Хас тэмдгийн тухайд


  Эрин галавын наана

  Эрт урьдын өмнө

  Хүннү сүннүгээс цаана

  Чулуу, хүрлийн тэртээд

  Элэнц хуланц өвгөдийн минь

  Эвхэж бичсэн хас

  Элгэн чулуун хуудсанд  сийлээстэй

  Эргэх түүхийн эхэнд бичээстэй

  Эх ороны минь түүхэнд тод

  Эвтэй монголын бэлгэдлийн хас

 Монголчууд эрт дээр үеэс хас тэмдгийг эрхэмлэн бэлгэдэж төрийн тамга, шашны эд зүйлс, гоёл чимэглэл, малын им, тамга хийгээд ахуйн эд зүйлс дээр дүрслэж ирсэн нь  эдийн соёлоос харагддаг. Түүнчлэн хас тэмдгийг хадны зураг,  чулуун хөшөө, хот суурингийн хана зэрэгт дүрслэн үлдээсэн нь олонтой. Мөн архивын сан хөмрөгт хас хээтэй тамга, тамганы дардас болон  хас тэмдгийг хэрэглэхийг хорьсон тухай бичиг гээд хастай холбоотой баримтууд цөөнгүй билээ.

Үүнээс тоймлон дурьдвал:

1.Үндэсний Төв Архивын МАН-ын Баримтын Төвийн  сан хөмрөгт хадгалагдаж буй Хан Хэнтий уулын аймгийн МАН-ын хорооны хас хээтэй модон тамга.

2. Ховдын хязгаарын МАН-ын хорооны хас хээтэй модон тамга.

3.Мөн төвийн сан хөмрөгийн 4-р хөмрөгт  Хас тэмдгийг хэрэглэхийг хориглох тухай      Х.Чойбалсангаас  МАХН-ын Төв Хорооны Нарийн бичгийн дарга Лувсаншарав, Баасанжав нарт явуулсан бичиг.

4. Хас тэмдэгтэй тамганы дардас бүхий нугалбар бичгүүд цөөнгүй байна. Эдгээр бичгүүд нь 1922-1924 оны үеийн баримтууд болно.

Манай орны нутаг дэвсгэрээс хас тэмдгийг хад чулуун дээр дүрсэлснээс эхлээд цаасан суурьтай бичиг баримтанд дарж үлдээсэн тамганы дардас гээд  янз бүрийн цаг үед хамаарагдах  түүхийн дурсгалууд  илэрсээр байна.

 Манай эрдэмтэн судлаачид хас тэмдгийн талаар цөөнгүй бүтээл туурвиж хас тэмдгийн нэр, дүрслэл бэлгэдэл зүйн талаар бичихдээ  хас нь эрч хүч, эд баялаг,  мөнх хөх тэнгрийн оньс, бат бэхийн бэлгэдэл, орчлон ертөнцийн үүслийн бэлгэдэл, арван цагаан буян, сүр жавхлан, аз хийморийн бэлгэдэл, мөнх орших, цэвэр ариун, урт удаан наслахын бэлгэдэл, гал ус шороо огторгуй таван мах бодийн үндэс гэж бэлгэдэн ирсэн гэжээ. Мөн хас гэсэн нэр монгол нэр бөгөөд нэг  түм буюу арван мянга гэсэн утга санааг илэрхийлэгч дүрс тэмдэг  гэсэн санааг ч гаргасан байна.

 Үүнд өөрийн саналаа өгүүлэхэд: Хас тэмдэг нь  дээр өгүүлсэн бэлгэдлийг илэрхийлэхээс гадна гол, төв  гэсэн утгыг давхар агуулдаг бололтой. Жишээ нь : Хүний биед 25 хас байдаг гэнэ. Энэ нь хүний биеийн гол төв мэдэрэлийн цэгүүд дээр байралдаг гэж бариач, домч нар үздэг байх жишээтэй. Мөн монголчуудын   идэш хийх зан үйлд бод мал муулаад аарцаг ясны махыг хас мах хэмээн нэрлэн тахилын мах болгон өвөг дээдэс бурхан шүтээндээ өргөдөг уламжлал одоо ч байна. Мөн Монголын нууц товчооны 168-р зүйлд  Сөнөдийн Гилгүдэй баатарын өчлийн үгэнд:

Хайрт эзэн минь

Халуун амийг чинь алдавч

Хас эрдэнэ хүүрийг чинь

 Хамгаалан авч харъя

 Хатан Бөртгэлжинд чинь үзүүлье  гэсэн байдаг.

