Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо


11-р сарын 17
18 цаг 39 минут

      Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.11.17) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээллийг танилцуулсан юм.

Тэрбээр, Өнөөдөр манай улсад хүний эрхийн хамгийн гол дайсан авлига болоод байна. Авлига ард иргэдийн сайн сайхан амьдралын боломжийг хулгайлж байна. Байгалийн баялаг, нийтийн эзэмшлийн газар, зам, талбай, сургууль, цэцэрлэгээс эхлээд авлигачдын гар хүрээгүй салбар алга. Засгийн газраас 2023-2024 оныг "Авлигатай тэмцэх жил" болгон зарласан бөгөөд хууль, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлж, төрийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгон, иргэд, олон нийтийн оролцоо, хяналт тавих боломжийг өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байна гээд  Улсын Их Хурлаас 2016 онд баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжих хугацаа 2023 онд дуусч байгаатай холбогдуулан авлигатай тэмцэх цогц арга хэмжээг агуулсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг шинээр баталсан бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг энэ чуулганаар батлуулахаар Засгийн газраас боловсруулж байна гэв. Мөн тэрбээр үргэлжлүүлэн Засгийн газраас авлигатай тэмцэх үйл ажиллагааг манлайлж, “5Ш” ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар танилцуулав. Тухайлбал,шүгэл” ажиллагааны ажлын хэсэг баасан гараг бүрийн 09:00-12:00 цагт Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, иргэдтэй уулзан, утсаар мэдээлэл авч байна. Энэ хүрээнд “шүгэл” үлээсэн иргэдтэй уулзаж, санал, гомдлыг хүлээн авч холбогдох хууль, хяналтын байгууллагуудад шилжүүлэх, эрх зүйн зөвлөгөө өгөх, гомдол, мэдээлэлд дүн шинжилгээ хийж, иргэд, хувийн хэвшлийг чирэгдүүлж, хүнд суртал гарган, авлига үүсгэх нөхцөл бүрдүүлж байж болзошгүй салбар, байгууллагуудад ажиллаж, шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна. Төрийн алба, төрийн өмчийг шимэгчдээс салгах “шүүр” ажиллагааны хүрээнд төрийн албан хаагчийн хууль бус томилгооны талаарх мэдээллийг холбогдох сувгаар хүлээн авч, зөрчлийг илрүүлэх ажиллагааг хийж байна. “Шувуу” ажиллагааг эхлүүлэхэд Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагын “Улаан булант”, “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг олж тогтоож байна. Мөн гадаад улстай “Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ” болон “Хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд тухайн улсын хууль сахиулах байгууллагад албан бичиг хүргүүлэн хамтран ажиллаж, эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Авлигын гэмт хэргийн хохирлыг барагдуулах хүрээнд гадаад улсаас хөрөнгийг буцаан авчрах ажиллагааг хийж байгаа бөгөөд гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, орлогыг хураах үйл ажиллагааг эрчимжүүлэхээр “шилжүүлэн авах” ажиллагааг бусад улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. “Шил” ажиллагааны гол цөм бол Бүртгэлийн багц хууль болон Нийтийн мэдээллийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудал юм.

