Монголын Засгийн газар 2026 он хүртэл өр төлөлтгүй


11-р сарын 30
14 цаг 58 минут

     Нийтлэлч У.Оргилмаагийн Монгол Улсын гадаад өрийн нөхцөл байдлын талаар бичсэн нийтлэлийг хүргэж байна.

-Дараагийн төлөлт 2026 онд, хуваарьтай бүх өрийг цуглуулж иргэний тоонд хувааж улстөржих нь логикгүй-

Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын нийт гадаад өр 33.8 тэрбум ам.доллартой тэнцэж байна. Үүнээс Засгийн газрын гадаад өр нь 8 тэрбум ам.доллар, Монголбанкных 2 тэрбум ам.доллар, үлдэх 23.8 тэрбум ам.доллар нь хувийн хэвшлийн өр байна.

ГАДНЫН ЗЭЭЛДҮҮЛЭГЧИД МОНГОЛЫН ХҮН АМЫН ТООГ СОНИРХОХГҮЙГЭЭР ЗЭЭЛ ОЛГОДОГ УЧРААС ӨРИЙГ ИРГЭН БҮРД НОГДУУЛЖ "АЙЛГАХ" НЬ ЛОГИКГҮЙ

Нэг хүнд ногдох өр 33 сая төгрөг болчхоод байна гэдэг нь нийт гадаад өрийг төгрөгт шилжүүлээд иргэдийнхээ тоонд хуваачхаад байгаа яриа бөгөөд үүгээр улс төр хийх нь тийм ч бодитой дүгнэлт болохгүй. Өөрөөр хэлбэл иргэд дээрх өрийг хариуцах ямар ч эрх зүйн болон логикийн холбогдолгүй шүү дээ. Тэгэхээр Засгийн газрын гадаад өр нь улсын нийт гадаад өрийн 1/4, үлдсэн өр нь арилжааны банкууд, Хөгжлийн Банк, “Шангри Ла”, “Оюутолгой”, “Энержи Ресурс”, “ММС”, “МИК” гэх мэт хувийн хэвшлийнхний өр байна гэсэн үг. Энэ нь тийм ч аюул эрсдэлтэй биш. Хариуцсан өрөндөө эзэн болоод ашгаасаа төлөөд явдаг, ингэж л явж ирсэн. Харин ч өр тавих, зээл авах нөхцөл нь байгаад, шалгуураа хангаад зээл авч бизнесээ хөгжүүлж байгаа нь сайн хэрэг. Тэгвэл Засгийн газрын өрийг тусад нь сонирхъё.

Хэцүү үе байсаан. Шалтгаан ч бий. КОВИД-19-ийн хүндрэлийн араас Орос, Украины дайны улмаас үүссэн хямрал гэхчлэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “азгүй үеүд” үргэлжилсээр, харин ч энэ дундуур сайн тооцоолол, бодлогын үрээр гадаад өрүүдээ дараад өнөөдрийн нөхцөл байдалтай учран золгосон. Өнөөдрийн 8 тэрбум ам.долларын өрийн тухайд татвар төлөгчдийн мөнгөөр баталгаажсан, төсвөөсөө төлдөг зээл учраас хяналтаа ч тавьж, улс төр “хийхдээ” ч ашиглагдахыг нь ойлгож болох юм.

Харин Монголбанкны өрийг төсвөөс төлдөггүй учраас Засгийн газрын өртэй холбож ярих нь мөн л учир дутагдалтай. Эрх зүйн хувьд улсын нийт өр, гадаад өр гэж юу болох, ямар байгууллагын аль өр хамаарахыг Өрийн удирдлагын тухай хуулиар зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл Засгийн газрын өрөнд Монголбанкны өр хамааралгүйг хуулиар заачихсан. Хувийн хэвшлийнхний гадаад өрийн тухайд гаднаас зээл өгч байгаа этгээд нь хэрхэн яаж төлөх, төлж чадахгүй бол яах гарцаа харж байж өгдөг учраас санаа зовних шаардлагагүй.

