Г.Дамдинням: Төрийн хамгийн том хулгай төмөр зам дээр явжээ


12-р сарын 11
9 цаг 53 минут

        УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Бид төмөр замын бүтээн байгуулалт, түүний ач холбогдлын талаар өнгөрсөн хугацаанд хангалттай ярьсан.  Гэвч энэ бүтээн байгуулалт аудит дүгнэлтээр маш их зөрчил, дутагдалтай гарчээ.  Дүгнэлтийг зарим байнгын хороогоор хэлэлцсэн.  Удахгүй УИХ дээр яригдах байх.  Таны хувьд төмөр замын аудитын дүгнэлтийг нүүрсний сонсголоор хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр, суурь илэрхийлж байсан. Энэ байр сууриндаа хэвээрээ байгаа юу?

-Тийм ээ. Монголчууд бид сүүлийн 10 гаруй жил алдагдсан боломжийн талаар ярьж байна.  Нүүрсний хулгайд оролцсон, нэр холбогдсон эрх бүхий хүмүүс Монгол Улсын хөгжлийг хэдэн жилээр хойш нь шидчихэв. Энэ тухай өнөөдөр дахиад ярих нь. Мөн бидний яриад байгаа энэ олон хулгайн хамгийн том нь төмөр зам дээр явагджээ.  Үүнийг Төрийн аудитын байгууллага шалгаж, судлаад ил гаргаад ирлээ.  Улсын Ерөнхий аудитор Ш.Наранчимэгээс  “Тавантолгой-Гашуунсухайт,  Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад хийсэн дүгнэлтүүдийг ирүүлсэн.  Гэвч бүтээн байгуулалт гэхэд хэцүү. Маш их хулгай шингэсэн байгаа нь харамсалтай байна. Нүүрсний хулгайн асуудал өнгөрсөн оны яг өдийд яригдаж, иргэд төв талбайд гарч нэг сар орчим эсэргүүцлээ илэрхийлсэн. Парламент энэ дагуу өөрийн чиг үүргийн Төрийн аудитын байгууллагад  төмөр замын бүтээн байгуулалтыг шалгах чиглэл өгсөн.  Аудитын байгууллага шуурхай ажиллаж, нэг жилийн хугацаанд дүгнэлтээ танилцууллаа.  Өнөөдөр нэг нь хулгай хийсэн, нөгөө хийгээгүй гээд л бие бие рүүгээ дайрдаг болж.   Баримттай нягтлан шалгах хэрэгтэй.  Тэгвэл энэ хэрэг дээр аудитын байгууллага хулгай хийсэн баримтуудыг дүгнэлт хэлбэрээр гаргаад өглөө. Энэ дүгнэлтийг УИХ зүгээр хараад сонсоод өнгөрөх асуудал огт биш.  Бүтээн байгуулалт хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Төмөр зам ч хэрэгтэй.  Гэхдээ ямар үнээр хэдэн төгрөгөөр барих юм. Өнөөдөр нэг ширхэг хуушуурыг 2000 төгрөгөөр чамд өгнө гэж гэрээ хийчихээд мөнгийг нь чамаас гаргуулаад дөрөв нугалж ашиг унагаад төрд шахчихаж байна.  Энэ шударга уу, энэ чинь хулгай шүү дээ.  Ийм л хулгай төмөр зам дээр явжээ. Төмөр замын бүтээн байгуулалтад анх төсөвлөж байсан тооцооноос 3-4 дахин их хөрөнгө зарцуулсан. Гэвч одоогоор бүтээн байгуулалтын ажил дуусаагүй байна.  Мөн аудитын дүгнэлтэд, эрх зүйн зохицуулалт тодорхойгүй байдлаар бүтээн байгуулалтад  ЗХЖШ-ыг  ерөнхий гүйцэтгэгчээр шууд сонгон шалгаруулсан. Шууд худалдан авалтуудыг хийсэн.  Энэ нь тендер зарлахгүй, нэрлэсэн үнээр  худалдан авалтуудыг хийгээд явчихсан гэсэн үг.  Ингэхээр бодит үнийн худалдан авалт байхгүй.   Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг анх 950 гаруй тэрбум төгрөгөөр хийнэ гэж байсан бол 3.4 ихнаяд зарцуулаад одоо дуусаагүй, холбогдоогүй мухар төмөр зам.  Ойрын ирээдүйд үр дүнгээ өгөх боломжгүй гэж мөн дүгнэжээ.   Мөн Монголын ард түмэн “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцаатай.  Хувьцаа эзэмшигчдээс асуухгүйгээр бүтээн байгуулалтыг эхлүүлж,  ногдол ашгийн мөнгийг нь тийшээ захиран зарцуулж хулгайлсан ийм л том хулгай бол төмөр замын бүтээн байгуулалтын хулгай болжээ.