Авлигатай тэмцэхэд парламентын улс төрийн манлайлал онцгой ач холбогдолтой гэдгийг зориуд тэмдэглэж байна. Г.Занданшатар даргатай УИХ-аас Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг санаачлан баталж, энэ оны эхээр Хөгжлийн банкны сонсголыг амжилттай зохион байгуулсан бол одоо ирэх сард нүүрсний хулгайтай холбоотой нотлох баримт судлан шинжлэх сонсголыг хийх гэж байна. Үүний үр дүнд дампуурах дөхсөн Хөгжлийн банк өнөөдөр санхүүгийн хувьд хөл дээрээ бат зогсож саяхан, өөрийн хөрөнгөөр 500 сая долларын бондын төлбөрөө барагдууллаа. Мөн түүнчлэн авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний  үр дүнд эдийн засаг тогтворжин, төсвийн тэнцэл ашигтай гарч, цалин хөлс, тэтгэвэр нэмэгдэх боломж бүрдсэн бөгөөд ганцхан жилийн өмнө 2.5 тэрбум ам.доллар байсан Монгол Улсын валютын нөөц өнөөдөр 4.1 тэрбум ам.доллар болж нэмэгдээд байна. Эндээс иргэдэд шууд хүрсэн гол үр дагавар гэвэл цалин, тэтгэврийн нэмэгдэл юм. Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган  төгрөг болгож, мөн үүн дээр энэ зун нэг их наяд төгрөг зарцуулж, нийт ахмадуудын авч буй тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлсэн. Олон жил улсад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл  олон жил төлж ирсэн хүн огт шимтгэл төлөөгүй шахуу хүнтэй ижил тэтгэвэр авдаг байж таарахгүй. Улсын Их Хурлаас өнгөрсөн зун тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн шинэчлэл, түүнийгээ дагуулан 2023 оны төсөвтөө тодотгол хийж, арга хэмжээ авсан. Авлигыг өөгшүүлж буй нэг хүчин зүйл нь иргэнд биш даргад хяналтгүй эрх олгосон хууль, журам юм. Шударга ёсыг нэхэж буй ард иргэдтэйгээ Засгийн газар хамт байна. Авлигыг таслан зогсоож, хариуцлага нэхсэн ард түмний шаардлагыг Засгийн газар дэмжиж ажиллах болно. Харин иргэдийн авлигыг жигшиж буй чин хүсэл, дарга нарын дураараа аашилдаг байдлыг таслан зогсоох хүсэл дээр ашиг хонжоо гаргаж, авлига, хулгайгаа нуух, хариуцлагаас зугтах, иргэдийн чөлөөт үзэл бодлыг төөрүүлэх санаачилгыг дэмжихгүй бөгөөд эвлэрэхгүй. Та бид тун удахгүй “Нүүрсний хулгай”-тай холбоотой сонсголыг парламент дээрээ нээлттэй хийх гэж байна. Монголын ард түмний өмч болох байгалийн асар их баялагаас хулгайлсан авлигачдын үнэн нүүр царай энэ үеэр ил болно. Авлигачид зовлон дээрээ нэгдэж байна. Тийм ч учраас авлигачдын ард түмний хилэн, шударга үнэнээс айж, нэгдсэн зохион байгуулалтад орж, олны анхаарлыг сарниулан, нийгмийн тогтворгүй байдалд хүргэх замаар сонсголыг зогсоох, тасалдуулахыг санаархаж байна гэв.

Түүний дараа энэхүү мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл танилцуулав. Тэрбээр, өнгөрсөн долоон жилд бид өдөр бүр авлигачдыг дарах тухай, авлигыг багасгах тухай дасал болтлоо сонсож ирлээ. Авлигаас ангижрахгүйгээр юуг ч өөрчилж, юуг ч шинэчилж чадахгүй нь тодорхой. Авлигын дүн аль хэдийн арван гурван тэгтэй тоогоор илэрхийлэгддэг болсон ч одоог хүртэл авлигачид олдоогүй байна, хэн ч хариуцлага хүлээхгүй байна. Засгийн газар авлига үүсээд буй учир шалтгааныг олоогүй,  аль эсвэл мэдэж байгаа ч