Сануулахад, 2021 оны хоёрдугаар сард хэвлэл мэдээллийнхэн шүгэл үлээж, АТГ, Цагдаагийн байгууллага, Засгийн газар, Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлага гээд бөөнөөрөө хөдөлж, тэрүүхэндээ улс төржиж байж Хөгжлийн банкны 1.5 их наяд төгрөгийн өрийг төлүүлсэн. Тэр хуримтлуулсан нөөц боломжоороо энэ оны аравдугаар сарын 23-нд 500 сая ам.долларын Евро бондын өрөө төлсөн. Тус банк энэ оны арванхоёрдугаар сарын 25-нд Засгийн газрын өрийн баталгаатай, Самурай бондын 30 тэрбум иен (200 орчим сая ам.доллар)-ий өрийг төлөх хуваарьтай. Төлж чадахгүй бол дефольт зарлана.

Одоогоор Хөгжлийн банкинд дээрх өрийг төлөх боломж бий. Гэхдээ төв банкнаас ам.доллар худалдаж авч төлнө. Монголбанкны валютын нөөц 4 тэрбум ам.доллар давчихсан нөхцөлд энэ нь ханшид тэгтлээ доргилт өгөхгүй, нөгөөтээгүүр Засгийн газар ханшийг айхавтар хэлбэлзүүлэхгүй тогтвортой байлгах чиглэлээр ажилласаар байна. Тухайлбал, саяхан Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын төсвийн дэмжлэг авсан байсан. Ханшийг тогтвортой байлгах тухайд бол том дэмжлэг шүү дээ. Ингээд Хөгжлийн банкны томоохон гадаад өрүүд дуусчхаж байгаа юм.

Одоо Засгийн газрын өрүүдээс дээрхийг хаасанд тооцвол дараагийн хамгийн ойрын төлөлт нь ирэх оны 3 дугаар сард 392.5 сая ам.долларын “Хуралдай” бондын үлдэгдэл л байна. Түүний дараа 2026 онд “Номад” бонд 600 орчим сая ам.доллар, 2027 онд “Сенчири” бонд 500 сая ам.доллар гэх мэтээр өр төлөлтүүд холдчихож байгаа юм.

МОНГОЛ УЛС ӨРИЙН ХЭМЖЭЭГЭЭРЭЭ ДЭЛХИЙД ХААНА ЯВНА?

Тэгэхээр төлөх хуваарь нь болоогүй байгаа өрүүдийг нийлүүлээд нийт хүн амдаа хуваагаад иргэн бүрийг төдөн ам.долларын өрөнд орсон мэтээр улстөржих нь яаж ч хүчээр ойлгох гэсэн зохимжгүй. Тэгээд ч гадаад өрийг тухайн зээлдүүлэгч олгохдоо “Танайх хэдэн хүн амтай вэ” гэж асуусан ч биш, иргэн бүрээс нь авч төлүүлэх ч биш, ер нь л тэнэг ойлголт. Тэд Монгол Улс ямар потенциалтай, ДНБ нь хэд болох, хэдэн хувьтай нь тэнцэх өртэй вэ, улс төрийн тогтвортой байдал нь тогтвортой юу, авлига нь хэр байна, яаж тэмцэж байна зэргийг л “сонирхдог”. Өнөөдрийн байдлаар манай Засгийн газрын өрийн ӨҮЦ-ээр илэрхийлэгдсэн үлдэгдэл ДНБ-ий 44.3 хувьтай буюу 2012 оныхтой тэнцэж байна.

Хандивлагчид, судлаачид үүнийг “уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хэт хамааралтай төсөвтэй орны хувьд гэж авч үзвэл хэвийн” гэцгээдэг. Хэт бага өргүй орныг бас шүүмжлээд байдаг юм билээ. Жишээ нь Азарбайжан ДНБ-ий 11.7 хувьтай тэнцэх Засгийн газрын өртэй. Үүнийгээ нэмэгдүүлээч, боломж байсаар байтал өсөлтөө хурдасгахгүй, хэт идэвхгүй байгаа нь иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэхийн төлөө ажиллахгүй, эрсдэлээс эмээж хөгжлөө чөдөрлөсөн хэрэг гэж шүүмжилдэг.

Тухайн улсын Засгийн газрын гадаад өрийн хэмжээ нь ДНБ-ийхээ 100 хувиас давсан өндөр хөгжилтэй орон олон байна. Жишээ нь АНУ ДНБ-ийхээ 120 хувьтай тэнцэх зээлтэй боловч ямар ч асуудалгүй. Улс орнуудыг тэгшитгээд ДНБ-ий төдөн хувиас хэтэрсэн гадаад өртэй байж болохгүй гэх бас аргагүй. Манай улсын хувьд эргэлзээтэй эдийн засагтай орон учраас 40 гаруй хувиас дээш гаргахгүй байхыг хандивлагчид зөвлөдөг.

