Сэтгэл доторх гацуур


12-р сарын 21
13 цаг 59 минут

        Би гацуураа чимж суунам. Энэ гацуурыг ойгоос авчирсангүй, дэлгүүрээс худалдаж авсангүй. Энэ гацуур бол миний сэтгэл доторхи дурсамжийн гацуур юм. Дурсамжийн гацуурын минь мөчир зөвхөн ногоон ч бус цэнхэр, ягаан, хөх, солонгын өнгийг нэг нэгээр нь салгачихсан мэт тийм тод болоод үзэсгэлэнтэй. Мөчир бүрд нь өлгөх чимэг зүүлт нь миний шинэ жилийн дурсамжууд.

     1. Хөдөөгийн хүү миний үзсэн хамгийн анхны шинэ жил бол сургуульд орсон тэр жилийн шинэ жил. Долоо хоногийн өмнөөс л уриа цуурай нь сэтгэлд жингэнэжээ. Сурагчид бид том багагүй л цав цагаан цаасыг өнгө өнгөөр будаж нарийхан болгож хайчлаад түүнийгээ гинж болгон нааж хооронд нь холбож байв. Өнгө өнгийн гинжин холбоос тэнгэр дээрээс будрах цас мэт бие биенээ даган намирна. Цас яг л бидний хийж байгаа цаасан гинж шиг олон өнгөтэй байх, харин бид ганцхан цагаан өнгөөр нь хардаг байх гэж бодогдоно. Охид бол утсанд хөвөн имэрнэ. Тэнгэрийн оддыг утсанд хэлхэж гэмээ нь тийнхүү гялалзах буй за. Буянтогтох багшийн хүзүүний сувдан зүүлт ч утсанд имэрсэн хөвөнгийн дэргэд бүүдийнэ. Сэтгэл гэрлээр цалгижээ. 

    Шинэ жилийн үдэш тэнгэр цэв цэнхэр, одод тунгалаг тодоор гялалзаж байв. Өвлийн дунд сарын хорьдын саран тэнгэрт мэлмэрчээ. Арван тавны сар шиг дүүрэн тэргэл харагдах амой. Сургуулийн цонх гэрлээр инээмсэрнэ. Дөрвөн цонхтойсон биш бил үү? Хана туурга нь тэр чигээрээ цонх мэт туяарна. Ангийнхантайгаа хаалгаар багтаж ядан орлоо. Ид шид гэгч нь энэ буй за. Сургуулийн том танхимын адар дээрээс өнгө өнгөөр цас бударчээ. Тэр цасыг хийлцсэн болохоор өөрийн гараар хийсэн цасаа таних гэж удтал ширтээд олсонгүй. Одод бас хэлхэгдэн унжжээ.Чийдэн бүрээс өнгө өнгийн гэрэл цацарна. Тамхимын голд өндөр ногоон гацуур босчээ. Чимэг зүүлт нь гялбалзана.

    Хөгжим жигтэй чангаар уянгалж хүүхдүүд гэнэт дуу алдав. Танхимын баруун талаас хээнцэр алаг хувцастай урт шонхор хамартай,тод улаан хацартай өндөр хүн мич мэт харайсаар гарч ирэв. Гартаа урт дуран барьжээ. Зүүн талаас мөн улаан ногоон цамцтай нэгэн гар дээрээ явсаар гарч ирэв. Хөл нь тэртээ дээр гар мэт савлана. Өмссөн гутлынх нь бөөрөнхий үзүүрийг харангуут инээд ниснэ. Тийм гутал гэж байдаг, аа. Бас тэгээд цацагтай шүү. Мөнөөх алиалагч год хийн үсэрч хөл дээрээ бослоо. Бөөрөнхий улаан хамар, овоодой малгай нь юутай содон бэ? Дөрөвдүгээр ангийнхан тэр нь Дашбазар, энэ нь Нямаа багш байна гэцгээх аж. Гэнэт нөгөө хоёр алиалагч чинь энэ жил муу дүнтэй гарсан хүүхдүүд хаана байна? хэмээн дурандаж эхлэв. Хүүхдүүд нэг л нам жим болчихов, тэд өөр дотроосоо муу дүнтэй гарсан хүүхэд хайж буй бололтой, бие биенрүүгээ харцгаах аж. Миний өмнө зогсож байсан Басхүү гэнэт бултан ард минь орчихов. Тэр арван бандитай айлын отгон нь юм. Найм хүрч сургуульд орсон байтлаа ээжийнхээ мөөмийг хөхдөг хэмээн бид шоолдог байжээ. Тэгээд араас нь “Дэгээ төмөр шиг хоёрын тоо дэгдээд ирлээ араас чинь, гүйгээрэй, гүйгээрэй” гэж элддэгсэн. Тэр минь эдүгээ нэрд гарсан профессор болж дээ.

