Тайванийн шинэ тэргүүн Лай Чиндэ гэж хэн бэ?


1-р сарын 15
17 цаг 31 минут

      ТАБЭЙ, 2024 оны нэгдүгээр сарын 15 /TASS/. Нэгдүгээр сарын 13-ны өдөр Тайванийн иргэд засаг захиргааныхаа шинэ тэргүүнээр эрх баригч Ардчилсан дэвшилт намаас нэр дэвшигч, өдгөө 64 настай Лай Чиндэг сонголоо. 

Олон хүүхэдтэй айлын хүүхэд, уурхайчны хүү, ЛГБТ хүмүүсийг дэмжигч тэрбээр Харвардын их сургуулийг дүүргэжээ. Ингээд Тайванийг ирэх дөрвөн жил удирдах хүний талаарх мэдээллийг хүргэж байна. 

Лай Чиндэ 1959 онд одоогийн Шинбэй хотын дүүрэг болох Ванли хэмээх жижиг хотод төрсөн байна. Эцэг нь уурхайчин байсан бөгөөд түүнийг хоёр настай байхад нь нүүрсний уурхайн ослоор нас барж, тэрбээр ах, эгч, дүү нарын хамт ээжийнхээ гар дээр өсжээ. Лай Чиндэгийн шаргуу зан хүүхэд наснаас нь эхлэлтэй бөгөөд зургаан хүүхдээ өсгөхийн тулд шаргуу хөдөлмөрлөж байсан ээжээсээ энэ занг өвлөсөн байна.

Нэр хүндтэй эмч Лай Чиндэ

Улс төрийн карьераа эхлэхээсээ өмнө Лай Чиндэ нэр хүндтэй эмч болжээ. Тэрбээр Тайванийн улсын Их сургуулийн Физик эмчилгээний арга, нөхөн сэргээх тэнхимийг бакалаврын зэрэгтэй дүүргэж, Чэнгүн улсын Их сургуулийн Анагаах ухааны тэнхимд үргэлжлүүлэн суралцжээ. Дараа нь Харвардын их сургуульд Нийгмийн эрүүл мэндийн магистрын зэрэг хамгаалж, Тайваньд нөхөн сэргээх эмчилгээ, эмнэлзүйн тусламж үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн цөөн хэдэн мэргэжилтнүүдийн нэг болжээ. Хожим нь Лай Чиндэ нугасны гэмтлийн эмчилгээгээр улстаа тэргүүлэх мэргэжилтэн болсон байна.

Нийгэм-улс төрийн зүтгэлтэн Лай Чиндэ

Хэдийгээр Лай Чиндэ эмч мэргэжилтэй боловч улс төрийн арвин туршлагатай. 1994 онд Ченгүний үндэсний их сургуулийн эмнэлгийн резидент эмч байхдаа, мөн Тайнан хотын эмч нарын холбоог тэргүүлж байхдаа нийгэм, улс төрийн үйл ажиллагаанд оролцож эхэлжээ. Тэрбээр жагсаал цуглаан, улс төрийн үйл ажиллагаа зохион байгуулж байлаа. Улмаар хоёр жилийн дараа эмчийн мэргэжлээ орхиж, улс төрд оржээ.

1998 онд тэрээр Хууль тогтоох юан буюу парламентын гишүүнээр сонгогдож, нийгэм, байгаль орчны асуудалд онцгой анхаарал хандуулж, сонгогчдийн дэмжлэгийг ихээхэн хүлээжээ. 10 жилийн хугацаанд тэрбээр гурван удаа парламентад сонгогдсон юм.

Лай Чиндэ 2010-2017 онд Тайванийн зургаа дахь том хот болох 1.9 сая хүн амтай Тайнан хотын даргаар ажиллаж байжээ. Тэрбээр 2013 онд олон нийтийн санал асуулгаар арлын 22 хот, хошууны дарга нарын дунд хамгийн нэр хүндтэй нь байсан бол итгэлийн үзүүлэлт нь 87 хувьд хүрч байв.