Тэгвэл хэдхэн жилийн өмнө буюу 2016 онд ДНБ-д эзлэх өрийн хэмжээ 78.8 хувьд хүрч, өрийн таазаа цөмлөх шахсан удаатай. Одоо эргэж буурсаар 2012 оны хэмжээнд буюу 44.3 хувьд хүрчээ.

МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР ХЭР ӨРТЭЙ ВЭ, ХЭНД ӨРТЭЙ ВЭ?

Монголын Засгийн газрын гадаад зээлийн үлдэгдэл өнөөдрийн байдлаар 5.9 тэрбум ам.доллар байна.

Үүний

  • 1.1 тэрбум ам.доллар нь 1991-2011 оны хооронд үүсгэсэн өр,
  • 1.5 тэрбум ам.доллар нь 2012-2016 онд үүсгэсэн өр,
  • үлдсэн 3.1 тэрбум орчим ам.доллар нь 2017-2023 оны хооронд үүсгэсэн өр.

Сүүлийнх яагаад өндөр байна вэ гэхээр дээрх 3.1 тэрбум ам.долларын өрийн 1.5 тэрбум ам.доллар нь өмнөхтэй адил төсөл хэрэгжүүлэх зээлүүд, 1.6 тэрбум ам.доллар нь төсвийн дэмжлэг. 2017 онд ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт ороод гаднаас, тухайлбал ОУВС, Японоос, АХБ-аас зээл авсан. Тэгэхээр дээрх 3.1 тэрбум ам.долларын өрийн тал нь ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөрт, дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүндрэлийн үед авсан зээл болж таарч байна.

Тэгвэл хэнд их өртэй вэ? Дээрх 5.9 тэрбум ам.долларын өрийг хэнд төлөх байдлаар нь харахаар Азийн хөгжлийн банк, БНХАУ, Япон, Дэлхийн банк, бусад зээлдүүлэгчид байна. Жилд Засгийн газар 1 их наяд төгрөгийг гадаад зээлийн төлбөрт, 1 их наяд төгрөгийг хүүгийн төлбөрт төлдөг. Хэдийгээр төлөөд байгаа хэр нь өр нь багасахгүй байгаа мэт харагддаг ч энэ нь Засгийн газраас төлөөд зөрүүлээд дахиад л урт хугацаатай, бага хүүтэй зээл аваад байгаатай холбоотой юм. Гэхдээ авч байгаа зээлийн дүн нь эдийн засгийн өсөлттэйгөө харьцуулахад боломжийн түвшинд байгаа гэж харж байна.

БОНДЫГ БОНДООР, ӨРИЙГ ӨРӨӨР ХААХ БУРУУ ЮУ?

Төгсгөлд нь “бондыг бондоор” буюу “өрийг өрөөр” хаалаа гэх шүүмжлэлийн талаар товчхон тайлбар хийхэд ингэхээс өөр арга байгаагүй. Өр үүсгэсэн бондуудаа харахаар анх 2012 оны гуравдугаар сард Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, тэр жилийнхээ арванхоёрдугаар сард “Чингис” бонд 1.5 тэрбум ам.доллар. Дараа нь 2013 оны арванхоёрдугаар сараас хойш “Самурай”, “Дим Сам”, “Кредит свисс”, “Мазаалай” мөн л төсвийн алдагдал санхүүжүүлэхэд зориулж гаргасан бондууд. Өргөтгөсөн хөтөлбөрт орох үеэр “Хуралдай”, “Гэрэгэ” бондуудыг гаргасан.

Ингээд харахаар 10 жилийн өмнө авсан “Чингис” бондын хүү 5.1 хувь, энэ оны эхээр гаргасан “Сенчири” бондоор 8.6 хувийн хүүтэй, хөндлөнгөөс харахад илүү бага хүүтэй, илүү сайн бонд мэт. Гэтэл манай зээлжих зэрэглэл 2012 онд “BB” маш сайн байсан, АНУ-ын бодлогын хүү 0.14 хувьтай байж. Энэ оны эхэнд болохоор 2016 онд “С” болоод байсан манай зээлжих зэрэглэл “B”, АНУ-ын бодлогын хүү 4.3 хувьтай байжээ. Ялгаа нь АНУ-ын бодлогын хүү, зээлжих зэрэглэл хоёр байгаа юм.

