа хүмүүсийн аманд багтаж хэд дахин нугарсан өндөр зардал төлөхөөс аргагүйд хүрсэн иргэд “шал дэмий ирлээ” гэж бухимдаж шанална. Зарим нь танихгүй ч хамаагүй нийлж нэгдээд буудлын өрөөгөө сунгаж 1-2 хоногийн дараа буцах том оврын автобусанд арай хямдаар буюу 50-70 юаниар суухаар үлдэж байлаа. Мөнгөө хэмнэхийн тулд хоёр ортой буудлын өрөөнд долуулаа орохоор болоод үлдэх нэгэнтэй ч таарахад “Эрээнд барааны үнэ хямд байна. Харин монголчууд нь монгол хүнээ “шулж” байна. Үнэхээр хэлэх үг алга" хэмээн толгой сэгсэрч хоцров.

“200 КМ-Т 14800 ТӨГРӨГ ТӨЛДӨГ БОЛ 10 КМ-Т 450 МЯНГЫГ ТӨЛЛӨӨ”

Хил нэвтрэхээр хүлээх зуур Хэнтий аймгаас Улаанбаатар, Сайншанд, Эрээн маршрутаар хэд дамжиж ирсэн Х.Буянзаяатай яриа дэлгэхэд “Би хүүхдүүдийнхээ өвлийн хувцсыг авахаар амралтын хоёр өдрөөрөө ирсэн. Гэтэл авчирсан мөнгөнийхөө тал хувийг зардалдаа өгөөд таарлаа. Би сумаасаа аймаг хүртэл 200 км зайд 14800 төгрөг төлдөг. Гэтэл 10 км ч хүрэхгүй зайд 400 гаруй мянган төгрөг төллөө.

Замын-Үүдээс Улаанбаатар явахад дахиад 100 гаруй мянган төгрөгөөр суудлын тэргэнд суугаад цаашаа хот хоорондын тээврээр аймаг, сум руугаа явна. Үндсэндээ сая гаруй төгрөгийг замын зардалдаа өглөө. Ачааны мөнгө нэмэгдэнэ гэхээр нь Эрээнд таньдаг хүндээ ачаагаа үлдээлээ. Ирдэггүй байж” гэж халаглах.

Энэ мэтээр замын зардлаас болж бухимдсан, тээврийн хэрэгслийн жолооч нарыг “хүн чанаргүй”, хүний нутагт иргэдээ “шулж” байна гэж хүмүүс шүүмжилж байв. Тиймээс яагаад зардлаа ингэж 3-4 дахин өсгөж байгаа талаар ДГО 21.... дугаартай машины жолоочтой уулзаж ярилцахад “Энэ амралтын өдрүүдэд хилээр нэвтэрч байгаа иргэдийн тоо бараг хоёр дахин их байна. Бидэнд ингэж “цөм” хийх боломж байнга олдохгүй. Шинэ жил, цагаан сар, наадмын өмнө, намар хичээл эхлэх үеэр л арай ахиу ашиг олох боломж гардаг. Суух эсэх нь хүмүүсийн л сонголт шүү дээ. Заавал суу гэж хүчлээгүй” гэж хариуллаа.

Хил хамгаалах байгууллагын мэдээллээр арваннэгдүгээр сарын 11-12-ны хооронд хилээр 8000 гаруй иргэн нэвтэрчээ. Энэ нь энгийн өдрүүдтэй харьцуулахад хоёр мянгаар илүү байгаа аж. Тиймээс эрэлт ихсэхтэй зэрэгцээд жолооч нар үнээ нэмдэг гэдгийг тус боомт дээр ажиллаж буй албаны хүн хэлж байв.

Хилийн хооронд нэг хүн л 2-3 машин явуулдаг. Нэг машиндаа 10 гаруй хүн суулгахад хоёр сая гаруй төгрөг болно. Өдөрт багадаа 1-2 удаа ирж, очиход  арваад сая төгрөг олдог танил бий гэж сонирхуулав.

Улаанбаатараас Замын-Үүд, Замын-Үүдээс Эрээн хүрэх хоёр чиглэл бүхий зорчигч тээврийн автобус өдөрт арав хүрэхгүй удаа явна. Харин хоёр улсын хилээр нэвтрэх бүртгэлтэй 280 хувийн тэрэг байгаагаас одоогоор 60 гаруй нь үйлчилгээнд явж байгаа аж.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: С.УЯНГА “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ү.Сарнай: Манай гэр бүл болон Б.Хурц Х.Баттулгаас уучлал, өршөөл хүсээгүй. Х.Баттулга өөрөө тийм үг дамжуулсан8 сар 27. 22:11О.Цогтгэрэлийг АН-ын дарга болгохын эсрэг Жэнко, MCS фракцийнхан нэгджээ8 сар 27. 14:11Төгрөг нуурын ордыг төрд буцаан авлаа8 сар 27. 13:38Хөх нүүрс утааг бууруулж, өр дарж чадах уу8 сар 27. 9:29УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 27. 9:26Оффтейк гэрээгээр тэрбум доллар босгож төлбөрийн тэнцлийг “баланслуулна” гэв үү?8 сар 27. 9:23Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өнөөдрөөс хэрэгжинэ8 сар 27. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан8 сар 27. 9:04"Gazprom”-ын гүйцэтгэх захирал Алексей Миллер Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар нартай уулзжээ8 сар 26. 17:56Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа8 сар 26. 15:51Ирэх есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв8 сар 26. 9:44Х.Баасанжаргал: Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр Монгол Улсын ирэх 10 жилийн “луужин”, хөгжлийн баримт бичиг болох учиртай8 сар 26. 9:38"Гадаадын их дээд сургуулиудад зуучилж өгнө” гэх зараар бусдыг залилсан 22 гэмт хэрэг бүртгэгджээ8 сар 26. 9:05УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 26. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан8 сар 26. 8:57Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын тамгаа Д.Амарбаясгалан, Г.Тэмүүлэн нарын аль нэгэнд өгөх тохироог хийсэн үү8 сар 26. 8:46Ч.Сайханбилэг ирэх аравдугаар сард Монголд ирнэ8 сар 26. 7:21Л.Мөнхбаясгаланг ад үзэх зоригтой хүмүүст зориулав8 сар 26. 7:07Х.Баттулгын эсрэг тавих гол “хөзөр” чинь Б.Хурц шүү, АН-ын ҮБХ-ны гишүүд ээ!8 сар 25. 19:35Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ8 сар 25. 15:07Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно8 сар 25. 15:02Наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно8 сар 25. 14:59Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна8 сар 25. 14:55Цэцэрлэгийн хоёрдугаар шатны цахим бүртгэл наймдугаар сарын 28-наас эхэлнэ8 сар 25. 11:12Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ8 сар 25. 9:49Дугаарын хязгаарлалт лхагва гаргаас хэрэгжиж эхэлнэ8 сар 25. 9:45Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 25. 8:59Төрийг хохиролгүй болгох зорилготой ажлын хэсэг байгуулж, ажилдаа шуурхайлан орлоо8 сар 24. 15:44Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй8 сар 24. 15:26Л.Мөнхбаясгалан: АН-ын дотор, гадны дайснуудтай салам нүдэлдэхэд бэлэн боллоо, миний хувьд8 сар 24. 14:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.