-Энэ асуудлыг тухайн үед парламент ч хэлэлцээгүй бил үү?

-Хэлэлцээгүй.  Ард түмний төлөөлөл болсон парламент ядаж хэлэлцэн шийдвэр гаргах байсан.   Гэвч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ гэсэн хэдэн хүн шийдээд, ард түмний ногдол ашгийн мөнгийг хулгайлах боломжийг олгосон. Төмөр замын бүтээн байгуулалт хэрэгтэй байсан уу гэвэл, хэрэгтэй байсан.  Гэхдээ үүнийг хэдэн төгрөгөөр хийгээд хэдийг нь хулгай хийчихэв гэдэг асуудал хяналт шалгалтаар ил болчихлоо.  Хулгайч хүмүүс их аргатай л даа.  Төмөр замтай болж байж бид цаашаа явна гэдэг зүйл яриад  л цаагуураа  гуя дагуулж, хүзүү гэдэг шиг хулгайгаа хийчихсэн байгаа юм.

-Түр хорооноос нүүрсний сонсгол зохион байгуулж байна.  Ирэх долоо хоногт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалт, худалдан авалттай холбоотой асуудлаар хоёр дахь шатны сонсголоор хэлэлцэнэ.  Та нүүрсний сонсголоор төмөр замын бүтээн байгуулалтын асуудлыг хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа.  Хэр боломжтой вэ?

-Нүүрсний сонсгол ид явагдаж байна.   Олон нийт үүнийг шаардах нь гарцаагүй шүү дээ.  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төмөр замын бүтээн байгуулалт нэрээр хийсэн худалдан авалтууд,  тээвэр хийсэн компаниуд, мөн хувьцааны ногдол ашиг, орлогоор нь, нүүрсээр тооцоо хийсэн нууц, оффтейк гэрээнүүд байна.  Энэ хулгайг бид ярих ёстой.  Аудитын дүгнэлт яагаад ингэж гарав гэдгийг ярьж, нягтлах ёстой. Цаашлаад хуулийн байгууллагууд аудитын дүгнэлтийг үндэслэн, шалгах ёстой.  Төрд хулгай  гаарснаас болоод Монгол Улсын хөгжил хэдэн жилээр хойшоо ухарч байна.  Алдагдсан боломжийн тухай бид яриад л байх юм уу.  Энэ боломжийг хулгайлсан хүмүүс нь ил тод байж л байна шүү дээ. Наад зах нь өнөөдөр бид төмөр замуудаа зөв зохистойгоор  нь бариад дууссан бол эдийн засгийн хүндрэлийг ажрахгүй л даван туулах байлаа.

-Аудитын байгууллага олон асуудалд дүгнэлт гаргадаг.  Гэвч “Шүдгүй арслан шиг байна”  гэх яриа өмнө нь чуулганы танхимд хүртэл яригдаж байсан.  Үнэхээр бид энэ дүгнэлтийн дагуу үр дүнд хүрч чадах уу. Та хэр итгэлтэй байна вэ?

-Аудитын байгууллагын дүгнэлт хууль, эрх зүйн акт, баримт мөн үү гэвэл мөн.  Энэ дүгнэлтийн дагуу хуулийн байгууллагууд шалгаад явах нь зүйтэй.  Энэ процесс явж байгаа гэж найдаж байна.  Үйлдвэржилтийн байнгын хорооны хуралдаанаар “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын аудитын дүгнэлтийг хэлэлцээд дууссан.  Удахгүй “Тавантолгой-Гашуунсухайт”-ын чиглэлийн дүгнэлтийг  хэлэлцэнэ.  Би гишүүнийхээ хувьд энэ  байр сууринаасаа ухрахгүй, шахаж шаардаж ажиллана.  Ер нь Төмөр замын хулгайтай холбоотой сонсголыг нүүрсний сонсголоос тусад нь зохион байгуулсан ч болохоор их том хулгайн сэдэв шүү.  “Таван толгой” ХК-д явагдсан хамгийн том хулгай төмөр замын бүтээн байгуулалтын хулгай шүү.

-Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийг та эдийн засгийн хувьд хэр үр өгөөжтэй гэж хардаг вэ.   Төмөр зам анх баригдаж эхлэхэд чиглэл дээр хүмүүс нэлээд маргаан үүсгэж байсан шүү дээ?