Засгийн газрын тэргүүн Лай Чиндэ

2017 онд арлын Гүйцэтгэх юан буюу Засгийн газын тэргүүнээр томилогджээ. Лай Чиндэ анх олон нийтийн өмнө мэдэгдэл хийхдээ Тайванийг Хятадаас тусгаар тогтнохыг дэмжиж байгаагаа мэдэгдсэн байна.

Тэрбээр мөн Тайваньд англи хэлийг хоёр дахь албан ёсны хэл болгох санааг идэвхтэй сурталчилж байв. 2014 онд Тайнан хотын захирагч байхдаа анх энэ санаачилгыг гаргаж байсан ч тухайн үед зөвхөн тус хотод л хэрэгжүүлэхийг санал болгож байжээ. Түүний эл санаачилгыг Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Ин Вэн дэмжсэн хэдий ч одоогоор хэрэгжээгүй байна.

2018 оны 11 дүгээр сард орон нутгийн сонгуульд Ардчилсан дэвшилтэт нам ялагдсаны дараа Лай Чиндэ Засгийн газрын тэргүүний суудлаас огцорч, 2019 оны нэгдүгээр сард албан тушаалаа орхижээ. Хэдэн сарын дараа тэрбээр Ардчилсан дэвшилтэт намын сунгаанд оролцохоор бүртгүүлж, Цай Ин Вэний өрсөлдөгч болов. Хятадын талаар илүү хатуу бодлого баримтлахыг дэмжигч, намын нөлөө бүхий ахмад гишүүд Лай Чиндэг нэр дэвшүүлэхийг дэмжиж байсныг улс төрийн тоймчид онцолж байна. Тэд Цай Ин Вэний бодлогыг хэтэрхий зөөлөн гэж үзсэн боловч Лай Чиндэ намын дотоод сонгуульд ялагджээ.

Энэ бүтэлгүйтэл нь түүний улс төрийн замналыг зогсоосонгүй. Учир нь Цай Ин Вэн өрсөлдөгчөөсөө нүүр буруулаагүй юм. Цай Ин Вэн 2019 оны намар хоёр дахь удаагаа сонгогдохоор нэр дэвшихдээ хамтрагч болох санал тавьсныг Лай Чиндэ хүлээн авчээ.

Сунгаанд өрсөлдөгчөө дэмжих нь хашир улстөрчийн тооцоо байсныг ажиглагчид онцолж байна. Тайванийн засаг захиргааны тэргүүний хувьд нэр хүнд нь буурсны дараа Цай Ин Вэн сонгуулийн өмнө байр сууриа бэхжүүлэх шаардлагатай болов. Сонгогчдын дунд алдартай байсан Лай Чиндэ энэ дүрд тохиромжтой байв. Тооцоо нь ч хүссэнээр нь болж Цай Ин Вэн 2020 оны сонгуульд ялж, харин Лай Чиндэ түүний орлогч болов.

Лай Чиндэ сайн хамтрагч гэдгээ баталж, сонгогчдын дунд болон нам дотор нэр хүнд нь өссөөр байлаа. 2023 оны нэгдүгээр сард Лай Чиндэ эрх баригч Ардчилсан дэвшилт намын дарга болж, намынхны хувьд удахгүй болох сонгуулийн гол итгэл найдвар болжээ.

Улс төрийн үзэл баримтлал

Лай Чиндэгийн улс төрийн үзэл бодол олон талаар Цай Ин Вэнийн байр суурьтай нийцдэг. Өмнө нь тэрбээр өөрийгөө Тайванийн "тусгаар тогтнолын төлөө тэмцэгч" гэж нэрлэдэг байсан бол сүүлийн үед, ялангуяа сонгуулийн өмнө түүний үг хэллэг өөрчлөгдөж, илүү аядуу болсон бөгөөд одоо Тайваний хоолой дахь статус-кво-г хадгалахыг нэн тэргүүний зорилтоо хэмээн мэдэгдэх болсон байна. 

