Ц.Дэмбэрэл: Монголын багш нар бүү хэл, судлаач эрдэмтэд нь хүртэл зориг зүрхгүй болсон


12-р сарын 7
11 цаг 21 минут

        Боловсролын реформ ба Олон улсын туршлага

Доктор, Монгол Улсын Гавьяат багш Ц.Дэмбэрэлтэй ярилцлаа.

Та бид хоёрын ярилцлага үндсэндээ манайд БОЛОВСРОЛЫН РЕФОРМ хийх шаардлагатай бөгөөд тэр цаг нь тулсан гэсэн дүгнэлт рүү очиж байх шиг?

Тэгэлгүй яахав. Тоталитар тогтолцооны гажуудсан боловсролыг зах ардчилсан горимд шилжүүлэх үйл явцыг бүхэлд нь боловсролын реформ хэмээн нэрлэж байна. Зөвлөлтийн харьяанд байсан Зүүн Европын орнууд БОЛОВСРОЛЫН РЕФОРМ хийгээд үндсэндээ дуусах нь ээ. Одоо Украин реформоо ид өрнүүлж буй. Харин Киргиз, Тажикстан, Туркменистан зэрэг хоцрогдсон исламын орнуудад боловсролын реформ эхлэлийн шатандаа байгаа. Тэнд шашны нөлөө их тул реформ гэхээр хүлээж авдаггүй хэцүү аж. Харин Монголыг хуучнаар нь байлгах, боломж гарвал Хойд Солонгос руу зүглүүлчих гэсэн сонирхол зарим хүмүүсийн тархинд эргэлдсээр байгаа нуух юун. Монголд боловсролын реформ онц чухал боллоо.

Боловсролын реформ, боловсролын чанарын шинэчлэл гэхээр ялгаатай юу?

Боловсролын реформ нь боловсролын гажуудсан тогтолцоонд хамаарах ойлголт. Тоталитар тогтолцооны боловсролыг жинхэнэ зүй ёсны эрүүл горимд нь шилжүүлэх явц юм. Харин боловсролын чанарын шинэчлэл гэхээр илүү өргөжиж, бараг бүх улс оронд хамаарна. Монгол улсын тухайд боловсролын реформ хийх бас чанарын шинэчлэлийг өрнүүлэх гэсэн хоёр том зорилтыг хамтад нь хэрэгжүүлэх ёстой болоод буй. Хүндрэл энд бий.... гэхдээ зүтгэхээс өөр замгүй.

Боловсролын реформ хийсэн ямар, ямар орнуудаас бид юуг нь суралцвал онох бол?

Эстони, Украин, ОХУ, БНХАУ-аар жишээ татъя. Эстони реформоо сайн хийсэн, БНХАУ хурдтай зүтгүүлж буй. Украин яг одоо ид өрнүүлж байна. ОХУ бэлтгэлээ хангаад дуусаж байх шиг. Монголд реформ эхэлж магадгүй болоод байна. Монгол руу ойртох тусмаа байдал дордоод байгаа биз.

Эстони:

Эстони 2018 оны PISA-д 79 орноос онцгой өндөр амжилт үзүүлж Европын орнуудын өмнө гарчээ (Энэ шалгалтад ОХУ 33-д жагсжээ). Тоталитар боловсролд олон жил

хавчигдаж, нухлагдсан гэхэд Эстонийн энэ амжилт бол гайхмаар үзэгдэл мөн юм. Бас хамгийн өндөр оноо авсан сурагчдын дотор нэн бага орлоготой өрхийн хүүхдүүд дийлэнх байгаа нь бүр ч гайхмаар. Тэмдэглэх нь: XXI зуун гарсаар PISA шалгалтаар сурагчдын сэтгэх чадварууд, бүтээлч байдлыг нь бодит утгаар шалгадаг болсон. Учир гэвэл, сэтгэх чадварууд нь энэ зуунд маш өндөр үнэлэгдэх юм. Сүүлийн жилүүдэд Монголчууд бид боловсролыг мөнгөөр хэмжинэ, мөнгөөр худалдан авна гэх боллоо, гэтэл мөнгө дангаараа бүхнийг шийдэж чадахгүй гэдгийг Эстонийн ядуу өрхийн хүүхдүүдийн гоц амжилтууд нотлон харууллаа. Оюун ухааныг мөнгөөр шийддэггүй ажээ. Бид бага орлоготой өрхийнхөө хүүхдүүдийг ЗӨВ аргаар УХААЛАГ дэмжвэл тунчиг ирээдүйтэй. Монголын хөдөөнөөс, хотын захын хороо дүүргээс, бага орлоготой өрхүүдээс ОЮУН УХААН оргилон ундарна. Эстоничууд дэлхийн үндэстнүүдийн 10-ын уралдаанд 30 орчимд жагсаж байх бол Монгол үндэстэн эхний 6-д (ер нь бол үндсэндээ тэргүүнд нь) байдаг, манай хүүхдүүд яалаа гэж Эстони хүүхдүүдээс дор байх вэ дээ. Хамгаас чухал нь боловсролын бодлого боловсруулдаг, хэрэгжүүлдэг эрхэм дээдсүүдийн сэтгэлгээг өөрчлөх. Эстонийн Боловсролын сайд Майлис Репс (2002 онд 26 настайдаа энэ албанд томилогдсон 6 хүүхдийн ээж) Дэлхийн Боловсролын Чуулган (Education World Forum) дээр энэхүү амжилтыг араас нь дараах бүрэлдэхүүнүүд түшиж байгааг онцлон тэмдэглэжээ. 

