Д.Баярхүү: Хувь тавилан


1-р сарын 5
10 цаг 10 минут

     -Монголчуудын нэг том эмгэнэл байнаа. Ажиглагдаад байна. Хувь тавилантайгаа эвлэрдэггүй. Эсвэл эвлэрлээ гээд бүр нохойн замаар ордог.

-Зөв явбал зөөлөн хорвоо, буруу явдал хатуу хорвоо гэдгийг монгол хүн огт ойлгохгүй, тоох ч үгүй.

-Шал хэрэггүй, итгэмээргүй зүйлд итгэнэ, итгэх ёстой зөв зүйлд итгэхгүй.

Та ядарч зүдэрч явна. Нэг л болохгүй байна. Үүний буруутан хэн бэ гэдэгт хариулт хайя. Хамтдаа. Та бүхэн дотроо тунгааж, бас саналаа нэмэрлээрэй.

Гол буруутан нь монгол ёс заншил, аж төрөх ёсон, нэг үгээр нөгөө алдарт нүүдлийн соёл иргэншил маань шүү дээ. Зоригтой хэлчихье. Яагаад?

Яагаад гэвэл монголчуудыг хоёрын хооронд, гурвын дунд байлгаж ирсэн, нэг талд нь гаргачихаж чаддаггүй. Бүгдийг ерөнхийлдөг, бөөрөнхийлдөг. Зөв ч биш, буруу ч биш, гэхдээ явж явж бүгдээрээ зөв, хийсэн буруу үйлдэл, буруу хандлага нь бүгд зөв болж уучлагддаг. Буруу хандлага гэдэгт санаатай ажилгүйдэл, санаатай ядуурал, санаатай арчаагүйтэл, жалга довны үзэл, нутгархал, залилан, хулгай зэлгий, худал хэлэх гээд бүгдийг нь би нэрлэнэ. Бүгдээрээ ингээд л ноололдоод зунгааралдаад, хамт зовоод, хамт жаргаад (Цагаан сар, Наадам гэх мэт), хөгжих ч үгүй, ухрах ч үгүй, муудалцаж ч чадахгүй, эвлэрч ч чадахгүй, найзан дундаа, ерөөлийн байдалд явж байх ёстой гэсэн монгол сэтгэхүй ямагт ноёлж иржээ.

“Архины тайлбар” гарчгаар нийтлэл бичлээ. Олон хүнд хүрлээ. Гэхдээ Төр нь эрс шийдэмгий тусгаж авч болдоггүй, бүр цаанаасаа нэг өөр зүйл хатгаад. Тэр нь нөгөө хоёрын хооронд, гурвын дунд байлгаж ирсэн, өөх ч биш, булчирхай ч биш, эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй монгол чанар Төрд нь яваад байх шиг. “Хөөрхий дөө, ядарсан юм даа” гээд уучлах сэтгэл нь давчихна. Ядуу дорой, ядарсан амьтныг буруутгах бүү хэл оролдож гоочилж болохгүй гээд хуульчилчихсан аятай. Дан хайр, итгэл, зөөлөн харц архичид руу бэлчинэ.

Архи уух нь буруу, архидах ба архичид шал буруу гэсэн хэрнээ тэднийг цаагуураа л нэг өрөвдөж хайрлаад (“Хөөрхий дөө, ядарсан амьтан яахав дээ”) архийг нь уулгаад мөрт нь байлгаж байя гэсэн монгол хүний энэрэнгүй чанар нийгэмд цухалзана. “Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундааг зохистой хэрэглэхийг уриалж байна”–Гэмтлийн эмнэлгийн дарга уриалжээ. Хайр, харам, бас өглөг нь хамт хэлэгджээ. Хөөрхий, архийг нь уулгая, ууг ууг, гэхдээ битгий үхчихээрэй! Өөх ч биш, булчирхай ч биш. Төрийн хайрыг шингээж уу гээд байгаа аястай. Дан хайр, итгэл, зөөлөн харц. Өөр юу гэх юм бэ?

Малчдыг 100% биеийг нь даалгая, мал сүргээ бэлчээртэй нь хувьчилж, эзэмшичихээд 33 жилийг чилийтлээ өнгөрөөчихлөө, өвөл цас их ордог, хахир хүйтэн болдог, зуд болдог гэдгийг малчид мэдэхийн цаагуур мэддэг гээд биччихсэн чинь ад болов оо. Малчдад улсаараа нэг хайр зөрүүлээд зарлачих нь тэр. Монгол орныг мал нь авч яваа, хотын биднийг малчид тэжээж байгаа, мал нь хилээ хамгаалдаг, иймээс малчдад бүх нийтээрээ туслах аян болоод явчлаа. УОК даргатайгаа, юутай хээтэйгээ хөдөө өвөлжих юм болоод явчлаа. Одоо хотын айл өрх болгоноор хөвөнтэй бээлий, нэмнээ оюулах л үлдлээ. Дан хайр, итгэл, зөөлөн харц. Өөр юу гэх юм бэ? “Хөөрхий дөө, ядарсан хэдэн малчид минь!”.

