УИХ өнгөрсөн пүрэв гарагт Л.Өлзийсайхан, О.Мөнхсайхан, Э.Энхтуяа нарыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилж, Д.Одбаяр, Н.Чинбат нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тун энэ албанаас чөлөөлсөн. Тиймээс Н.Чинбатын орон гарсан суудлыг хэн эзэлж, Үндсэн хуулийн Цэцийн дарга болох вэ гэдэг марафон эрх баригчдын дунд ид өрнөж байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, Монгол төрийн эрх мэдлийн энэ сэнтийд эрх баригчид ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар 2006-2012 он, 2016-2018 онд ажиллаж байсан Гунгаагийн Баясгаланг зүтгүүлж байгаа аж. Түүний хувьд, 2018 онд Ш.Солонгыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдоход оронд нь ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар томилогдож байсан юм. Г.Баясгалантай холбоотой нэгэн таагүй мэдээлэл түүнийг 2006-2012 онд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч, нийгэмд ихээхэн дуулиан дэгдээж, олон нийтийн дургүйцлийг төрүүлж байв. Тодруулбал, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Баясгалангийн хүү хар тамхины хэрэгт холбогдож Бээжинд саатуулагдсан тухай (Дэлгэрэнгүйг эндээс уншина уу https://www.unuudur.mn/a/25955) юм. Тухайн үед хэвлэлүүдэд гарсан зарим мэдээллийг эргэн сануулахад, “... Прокурор, хуулийн байгууллагынханд ирсэн мэдээллээр Төрийн нарийн бичгийн даргын хүү саатуулагдсан нь үнэн аж. Тэрбээр Монголоор дамжуулан БНХАУ руу хар тамхи зөөлгөдөг хүмүүсийн “Ачааг хүнд дамжуулж өгөөч” гэсэн хүсэлтээр цүнхтэй зүйлийг нь авч явсан юм байна. Бараа зөөлгөдөг зохион байгуулалттай бүлэглэлийн толгойлогч Хулан, Халиунаа нэртэй хүнийг цагдаагийнхан Монголд саатуулсан бөгөөд тэдний золиосонд олон хүн хамрагдсаны нэг нь Г.Баясгалангийн хүү гэнэ. Түүний талаарх мэдээллийг хууль хяналтынхан ихэд нууцалж байна” гэжээ. Одоогоос 10 гаруй жилийн өмнө ийнхүү таагүй мэдээлэлд нэр холбогдож байсан Г.Баясгалангийн тухайд МАН эрх барьж буй үед албан тушаалын “лифт”-ээр чимээгүйхэн дэвшчихдэг нэгэн. Энэ удаад ч мөн адил МАН үнэмлэхүй олонхиор засаглаж байхад Үндсэн хуулийн Цэцийн даргад нэр нь дуулдаж эхэллээ. Цэц есөн гишүүнтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Улсын Дээд шүүх тус бүр гурван хүнийг нэр дэвшүүлдэг. Шинэ, залуу гишүүдээр цус сэлбэсэн Үндсэн хуулийн Цэц ирэх долоо хоногт шинэ даргаа тодруулна. Тэд албан тушаалаас албан тушаалын хооронд суудал сэлгэн дэвшихдээ хийж бүтээсэн гавьтай зүйлгүй, улстөрчдийн ярьдагчлан “Морь унасан толгойгүй хүн” гэгддэг Г.Баясгаланг Цэцийн даргаар сонгох уу, аль эсвэл хууль, эрх зүйн салбарт мэдлэг, туршлагаараа тодорсон, онол, практикийн арвин туршлагатай, Үндсэн хуулийг шударга тахимдуу сахиулах чадвартай эрхмийг мерит зарчмаар дэвшүүлэх үү гэдэг нь тун удахгүй тодорхой болно.
А.Анар
Сэтгэгдэл бичих