Үүнд:

1.1990 оноос бүх Эстони хүн реформ, реформ гэж хэлж шаардах болсон. Боловсролын реформ бол ХӨГЖИЛ бөгөөд түүнийг хийхгүй бол Эстони ЯЛАГДАНА гэх үзэл бүх нийтийг хамарсан. Тодруулбал, боловсролын реформыг бүх ард түмэн дэмжив. Реформыг нэг ч хором зогсоож болохгүй, зогсоох л юм бол хоцрогдол нүүрлэнэ. Эдүгээ Эстони хүн реформ гэдэг үгийг ИРЭЭДҮЙ гэдэг үгээр сольсон. Одоо Эстони хүн бүр бараг өдөр бүр ирээдүй, ирээдүй гэж ярьж, бичиж, ирээдүйтэй юмыг цаг алдалгүй хий гэж биднээс шаардах боллоо. Эстоничууд ирээдүйгээр амьсгалж байна. Эстонийн төр улс гэрээ яавал ирээдүй рүү улам гүн оруулахав гэж л боддог, санааширдаг, арга зам хайдаг болсон. Эстоничууд одоо аливаа үйл ажлыг ирээдүй гэх шалгуураар заавал оруулж, хянаж сурч байна. Сануулах нь: Монголчууд 30 жил ТҮҮХ, ТҮҮХ гэж арагшаа харж, хойшоо улдан цахадлаа, бид түүхээр хооллож ханав бус уу. Одоо толгойгоо эргүүлж урагш нь харуулахсан. Үүнд Эстоничуудаас суралцвал ямар бол?

2.Социализм хүн арддаа итгэдэггүй гаж тогтолцоо байжээ. Бүгдийг төр өөртөө авсан тул иргэд нь идэвх санаачилгагүй, нэгэн төрөл АМЬТАН болсон байв. Эстони хүн үүнийг сэтгэл дотроо эсэргүүцсээр байсан л даа, гэхдээ ЗХУ гэх тоталитар засагтай том дарангуйлагчийн хэвлийд бараг 50 жил (1944-1991 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан үе) байсан болохоор яаж ч чадаагүй. Эдүгээ Эстонийн төр хүн ардаа итгэлээр мялаасан. Ялангуяа ЕБС, багш, захирлуудаа итгэл өгөх нь тун чухал юм билээ. Тэдэнд эрх чөлөө хэрэгтэйг бид ойлгосон. Гэхдээ итгэл алдвал мэдээж, хариуцлага тооцно. Энэ бол ЗАРЧИМ.

3.Эстонид 1993 оноос эхлэн боловсролын төвлөрлийг сааруулсан. Ингэхдээ боловсролын бодлогодоо Финланд загварыг суурь болгож авсан. Сургуулиуд зохион байгуулалт, санхүүгийн хувьд нэлээд өргөн эрхтэй болов. Ерөнхий боловсролын үйлчилгээ үзүүлэх эрх, хариуцлагыг орон нутаг, ЕБС-уудад н Яамнаас ажлын хүрээ (framework)-г нь зааж өгдөг, сургууль, багш, сурагчид энэхүү заагдсан хүрээндээ чөлөөтэй ажиллаж, суралцана. Өмнөх жилүүдэд төрөөс тэдний ажилд хэтэрхий их оролцож байсан нь багш, захирал, сурагч, эцэг эхчүүдийн эрх мэдэлд халдсан, тэднийгээ гүйцэтгэгч боол мэт үзсэн буруу технологи байжээ. Энэ нь социализмаас угшилтай байсан гэв.

4.Эстонийн Боловсролын яам бодлогоо л сайн боловсруулахыг хичээдэг болсон. Төрөөс хэрэгжүүлэх боловсролын бодлого, ил тод, тунгалаг байдаг. Түүнд сонирхогч бүх талууд (олон төрөл холбоо, нийгэмлэгүүд, ТББ бизнесийн компаниуд)-ын санал хүсэлтийг тусгаж байна. Яам маань юм юманд оролцохоо больсон учраас бидэнд бодлого боловсруулах, олон улсын туршлага судлах боломж, цаг үүссэн. Бодлого ярихгүй хүнд манай яаманд ажиллах орон зай байхгүй ээ.

5.Эстонид бага боловсролоо илүүтэй чухалчилдаг. Сайн суурьтай байж л ирээдүйлэг ажил хийнэ гэдгийг ойлгосон. Эстонид 3-р анги төгстөл дүн тавьдаггүй.

6.Боловсролын яам хяналт, үнэлгээг байнга хийдэг ба үүндээ хөндлөнгийн байгууллагыг ашигладаг. Төрөөс боловсролын түвшин бүрийн дараа хатуу хяналт шалгалт хийдэг. Жишээ нь, 3-р анги дүүргэсэн бүх сурагчаас үндэсний сорил авдаг. Энэ сорилоор дүн тавихгүй бөгөөд гагцхүү багш, сурагч хоёрт 3 жилийн дотор шаардлагатай түвшинд хүртэл ажилласан эсэх талаарх мэдээлэл өгөх, урвуу холбоо тогтоох зорилготой. Эндээс тухайн ангийн багшийн ажлын үр дүн, сурагчийн хүрсэн бодит чадамж харагддаг.

