Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.11.30) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 12 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан танилцуулсан. Төсвийн байнгын хороо 2023 оны 11 дүгээр сарын 21, 28-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэнийг Х.Баделхан гишүүн танилцуулгадаа дурдахын зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах шаардлагатай гэж үзсэн тул зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллыг бэлтгэн санал хураалт явуулахад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг онцолсон.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ монголчуудын дунд хавдрын өвчлөл өндөр байгаа энэ үед эх орондоо эмчилж, оношилж чадахгүй байгаа өвчнийг нэн тэргүүнд эмчлэх, шинэ технологийг нэвтрүүлэх, нутагшуулахад онцгойлон анхаарах цаашлаад насанд хүрсэн хүний эмчилгээний зардлын 20 хувийг буцаан олголтын хэмжээг 30 болгож нэмэгдүүлэхэд салбарын яам санаачилгатай ажиллах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, “Дотоодод эмчилж, оношилж чадахгүй 26 төрлийн өвчний жагсаалт байгаа юм. Эдгээр өвчнийг оношилж, эмчлэх чиглэлээр шинэ технологи нэвтрүүлэх, нутагшуулах зардлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай. Шинэ технологи нэвтрүүлбэл энэ чиглэлээр 50-иас доошгүй удаагийн тохиолдлыг гүйцэтгэх, тэрхүү зардлаа тухайн эрүүл мэндийн байгууллага өөрөө хариуцах журамтай. Эмнэлгийн байгууллагууд энэ төрлийн зардлаа бие даан хариуцдаг тул шинэ технологи нэвтрүүлэх ажил удааширалтай байгаа юм. Иймд эрүүл мэндийн салбарт шинэ технологи нэвтрүүлэх, нутагшуулах зардлыг Эрүүл мэндийг дэмжих сангаас санхүүжүүлэхээр хуулийн төсөлд өөрчлөлт оруулсан” хэмээн хариулав.
Ингээд Төсвийн байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Төслийн 1 дүгээр зүйлийн 19.3.6 дахь заалтыг “Тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөлт нь хуульд заасан хугацааг хангаагүй амьгүй донорын гэр бүлийн гишүүнд олгох нэг удаагийн тэтгэмж” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.8 хувь нь дэмжсэн тул Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг чөлөөлөв
Хуралдаан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг чөлөөлөх тухай асуудлаар үргэлжилсэн.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга албан тушаалаасаа чөлөөлүүлэх өргөдлөө ирүүлснийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
Тэрбээр энэ талаар хэлсэн үгэндээ, сүүлийн үед гарсан хүний эрх, хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой асуудлыг Монгол Улсын Их Хурлаас олон удаа авч хэлэлцсэн. Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Хууль зүйн байнгын хорооноос хүний эрхтэй холбоотой асуудлаар тодорхой үүрэг, чиглэл өгч байсныг тэмдэглээд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос гарч байгаа зөвлөмжүүд заавал биелүүлэх шаардлагатай болсныг онцолсон.
Мөн Улсын Их Хурлаас хүний эрхийг хангах, хамгаалах асуудалд онцгой анхаарал хандуулж байгааг тодотгоод Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг шинэчилж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг хэлэлцэж, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан зэргийг дурдаж байлаа.
Улсын Их Хурлын даргад ирүүлсэн уг өргөдөлд “Жаргалсайхан овогтой Хунан миний бие 2022 оны зургадугаар сарын 17-ны өдрөөс Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаа бөгөөд Комиссын гишүүд цаашдаа Комиссын даргын албан тушаалыг ротацын зарчмаар сэлгэн хаших нь зүйтэй хэмээн санал нэгдсэн. Иймд Комиссын даргын албан тушаалаас чөлөөлж, дараагийн даргыг томилж өгөхийг хүсье” гэсэн байв.
Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулсан.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Жаргалсайханы Хунангаас 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын даргад ирүүлсэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын албан үүргээс чөлөөлөгдөх хүсэлтийг Хууль зүйн байнгын хороо 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг Б.Пүрэвдорж гишүүн танилцуулгадаа дурдаад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг хүсэлтийг дэмжиж, Ж.Хунанг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэнийг онцлов.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Н.Ганибал, С.Одонтуяа, Ш.Адьшаа, Д.Ганбат, Ж.Батсуурь, Б.Бат-Эрдэнэ нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн “Улсын Их Хурлын дарга хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст тодорхой сануулга, анхааруулга өгч, дараа нь хариуцлага тооцож буй нь сайшаалтай” гэж байв. Харин Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрх хаана зөрчигдөж байна, тэр салбар, байгууллага, албан тушаалтанд санал, зөвлөмж хүргүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх 22 дугаар илтгэлийг хангалттай зөв, үнэн бодит, судалгаатай гаргасан. Энэ зөвлөмжийн дагуу Улсын Их Хурал шаардлагатай хуулиудыг баталж чадсан. Гэтэл хүний эрхийн зөрчил гаргасан, Хүний эрхийн Үндэсний Комиссоос өгсөн зөвлөмжийг биелүүлээгүй Засгийн газрын харьяа байгууллага болон бусад төрийн байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцохгүй байна” гэсэн санал хэлэв.
Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “Хүний эрхийн Үндэсний Комисс нь нийгмийн янз бүрийн хүрээнд үр дүнтэй хамтран ажиллаж, холбогдох шийдвэр гаргах шаардлагатай. Иймд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг шинэчлэн баталж, тус комиссын санал, зөвлөмжийг заавал биелүүлэхээр зохицуулалт хийсэн зэргээр хууль тогтоомжийг сайжруулсан. Гагцхүү манлайлал, хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Иргэний нийгмийн байгууллагаас ч энэ талаар олон санал, шүүмжлэл ирсэн. Хүний эрхийн Үндэсний Комиссын нийт бүрэлдэхүүнтэй уулзаж, хүний эрхийн түгээмэл тунхаглалыг хэрэгжүүлэхэд тодорхой ажил хийх, хүний эрхийг хамгаалахад цогц шинэчлэл хийх талаар албан даалгавар өгсөн. Энэ хүрээнд тус комисс хуралдаад даргын албан тушаалыг ротацын зарчмаар сэлгэн хаших нь зүйтэй гэж үзсэн байна. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14.1.15.-д “Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх санал гаргаж Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж заасны дагуу энэ талаарх өргөдлийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлж, хуралдаанаар дэмжсэн” гэж байлаа.
Ингээд Байнгын хорооны саналаар Ж.Хунанг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 55.8 хувь нь дэмжсэн. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томиллоо
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45.2-т “Ерөнхий нарийн бичгийн дарга хууль зүйн өндөр мэргэшилтэй, төрийн албаны удирдах ажлын туршлагатай байх бөгөөд түүнийг Улсын Их Хурлын даргын санал болгосны дагуу Улсын Их Хурал томилж, чөлөөлнө” хэмээн заасныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тодотгоод Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Дамдины Энхбатыг томилуулахаар санал болгож буйгаа мэдэгдсэн.
Мөн тэрбээр, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлэхдээ Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын удирдах бүрэлдэхүүнд хамгийн олон жил ажилласан туршлага, докторын зэрэг онол, практикийн мэдлэгтэйг үндэслэсэн гэж байлаа.
Д.Энхбат нь 1981 онд Улаанбаатар хотод төрсөн, 42 настай. 1997-2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2006-2008 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр, 2008-2013 онд БНХАУ-ын Өвөр Монголын их сургуульд докторын зэрэг хамгаалсан. 2009-2017 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэст зөвлөх, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ахлах зөвлөх, 2017-2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газар, Салбарын удирдлага, зохицуулалтын газарт Засгийн газрын ахлах референт, 2022 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Хуралдаан зохион байгуулах хэлтсийн дарга, мөн оноос Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байна. Төрийн албанд 15 жил, үүнээс 12 жил Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаа дадлага, туршлагатай төрийн албан хаагч гэдгийг УИХ-ын дарга танилцуулгадаа онцолсон.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилж, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас Л.Өлзийсайханыг чөлөөлөх саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн гэдгийг тодотгоод мөн УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хүссэн юм.
Нэр дэвшигч болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Д.Ганбат нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд Монгол Улсын парламентын гишүүдийн тоо 126 болж өргөжиж байгаа тул монголын ард түмнийхээ амьдрал ахуйг хэр мэдэж буйг тодотгоод аль салбарт докторын зэрэг хамгаалсныг илүүтэй лавлаж байлаа.
Нэр дэвшигч Д.Энхбат, “Би Бүгд Найрамдах Хятад Ард Улсад олон улсын эрх зүйгээр 2002-2004 онд магистрын бүрэн курс төгссөн, 2008-2013 онд БНХАУ-ын Өвөр Монголын их сургуульд экологийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан” гэж хариулав.
Эцэст нь Байнгын хорооны саналаар “УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилж, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас Л.Өлзийсайханыг чөлөөлөх саналыг дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 68.6 хувь нь дэмжлээ.
Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэж эхэллээ
Дараа нь Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ /бүрэн эхээр нь эндээс/ үг хэлсэн.
Засгийн газар байгуулагдсан цагаасаа Монгол Улсын шилжилтийн хэмээх тодотголтой өнгөрсөн 30 жилийн нийгэм, эдийн засгийн явцад бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгч, шинэ 30 жилийн эхлэлийг зөв тавих суурь реформын асуудалд үндсэн анхаарлаа хандуулсаар ирснийг Ерөнхий сайд тэмдэглээд авлигын эсрэг тэмцлийн үр дүнд шинэ 30 жил бодитоор эхлээсэй хэмээн нийгмээрээ хүсэж байгаг онцолсон.