   Төд удалгүй цасан охидоо дагуулсан өвлийн өвгөн гарч ирлээ. Бас арслан,чоно,туулай, үнэг гээд ойн амьтад дагалджээ. Дуу хуур ч эгшиглэв. Нэгийн “А” ангийн сурагч Сосорбарам “Сүлд модны наадам” дуу дуулна гэж зарлахад танхим тэр чигтээ нам гүм боллоо. 

   “Цалин мөнгөн тэнгэртээ 

    Цасан угалз наадуулсан

    Цагаан торгон өмсгөлдөө 

    Цацаг чимгээ сагсуулсан...” гэсэн үгс ая найрсалтайгаа зохирон цуурайтахад тэнгэр нь сургуулийн энэ тамхимийн адар, цацаг чимэг нь бидний урласан цаасан гинж, утсанд имэрсэн хөвөн юм байна гэж хөөрөн баясч зогсчээ.Тэр баяр хөөрийг үргэлжлүүлж өвлийн өвгөн аав бэлэгээ түгээв. Одоо хүртэл үл мартагддаг бэлэг бол өвлийн өвгөн ааваас нэрээ дуудуулан байж авсан цаасан уутай бэлэг. Алим, мандарины үнэр ханхалсан уутыг нь гаднаас нь тэмтэрч дугуй хайрцагтай мамбасай нэг,хорин дөрвийн чихэр лавтай дөрөв байна гэж тоолж зогссон бага нас минь тодрон тодров. Сурагч бага насны анхны шинэ жилийн ая эгшигт сэтгэлийн хөгжим эгшиглэнэм. 

   2. 

   Тэр жилийн зун охинтой болж, намар нь ажлын минь газар жижиг таван ханатай гэр өгсөн юмсан. Гэр бүлтэй болж,аавын алдар сонссон залуу ажилтнаа байгууллага нь орох орон, оочих аягатай болгож байгаа нь тэр юм. Нэг ор, хоёр чемодантай, тэврэх үр, тэнгэрийн нар асгарах хоймортой байхад юу дутна гэх вэ? Сэтгэлд гал байхад зууханд гал асна шүү дээ. Тийнхүү айл болсон анхны шинэ жилтэйгээ золголоо. Шинэ жилийн тухай ер боддог ч үгүй, ярьдаг ч үгүй байсан хоёрт шинэ асуудал бослоо. Уг нь өөр, өөрснийхээ байгууллагын шинэ жилд орчихдог. Тэгээд л болдог байв. Гэтэл энэ жил охиндоо ёлканы мод засна гэж шийдсэн юм. Арван хоёрдугаар сарын аравдаас хойш ёлканы мод хайгаад олддоггүй шүү. Улсын их дэлгүүрт ч байсангүй. Энэ цаг биш шүү дээ. Наяад оны эхэн үе. Цаг цагаараа байдаггүй гэж юутай үнэн үг вэ?