7.Сургууль багш нарын өрсөлдөөнийг дэмжсэн. Ямар сурах бичгээр яаж сургахаа тэд өөрсдөө мэддэг болсон үед л өрсөлдөөн үүсдэг юм билээ. Улсаас сурах бичгийн дундаж үнээр тооцож зардал өгдөг, сурагчид өөрсдөө сурах бичгээ сонгоно. Эдүгээ маш олон төрлийн сургалтын материал, боловсролын СТАРТ АП-ууд гарчээ. Гадаад хэлээр бас олон бий. Тэдгээрийг төрөөс зохицуулна гэж байхгүй юм билээ. Харин ч тийм сайн гадаад сурах бичиг, хичээлийн бэлэн бусад хэрэгслийг аль болох олноор ашиглахыг бид дэмждэг. Бүх юмыг дан ганц эстони хэлээр авна гэвэл бүтэхгүй ээ. Даяаршсан дэлхийд амьдарч байгаа дэлхийн иргэнийг бид бэлтгэх үүрэгтэй.

8.Одоогийн мэдлэг олгодог академик хичээлүүдийн давуу талыг хадгалах, шинийг авах хоёрын тэнцэл балансыг барих нь чухал. Аль нэгийг нь хэтрүүлж туйлшрах осолтой. Төрөл бүрийн боловсролын контент хийж байгаа хувь хүн, компаниудыг дэмждэг. Тэд өрсөлдөж байж хэрэгтэй сайн нь үлдэг. Үүнд төрөөс оролцдоггүй.

9.Багшийн цалин бас чухал аа, өндөр цалингаар л өөдтэй хүнийг боловсролдоо авч үлдэнэ. Багшийн цалингийн дундаж нь ямар ч дээд боловсролтой төрийн ажилтны цалингаас дор биш, сургуулийн өмнөх болон бага боловсролын багшийн цалин тэнцүү.

10.Хавартаа аймаг, хот, дүүргийн захиргаанаас сургуулиудад дараах жилийн санхүүгийн төсвийн тойм төлөвлөгөөг хүргүүлдэг. Орон нутгийн удирдлагын саналаас өмнө сургуулиуд энэхүү төлөвлөгөөг өөр өөрсдийнхөө хандивлагчдын зөвлөлөөр оруулна. Энэ зөвлөлд эцэг эх, багш, сурагчдын төлөөлөл, бас гаднын экспертүүд орсон байдаг. Сургуулийн захирал нь багш нарынхаа цалинг энэхүү хандивлагчдын зөвлөл болон багш нарынхаа холбоогоор ил тод хэлэлцүүлнэ. Дараа нь дээд байгууллагадаа эцэслэн батлуулахаар илгээнэ. Ийнхүү сургуулиуд дээрээс ирсэн хүрээний дотор өөрсдөө хэрэгцээ, боломжоо харж чөлөөтэй ажиллана. Хандивлагчдын зөвлөлөөр захирал, багш нарын үйл ажиллагаанд дүгнэлт өгч, түүнийг хэрхэн сайжруулах талаарх арга хэмжээг бэлтгэдэг.

11.Боловсролыг яг тодорхой асуудал, бодлого шийдэх чиглэлтэй болгосон. Ерөнхий онол бараг орохгүй. Тэгээд ч тэдгээр онолууд чинь интернетэд бэлэн өнгө будгаараа алаглаад, хөдөлгөөнт дүрстэй үнэгүй байж байгаа юм чинь. Ийм нөхцөлд холимог хичээл олширсон. Хичээлийн нэг цаг дээр нэг л хичээлийг бус, хэд хэдэн хичээлийг хольж нэгтгэж оруулах нь үр дүнтэй байгаа юм. Тэгэхлээр хичээлийн тоо цөөрдөг

УКРАИН:

Боловсролын эрс шинэчлэлийг Украинд 2018 оноос эхлүүлжээ. Тус улсын боловсрол тогтолцооныхоо утгаар манайх шиг задгайрсан учраас түүнийгээ дахин яаж засаж эмхэлж байгаа нь бидний тухайд санаа, туршлага зээлдэхүйц чухал юм.

1.Ерөнхийлөгчийнхөө дэргэд боловсролын зөвлөлийг байгуулжээ. Украинд хуучинсаг хүчин, ШУА нь нөлөө ихтэй тул яамны түвшиндээ янз бүрийн зөвлөл, ажлын хэсэг байгуулахаар яаж ийгээд л хуучинсагуудын мэдлийнх болчихдог, шинэ сэтгэдэг залуусаа ойртуулдаггүй, тэрүүхэндээ хуяглаад, өвлийн бодон мэт болдог аж. Хараат бус зөвлөлөөс л санаа гарч, реформ урагшилна гэж үзээд энэ зөвлөлийг бүр орой дээрээ ерөнхийлөгчийнхөө дэргэд аваачжээ.

2.Багшийн шинэ стандартыг баталжээ. Багш нарыг 5 жил тутам магадллна, ингэхдээ тэдний чадварыг мэргэжлийн түвшиндээ хэр байгаа, цаг үеийнхээ шинэ шаардлагад нийцэж байгаа эсэхийг нь хөндлөнгийн байгууллагаар тогтоолгоно. Магадланг давсан багшийн албан тушаалын суурь цалинг 10-20%- аар шууд нэмнэ гэж хуульчилжээ.