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам бол зайлшгүй.  Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэл ч байж болох хувилбар.  Гэхдээ ямар царигаар юм, эдийн засгийн судалгаа, үр өгөөж хэр вэ, ямар өртгөөр босох юм гээд бүх зүйл нь ил тод байх ёстой.  Төмөр зам хэрэгтэй гэсэн далбаан дор өөрсдийгөө хамгаалж, хулгай хийгээд нуугдаад гарч болохгүй биз дээ.

-Иргэдэд 1072 хувьцааны ногдол ашиг тараана, тараахгүй гэж их ярьдаг. Өнгөрсөн хугацаанд иргэдэд очих ногдол ашгийг төмөр замаар дамжуулаад хулгайлчихлаа гэдгийг таны ярианаас ойлголоо.  Аудитын дүгнэлтэд ч байгаа.   Ер нь олон нийтийн энэ хувьцааны орлого, зарлагад хяналт тавих субъект байхгүй юм байна. Тийм үү?

-Өнгөрсөн ч гэлээ хяналт шалгалтын процесс эхэлсэн.  Маш том мөнгөн дүнтэй, маш их хугацаа орсон бүтээн байгуулалт. Үндэсний аудит ямар ч гэсэн нэг жилийн хугацаанд шалгаад зөрчлүүдийг гаргаад ирсэн.   Одоо бодит баримт дээр тулгуурласан асуудал яригдана. Аливаа хулгайн асуудлыг шуугианаар яриад үр дүн муутай байгааг өнгөрсөн жилүүдэд харлаа.   Харин цаасан дээр байгаа баримт, хийсэн төмөр зам нь байхад  үр дүн гарах байх.  Үнэхээр аудитын дүгнэлт худлаа гэж байгаа бол Төрийн хяналт шалгалтын байгууллагаа шалгах хэрэгтэй.

-УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу Түр хороо байгуулагдаж, нээлттэй сонсгол зохион байгуулдаг болсон.  Өмнө нь Хөгжлийн банкны зээлтэй холбоотой сонсгол болсон бол одоо нүүрсний хулгайн асуудлыг хэлэлцэж байна. Түр хорооны сонсголууд хэр үр дүнтэй болж байна вэ?

-Парламентын засаглал хөгжсөн улс орнуудад байдаг тогтолцоо.  Манай улс Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж, энэ тогтолцоог бий болгосон.  Энэ бол маш зөв эрх зүйн орчин.  Олон нийт мэдэх эрхтэй.  Парламент өөрөө олон нийтийн төлөөллийн байгууллага.  Дээрх асуудлуудыг дэлгэж, нээлттэй хэлэлцэх нь УИХ-ын нэг үүрэг. Тэр үүргээ л биелүүлж байна.   Олон нийт нүдтэй л дээ.  Хэн нь хулгай хийсэн байна, яасан байна гэдгийг хараад л сууж байгаа.    Аливаа том хэргүүд хууль хяналтын байгууллага дээр очихоороо мөрдөн  байцаалтын нууц нэрийн ард юу болж байгаа нь мэдэгдэхгүй алга болчихдог.   Хуулийн хүрээнд ажиллаж байгааг ойлгож байна.  Гэхдээ ерөнхий утгаар нь энэ яг юу болчихов гэдэг зүйлийг бодитоор нь харуулахад энэ сонсголууд маш том үр дүн өгч байгаа.

-АН-ын бүлгээс цар тахлын үеийн санхүүгийн зарцуулалт дээр сонсгол хийхээр нэлээд ажилласан.  Гэвч амжилттай болоогүй.  Одоо ногоон автобусны асуудалд сонсгол хийхээр гишүүдээс гарын үсэг цуглуулж байгаа.  Та дэмжсэн үү?

-Надад дэмжээд гарын үсгээ зураач гэсэн хүсэлт орж ирээгүй.  Ногоон автобусны сонсголыг дэмжих үү гэвэл дэмжинэ.  Энэ  хэрэг бол хүн итгэхийн аргагүй заваан хэрэг ш дээ.   Ер нь  засаглалыг сайжруулдаг нэг том зүйл бол ил тод байдал, олон нийтийн хяналт шүү дээ.  Парламент бол олон нийтийн өмнөөс шийдвэр гаргадаг, хууль баталдаг байгууллага.  Тэгэхээр бүхнийг нийтийн өмнө ил тод гаргаад ярих л ёстой.

-Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байна.  Та Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцүүлэн батлуулсан.  Хууль хэрэгжиж, эхнээсээ үр дүнгээ өгч байх шиг байна.  “PISA”-гаар  үнэлгээ хийлгэх асуудлыг хуульд тусгасан байсан уу?