арилгах хүсэлгүй байна. Жил бүр 30 гаруй хувиар төсөв тэлж,  даргын гарын үсгээр шийдэгддэг мөнгө өсөж байхад авлига буурахгүй, авлигыг бууруулах арга нь зөвхөн ард иргэд, бизнесийнхэндээ орон зайг нь олгож, тэлсэн төсвөө цомхотгох явдал билээ. Авлигын төсөөллийн индекс буурч байна гэдэг нь улам авлигажиж байгааг илэрхийлдэг. Дүгнэж хэлбэл, Монгол Улс сүүлийн найман жилийн хугацаанд авлигад гүн шигдэж, Бразил, Тайландтай ойролцоо байсан бол одоо Африкийн Алжир, Анголын түвшинд хүртлээ дордлоо. Эрх баригчид, тэр тусмаа Засгийн газар авлига гаарах болсон шалтгаан, нөхцөлийг судалж, оношилж чадахгүй байна гэв. Мөн тэрбээр үргэлжлүүлэн Засгийн газар 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлаж “таван Ш ажиллагаа” гэх уран зохиолын хэллэгтэй, сүржин нэртэй суртал ухуулгын ажлыг зарлаж, ганц нэг хүний гавтай зураг тавьснаас өөрөөр авлигыг бууруулах бодит ажил хийж чадсангүй. 2012 онд Ардчилсан намын Засгийн газрын үед санаачилсан 11-11 шуурхай утсыг сэргээн ажиллуулсныг “шүгэл” ажиллагаа гэж, интерполын зарын буланд эрэн сурвалжилж байгаа хүмүүсийн мэдээллийг оруулсныгаа “шувуу” ажиллагаа гэж нэрлэжээ. Шилжүүлэн авах ажиллагаа гэдэг нэрийн дор ганц нэг хүнийг гадаадаас авчирч байгаа зураг тавьснаас хэтэрсэнгүй. “Шүүр” ажиллагааны хүрээнд ковидын нэр барьж төрийн албаны шалгалтгүй ажилд авсан албан тушаалтнуудаа чөлөөлжээ. Харамсалтай нь үүнд нь цар тахлын хүнд үед ачаа үүрүүлэхээр авчран ажиллуулсан эрүүл мэндийн салбарын чадварлаг ажилтнууд хомрогдон халагдахад өртжээ. “Шилэн” ажиллагаа гэдгийн хүрээнд вэб сайтад зочилсон зэрэг статистик мэдээллээс өөр хэлэх зүйл олдохгүй байгаа нь илт байна. Иргэдэд хэдэн хүн вэб сайтаар зочилсон нь биш, нууцад хамруулсан нүүрсний, автобусны гэрээ, хөнгөлөлттэй зээлийн сангуудын мөнгийг хэнд, ямар нөхцөлөөр олгосон нь илүү сонин баймаар гээд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс авлигатай тэмцэх тэмцлийг үр дүнтэй болгохын тулд авах арга хэмжээг танилцуулсан юм. Тухайлбал, эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд Эрүүгийн хуульд авлигын хэргийг Үндэсний аюулгүй байдлын хэрэгтэй адилтган үзэж, хөөн хэлэлцэх хугацаагүй болгох асуудлыг тусгах, Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийг нэн яаралтай боловсруулж, УИХ-д өргөн барих, Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн хуулийг шинэчилж, бизнесийн байгууллагуудтай өрсөлддөг байдлыг эрхзүйн хүрээнд таслан зогсоох, Зөвшөөрлийн хуулийг өөрчилж төрөөс олгодог тусгай зөвшөөрлийн тоог эрс бууруулах, зайлшгүйгээс бусад шаардлагуудыг цуцлах ёстой гэсэн бол зохион байгуулалтын хүрээнд дараах ажлыг хийх шаардлагатай гэсэн байна. Түүний дараа мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь сөрөг хүчний гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, ялын бодлогыг чангаруулах зэрэг арга хэмжээ авч буй ч авлигын хэрэг буурахгүй байна. Хөгжлийн банк, Боловсролын сангийн зээл, “ногоон автобус” зэрэгтэй холбоотой луйвруудад шийтгэл ногдуулахгүй байна гэсэн бол УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл төрийн өмчийн компаниудтай холбоотой авлигын асуудал буурахгүй байна. Сүүлийн үед төрийн өмчит компаниуд ажил, үйлчилгээг шууд гэрээ байгуулан гүйцэтгэснээр хуулиар халхавчлан авлигын хэрэг хийж байгааг хэрхэн залруулах вэ, УИХ-ын гишүүн Ц.