3. Хүүхдүүд ЕБС-д 6 юм уу 7 настайдаа орно (бүх хүүхдийг заавал 6 настайдаа сургуульд ор гэж албадахгүй). Украины ерөнхий боловсрол 4+5+3 гэсэн шатлалтай бөгөөд шатлал бүрийн эцэст улсын аттестаци хийнэ. Энэхүү аттестацийг гаднын хараат бус хөндлөнгийн байгууллагад захиалж хийлгүүлнэ. Сүүлчийн шатлалын 3 жилийг ерөнхий боловсрол бус мэргэжлийн боловсрол гэнэ. Энэ нь дотроо хоёр хуваагдана. Үүнд: академик сургалттай лицей, мэргэжлийн сургуулиуд. Энэ мэргэжлийн чиглэлтэй сургуулиуд нь 1990-д оноос өмнө Монголд байсан ТМС, Техникум шиг юм билээ. Лицейд орох босго оноо байх аж. Тэгэхлээр, 9-р анги төгссөн хүүхдийн тун цөөхөн нь лицейд очно, Үлдсэн олонх нь ТМС, Техникумаар (2-4 жил) дамжина. Ингэхдээ 12 жилийн боловсролыг давхар авч болно гэнэ.

4. 40 мянгаас олон хүн амтай хот, суурин газрын төрийн удирдлага нь өөрийн харьяа газар нутагтаа лицей, ТМС, Техникум байгуулах эрхтэй. Лицей нь бие даасан хуулийн этгээд байна. Ингэхээр, Украинд бүх сурагч 9-р анги төгсөх, түүнийг ерөнхий боловсрол гэх, дараа нь 2-3 чиглэлээр салах юм.

Тэмдэглэх нь: Монголд бүх сурагчийг 12 жилийн боловсролоор албадаж байгаа, түүнийг ерөнхий боловсрол гэж ерөнхийлөн нэрийддэг өнөөгийн өнгөц хандлагыг хянах ёстой байх аа, тэгээд ч хүүхдүүдийг ажилд сургамаар байх юм. Бүгд академик сургалттай лицейгээр дамжаад хоосон хийрхэгч болдог нь хэр зөв бол?

5.Боловсролын чанарын шинэчлэлийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх эхний хошуучлагч 100 сургуулийг сонгон авчээ. Тэдгээрийг Украины Шинэ Сургуулиуд гэж нэрлэсэн. Ингэсний учир нь чанарын шинэчлэлээр нэлээд хүчтэй эрс өөрчлөлтийг хэрэгжүүлэх тул хоцрогдонгуй байгаа болон дайн үймээнтэй зүүн бүсийн сургуулиуд дээр доголдол гарч мэдэхээс болгоомжилжээ.

6.Хичээлийн контентдоо НҮБ, ЮНЕСКО-ийн зөвлөмж, Инчоны тунхаглалд дурдсан зөөлөн чадварууд (оюун сэтгэлгээний чадварууд, тухайлбал 40)-ыг нэлээд өргөтгөн нэр зааж оруулаад ТҮЛХҮҮР ЧАДАМЖ гэсэн байна. Тодруулбал, тунгаан бодож, ургуулан сэтгэх, онч шийдвэр гаргах, системлэг цогцоор нь сэтгэх, бүтээлчээр хандах, эрсдэлийг үнэлэх, асуудлыг зөв шийдвэрлэх, санаачилгатай байх, үзэл бодлоо логиктой гүн үндэслэх, сэтгэл хөдлөлөө бүтээлчээр удирдах, бусадтай хамтрах, ойлгож унших гэх мэт. Эдгээр түлхүүр чадваруудыг хаана ч, хэзээ ч хэрэг болдог утгаар нь НЭВТ ЧАДВАРУУД гэж бас нэрлэсэн. Түлхүүр нэвт чадваруудын стандартыг гаргаж мөрдүүлэх ажээ. Жишээ нь: ЕБС-ийн сурагчид математикийн хичээл дээр сурах бичгийн бэлэн бодлого бодох бус өөрсдөө бодлого зохионо, зураг, урлагийн хичээл дээр ургамал амьтны дүрсийг хуулан зурах бус өөрсдөө шинэ ургамал, амьтныг оюундаа ургуулан фантаазлан зохиож зурна гэнэ. Тийм сурагч үнэлэгдэх ажээ.

7. Украины шинэ сургуулиудын баримтлах үндсэн 8 зарчим хэмээн тодотгосноос заримыг нь цойлдож дурдъя.

•Сурагчдын эрэлт сонирхлыг боловсролын үндсэн баримжаа болгож, хувь хүнд чиглэсэн боловсролын загварыг хэрэглэнэ. Сурагч нэг бүрийн боломж, авьяас, чадварт тохируулж ялгавартай хандана. ЕБС-ийн төвд сурах бичиг бус сурагч байна.

-Сургууль нь харьцангуй өөрөө биеэ даасан автономит эрхтэй байна, удирдлагын төвлөрлийг бодитой сааруулна.

-Сургуулийг багш, сурагч, эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа гэж үзнэ. Сурагч, багш, эцэг эхчүүд нэг баг болж, нэг зорилготой, хамтын төлөвлөгөөтэй нягт хамтран ажиллана.

-Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнээ чөлөөтэй сонгох эрх нь сургууль-багш-сурагч-эцэг эхэд хадгалагдана.

•Боловсролын шинэ контент хэрэглэнэ. Тэрээр, чадамж руу чиглэх бөгөөд дараах зарчмыг барина. Үүнд:

-Мэдлэг олгохоос илүүтэй чадвар эзэмшүүлэхэд чиглэнэ. Сурагчдын ирээдүйн амьдралд нь хэрэг болохуйц байх ёстой.