  Эхнэр минь нэг орой ажлаасаа баяр хөөртэй ирлээ. Төв аймгийн Зуун мод хотод ёлканы мод байна гэж хүн хэлжээ. Маргааш нь хагас сайн өдөр явцгаах юм боллоо. Эрт бослоо. Арван хоёрдугаар хорин таван хавьцаа л байсан байх, юу юугүй л шинэ жил дөхөж байсан үе. Ес эхэлчихсэн байсан цаг. Өнөөгийн нарны гүүрний хотруу ордог төгсгөл хавьцаа Тээврийн товчоо байсан юм. Эндээс л орон нутагруу автобус явна. Одоогийнхоор л бол Драгон л даа. Тэндээс Төв аймгийн автобусанд сууна. Охиноо өлгийдээд тэвэрчихлээ. Долоон сард төрсөн болохоор 5 сар ч хүрээгүй байсан хэрэг. Тээврийн товчооны дэргэд шинэ эмийн аптек ашиглалтад ороод удаагүй. Тэнд ороод охиноо хуурайлчихлаа. Дэргэд зогсож байсан хөгшин -яасан нимгэн өлгийдсэн юм бэ? хаа хүрэх гэж байгаа юм гэж байна. Төв аймгийн Зуун мод хот орно. Охиндоо ёлканы мод авах гэж яваа юм. Энэ жил охиндоо ёлка заснаа л гэлээ. Нөгөө хөгшин -үгүй ээ мөн хүүхдээрээ улс аа та нар. Энэ охин ёлканы мод зассан байна гэж мэдэх үү? Ийм жаахан амьтныг тэврээд энэ хүйтнээр ёлканы мод авна гээд явж байдаг. Нимгэн өлгийдсэн байна, ингэж яав ч болохгүй, зузаалж өлгийд гэснээ – авч явсан ачаагаа задалж сайхан элдсэн хонины нэхий гарган өгч билээ. Үнийг нь ч асуугаагүй юмдаг, лоовууз өмссөн тэр хөгшин ч үнэ энэ тэр гэсэнгүй, -баярлалаа гэж чин сэтгэлээсээ өчсөнөө сананам.Одоо сэтгэлийн дотор Г.Одон зураачийн “Ажлын дараа” зургийн голд суугаа өвгөний царай тодрон харагднам. Яг л тийм өвгөн байсан, задалсан ачаагаа янзлахад нь хонины элдсэн сэгсүүргэ хэд хэд харагдсан,одоо бодохноо нь дээлийнх нь арьснаас нэгийг дутаасан нь лавтай. Өлгийн дээрээ хонины нэхий давхарласан охин минь Зуун мод хот хүртэл нэг ч сэрээгүй бөгөөд жижигхэн хамар дээр нь хөлс бурзайчихсан унтсаар явж хүрсэн юмсан. Өвгөдийн нөмөрт бид дааралгүй өсчээ. Сайхан сэтгэлийн илчинд дулаацаж явжээ.

   Зуун мод хотын төв дэлгүүрт ёлканы мод байж байв. Модоо ч явлаа. Дөрвөлжин хайрцагтай оросын гацуур мод шүү дээ. Дэлгүүрийнх нь цонхон дээр охиноо хуурайлчихаад л буцаад автобусандаа сууж хотын зүг дэргүүлэв.Печоска бид хоёрын баяр хөөрийн гэрэл автоусны өмнөх замыг улам тод болгож байсан ч юмуу, засмал зам сүү мэт гэрэл цацран туузарч байв. 

