Томуу, томуу төст өвчний улирал эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын иргэдийн дунд энэ төрлийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.
Сүүлийн долоо хоногт амбулаторийн нийт 112,100 үзлэг хийснээс 6000 гаруй иргэн томуу, томуу төст өвчний шалтгаанаар үзүүлжээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган “Өнөөдрийн байдлаар 1110 ор дэлгээд байна. Эмнэлгүүдээс ирж буй мэдээллээр энэ жилийн томуу, томуу төст өвчний онцлог нь эдгэрэлт харьцангуй удаан. Үүнтэй холбоотойгоор орны эргэлт удааширч байгаа. Тодруулбал, хүүхдүүдийг 10 хүртэлх хоногоор хэвтэн эмчлүүлэх шаардлага үүсээд буй. Иймээс ирэх долоо хоногоос өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-үүд уртасгасан цагаар ажиллан, амралтын өдрүүдэд ч амбулаторийн үзлэг хийх зохион байгуулалт руу шилжиж байна” гэлээ.
Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд хүүхдийн амьсгалын замын өвчлөл, томуу, томуу төст өвчний эмчилгээ, асаргааны талаар зөвлөгөө өгөх утсыг тогтмол ажиллуулж байна.
Сэтгэгдэл бичих