-Сурагчдыгаа шинэ санаа олох, хөгжүүлэх, овсгоо самбаатай, ашиг хөөцөлдөгч байх сэтгэлгээнд сургана, тэд бусдыг сонсох, өөрөөр сэтгэж байгаа бол улам хүндлэх, магадлах учиртай.

-Байгалийн шинжлэл ба технологийн чадамж, нийгмийн болон иргэнлэг чадамж, олгох.

Энэ бүгдээс дүгнэхэд, Украины ерөнхий боловсрол оюуны чадварын боловсрол болох зам руу шийдвэртэй алхаж буй ажээ.

Эстони, Украин улсад ЕБС-ийн багш нараа яаж идэвхжүүлж байгаа бол, манай ЕБС-ийн багш нар нэг л идэвхгүй, шинээр сэтгэхдээ хойргодуу болчихсон юм билээ?

Манай багш нар идэвх санаачилгатай байх ямар ч боломжгүй. Тэдний оюун сэтгэлгээг нь ширлэж хүлсэн. БШУЯ-ны журмууд, сайдын тушаалууд нь тийм юм билээ. ЕБС дээр нэг шинэвтэр ажил эхлүүлэхээр яаж ийгээд хэсэг асуудал хөндөнө, түүнийгээ зах зээлийн горимынх нь дагуу шийдэх гэхээр түшмэлүүдийн мэдлэг чадвар нь дутдаг, ингээд ганц арга нь тушаалаар хориглох. Бидэнд олон арван жилээр тогтсон ёс суртахуун, зан заншил маань бас тийм БУРУУ болсон. Идэвх санаачилга гаргахын тулд заавал арай өөрөөр сэтгэх ёстой болноо доо. Гэтэл өөрөөр сэтгэгч гэж юуг хэлдэг билээ, дайсныг хэлдэг. Бид үүндээ бүр дасчихсан. Дайсныг ажлаас нь хөөж, хөдөө цөлж, амьдралыг нь сүйрүүлэх ёстой. Ийм ёс зүй Монголын нийгэмд одоо хүртэл ноёрхсоор байна. Багш нар бүү хэл, судлаач эрдэмтэд нь хүртэл зориг зүрхгүй болсон. Эстони, Украинд багш нартаа академик эрх чөлөөг нь бүрэн өгснөөр сургууль, багш нарын идэвх сэргэжээ. Тэд мэргэжлийн хувьд өөрсдөө байнга өсөх ёстой, үүрэгтэй бөгөөд бүтээлчээр сэтгэж чөлөөтэй ажилладаг болжээ. Багш өөрөө хөтөлбөрөө гаргаж, сурах бичгээ сонгож, сурагч нэг бүрт тохирсон сургах аргачлалаа олно. Хэрвээ багш сайн дураараа хөндлөнгийн хараат бус магадланд орж ахих үнэлгээ авбал цалинг нь нэмнэ. Эстонийн багш бол сурагчийг хөтлөгч, халамжлагч төдийгүй хүүхэд бүрийг өөрийнх нь хөгжлийн замын зургийнх нь дагууд дасгалжуулдаг, зуучилдаг, дизайнер нь болжээ. Энэ нь ЕБС бүр өөрсдөө хичээлийн хөтөлбөрөө зохиож, сурах бичгээ чөлөөтэй шилж сонгодог болсон үед л хэрэгжинэ. Иймээс Эстонид сургуульд суурилсан куррикулумыг нэвтрүүлж буй.

Эстони, Украинд ийм бол тэдний ААВ байсан ОХУ-д боловсролынх н төлөв ямархуу байгаа бол?

ОХУ-ын тухайд боловсролын реформ хийх ерөнхий дүр зургаа гаргахын тулд маргаан үүссэн. Тэр нь: Боловсролын реформыг хэний төлөө хийх вэ? ОХУ-д боловсролын реформ хийх анхны хувилбар нь нэлээд хуучинсаг болжээ. Түүнийг залуус болон эцэг эхчүүд, багш нар хурц шүүмжилсэн. Энэ нь БШУЯ-ыг өөр үндэслэл болов. Ингээд БШУЯ-ыг татан буулгаж, оронд нь ерөнхий боловсролоороо (дээд боловсролоос бусад) дагнасан "Гэгээрлийн яам"-ыг байгуулсан. ОХУ-д боловсролын реформ хийх тухайд ахмад ба залуусын хооронд үл ойлголцол үүссэн, хэсэг маргаад эцэст нь Гэгээрлийн яамны сайд Сергей Кравцов гэх залуу боловсролын реформыг архаг хүнд сурталтан, хуучинсаг эрдэмтдийн заавраар бус, шинэчлэлийг жинхэнээсээ хүсэгч эрүүл сэтгэдэг хүмүүс болох суралцагчийн багш, захирлууд, эцэг эхчүүд, залуу судлаачдын хүсэл зоригоор хийнэ шүү, гаж эрс хатуу сануулснаар асуудал нэг талдаа гарсан байна. Түүний дараахан ОХУ-д БОЛОВСРОЛЫГ ХУВЬ ХҮНД ЧИГЛҮҮЛЭХ гэсэн хөдөлгөөн үүсжээ. Уг нь боловсрол ерөөсөө хувь хүнийх л байсан юм. Даанч коммунист дэглэмтэй орнуудад түүнийг умартаад, олон түмэнд, ажилчин ангид таарсан дундаж ганцхан агуулгатай болгож завхруулсан. Ингэхлээр, боловсрол нь суралцагчаасаа хөндийрч хэнийх ч биш, хүйтэн зэвхий болдог нь манай туршлагаас ч бас харагдлаа. ОХУ боловсролын том реформ хийх суурь концепцоо боловсруулсан байх бөгөөд түүндээ боловсрол нь хүн бүрийн онцлогт тохирох ёстой, олон хувилбартай байх, хувь хүний сурч боловсрох гэсэн бүхий л оролдлогыг дэмжинэ гэхчлэн заажээ. Оросууд боловсролын реформыг хамаагүй яарч, дайрч болохгүй, сайн хэлэлцээд эрчтэй орох гэсэн зарчим барьж хуулиудаа нэгмөсөн маш сайн боловсруулах, үүнийхээ емне БОДЛОГО концепцоо (национальная доктрина образования Российской Федерации) гаргаад өргөн хэлэлцүүлсэн. Тэд олон жил хэлэлцсээр, эдүгээ Оросын боловсрол бүр ахихгүй болсон, энэ нь гүн үндэстэй, онцгой реформ хэрэгтэй гэдэг дээр санал нэгджээ.