Ганц хөдөө ч биш, Монголын нийгэм тэр чигтээ хувьчлагдаад 33 жилийг чилийтлээ өнгөрөөчихжээ, монголчууд аа. Төрийн мэдэлд Төр, засаг нь л үлджээ. Төрийн мэдлийн аж ахуйнууд, сургууль эмнэлгүүд бас байнаа. Төр, засгаа тасралтгүй сонгож иржээ. Та бидний сонголт. Байж байгаа нь тэр учраас Төр рүү би дайрах гээгүй.

Үлдэх бүх нийгэм чинь хувьчлагдаад, хувийн нийгэм болчихсон байна. Төрийн мэдлийн үйлдвэр, уурхайнуудыг хувьчлах, цаашлаад эмнэлэг сургуулиудыг хувьчлах, өөрөөр хэлбэл социалист агуулгаас нь салгах цаг үе ирээсэй гэж хүсдэг хүн би байна. Социализм амь бөхтэй яваа салбаруудыг шууд хувьчлахгүй бол хулгай зэлгий, хээл хахууль нь дэндлээ. Ардууд нь дагаж залхуураад, бэлэнчлээд, халамжлуулаад. Энэ чинь л нөгөө салж өгдөггүй социализм нь капиталист Монгол дотроо байгаад байгаа нь тэр шүү дээ!

-Санал: Хувьчлагдсан хувийн энэ нийгмийг үндэсний хөрөнгөтнүүдийн гарт л өгмөөр санагдах юм.

-Бас нэг санал: Хувьчлагдсан хувийн энэ нийгэмд мөлжлөгийг хуульчлая. “Зөөлөн мөлжлөг” гэе л дээ. “Зөөлөн түрээс” гэдэг шиг, тэгж нэрлэсэн ч яадаг юм. 

Хувьчлагдсан хувийн нийгэмд МОНГОЛ ХҮН хүн төрхөө олж амьдрах гэж ёстой нэг хөглөж өгч байнаа. Нүднээ үл үзэгдэгч ЭРХ ЧӨЛӨӨ нь өөрт нь байгаад байдаг, түүнийгээ олж харж, мэдэж мэдэрнэ гэж байхгүй, хөглөөд байх нь тэр. Тэр эрх чөлөө нь юуны өмнө хувь заяагаа өөрөө шийдэх эрх чөлөө юм. Яаж амьдрах, юу хийж, юугаар гол зогоож, юугаар хөлжиж дэвжих нь өөрийнх нь гарт байгаад байдаг. Энэ бол хувьчлагдсан хувийн нийгмийн гол онцлог, гол шалгуур. Гэтэл түүнийгээ мэдрэхгүй дэвэн дэлхийгээр сэвээд, дээшээ асаад. Эрх чөлөө гэдгээ шүүмжлэх, мөчөөрхөх, барьцах, атаархах, муу хэлэх, муулах гэдгээр орлуулчихсан. 

Улс төрчид, УИХ-ын гишүүдэд атаархах явдал доозноосоо ёстой хэтэрсэн. Тэр нь шударга ёс гэгдэх боловч бараг 90% нь зүгээр л атаархалаас үүдэлтэй. Атаархаж үхэж байна. Хувьчлагдсан хувийн нийгэмд Төрийн эрхийг хэнд бариулахыг чинь ардчилсан хувьсгал заагаад өгнө. Тэр дагуу л шувтан сонгож сонгогдож ирсэн. Атаархаж үхэх гээд байгаа бол 2024 онд сонголтоо өөрчилчөх, тэгээд л боллоо! Эсвэл өөрөө дэвшээд ялаад гараад ир!

ХУВЬ ТАВИЛАН гарт чинь байна. Муу амьдрана уу, муухай ажил хийнэ үү, зарцлагдана уу, өвчилнө үү, эдгэнэ үү, даарна уу, осгоно уу–энэ бүхэн чинь Таны л ХУВЬ ТАВИЛАН. Гудамж цэвэрлүүллээ, зах дээр зогсоолоо, хүнд ачаа зөөж үүрч байна, зовж үхлээ гэсэн бөөн уур уцаар нийгэмд яваа. Сайн сайхан яваа, эсвэл оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийг цаанаасаа нэг үзэн ядсан шинжтэй үзэн ядалтын гал нүднээс нь асна. Таны л ХУВЬ ТАВИЛАН. Таныг тэр хүнд бохир (хогийн) ажил руу албадаж оруулсан, албадаж хийлгэж байгаа өөр нэг ч хүн Танаас өөр байхгүй. Эрх чөлөөгөө эдэлсээр явж явж Таны тэнцэх чадах ажил дээр чинь Таныг нийгэм тавьчихжээ. Ингэж гуриатахаа мэдсэн юм бол яах гэж сул дэл, өөртөө хяналтгүй явсан юм бэ?

