Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойн хүрээнд анхны ардчилсан сонгуулиар байгуулагдсан 430 депутаттай Ардын Их Хуралд сонгогдон ажиллаж, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг барилцсан эрхмүүдийн талаарх “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номд нийтэлсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.
Нийгмийн нэг тогтолцооноос нөгөө тогтолцоонд шилжиж буй үйл явцын үед бүх зүйл хуулийн хүрээнд байх буюу журмандаа орох ёстой. Энэ нь Үндсэн хуулиас ихээр шалтгаална. Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих, өөрөөр хэлбэл нийгмийн нэг байгуулал нийгмийн нөгөө байгуулалд ороход түүний гол тулгуур эрхзүйн үндэс болсон Үндсэн хуулийг өөрчлөхийг шаарддаг. Үндсэн хууль гарснаар хийж буй өөрчлөлт, шинэчлэлт эрх зүйн үндэстэй болно гэсэн үг юм. Тэгэхээр Үндсэн хууль батлан гаргана гэдэг нь ямар их ач холбогдолтой болох нь ойлгомжтой.
Манай улсын шинэ сонголтыг хүлээн зөвшөөрч, эрхзүйн үүднээс баталгаажуулан, цаашдын хөгжлийн замд эргэж буцалтгүй ороход улс орны гол суурь болох Үндсэн хуулиа баталж, мөрдөх явдал тулгамдсан зорилт болон тавигдсан юм.
Улсын Бага хурлаас тус улсын шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах комиссыг Ерөнхийлөгч П.Очирбатаар ахлуулан байгуулсан юм. Уг комисс эрдэмтэд мэргэжилтний дэвшүүлсэн санал, Үндсэн хуулийн төслийн бие даасан хувилбарууд, дэлхийн улс орнуудын ардчилсан үндсэн хуулиудын жишиг зэргийг авч үзсэний үндсэн дээр Үндсэн хуулийн төслийг боловсруулж, УБХ-д оруулсан. УБХ Үндсэн хуулийн төслийг түүний зүйл, заалт бүрээр нь хэлэлцэж, Монгол Улсын их цаазын төсөл нэртэйгээр нийт ард түмнээр хэлэлцүүлэх шийдвэр гаргасан юм.
Үндсэн хуулийн төслийг 7000 гаруй байгууллага, хамт олон хэлэлцэж, түүнд 900 мянган хүн оролцож, давхардсан тоогоор 2 сая гаруй санал гарчээ. Үндсэн хуулийн төслийг УБХ хоёр удаа хэлэлцүүлэг хийж, АИХ-д оруулсан юм. Үндсэн хуулийн төслийг УБХ-аар хэлэлцэж байхад маш олон асуудлаар санал хураалт явагдаж байлаа. Тухайлбал: Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын уугуул иргэн байх талаар 17 удаа санал хураалт явуулсан байдаг. Монгол Улсын хоёр, гурван үеийн уугуул иргэн гэдэг асуудал яригдаж, Дорнод аймгаас сонгогдсон гурван гишүүн түүнчлэн О.Очиржав гишүүн нэмэгдээд, Д.Энхбаатар, Бор Жанцан нар хурал хаяж байсныг ч санаж байна. Орон нутгийн өөрөө удирдах ёсны асуудал ч маргаантай байсан. Төрийн бэлгэ тэмдгийн асуудлыг ярьж байж, эхний хувилбараар оруулав. Энэ нь АИХ- ын чуулган дээр өөрчлөгдсөн юм. Тухайн үед Үндсэн хуулийн үг хэллэг, нэр томьёог аль болох монголжуу, монгол хөрсөнд суулгах гэж хичээж байсны илрэл нь “Их цаазын төсөл” гэсэн нэрээр хэлэлцүүлснээс харж болно. Цааз гэдэг үгнээс хүмүүс их болгоомжилж байв. Угтаа цааз гэсэн үг нь хориглох, зохицуулах гэсэн утгатай юм. Сүүлийн хэдэн зуунд цааз гэдгийг ялын дээд хэмжээ гэсэн утгаар ойлгож ирсэнтэй холбоотой цэрвэж байсан байх. Хууль гэдэг нь хаули гэсэн манж үг бол, харин цааз гэдэг нь хууль гэсэн утгатай Монгол үг юм. Монголчууд хоршиж, “хууль цааз” гэж хэвшиж дадсан байдаг. Үндсэн хуулийг мөн хоёр хэлэлцүүлгээр хэлэлцэн баталсан юм. Эхлээд хуулийнхаа нэрийг хэлэлцэв. Их засаг хууль, Их цааз, Үндсэн хууль гэсэн гурван нэр дээр ярилцсан бөгөөд “Их засаг хууль” гэдэг нэр нь эхлээд давамгайлах саналыг авч байв.