Уриалга: Монголын боловсролд РЕФОРМ, томоохон шинэчлэл зайлшгүй гэх үндсэн баримтлал дээр нэгдэгтүн. Энэ бол бас л авууштай туршлага, Бид тун ултай хөдөлмөөр санагдах юм. Манай боловсролд том реформ хэрэгтэй дээ.

ОХУ-д яагаад Боловсролын яам гэхгүй, Гэгээрлийн яам гэсэн бол, үүний ард учир начир байж л таарна даа?

Тэгэлгүй яахав. Оросууд онолын хувьд бараг алдахгүй, харин практик гэхээр л зогсчихоод байгаа юм. Гэгээрэл гэх үгийн орчин үеийн утга нь оюун ухаан, сэтгэлгээтэй холбогддог болсон. Өнгөрсөн зуунд их юм мэддэг хүнийг гэгээрсэн гэж байсан бол өдгөө тэгж үзэхээ больсон. Учир нь мэдлэг хаа сайгүй хөглөрнө бас мэдлэг хуучирна, тэр нь мэдлэг хөөсөн хүний хувьд хохирол авчирна. Эдүгээ ямар ч эрдэмтнээс жижигхээн гар утас илүү их мэдлэг агуулж байна. Харин оюун ухаан, сэтгэлгээ гэхээр өөр юм. Оросууд боловсролоо оюун ухаан руу эргүүлэх сууриа тавьчихаад хуулин дээрээ ажилласаар байна. Нэгмөсөн сайн хуультай болохоор санаа шулууджээ. Хуулийг дутуу, муу хийвэл ажил хуучнаасаа бүр дордоно. Тэгэхлээр, боловсрол гэж хэт хатуурч хаалт заагт оруулах бус, гэгээрэл гэж зөөллөөд, өргөтгөөд, оюун ухаанаа урдаа барих нь өлзийтэй юм. Зөөлөн чадвар. зовлон бодлого гэж яриад байгаа чинь ийм учиртай.

БНХАУ-ын хувьд ямархуу байгаа бол?

Хятадын боловсрол гэхээр нэгдмэл бодлого ярих ярвигтай. Ярвигтай гэх нь танд нэгдсэн бодлого байхгүй гэсэн үг биш, тэнд маш ээдрээтэй атлаа тун уян хатан бодлого байгааг хэлж буй. Хамгийн сайн ЕБС хаана байна гэхээр Хятадад гэх бас хэцүү нь хаанав гэхээр Хятадад гэх. Боловсролын тухайд жинхэнэ чөлөөт үнэ, чөлөөт боловсрол гэвэл Хятадад л байна. Бас хамгийн хатуу үнэ, хөдөлдөггүй боловсрол гэвэл Хятадад л байна. Хятадын боловсролд төрийн ба хувийн сектор ёстой гүн холилдож, зууралдсан. Тэгсэн атлаа ухахаар тун нарийн заагтай юм билээ. Бид боловсролдоо Хятадаас тун сайн сурмаар. Ялангуяа, төр ба хувийн өмчийг хослуулдаг туршлагаас нь. Манайд төрийн ЕБС, их сургуулиудын үйл ажиллагааг бараг хувийн гэмээр чөлөөтэй болгоод, хяналтаа хатуу тавьчихвал болох байна. БНХАУ-д бүх түвшний сургуулиуд чөлөөтэй өрсөлдөнө. Бүх ЕБС-ууд нь чөлөөтэй болсноор ёстой хүч үзэж байна. Яг л уралдааны морьд шиг, хэн чадсан нь түрүүлж урагшаа гарна, бусад нь түүнээсээ сураад араас нь хошууран дайрдаг. Шанхай хавийн сургуулиуд урагшаа бүр хол тасарчээ. Тасарч урагшилсан ЕБС-уудыг хараах нь даанч үгүй, төр нь магтаад л байдаг. Тэнд сургуулиудын удирдлага нь бараг бүрэн биеэ даасан. Сургуульд суурилсан удирдлага (School based management)-ыг Шанхайн ЕБС-ууд яг журмаар нь хэрэглээд дэлхийд тэргүүлж байна. Тэдгээр ЕБС- ийн удирдах зөвлөл бүх үйл ажиллагааг нь харж хянаж байдаг. Зөв сайн үйлийг нь дэмжих бол муу арчаагүйг нь тас няс ташуурдана. Захирал, удирдлагад нь хатуу арга хэмжээ авч, тэр дор нь солино. Тэгэхлээр, муу удирдлага гэж бараг олддоггүй болсон гэнэ. Манайд бас ингэмээр юм. Монголын ЕБС-уудад муу захирал гэж бараг байхгүй дээ, харин дээшээ хараад цаг нөхцөөж байгаа хүмүүс бол бий нь бий, тэд чинь ухаантай байхгүй юу, тэртээ тэргүй 4 жил болоод сольчих юм чинь, тэгж өөрийгөө зовоож суух ямар хэрэгтэй гэж? Ингэхлээр, асуудал захиралд бус, төрд байна аа. Эдүгээ дэлхий дээр иргэндээ, хүндээ, эцэг эхчүүдэд, сурагч оюутандаа, багш, захирлууддаа итгэдэггүй нэг л төр, нэг л яам байна, байршил нь Оросын гэдэс, Хятадын ууц хоёрын завсарт.