-Тийм ээ. Би  УИХ-ын гишүүнээр сонгогдон орж ирэхдээ боловсролын тогтолцоог шинэчилнэ гэсэн амлалтыг иргэд сонгогчиддоо өгч байсан.  Энэхүү зорилгоо эрх зүйн хүрээнд биелүүлж чадсан.  Өнгөрсөн 33 жилийн хугацаанд боловсролын тогтолцоонд өөрчлөлт ороогүй байсан.  Харин энэ удаа сургуулийн өмнөх боловсролоос ерөнхий боловсрол,  Ерөнхий боловсролоос дээд боловсрол, тэгээд насан туршийн боловсрол, мэргэжлийн боловсрол гээд энэ салбарын эрх зүйг цогцоор нь шинэчилсэн.  Үүний үр дүнд Монголын боловсролыг олон улсын түвшинд үнэлүүлж, бид хаана явж байгаагаа харлаа. Үүний цаана Монгол Улсын хөгжлийн түвшин  ямар байгаа зураглал ч давхар гарлаа.  Бид математикийн хичээлээр гэхэд дэлхийн дундажаас 2.5, Азийн дундажаас 1.5 дахин хойно явж байна.   Улаанбаатар, аймгийн төв, сумдууд гурван өөр түвшинд байна.  Өмнө  нь боловсролын салбарын яг юу нь муу, юу нь сайн, хаана нь зохицуулалт хэрэгтэй  байгааг  мэддэггүй байсан.  Судалж, хэмжиж, чадаж байж дараа нь бид хаана ажиллах ёстойгоо мэднэ шүү дээ.  Тэр ч утгаараа “PISA” буюу  олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны  байгууллагын үнэлгээг багц хуулийн шинэчлэлийн хүрээнд оруулж ирсэн.  Монголын боловсролын салбар гурван жил тутамд энэ үнэлгээнд орох юм.  Мөн боловсролын хуулийн шинэчлэлийн хүрээнд багшлах боловсон хүчнээ эрс дэмжиж байна.   2024 оны төсөв дээр хуулийн өөрчлөлтийн дагуух төсвийг оруулж баталсан.  Удахгүй хуулийн хэрэгжилт үр дүнгээ өгч эхэлнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

"Уухай" үндэсний шагайн харвааны тэмцээнд нийслэл, орон нутгийн 32 багийн 250 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна2 цаг 24 минутын өмнөДаншиг наадамд 810 харваач цэц мэргэнээ сорьж байна2 цаг 26 минутын өмнөУул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна2 цаг 29 минутын өмнөҮндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчид цэргийн цолоо гардаж авлаа2 цаг 34 минутын өмнөДаншиг наадмын хүчит бөхчүүдийг улсын арслан Э.Оюунболд манлайлан барилдана4 цаг 39 минутын өмнөХүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо4 цаг 42 минутын өмнөХүй долоон худагт нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” эхэллээ5 цаг 30 минутын өмнөФото сурвалжилга: Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”5 цаг 59 минутын өмнө“Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ6 цаг 2 минутын өмнөОХУ-ын Төрийн Думын Биеийн тамир, спортын байнгын хорооны дарга Олег Васильевич Матыциныг хүлээн авч уулзлаа6 цаг 4 минутын өмнөНийслэл 2024 онд босгосон дотоод бондын 100 тэрбум төгрөгийг хугацаанд нь эргэн төллөө6 цаг 7 минутын өмнөУИХ-ын асуулгын цагаар нийгмийн хамгаалал, халамж сэдвийг хөндөж, хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ6 цаг 9 минутын өмнөХүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ6 цаг 17 минутын өмнөЧ.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна6 сар 26. 15:19Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэн хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа6 сар 26. 15:13Б.Пүрэвдагва: Нийслэл барилга байгууламж, дэд бүтцийн хөгжилтэй уялдсан иргэнд ээлтэй хот төлөвлөлтийг хэрэгжүүлж байна6 сар 26. 15:09Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд6 сар 26. 13:22ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна6 сар 26. 13:12"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ6 сар 26. 13:09“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв6 сар 26. 10:22Ерөнхий сайд Н.Учрал Далянийн аж үйлдвэрийн паркийн дата төвтэй танилцав6 сар 26. 10:18Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх асуудлуудыг хэлэлцлээ6 сар 26. 10:15Монгол хүн анх удаа NBA-д данстай боллоо6 сар 26. 10:13Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хэрэгжилтэд орон нутгийн удирдлагуудын оролцоо, дэмжлэг чухал6 сар 26. 10:08“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулганыг дөрөв дэх удаагаа зохион байгуулна6 сар 26. 10:05Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа6 сар 26. 9:25“Газар зүйн нэрийн жагсаалт батлах тухай” УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа6 сар 26. 9:20УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 сар 26. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан6 сар 26. 9:08Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Төрийн нууцын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 25. 21:15
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.