Ү.Анхбаяр: Хяналтын камерыг сайжруулснаар гэмт хэргийн гаралт буурч байна


11-р сарын 20
18 цаг 07 минут

        Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын II хэлтсийн дарга Ү.Анхбаяртай ярилцлаа.

-Дүүргийн нутаг дэвсгэрийн дийлэнх нь бүтэн камержсан гэж болох байх. Энэ нь гэмт хэргийн гаралт, илрүүлэлтэд ямар нөлөө үзүүлж байна вэ?

-Өнгөрсөн оны аравдугаар сард Чингэлтэй дүүргийн I хорооны 61 цэгт, 148 камер суурилуулснаар “Ногоон бүс” болгосон. Дараа нь II хорооны 58 цэгт, 138 камер, III хорооны 59 цэгт, 158 камер байрлуулсан. Энэ ажил маш амжилттай, үр дүнтэй байсан учраас бусад хороог үе шаттайгаар камержуулах нь зүйтэй гэдэгт дүүргийн удирдлагууд санал нэгдсэнээр одоо ч ажил үргэлжилж байна. “Ногоон бүс” болгосон хороодод гэмт хэргийн гаралт буурч, илрүүлэлт илтэд нэмэгдсэн. Тухайлбал, бүрэн камержуулсан хороодын энэ оны эхний есөн сарыг өнгөрсөн оны мөн хугацаатай харьцуулахад 4391 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь 2.2 хувиар, халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчил 28.6, гудамж талбайд танхайрах, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах төрлийн хэрэг, зөрчил 40.2 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан. Мөн биеэ авч явах чадваргүй болсон согтуу 17 хүнийг 103-т хүлээлгэж өгсөн. 177 хүнийг ар гэрт нь, 119 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Энэ нь хүний амь нас, эрүүл мэнд эрсдэхээс камерын хяналтын тусламжтайгаар урьдчилан сэргийлсэн нэг хэлбэр. Түүнчлэн алга болсон, эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн бага насны зургаан хүүхдийг ар гэрт нь хүлээлгэж өгсөн байдаг. Эдгээрийг камерын хяналтаар илрүүлэн арга хэмжээг авсан гэсэн үг.

“Ногоон бүс” болгосон хороодод 2022 оны эхний есөн сард 151 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол энэ оны есөн сарын байдлаар 89 болтлоо буурсан байгаа юм. Энэ бол камержуулалтын үр дүн юм шүү дээ.

-Камер суурилуулах цэгийг цагдаагийн тодорхойлж өгдөг гэж сонссон. Энэ талаар?

-Тэгэлгүй яах вэ. Камержуулалтыг тодорхой тооцоо, судалгаанд үндэслэж хийснээр илүү үр дүн гарна шүү дээ. Цагдаагийн байгууллага тэр дундаа хорооны цагдаа нутаг дэвсгэрийнхээ аль хэсэгт анхаарал хандуулах шаардлагатай вэ гэдгийг хамгийн сайн мэднэ. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг зөрчил гарах магадлал өндөр, давтан гардаг байршлыг тодорхойлж камержуулах ажилд оролцож байна. Цэгийг сонгохын тулд тухайн хороог хариуцсан эрүүгийн мөрдөгч, хэсгийн байцаагч, хорооны цагдаа, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч мөн СӨХ-ныхон баг болж ажилладаг. Оршин суугчид, иргэдээс ч саналыг нь авдаг. Ингээд камер байршуулах цэгийг тогтоосны дараа инженер техникийн ажилтнууд холбогдох тооцооллоо хийж, дэд бүтцийн ажлыг гүйцэтгэн камер суурилуулагддаг. Камеруудын байршлын хувьд нэг нь нөгөөгөө дагаж харж байрладаг. Ингэснээр камерын хяналт тасралтгүй үргэлжлэх бөгөөд гэмт хэрэгтний явсан мөрийг тасралтгүй бичиж үлддэг гэсэн үг.

-Камерын хяналт хэрэг илрүүлэхээс гадна урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болов уу. Учир нь камер ажиллаж байгаа гэдэг нь л хүмүүс биеэ зөв авч явах сануулга гэж болно?