Дараагийн асуудал нь улсын нэрний асуудал байв. Нэгдүгээр хэлэлцүүлгээс хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүлэх үед миний бие хэлэлцүүлгийг ямар ч байсан гацаанаас гаргах үүднээс БНМУ гэдгээр санал хураалгаж, олонхын дэмжлэг авсан юм. Хэрэв Монгол Улс гэж нэрлэвэл НҮБ-ын бүртгэлээс авахуулаад олон улсын гэрээ хэлэлцээр, гадаад харилцааны тал дээр юу болох бол гэж хүмүүс болгоомжилж байв.
Гуравдахь маргаантай асуудал засаглалын хэлбэрийн асуудал байв. Ерөнхийлөгчийн үү, парламентын уу гэдэг дээр нэлээд олон хоног маргалдсан юм. Депутатууд маргалдаж, хэрэлдээд сүүлдээ АИХ-ыг даргалж байсан Ж.Уртнасан гуай хүртэл хурлаа орхиод гарч байсан тохиолдол ч гарч байсан юм. Тухайн үед Ж.Уртнасан гуайн айвуу тайвуу, хүлээцтэй зан чанар Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үед маш их тус болж байсныг дурдах нь зүйтэй билээ.
Б.Чимид багшийн гүн гүнзгий, ул суурьтай, мэдлэгтэй тайлбарууд бас чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Депутатууд “Чимид мэдэмхийрлээ, зүтгүүллээ бүгдийг нь Чимид мэдэх ёстой юм уу” хэмээн түүн рүү улайран дайрах нь ч бас байсан юм. Харин Үндсэн хуулийг баталсны дараа түүнд гавьяат хуульч цол олгох хэрэгтэй гэж Баянхонгор аймгийн депутат Жагваралыг санал гаргахад танхим дүүрэн нижигнэтэл алга ташиж, бүгд уухайлан дэмжиж байв.
Ингээд засаглалын хэлбэрийн хувьд үндэсний аюулгүй байдал, олонхын зарчим, бусад олон зүйлийг бодож, парламентын засаглалыг сонгоё гэж тогтсон юм. Энэ үед АИХ-д ажиллаж байсан МАХН-ын бүлэг, Ардчилсан эвсэл бүлэг, бие даасан депутатуудын бүлгүүд зөвшилцөж, Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгох, гэхдээ парламентын засаглалыг гол болгож авах талаар П.Очирбат ерөнхийлөгчийн өрөөнд хуралдаж тохиролцоонд хүрсэн юм.
Үндсэн хуулийн цэцийг Улсын Дээд шүүхийн бүрэлдэхүүнд байлгах уу, бие даалгах уу гэсэн асуудал их маргаантай байв.
Тав дахь нэлээн цаг авсан асуудал бол төрийн бэлэг тэмдгийн асуудал байв. Төрийн есөн хөлт цагаан туг, төрийн тамга, төрийн далбааны асуудлаар маргаан болоогүй, гол нь төрийн сүлдний асуудал байв. Тэнгисболдын зурсан цагаан шонхор бүхий төслийг эхлээд оруулж, депутатууд ямар ч байсан морь, соёмбо байх хэрэгтэй гэдэг дээр хэсэгчлэн санал хурааж, дэмжсэн юм. Ингээд Ойдовын сүлд орж ирж батлагдсан. Бэлгэ тэмдгийн комисст Депутатын хорооноос Сэлэнгийн Норовренчингээр ахлуулсан депутатууд ажиллаж, голыг нь Г.Зуунай удирдаж хийсэн юм. Төрийн дууллын асуудлаар миний бие чуулганы хуралдааны завсарлагаар Ц.Дамдинсүрэн гуайн охин Дулмаа буюу Анна Цэндийнатай уулзаж, үгийн заримыг нь хасах зөвшөөрөл авсан юм.
Монгол Улс Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд аймаг, нийслэлд, аймаг нь сумд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдах хуваарийн асуудал дээр нэлээд маргаан болж, хот гэдэг үгийг оруулах эсэх асуудлаар олон хүн санал бодлоо хэлсэн юм. Гэхдээ “хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн үгийг Үндсэн хуулинд оруулж өгөв. Мөн “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна” гэсэн үгийг хөдөөнөөс сонгогдсон депутатууд хүчтэй тавьж оруулсан. Энэ нь Үндсэн хуульд шаардлагагүй гэж нэг хэсэг нь үзэж байв. Мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэдэг нь Монгол Улсын үндэсний баялаг, мал, малчны талаар баримтлах төрийн бодлого Үндсэн хуульд сууж өгсөн нь миний хувьд алсыг харсан зүйл болсон гэж үздэг билээ. Түүнээс илүүдэл эрхтэн болж суугаагүй юм.
Өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна гэдэг заалтыг цэргийнхэн нэлээн хүчтэй тавьж оруулсан. Тухайн үед батлан хамгаалах болон цэргийг үгүйсгэх үзэл нэлээд давамгайлж байв.
Хүний эрх, эрх чөлөөний хэсэгт хөдөлмөрлөх, байгаль орчноо хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхийг журамт үүрэг болгож оруулахыг олон депутатууд дэмжсэн.
“Засгийн эрх ард түмэнд байна” гэдэг заалтыг мөн депутатууд санал гаргаж оруулсан.
Шашин шүтэх эрх, эрх чөлөөний асуудал дээр Буддын буюу уламжлалт шашин зонхилох шашин байна гэсэн заалтыг оруулахаар Д.Чойжамц, Г.Очирбат гуай болон бидний хэсэг хүмүүс нэлээд зүтгэсэн боловч бүтээгүй юм.
Газар өмчлөлийн асуудал бас маргааны төвд байсан. Гэхдээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлж болох тухай заалт оруулсан нь манай Үндсэн хуулийн хувьд том дэвшил болсон юм. Газрын хэвлий, түүний баялаг, ой мод, ус, ургамал, амьтнаас бусад газрыг иргэнд хувьчлуулж болох заалтыг депутатууд хүлээж авсан. Энэ мэтчилэн Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн явцад гарсан олон асуудал байдгаас тэр дундаа сонгуулийн системийн талаар, Монгол Улсын иргэд нийтээрээ, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр өрсөлдөж, нууцаар санал гаргах сонгуулийн зарчмыг хуульчилж өгсөн юм.
Төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ хэрэгжүүлж, түүний хэнтэй ч хуваалцашгүй бүрэн эрхийг Үндсэн хууль баталгаажуулсан. УИХ-ын гишүүдийн тооны асуудал дээр бас саналууд гарч, зургаан жилээр сонгогддог, гурван жилээр ротациар өөрчлөгдөж байдаг саналыг оруулж ирсэн боловч нэг танхимтай дөрвөн жилээр сонгогддог байнгын ажиллагаатай парламентыг хуульчилж өгсөн юм. Ингэхдээ 112, 76 гэсэн саналууд дээр хуваагдаж, дэлхийн хүн амын тооны статистик, парламентын гишүүдийн тоог харгалзсаны үндсэн дээр 76 гишүүнтэй байх хувилбар нь олонхын дэмжлэг авсан юм. Өнөө үед гурван сая дөхөж буй хүн амтай манай улсын хувьд 76 гишүүнтэй ганц танхимтай парламенттай байгаа нь арай бага тал руугаа байгаа нь бас үнэн юм.
Энэ мэтчилэн Үндсэн хуулийн заалт тус бүрээр гарсан хэлэлцүүлэг, маргааныг депутатын хороо хүлээн авч, хуралдааны завсраар хуралдаж, найруулгын хувьд томьёолж, маргааш нь депутатуудад тараадаг байв. Нэгдүгээр хэлэлцүүлгээс хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжих үед нэг, хоёр хоногийн завсарлага гарч, протоколыг соронзон хальснаас бичгийн машинаар буулгаж, шөнөжин би өөрийн гурван шавь Ж.Элбэгсайхан, Б.Мандахбилэг, Д.Батбаатар нарын хамт уншиж, тулгаж, тугалган үсгэн дээр буулгуулж, хэвлүүлээд нойтноор нь БНМАУ-ын Их засгийн хууль нэртэйгээр дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлж байв (тэр үед компьютер байсангүй. Эхийг баригчийн хувьд Б.Чимид багш, бид хоёрын гараар орж, эцэст нь засагддаг байсан).
Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа хэд хэдэн маргаантай асууддыг шийдвэрлэж, улмаар “Монгол Улсын Үндсэн хууль” гэсэн нэрээр сүүлчийн хэлэлцүүлгийг хийв. Ингээд нэгтгэн боловсруулсан хувийг гишүүдийн гар дээр тавьж, нэгдүгээр сарын 13-ны өглөө батлуулсан юм. Депутатын хороо нэгдүгээр хэлэлцүүлгээс хоёрдугаар хэлэлцүүлэгт оруулсан Үндсэн хуулийн эхийг уншиж депутатууд баталсан юм. Хороо ч бас бага бус ажил гүйцэтгэсэн. Би депутатын нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан.