Лай Чиндэ мөн Тайванийн хувьд Хятадтай яриа хэлэлцээ хийх үүд хаалга нээлттэй гэж мэдэгдэх болсон юм. Гэсэн хэдий ч БНХАУ-ын хувьд арлын эрх баригчидтай яриа хэлэлцээ хийх улс төрийн үндэс суурь нь болсон 1992 оны зөвшилцлийг үгүйсгэж байгаа юм.

Шинжээчдийн үзэж байгаагаар Лай Чиндэ эх газрын Хятадаас зай барих бодлогыг үргэлжүүлж, АНУ болон бүс нутаг дахь холбоотнуудтайгаа ойртон нягтрах үйл явцыг дэмжинэ. Түүнчлэн арлын цэргийн төсвийг болон Америкаас зэвсэг худалдан авалтыг нэмэгдүүлэх төлөвтэй байна. Хүчирхэг армитай байх нь Тайвань арлын хувьд Хятадаас бие даасан байдлаа хадгалж үлдэх боломж мөн гэж тэрбээр үздэг.

Лай Чиндэ нь ЛГБТ хүмүүсийг дэмжигч юм. Өнгөрсөн оны 10 дугаар сард тэрбээр Тайбэйд болсон “ЛГБТК+” жагсаалд оролцож байжээ. Энэ жагсаал Азид хамгийн том жагсаал болсон бөгөөд 176 мянга орчим хүн оролцсон байна. Энэ нь залуу үеийн сонгогчдын дэмжлэгийг авч, сонгогчдынхоо тоог нэмэгдүүлэх боломжийг түүнд олгосон гэж шинжээчид үздэг. 

Лай Чиндэ гэр бүлтэй, хоёр хүүтэй.

Сонгуулийн кампанит ажлын хамтрагч

Лай Чиндэ сонгуулийн өмнөх өрсөлдөөнд Тайваниас АНУ-д сууж байсан де-факто Элчин сайд асан Шяо Мэйчин гэдэг эмэгтэйг өөрийн хамтрагчаар сонгожээ. Шяо Мэйчин нь 1971 онд Японы Кобе хотод төрсөн. Тайвань, америк гаралтай тэрбээр Тайваньд өсөж, өсвөр насандаа АНУ руу нүүсэн байна. Америкт тэрбээр Оберлин коллежид Зүүн Ази судлалаар магистр, мөн Колумбийн их сургуульд улс төрийн ухааны магистрын зэрэг хамгаалжээ.

Өдгөө 52 настай Шяо Мэйчин Ардчилсан дэвшилт намын олон улсын харилцааны хэлтсийг удирдаж байжээ. 2000-2002 онд Тайваний тухайн үеийн засаг захиргааны тэргүүн Чен Шуйбяны (2000-2008) орчуулагч, зөвлөхөөр ажиллаж байсан байна. 2000 онд Тайваний нэгэн хэвлэлд тэд ойр дотно харилцаатай байсан гэж бичиж байсан бөгөөд шүүхэд хандсаны дараа уг шар хэвлэл энэ мэдээллийг зохиомол гэж мэдэгджээ.

Шяо Мэйчин Тайваньд улс төрийн карьераа өсгөхөөр 2002 онд АНУ-ын иргэншлээс татгалзжээ. 2002-2008, 2012-2020 онуудад хууль тогтоох байгууллагын гишүүнээр ажилласан байна. 

Тэрбээр дипломат чухал албан тушаалуудын нэг болох АНУ дахь де-факто Элчин сайдын яам буюу Вашингтон дахь Тайбэйн Эдийн засаг, соёлын төлөөлөгчийн газрыг 2020 оны зургаадугаар сараас эхлэн тэргүүлжээ. Шяо Мэйчин энэ албан тушаалыг хашсан Тайванийн анхны эмэгтэй болсон байна. Шяо Мэйчин мууранд хайртай тул Америк руу нүүхээсээ өмнө дөрвөн муураа аваад явна гэж мэдэгдэж байжээ.