Мөн авлигын эсрэг тэмцэл адармаатай ч алхам алхмаар урагшилсаар өнөөдөр шүүхийн шатанд тулаад буйг тодотгоод муу нуухаар сайн илчил гэдэг. Авлигатай хийх тэмцэл эрчимжиж, эдийн засгийн тоон үзүүлэлтүүд сэргэж байгаа ч, авлигачдад эцсийн хариуцлага тооцох ажил шүүхийн шатанд удааширч байгааг дахин онцолж байна. Энэ байдлыг зөвхөн олон нийт ч биш, олон улсад ажиглаж, Монгол Улсын гадаад орчны зарим үнэлгээнд сөргөөр нөлөөлсөөр байна. Шүүх засаглалыг бид авлигач шүүгчдээс нь, тэднийг томилсон бүлэглэлээс нь хамгаалж, хараат бус шүүх засаглалыг бүрдүүлэх, шударга шүүгчдийг дэмжихэд бүх нийтээрээ дэмжлэг үзүүлэх цаг болсон гэдгийг тодотгосон.
Засгийн газрын тэргүүн, Авлигын асуудал шүүхийн шатанд ийнхүү замхарсаар, асуудал энэ хэвээр үргэлжилсээр байвал ард иргэдийн хилэн асаж, эрхзүйт төрд эрсдэл учрах нийгмийн бухимдал бодитоор хуралдан бий болсныг Улсын Их Хурлын индрээс хариуцлагатайгаар мэдэгдэж буйг тодотгоод шүүхийн зарим удирдлага Ерөнхий сайдыгаа огцруулах санал хураалт хийж, шүүхэд шүүмжлэлтэй хандсан бүхэнд бухимдан хилэгнэхийн оронд өөрөө өөрийгөө шинэчлэх цогц реформыг цаг алдалгүй эхлүүлж, олон улсын түвшинд ёсзүй, ур чадвар, хүний нөөцийн хувьд хүрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна гэв.
Улс орон бүхэн өөр өөрийн тулгамдсан асуудлаар дагнасан шүүх байгуулдаг нь нийтлэг жишиг. Олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр дэлхийн 27 улс Авлигын дагнасан шүүхтэй байна. Авлига бидний тулгамдсан асуудал мөн л бол нэрэлхэлгүй тулгамдсан асуудлаа шийдвэрлэдэг байх учиртай. Энэ нь шүүхэд итгэж буй итгэл бөгөөд авлигын эсрэг мэргэшсэн бүтцийг өөрсдөө бүрдүүлэх боломж бөгөөд дээд шүүхэд өгч буй эрх мэдэл биш хариуцлага хэмээн хүлээж авна гэдэгт итгэж байна.
Мөн шүүх засаглалын цалин хангамжийн асуудлыг Улсын Их Хурлын аль нэг Байнгын хороо шийддэг байж болохгүй гэсэн байр суурьтай байна. Харин итгэлцүүрийн дагуу засаглалууд өөрсдөө шийдвэрлэдэг байх нь олон улсын жишиг юм. Шүүгчидтэй аль нэг улс төрч, бизнесийн нөлөө бүхий хүмүүс протоколгүй, албан бусаар уулзахыг хуульчлан зохицуулах ч шаардлагатай байна гэдгийг Ерөнхий сайд онцлон тэмдэглэсэн.
Түүнчлэн хуулийн төслийг хэлэлцэх явцад шүүн таслах үйл ажиллагаа явуулах өрөө тасалгаа, цахимжилт, сургалт судалгаа, хүний нөөцийн асуудлыг олон улсын түвшинд хүргэх зэрэг цогц асуудлыг тогтоолд тусгах нь зүйтэй гэж үзэж байна гэж байлаа.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо хуулийн төслийг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төсөл батлагдсанаар холбогдон гарах зардлын тооцоог нийт 345,627,250.0 төгрөг болох тооцоо гарснаас хүний нөөцийн зардал 47,418,750.0 тэрбум, материалын зардал 297,308,500.0 тэрбум бусад зардал 900,000.0 сая төгрөг байхаар хууль санаачлагчид үзсэн бөгөөд уг хуулийн төслийг www.d.parliament.mn цахим сайтад байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгааг дурдаад Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Шүүх байгуулах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, хуулийн төслүүд болон Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг онцлов.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, С.Одонтуяа, Н.Алтанхуяг, Ц.Сандаг-Очир, Б.Жаргалмаа, Ш.Адьшаа нар асуулт асууж, хариулт авснаар чуулганы нэгдсэн хуралдааны үдийн завсарлага болсон тул төслийн талаарх асуулт, хариултыг үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэхээр боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл бичих