Туваан, “Транспэрэнси интернэшнл” байгууллагын судалгаагаар манай улсын авлигын индекс ямар байгаа талаар асуулаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын Хяналт, шалгалтын тухай хуулийг батлан хэрэгжүүлж, авлигын олон хэргийг илрүүлэн илчилж байна. Сайн цаг наашилж байна. Хоёр долоо хоногийн дараа нүүрсний хэргийн асуудлаар нээлттэй сонсголыг зохион байгуулж, шударга бус үйлдлийг илчлэх болно. Харин сонсголыг явуулахгүй гэх санаархалд автахгүй байхыг хүсье. Төрийн өмчит компаниудаар дамжуулан төр зах зээлд хэт оролцоотой байхын эсрэг байдаг. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн төрийн өмчит компани дахин байгуулахгүй байх агуулга бүхий хуулийн төсөл дэмжигдсэн. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан анхны хэлэлцүүлэгт оруулахаар бэлтгэж байна гэж хариуллаа.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго “Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллага дэлхийн 180 орны авлигын төсөөллийн индексийг 0-100 оноогоор үнэдэг. 2022 онд манай улс 33 оноо авч, 116 байранд орсон гэв. Энэ жилийн төсөөллийн индекс гараагүй байна. Авлигын индексийг сайжруулахад хууль эрх зүйн орчноос илүүтэй эдийн засгийн тогтвортой хөгжил чухал гэж хариуллаа. Түүний дараа УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн дагуу “D-parliament” цахим хэлэлцүүлгийн платформд байршуулсан Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан иргэдээс ирүүлсэн санал болон асуултад Засгийн газрын гишүүн болон Ажлын хэсгээс хариулт өглөө.

УИХ дахь Монгол Ардын нам болон бүлгийг төлөөлөн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ардчилсан намын бүлгийг төлөөлөн УИХ-ын гишүүн Д.Ганбат нар иргэдийн асуултыг багцлан танилцуулсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, улсад хохирол учруулсан гэмт хэрэгтний бүх хөрөнгийг хураах талаар хуулийн бодит заалт байгаа эсэх, авлигатай тэмцэх индексээр яагаад ухарсан үзүүлэлт гарсан вэ, авлигын хэрэгт холбогдсон хичээн албан тушаалтанд хариуцлага тооцсон вэ гэх зэрэг иргэдээс ирүүлсэн асуултыг уламжиллаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулиар гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлогыг хураахаар хуульчилсан. Авлигын олон хэргийг сэргээн шалгаж байна. Тухайн цаг үед нь хариуцлага тооцоод явсан бол нийгмийн бухимдлыг төрүүлтэл ийм байдалд хүрэхгүй байсан. Бид улс төрд нөлөө бүхий бүх этгээдүүдэд ногдох ял шийтгэлийг өөрчилж байгаа. Цаг үе өөрчлөгдөж буй учраас аливаа зүйлийг аргалах, хаацайлах аргагүй болсон гэж хариуллаа. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга Ч.Жаргалбаатар, 2021 онд 96,2 тэрбум, 2022 онд хоёр их наяд, 2023 онд буюу өнөөдрийн байдлаар 181 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн гэв.