   Шинэ жилийн орой болов. Охиндоо зориулж ёлконы модоо засав. Өнгийн өнгийн гэрлэн чимэглэл асав. Цаа буга хөлөглөсөн өвлийн өвгөн давхиж айсуй. Аз жаргал ачжээ. Уут уутаар дүүргэжээ. Шампанск задалж буудуулав. Дуунд нь охин минь сэрчихээсэй гэж хүсэв. Охин амар амгалан унтана. Ээж нь охиноо үнсэж янз бүрээр үзсэн ч түүнийг нойроос нь сэрээж чадсангүй. Үл таних өвгөний өгсөн нэхий өлгийд охин минь бүр ч амар амгалан нойрсох ажу. Хүүхэд сайн унтаж л байвал төдий чинээ эрүүл энх өсдөг гэж дуулсан юм. Унтаж л байг. Хоёр аяганд хөөсрүүлэн хийж тулгав. Зориулалтын том хундагатай болж арай л амжаагүй байж дээ. Таван ханатын минь хана,унь гэрлээр сүлрэнэ. Тэр бол харагдах байдал төдий. Залуу аав, ээж хоёрын охинтой болсны анхны шинэ жил,өөрийн гэртээ тэмдэглэж байгаа анхны шинэ жилийн гэрэл гэгээ амьдрал турш унтрахгүйгээр сэтгэл дотор асч байлаа...

   ...

      Мөчир бүрд нь өлгөх чимэг зүүлт нь миний шинэ жилийн дурсамжууд. Дурсамжийн гацуурын минь мөчир зөвхөн ногоон ч бус цэнхэр, ягаан, хөх, солонгын өнгийг нэг нэгээр нь салгачихсан мэт тийм тод болоод үзэсгэлэнтэй. Энэ гацуур бол миний сэтгэл доторхи дурсамжийн гацуур юм. Энэ гацуурыг ойгоос авчирсангүй, дэлгүүрээс худалдаж авсангүй. Би гацуураа чимж суунам.

Данзангийн Нямаа

        2023. 12. 16. Ханбогдын хормой, Хатан туулын эрэг хөвөө.

        Зураг дээр: Эхнэр бид хоёр Гурван зээтэйгээ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ6 цаг 28 минутын өмнөЭдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 цаг 33 минутын өмнөМонголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганд таныг урьж байна6 цаг 37 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ6 цаг 42 минутын өмнөП.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов9 цаг 47 минутын өмнөШатахууны асуудлаар цаг үеийн мэдээлэл өгч байна12 сар 18. 12:55Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо "Нийслэлийн цахим шилжилтийн төслүүд"-ийн талаарх мэдээллийг сонслоо12 сар 18. 12:01Төрийн байгууллага, албан тушаалтны хүнд суртал, ёс зүйд хамаарах 12 гомдол, мэдээллийг хянан шалгажээ12 сар 18. 11:52Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ12 сар 18. 11:44Нэтфликсийн “Монголд тавтай морил” тусгай дугаар үзэгчдийн хүртээл болно12 сар 18. 11:24БНСУ-д хуурамч иен солихийг завдсан Монгол иргэнийг саатуулжээ12 сар 18. 11:07УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 18. 10:28Х.Баттулгынхантай хамт зогсож байгаад “Засгийн газрыг огцруулна” гэсэн нь О.Цогтгэрэлийн бүтэлгүй улс төр үү12 сар 18. 10:27Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв12 сар 18. 9:53Волейболын дээд лигийн аялан тоглолт Дархан хотод болно12 сар 18. 9:49ӨБХ: Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ12 сар 18. 9:45“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ12 сар 18. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн12 сар 18. 9:36Төв талбайд мөсөн хотхон урлаж байна12 сар 17. 17:11УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв12 сар 17. 17:06ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Засгийн газар эдийн засгийн тусгаар тогтнолд онцгой анхаарал хандуулж байна12 сар 17. 17:00Зүрх судасны үндэсний төвийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн эзэмшлийн газарт барина12 сар 17. 16:57Станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна12 сар 17. 16:52Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-д нэгтгэлээ12 сар 17. 16:50ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл: Ажлын хэсэг 22 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдууллаа12 сар 17. 16:45Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хүчингүй болгоно12 сар 17. 16:42Ж.Энхбаяр: Бизнесийн эрх чөлөөг дэмжиж, хувийн өмчийн халдашгүй байдлыг хуулиар баталгаажуулна12 сар 17. 16:40Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо12 сар 17. 16:37“Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв12 сар 17. 15:58АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 17. 12:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.