Үндсэн хууль оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй, мөн БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай гэсэн хавсралт хуультай байв. Шинэ Үндсэн хуулийн зорилт нь улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон тунхагласан юм. Улсын нэрийг “Монгол Улс” хэмээн ард гэсэн тодотголыг нь хассан билээ.
Шинэ Үндсэн хуулиар засаглал хуваах онол, зарчмын дагуу төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэсэн тогтолцоогоор хуваарилав. Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах тухай Үндсэн хуулийн үзэл санаа нь ардчилсан хөгжлийн чухал ололт юм.
Шинэ Үндсэн хуулийн бас нэг онцлог бол Үндсэн хуулийн хяналтын механизмыг бий болгосон явдал юм. Үндсэн хуулийн тавдугаар бүлэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий Үндсэн хуулийн цэц”-ийн бүтэц, үйл ажиллагааны зарчим, эрх хэмжээг хуульчлан бэхжүүлсэн юм.
Шинэ Үндсэн хууль батлагдан гарснаар Монголын ард түмэн хуучин тогтолцоог үндсээр нь халж, монголын төр нийгмийн байгууллыг ардчиллын үндсэн дээр цаашид оршин хөгжихүйц чиг баримжаа, үндэс, зарчмуудыг тогтоож, нийтээр дагаж баримтлах улс төр, эрх зүйн хэм хэмжээний үндсийг тавьж чадсан билээ.
Үндсэн хуулийг хэлэлцсэн 100 гаруй боть өнөөдөр УИХ-д хадгалагдаж хадгалагдаж байна. Хуудас бүрд нь тэр үеийн АИХ-ын депутатуудын, УБХ-ын гишүүдийн, эрдэмтэд мэргэдийн хэлсэн үг, өгсөн дүгнэлт, санал, шүүмжлэл тодоос тод харагдаж байна. Нийт ард түмнээр хэлэлцүүлэхэд гаргасан олон санал байдаг. Үндсэн хуулийн төслийг бүсчлэн хэлэлцүүлсэн билээ.
Энэ мэтээр дүгнээд үзвэл Монгол Улсын Үндсэн хууль бол Монголын ард түмний бүтээл юм. Үүнийг хэн нэг нь өмчлөх ёсгүй ч энд хувь хүний гүйцэтгэсэн үүргийг үгүйсгэх аргагүй билээ. Үндсэн хуулийн төсөл боловсруулах комисст ажилласан олон эрдэмтэд, тэр дотор миний өөрийн шавь нар ч хамтран ажилласан юм. Б.Мандахбилэг, Д.Батбаатар, Ж.Элбэгсайхан нарыг одоо ч би дурсан санах дуртай байдаг. Миний олон багш нар ажилласан. Б.Чимид багш эхийг баригч гол тулгуур нь байлаа. Түүнчлэн С.Нарангэрэл, Н.Лувсанжав, Ж.Амарсанаа, С.Төмөр нар зөвлөхөөр ажилласан юм. Мөн ар талд бичиг хэргийн асуудал дээр олон хүн нойр хоолгүй ажиллаж байсныг дурдах хэрэгтэй. Бид Үндсэн хууль батлахын урьд шөнө гэхэд цурам хийх завгүй хонож байв. Чимид багш эхэлж засаж найруулна, би бас засна, дараа нь Чимид багш харна, тэгээд бичиг хэрэгт машиндуулахаар өгдөг байв. Депутатын хороо сүүлийн гол танилцуулгыг намайг хий гээд орхив. Учир нь Депутатын хорооны дарга нь Ж.Гомбожав, нарийн бичгийн дарга нь миний бие бөгөөд Ж.Уртнасан гуай хурал удирдаж байгаад Чимид багш, бид хоёрыг “Бага хурлыг төлөөлж, эхийг баригчаар Б.Чимид, Депутатын хороог төлөөлж, эх баригчаар Д.Лүндээжанцан нарыг томилон ажиллуулахаар боллоо” гэж мэдэгдсэн юм. Ингээд бид ажилдаа орж байлаа.
Үндсэн хуулийн үндэс, тулгуур зарчмууд хэзээ ч өөрчлөгдөхгүй, харин түүнийг дотор нь боловсронгуй болгох зүйлүүд бий гэдгийг миний бие үгүйсгэдэггүй юм.
Сэтгэгдэл бичих