БНХАУ-д ерөнхий боловсролын куррикулумыг ёстой сайн шинэчилжээ. Сургалтын хөтөлбөрийн эрс шинэчлэлийг өрнүүлж, зайлшгүй үзэх хичээлийн тоог нь эрс цөөлж, цагийг нь багасгаад оронд нь чөлөөт сонголтоор илүү чухал хичээлүүдийг оруулжээ. Барууныхан, ялангуяа хүний оюуны чадварын судлаачид ус шиг гэж ярьж бичих нь олширлоо. Ус бол уян гүймэг зөөлөн чанартай юм. Монголчууд зөөлөн нь хатуугаа дийлнэ гэдэг дээ. Хоёр том хоршоо тодотгоё. Оросууд хатуу бас давс мэт гашуун. Алсдаа зөөлрөх биз, харин Хятадын зөөлөн чанар гайхалтай. Тэвэрч үнсэж ахиулсаар байгаад л уусгаад дуусгана шүү дээ. Бид хатуу зөөлний дунд байгаа улс Ар тал нь хатуу, урд тал нь зоолон. Хятадууд зовлон чанараа усаар илэрхийлдэг. БИД ДАЛАЙ ЮМ, БУСАД НЬ ДАВС ЮМ (М.Итгэл багшийн хөрвүүлснээр) гэсэн Хятадын гүн ухаан бол тунчиг гүн ажгуу. Далай ба давс. БНХАУ-ын боловсролд муур хар ба цагаан байх нь хамаагүй, гол нь хулгана барьдаг байх ёстой гэх зарчим хэрэгжиж байна. Сургууль нь төрийн хувийн өмчийн аль нь байх чухал бус, гол нь чанартай сургалттай байх. Төрийн өмчийн ЕБС и бараг хувийн мэтээр ажиллана, хэрвээ чадаж л байвал шүү. Энэ чадаж л байх гэдэг нь төрийн өмнө хүлээсэн үүргээ яс биелүүлэхийг хэлнэ. Бүх санхүү нь ил тод шилэн байдаг. Хятадууд энэ туршлагыг Финландаас авчээ. 2001 оны 6 сард БНХАУ-ын Боловсролын яам нь суурь боловсролын куррикулумыг шинэчлэх хөтөлбөрийг зарласан. Ингэхдээ, энэ эрс шинэчлэлийг авч чадах нь ав, зарим нь түр хүлээж болно гэжээ. Хятадын хөдөөд хэцүү гэхэд дэндүү хэцүү сургуулиуд бас бий. Хятадууд төрөлхийн өндөр IQ-тэй том үндэстэн. Тэнд хэн оюун ухаанаа хөгжүүлж, эргэцүүлэн гүн сэтгэж чадна тэрээр бусдаасаа улс төрийн болон мөнгөний илүү эрх мэдэлтэй, харьцангуй давуу байдалтай болж чадна гэдгийг 1970-д оноос нийгмээрээ ухаарчээ. Үүнд Дэн Сяопины нөлөө их. Тэрээр өнгөрснийг цэглэж, ирээдүйг нээе, асуудлын голыг, ирээдүйг нээх хэрэгт л чиглүүлэх хэрэгтэй байна гэсэн. Энэ үг манай боловсролд яг таарна. Хятадууд боловсролын ирээдүй нь оюун ухаан гэж үзэхдээ бас ялгаатай хандана. Жишээ нь, хятад үндэстэн бүхэлдээ цэвэр оюун сэтгэлгээг шүтэх ёстой гэх бол Шинжаан Уйгарын баруун хойд бүсдээ ёс суртахуун, эх оронч үзлийг боловсролынхоо контентын эхэнд нь оруулдаг аж Тэгвэл нэлэнхүйдээ Хятад болсон гээд ӨМӨЗО-ны том тархитай монголчуудын давуу талыг Хятадын төлөө ашиглах үүднээс тэнд Шанхайн өндөр шаардлагыг тавьжээ. Өвөрлөгч нар маань тэр өндөр хатуу шаардлагыг давж чадаж байгаа нь бидэнд нэгийг бодогдуулна. 1970-д оны үед өвөр монголчууд биднээс боловсролын түвшнээрээ хоцрогдонгуй байлаа. Гэтэл сүүлийн жилүүдэд биднийгээ гүйцэн түрүүлэх нь илэрхий боллоо. Өмнө нь байсан бид ард нь орох нь, үүнд манай УИХ, Засгийн газар, БШУЯ, түүнийг тойрон хүрээлсэн хуучинсаг архагууд л буруутай. БНХАУ-д 2000 оны үеэс ЕБС-ууддаа оюун ухаан, сэтгэн бодохуйн хичээлийг албан ёсоор оруулах болжээ. БНХАУ-ын ШАНХАЙ хотын ЕБС-ийн "Хичээлээс гадуурх ажил"-ын хүрээнд "Сэтгэхүй хөгжүүлэх ажил"-ыг 1-5 ангид 7 хоногт 3-4 цаг (жил бүр 102-136 цаг) орж байна. ӨМӨЗО-д "Сүвэгчлэн суралцах" хичээлийг 1-6 ангид 7 хоногт 1 цаг, 6-9 ангид 7 хоногт 2 цаг (нийт 350) цаг орж байна.