-Камержуулалт олон давуу тал, эерэг үр дүнг харуулдаг. Мэдээж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхээс гадна алга болсон, ар гэрээсээ төөрсөн хүүхдийг олж байна. Энэ мэтчилэн камерын тусламжтайгаар олж илрүүлсэн хэрэг зөрчил олон. Жишээлбэл, алга болсон хүүхдийг багцаа баримжаагүйгээр харанхуйгаар хайх, камерын бичлэг үзээд олж авах хоёрын хооронд асар их ялгаа бий. Цаг хугацаа хэмнэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах гээд маш чухал ач холбогдолтой. Хүйтний улиралд биеэ авч явах чадваргүй болтлоо согтож гудамжинд сууж байгаа, эсвэл унасан хүнийг ч гэсэн холбогдох газарт нь хүлээлгэж өгөөд байна гэдэг нь осгож хөлдөхөөс сэргийлэхийн зэрэгцээ амь нас хохирохоос хамгаалж байгаа хэлбэр. Нөгөөтэйгүүр “Камер ажиллаж байна” гэдэг хаягжуулалт хийж, хүмүүст мэдээлэл хүргэх нь урьдчилан сэргийлэх ажил болж байна. Магадгүй тэр бичгийг хараад хэн нэгэн этгээд гэмтэй үйлдэл хийх гэж байснаа больчихно шүү дээ. Түүнчлэн бодит үнэн хэн нэгнээс хамаарахгүйгээр тодорхой харагдана. Жишээлбэл,  өнгөрсөн хавар бусдад зодуулсан байж болзошгүй, тархины гэмтэлтэйгээр Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн иргэн нас барсан тохиолдол гарсан. Тухайн үед хохирогч хоёр хүнтэй хамт архи уусан байдаг. Мэдээж ар гэрийнхэн хамт архи уусан хүмүүсийг хардаж, сэжиглэх бүрэн үндэслэлтэй байсан. Гэтэл хэргийг шалгах явцад камерын бичлэгээр хохирогч хоёр хүнтэй хамт архи уусан нь үнэн боловч автобусны буудлын орчимд 8-9 удаа унасан байдаг. Ингэж унах бүрдээ толгойгоороо хүчтэй савсан. Сүүлдээ босож чадалгүй тэндээ хэвтээд үлдсэн нь камерын бичлэгээр тогтоогдсон. Ингээд хохирогч удаа дараа унасны улмаас толгойдоо гэмтэл авсан байна гэдгийг бичлэг шүүгээд мэдчихэж байгаа юм. Хэрэв камер байгаагүй бол хамт архи уусан хүмүүсийг зодсон гэж хардах боломжтой. Үгүйсгэх аргагүй шүү дээ.

-Танай дүүргийн хувьд камержуулалтын үр дүн аль хороонд түлхүү гарч байна вэ?

-Манай дүүргийн хувьд байшин болон гэр хороолол хосолсон. Дулааны улиралд жуулчин олноор зорчдог төвийн хороодод халаасны хулгайн гэмт хэрэг их гардаг. Тухайлбал, Их дэлгүүр, Мөнгөн завьяа, Ард кино театр, Баруун дөрвөн зам орчмыг нэрлэж болно. Эдгээр бүс нутгийг бүрэн камержуулснаар гэмт хэргийн гаралт эрс буурсан. Түүнээс гадна Их дэлгүүрийн зүүн урд талын явган хүний гарцаар гарч явсан гурван эмэгтэйн нэгийнх нь халааснаас гар утсыг нь хулгайлсан хэрэг гарсан. Энэ этгээд хулгайн гэмт хэрэг үйлдчихээд хойшоо гарч яваад “Теди” төвийн гар утасны ченжид утсыг нь зарсан байдаг.

Түүний энэ бүх үйлдэл эхлэхээс дуусах хүртлээ буюу бүх процесс нь камерт үлдсэн. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн явсан зам мөрийг тэр чигт нь тасралтгүй бичиж авсан байна гэдэг камерын байршлыг зөв тодорхойлохын ач холбогдлыг харуулж байгаа юм. Бас I хорооны нутаг дэвсгэрт байрлах обьектоос хулгай хийгээд “Бөмбөгөр” худалдааны төвийн урд талд түрээсэлж байсан байрандаа хулгайлсан эд зүйлээ аваад орсон. Энэ бүх процесс мөн л эхлэхээс дуусах хүртэл бүгд камерын бичлэгт үлдсэн байдаг. Өнгөрсөн жил гарсан зам тээврийн бас нэг ноцтой хэрэг бий. Баруун дөрвөн замаас зүүн тийш зорчиж явсан тээврийн хэрэгслийн жолооч зам дээр биеэ авч явах чадваргүй буюу согтсон байдалтай сууж байсан хүнийг дайрч, улмаар дугуйн дороо чирч явсаар амь насыг нь хохироосон. Баруун дөрвөн замаас “Бөмбөгөр” хүртэл чирсэн байсан. Энэ хэргийг мөн л камерын тусламжтайгаар тээврийн хэрэгслийн номерыг тогтоож цаг алдалгүй илрүүлсэн.