Таны тэнцэх чадах ажил дээр чинь Таныг нийгэм тавьчихлаа гэдэг ёстой гашуун атлаа үнэн үг шүү. Үнэн мөн гэж байдаг бол тэр чинь. ХУВЬ ТАВИЛАН гэж энэ шүү дээ. Гэтэл монголчууд байнга ямар нэгэн юм нэхээстэй, гоншигноостой. Хувьчлагдсан хувийн нийгэмд өвлийг давах гэж эх орон маань ёстой нэг тамтай зам туулж байнаа. Осгож үхлээ, буруутан нь Хотын дарга. Зам дээр түгжирлээ. Түгжрэл хариуцсан сайд ба Хотын дарга. Гэтэл өвөл болдог, хүйтэрдэг, осгож үхэх шахдаг гэдгийг мэдэхийн цаагуур мэддэг хэрнээ тэгж даарсны шан хэн нэгэн буруутан байх ёстой. Бүх юман дээр буруутан хайна. “Биднийг муу амьдрууллаа”, “Ард түмнийг даарууллаа”, “Бензинээр хавчлаа”–дан дээшээ ассан хийрхэл нийгмээр дүүрэн. Хувь тавилантайгаа эвлэрдэггүй, дээшээ асчихдаг? 

Монголчуудад атаархал хэзээ ирээд нүүрлэчихснийг мэдэхгүй. Хэдэн мянган жилээр яригдах уу? Эсвэл бага хаадын дараахнаас уу? Мэдэхгүй! Өнгөтэй өөдтэй яваа нэгнээ үзнэ гэж байхгүй, нийтээрээ ам хэлээ билүүдээд муулна. Өөрийнх нь өрөөсөн дугуй мэтээр ойлгоно сэтгэнэ. Тэгээд өөртэйгээ харьцуулаад өөрийгөө зөв хүнд бодчихно.

Ан амьтнаас биднийг ялгаруулах гол онцлог буюу бурханы бэлэг юу юм бэ? Сэтгэн бодох, ажил хийж амь зуух ухаан хүн бүрт тэгш заяасанд байдаг юм. Ан амьтан араатан жигүүртэн бишээс л хойно ХҮН гэдэг энэ бодгаль заавал (заавал шүү!) ажил хийж, хөдөлмөрлөж, (ХӨДӨЛМӨР БОЛ ХҮНИЙ АМЬДРАЛЫН ХАМГИЙН ГОЛ ЗҮЙЛ гэсэн хууль бий) бүр үхэн үхтлээ сэтгэж, явж, эрж, хөдлөж хорвоог дуусгах ёстой юм. Үүнийг чинь л би өргөн утгаар Таны ХУВЬ ТАВИЛАН гэж нэрлээд байгаа ухаантай юм. Өөрийнхөө хувь тавиланд тохирсон ажлаа хийж амь зуух ёстойгоос атаархаж мөчөөрхөөд, амаа билүүдээд хорвоогийн өдөр хоногийг өнгөрөөнө гэдэг ёстой гонж шүү. Хоног чинь явж өгөхгүй ээ! Сул дэл, өлөв долов, хоёрын хооронд гурвын дунд хоног тоолдог нүүдэлчний задгай амьдралаа үтэр түргэн гээвэл ямар вэ, монголчууд минь?

 

Үргэлжлэл бий

Д.Баярхүү



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 7. 10:47“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ11 сар 7. 9:57Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа11 сар 7. 9:54Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ11 сар 6. 17:51Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ11 сар 6. 17:44Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ11 сар 6. 14:49Улаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно11 сар 6. 13:43Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 6. 13:39Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ11 сар 6. 10:55“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна11 сар 6. 10:47УИХ: Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалинг нэмэх тогтоолыг баталлаа11 сар 6. 10:44Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээх чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллана11 сар 6. 10:16Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав11 сар 6. 10:13Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй11 сар 6. 9:39Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ11 сар 6. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн11 сар 6. 9:21Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм11 сар 5. 16:38Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ11 сар 5. 16:35ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм11 сар 5. 16:30АН-ын бүлэг Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авлаа11 сар 5. 14:26УИХ-ын гишүүн Т. Мөнхсайханы 2026 оны ажлын тайлан11 сар 5. 14:13Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг11 сар 5. 14:09Австралийн виз мэдүүлж буй иргэдээс биометрик мэдээлэл авч эхэллээ11 сар 5. 14:04АН Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд олгохыг эсэргүүцэв11 сар 5. 13:55С.Бямбацогт: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох эсэхийг УИХ хэлэлцэнэ11 сар 5. 11:46Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ11 сар 5. 11:39Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав11 сар 5. 3:23“Нээлттэй парламент” өдөрлөгөөр иргэдэд шинэчлэгдсэн parliament.mn сайтаас мэдээлэл авах, ашиглах практик мэдээлэл хүргэлээ11 сар 5. 1:47Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ11 сар 5. 1:36Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно11 сар 5. 1:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.