Тэрбээр жендэрийн тэгш байдлыг хангах талаар, ЛГБТ хүмүүсийг дэмждэг гэдгээ нэг бус удаа мэдэгдэж байв.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын Хятадын Коммунист намын Төв хорооны Тайванийн асуудлыг эрхлэх газар "салан тусгаарлах байр суурь" илэрхийлснийх нь төлөө түүний эсрэг хориг арга хэмжээ авч, Шяо Мэйчин болон түүний гэр бүлийн гишүүдийг Хятадын эх газар, засаг захиргааны тусгай бүсүүд болох Хонконг, Макаод зорчихыг хоригложээ.

 

Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төвлөрөл сааруулах бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж, иргэнд хүрэх тусламж үйлчилгээг ойртуулна7 сар 26. 16:10Алба хаагчид гол, нуурын эрэг дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна7 сар 26. 16:06Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөдөлгөөн заслын сургалтыг зохион байгууллаа7 сар 26. 14:53Жирэмсний хяналтын тусламж үйлчилгээг сайжруулна7 сар 26. 14:48Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар “Ганцхудаг”-т хоригдож байна7 сар 26. 14:41Парисын Олимпын нээлтийн ёслол 01:30 цагт эхэлнэ7 сар 26. 14:28УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийг даргална7 сар 26. 14:20О.Алтангэрэл сайдын уулзалтад ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор нар очсонгүй7 сар 26. 14:09Ерөнхий сайд аа, кино ярьж өгье. Тэмдэглэлээ хөтлөөрэй7 сар 26. 8:26Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан7 сар 26. 8:20Бага насны хохирогчийг 13 настай болохыг мэдээгүй гэж маргав7 сар 25. 23:28Л.Оюун-Эрдэнийн “Шударга ёсны тэмцэл” гэх популизм дор Хэнтийн цагдаа нар Монголыг цагдаажсан улс болголоо7 сар 25. 19:44Өнөөдөр шөнө Улаанбаатар хотод аадар үргэлжилж орно7 сар 25. 11:08Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт ажиллалаа7 сар 25. 11:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан7 сар 25. 7:56“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний олон улсын сонгон шалгаруулалтад тэнцсэн шилдэг бүтээлүүдийг олон нийтэд танилцуулна7 сар 24. 11:57Монгол Улсын Ерөнхийлөгч “Парис-2024” зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцоно7 сар 24. 11:49Дохио !! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ7 сар 24. 10:13Эмийн чанар, аюулгүй байдлыг хянах лабораторийг сайжруулах ажил урагшилж байна7 сар 24. 10:11Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай зар7 сар 24. 10:03Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нар МАН-ын Удирдах зөвлөл дээр Л.Оюун-Эрдэнэд уур бухимдлаа илэрхийлсэн гэв үү7 сар 24. 9:51О.Алтангэрэл сайд аа, “Авлига хороолол”-ын ард байгаа хурандаа нарыг илчилье7 сар 24. 9:33Х.Баттулга, Б.Чойжилсүрэн нар Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн болж “Халдашгүй эрх”-ээ дархлав7 сар 24. 9:01Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан7 сар 24. 8:16Б.Бат-Эрдэнэ гишүүн ээ, “Төрийн нууц мэдээ дамжуулсан” гэх асуудлаас чинь болж Н.Өнөрцэцэг ял сонссон нь үнэн үү7 сар 23. 21:36Б.Алтанчимэг: Азийн аваргын тэмцээнээс ихийг сурч, туршлага хуримтлуулсан7 сар 23. 8:31Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан7 сар 23. 8:25Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан анхны албан даалгаврыг гаргалаа7 сар 22. 19:51Алтай таван богд хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол боллоо7 сар 22. 19:41Чанаргүй, үнэтэй эмийн асуудалд бодит өөрчлөлт хийнэ7 сар 22. 12:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.