Тэгэхээр айхгүй ч гэсэн аягүй гэдэг шүү дээ. Камержуулалтын цэг оновчтой байснаар гэмт хэргийг хэрхэн илрүүлж байгааг хүмүүс мэддэг болсон. Тэгэхээр гэмт хэрэгтэн, гэм хийхээр сэдэж байгаа хүн эмээж үйлдлээ өөрөө л таслан зогсооно. Энэ нь эцэстээ гэмт хэргийн гаралтыг бууруулах үндэс болж байгаа хэрэг. Тиймээс “ССTV ажиллаж байна” гэдэг хаягжилтыг байршуулж байгаагийн зорилго нь энэ. Камерын хяналттай болсон гэдэг мэдээлэл авсан хүнээс буруу, хууль бус үйлдэл гаргах магадлал багасдаг. Ерөөсөө гэмт хэргээс гадна хувь хүн, албан байгууллагад ч нөлөөтэй. Гудамжинд хогоо хаяхаас авахуулаад зүй бус бүх үйлдэл нь бичигдэн үлдээд байна шүү дээ.

-Камержуулалтын нэгдсэн төвтэй болсны ач холбогдлыг та хэрхэн дүгнэх вэ?

-Улсын хэмжээнд камер¬жуулал¬тын тоог зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай. Манай улсад ч гэлтгүй дэлхий нийтэд иргэдийнхээ аюулгүй, амар тайван орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нэг хөшүүрэг, шалгарсан арга нь камержуулалт. Тиймээс манай улсад ч тулгамдсан асуудал учраас цаашид үе шаттайгаар камержуулах ажлыг хийж, хэрэгжүүлэх шаардлагатай. Дүүрэг, орон нутгийн Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтайгаа хамтарч ажилласнаар үр дүнд хүрнэ гэдгийг Чингэлтэй дүүргээс харж болно. Бид 24 цагийн хяналт тавьдаг камерын хэрэглэгч байгууллага. Харин засвар үйлчилгээ, системийн аюулгүй байдлыг дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар хариуцдаг. Бид эргэх холбоотой байсан цагт камерын хяналтыг утгаар нь хэрэгжүүлэх боломжтой. Камержуулалтын нэгдсэн төвтэй болсон нь сайн жишиг болж байна. Өмнө нь камерын хяналтыг цагдаагийн хэлтсийнхэн хариуцдаг байсан. Тухайн үед цагдаагийн хэлтсийн дөрөв дөрвөн албан хаагч ээлжээр камераа хянана. Харин “Камерын хяналтын нэгдсэн төв”-тэй болсноор I, II хэлтэст үүрэг гүйцэтгэдэг байсан алба хаагчдыг нэг төв дээрээ төвлөрүүлэн ажиллуулснаар хүн хүчийг зөв зохион байгуулалтад оруулж байгаа юм.

Эх сурвалж: Б.БОЛОР “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав2 цаг 10 минутын өмнөНөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл2 цаг 16 минутын өмнөУИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа2 цаг 22 минутын өмнөЗудын урьдчилсан төлөв гарлаа2 цаг 34 минутын өмнөУИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна2 цаг 38 минутын өмнөТомуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна2 цаг 43 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан2 цаг 50 минутын өмнөМонгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв10 сар 27. 14:12Улаанбаатар хотын музейг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ10 сар 27. 12:51Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь10 сар 27. 12:43“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 27. 12:37БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд10 сар 27. 11:41“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа10 сар 27. 11:30Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв10 сар 27. 10:34УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 27. 10:29Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 65 жилийн ой тохиож байна10 сар 27. 10:24Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа10 сар 27. 10:21Хот хоорондын зорчигч тээврийн үнэ ирэх сарын 5-наас нэмэгдэнэ10 сар 27. 10:14ХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа10 сар 27. 10:06Беларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд найрамдах зөвлөл болон Төлөөлөгчдийн танхимын дарга нар бараалхлаа10 сар 27. 9:59Төрийн банк “Төрийн Орон Сууцны Корпораци“ ТӨХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа10 сар 27. 9:40Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ10 сар 27. 9:15Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав10 сар 27. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан10 сар 27. 9:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ10 сар 26. 23:03Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко албан ёсоор угтаж авлаа10 сар 26. 23:01УИХ-ын төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсад парламентын бүлгийн айлчлал хэрэгжүүлэв10 сар 26. 17:18Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн нийт тэтгэвэр авагчдын 80 хувь буюу 435.0 мянган иргэнд суурь тэтгэвэр олгоно10 сар 26. 17:04МАН: Төсвийн төслийн хөрөнгө оруулалтын зардлуудыг 10-20 хувиар танахаар болсныг танилцуулав10 сар 26. 15:45Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 26. 13:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.