Эх сурвалж: Боловсрол судлал сэтгүүл. 2007. № 4 (33)

Анхаарах нь: Монголчууд бид хятадын төрийн бодлогоос санаа авч, жишээ нь, үндэсний цөөнхдөө Монголын төлөө гэсэн эх оронч ёс суртахууны боловсролыг түрүүлж олгох талаар бодож болох юм.

Манайд дээхэн үед Гэгээрлийн яам гэж байсан санагдана?

Гэгээрэл гэхээр ЕБС талаа дагнахад хүрнэ. Энэ нь ч үндэстэй. ЕБС дээр оюун ухаан их ярьдаг нь тэнд байгаа суралцагчдын настай холбоотой. Бага ангид оюун ухаан-IQ гэх бол дунд ангируугаа сэтгэх чадвар ТЅ ярина. Гэтэл мэргэжлийн болон дээд боловсролд тийм биш. Манайхан "Ерөнхий боловсрол" гэдгийгээ дахин сайтар тунгаамаар байх юм. Энэ тухайд номын бүр эхэнд дурдсан. Бид боловсрол гэх хайрцаг үүсгээд, тийм, ийм хичээл үз гэж шахаад, төд өдөн жил гэж зааглаад, зэрэг цол гэж бас хязгаарлаад, улмаар түүнийгээ хүнээсээ салгасан. Тэгж хүнээсээ салж, оюун ухаанаас хөндийрсөн боловсролын үе ард хоцорлоо. Одоо боловсрол-оюун ухаан хоёрыг нэг зоосны хоёр тал, арга билиг гэж хам авч үзнэ. Оюун ухаанаас хөндийрсөн боловсрол нь боловсрол биш.

Эх сурвалж: sonin.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Одоогийн байдлаар тарваган тахал өвчний хүний сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй8 цаг 26 минутын өмнөBlue sky tower-т тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй тул хамгаалалтад авчээ10 сар 8. 17:06Шинээр төрсөн нярайг хүүхдийн мөнгөнд хэрхэн бүртгүүлэх вэ?10 сар 8. 15:23Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 45 гомдол, мэдээллийг хянан шалгав10 сар 8. 15:12Хүн төвтэй хуулийн үзэл баримтлал буюу парламент юу хийх вэ10 сар 8. 15:03Төрийн банкны харилцагчид БНТУ-ын эмнэлгүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой боллоо10 сар 8. 9:57500-600 мянган айл өрхөд орон сууц хэрэгтэй10 сар 8. 9:53Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна10 сар 8. 9:09Төрийн хар хүн хаана байна10 сар 8. 9:05Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудлаар ярилцлаа10 сар 8. 8:53Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан10 сар 8. 8:49Н.Номтойбаяр: Ц.Батсүх гэж хурандаа цолтой хулгайч нэг сая ам.доллар нэхсэн Ц.Батсүх: АТГ-т шалгуулна10 сар 7. 18:52Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянга болгож, 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа10 сар 7. 18:44Засгийн газраас Эрүүл мэндийн салбарт оруулсан томоохон хөрөнгө оруулалтын ажлууд үр дүнгээ өгч эхэллээ10 сар 7. 16:34"Эрүүл хооллолт, эрүүл амьдрал" сэдэвт 21 хоногийн аян эхэллээ10 сар 7. 16:24Авлига, албан тушаалын 7 хэргийг шүүхэд шилжүүллээ10 сар 7. 16:03ЭХЭМҮТ-ийн төрөх амбулаторийг шинэчиллээ10 сар 7. 15:49Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа10 сар 7. 15:44Бид мод тарьж байна - Тэрбум мод10 сар 7. 14:41“Хүрээ” амаржих газрын 9 давхар 180 ортой шинэ эмнэлгийг ашиглалтад орууллаа10 сар 7. 14:31Ирэх сараас цахилгааны шөнийн тарифыг хөнгөлж эхэлнэ10 сар 7. 14:25Кувейтийн санг “Найрамдал” медалиар шагналаа10 сар 7. 14:13Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийслын эмчилгээг Монголд нутагшуулна10 сар 7. 11:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийнэ10 сар 7. 11:28“Өгөөмөр” захын уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ10 сар 7. 9:18“Эрүүл мэндийн технологи- Олон улсын экспо 2024” үзэсгэлэн боллоо10 сар 7. 9:13Аюулт үзэгдэл, ослын 92 дуудлагаар ажиллаж, 10 иргэний амь насыг хамгааллаа10 сар 7. 9:07М.Мандхай: Парламент “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг эрчимжүүлнэ10 сар 7. 9:00Нэгдүгээр ангийн сурагчдад нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэг хийх эмч, мэргэжилтнүүдээ чадавхжуулах сургалтад хамрууллаа10 сар 7. 8:53УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.10.07-10.1010 сар 7. 8:46
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.