Эдгээр бондуудаас төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор авсан нь зөвхөн Чингис бонд, алдагдал санхүүжүүлсэн нь Мазаалай, Дим Сам бонд. Бусад нь дахин санхүүжүүлэх хүрээнд буюу өмнөх өрийг төлөх зорилгоор гаргасан бондууд. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр бонд гаргаж болно. Гэхдээ ядаж чухам ямар төсөл хэрэгжүүлэх, хийхээ Засгийн газар нь эхэлж тооцоод, ТЭЗҮ-ээ батлаад бүх юм бэлэн болсны дараа бондын мөнгөө татаж санхүүжүүлэх ёстой байсан. Яагаад гэвэл зээлдүүлэгч тал энэ хугацааг тооцохгүй, шууд л хүүгийн төлбөрийн тоолуур гүйж эхэлдэг. Үүнээс болж их хохирол амслаа даа. Өнөөдрийн байдлаар бид өр тавьж болно. Гол нь бага хүүтэйг сонгох, өрийн хэмжээг бодитойгоор буулгах, авч байгаа өрийнхөө хэмжээний 10 хувьтай тэнцэх хэмжээний ч атугай өрийг бодитойгоор төсвөөс төлөөд үлдсэнийг нь дахин санхүүжүүлэх зарчмыг барьж ажиллах шаардлагатай.

Өмнөх гашуун туршлагаас сургамж авч гадаад бондоор төсвийн алдагдал санхүүжүүлж болохгүй, өөрөөр хэлбэл төсвийн алдагдлыг нөхөх зорилготой арилжааны зээл авч болохгүй гээд “Өрийн удирдлагын стратеги”-д бүр тодорхой заачихсаныг УИХ баталсан байдаг. Үүнийгээ л цаашид баримталж ажиллах нь чухал. Ямартай ч энэ “стратегийн” яг эсрэг хийгдээд, өр болж хуримтлагдсан бүх өрийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, Б.Жавхлангийн сангийн бодлого зохицуулж цэгцэлж, зайлшгүй шаардлагатай тохиолдолд дахин өр тавихад хүрвэл нүүр бардам хэлэлцээрт орох нөхцөлийг бүрдүүлжээ. Энэ нь “Дахиад өр тавь” гэсэн үг биш, бас “Огт битгий өр тавь” гэсэн үг ч биш гэдгийг уншигч та ойлгосон байх гэж найдаж байна.

 

Нийтлэлч У.Оргилмаа



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад биотехникийн арга хэмжээ авна10 сар 31. 12:21Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв10 сар 31. 12:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө цас орно10 сар 31. 12:12УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө10 сар 31. 11:46БНСУ таваас дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчлал болон эрүүл мэндийн визийг цахимаар шуурхай олгох тогтолцоог эхлүүлжээ10 сар 31. 11:41УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн ажлын тайлан10 сар 30. 17:1311 дүгээр сарын 1-ний өдрөөс Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов10 сар 30. 17:09Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна10 сар 30. 17:02Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв10 сар 30. 14:48Шүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов10 сар 30. 12:40Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 30. 10:22Дэлхийн банк: Зэсийн ханшийн төсөөллийг өсгөлөө10 сар 30. 10:19НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ10 сар 30. 10:15НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзав10 сар 30. 9:40Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ10 сар 30. 9:37457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна10 сар 30. 9:28Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ10 сар 30. 9:24Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ10 сар 30. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 30. 8:59Штайнмайэрийн дотно үг, Стуббийн инээмсэглэл, Лукашенкогийн каравайтай У.Хүрэлсүхийн дипломат улс төр ба 95 сая ам.долларын гэрээ10 сар 30. 8:51Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 29. 17:32Шатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно10 сар 29. 16:00АТГ: Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулав10 сар 29. 11:26Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав10 сар 29. 10:30Нийслэл хотын 387 жилийн ой өнөөдөр тохиож байна10 сар 29. 10:26Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо10 сар 29. 10:17Зохиомол түгжрэл үүсгэж байгаа ШТС-уудын газрын зөвшөөрлийг цуцална10 сар 29. 10:13Нөмрөгийн Соёлз, Галстай, Цэцэгт, Зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа10 сар 29. 10:06Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ10 сар 29. 9:59Б.Чимэглхам: Тархины харвалтын 80 хувьд нь бүрэн сэргийлэх боломжтой10 сар 29. 9:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.