УИХ-ын гишүүн Д.Ганбат, концессийн гэрээ, ЖДҮ-гийн 50 тэрбумын хэрэгт холбогдсон хүмүүстэй ямар хариуцлага тооцсон вэ, Хөгжлийн банктай холбоотой хэргээр 0,6 их наяд төгрөг төлөгдөөгүй байгааг хэзээ барагдуулах вэ, нүүрсний хэрэгт холбоотой нөхдүүдийн хэрэг юу болсон вэ зэрэг иргэдээс ирсэн асуултыг уламжлан танилцууллаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, УИХ-ын Хяналт, шалгалтын түр хороо хуралдаж, зарим шинжээч нарыг солих санал гаргасан боловч солихгүй гэж зарим гишүүд санал тавиад байна. Нөхцөл байдлыг ил тод хэлнэ. Түр хорооны даргын хувьд намчирхалгүй адил тэгш зарчим барьж ажиллана. УИХ-ын дарга Г.Занданшатар түр хорооны ажиллах нөхцөлийг хангах үүрэг өгсөн. Хугацаанд шахагдаж хөнгөн дүгнэлт гаргамааргүй байна. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Хөгжлийн банкны сонсголын үеэр сөрөг хүчнийг урьсан. Гэвч хэн нь ч орж ирээгүй. Олонх, цөөнхийн хамтын оролцоотой авлигын хэрэгтэй тэмцэх ёстой гэх зэргээр хариуллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Одоогийн байдлаар тарваган тахал өвчний хүний сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй8 цаг 29 минутын өмнөBlue sky tower-т тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй тул хамгаалалтад авчээ10 сар 8. 17:06Шинээр төрсөн нярайг хүүхдийн мөнгөнд хэрхэн бүртгүүлэх вэ?10 сар 8. 15:23Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 45 гомдол, мэдээллийг хянан шалгав10 сар 8. 15:12Хүн төвтэй хуулийн үзэл баримтлал буюу парламент юу хийх вэ10 сар 8. 15:03Төрийн банкны харилцагчид БНТУ-ын эмнэлгүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой боллоо10 сар 8. 9:57500-600 мянган айл өрхөд орон сууц хэрэгтэй10 сар 8. 9:53Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна10 сар 8. 9:09Төрийн хар хүн хаана байна10 сар 8. 9:05Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудлаар ярилцлаа10 сар 8. 8:53Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан10 сар 8. 8:49Н.Номтойбаяр: Ц.Батсүх гэж хурандаа цолтой хулгайч нэг сая ам.доллар нэхсэн Ц.Батсүх: АТГ-т шалгуулна10 сар 7. 18:52Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянга болгож, 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа10 сар 7. 18:44Засгийн газраас Эрүүл мэндийн салбарт оруулсан томоохон хөрөнгө оруулалтын ажлууд үр дүнгээ өгч эхэллээ10 сар 7. 16:34"Эрүүл хооллолт, эрүүл амьдрал" сэдэвт 21 хоногийн аян эхэллээ10 сар 7. 16:24Авлига, албан тушаалын 7 хэргийг шүүхэд шилжүүллээ10 сар 7. 16:03ЭХЭМҮТ-ийн төрөх амбулаторийг шинэчиллээ10 сар 7. 15:49Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа10 сар 7. 15:44Бид мод тарьж байна - Тэрбум мод10 сар 7. 14:41“Хүрээ” амаржих газрын 9 давхар 180 ортой шинэ эмнэлгийг ашиглалтад орууллаа10 сар 7. 14:31Ирэх сараас цахилгааны шөнийн тарифыг хөнгөлж эхэлнэ10 сар 7. 14:25Кувейтийн санг “Найрамдал” медалиар шагналаа10 сар 7. 14:13Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийслын эмчилгээг Монголд нутагшуулна10 сар 7. 11:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийнэ10 сар 7. 11:28“Өгөөмөр” захын уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ10 сар 7. 9:18“Эрүүл мэндийн технологи- Олон улсын экспо 2024” үзэсгэлэн боллоо10 сар 7. 9:13Аюулт үзэгдэл, ослын 92 дуудлагаар ажиллаж, 10 иргэний амь насыг хамгааллаа10 сар 7. 9:07М.Мандхай: Парламент “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг эрчимжүүлнэ10 сар 7. 9:00Нэгдүгээр ангийн сурагчдад нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэг хийх эмч, мэргэжилтнүүдээ чадавхжуулах сургалтад хамрууллаа10 сар 7. 8:53УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.10.07-10.1010 сар 7. 8:46
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.