Тэгэхээр хүн ба амьтны мах бодийн гол тэнцвэр хүч их гаргадаг хэсэг болоод мэдэрлийн төв цэгүүдийг  хасаар төлөөлүүлэн нэрлэсэн нь олон аж.  Гол удирдагч болон эзэн хааны цогцос  болоод  түүний дотоод ертөнцийн үл мэдэгдэх  гол хүчин зүйлийг хастай жишин зүйрлэсэн нь учиртай биз. Баримтаас жишээ авбал: МАН-ын Баримтын Төвийн сан хөмрөгт хадгалагдаж буй  хас тэмдгийг хорих тухай  нэгэн бичигт : “Хот, хөдөөгийн зарим ардуудаас хашааны хаалга ба гэрийн үүд, малын им, тэмдэг зэргүүдэд хас тэмдгийг хэрэглэх явдал олонтой байх бөгөөд энэхүү хас тэмдэг нь харгис хөрөнгөтөн нарын тэмдэг болох тул манай хувьсгалт орны ард түмнээс үүнийг хэрэглэх нь нийлэмжгүй” гэжээ. Тийнхүү “Хас тэмдэг нь харгис хөрөнгөтөн нарын тэмдэг”  гэж тодотгож өгсөн нь Чингис хааны алтан ургийн ноёд тайж нарт хасын бэлгэдэл чухал ач холбогдолтой байсныг давхар илтгэх мэт. Энэ нь өөрсдийн овог, ясаа бусдаас дээгүүр тавьсан  язгуур угсаа бүхий гол ноёрхогч, захирагч овгийн тэмдэг гэсэн санааг хэлсэн бололтой. Иймээс хас тэмдэг нь  дундад зууны үед  голлогч овог аймгийн бэлгэдэл тэмдэг гэсэн утга санаагаар баяжигдан төрд болон алтан ургийн угсааныхан  хэрэглэж байсан гэж үзэж болох юм. Эл тэмдгийг хаан төр, хас их төрийг бэлгэдэн  дүрслэж байгаад аажимдаа гоёл чимэглэл, шашны эд зүйлс дээр түлхүү дүрслэх болсноор жирийн ард иргэд түгээмэл хэрэглэх болсон гэлтэй.

 Ер нь хас тэмдгийг шинэ чулуун зэвсгийн үеэс  1930-аад оны сүүл үе хүртэл монголчууд эд өлгийн зүйлдээ  өргөн хэрэглэж ирсэн байна.  Коммунист үзэл суртлын хүчтэй нөлөөгөөр үндэсний гэсэн болгон үгүйсгэгдэж шашин, сүм хийд, хуучны түүх, соёлын дурсгалууд устгагдах явцад монголчууд бидний язгуур бэлгэдлийн дүрс болох хас тэмдгийг хэрэглэхийг хориглосон бодлого,  шийдвэр нам төрийн удирдагч байгууллагаас гарч байж.

Үүнээс танилцуулбал:

 ≪Хорин найман оны найман сарын гурваны өдөр дугаар 1 /1938.08.03/

 Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Нарийн бичгийн Дарга Лувсаншарав, Баасанжав нар танаа: Хот, хөдөөгийн зарим ардуудаас хашааны хаалга ба гэрийн үүд, малын им тэмдэг зэргүүдэд хас тэмдэг хэрэглэх явдал олонтой байх бөгөөд энэхүү тэмдэг нь харгис хөрөнгөтөн нарын тэмдэг болох тул манай хувьсгалт орны ард түмнээс үүнийг хэрэглэх нь нийлэмжгүй тухай үүний урьд Хотыг захирах яамнаас 31 тоот тушаалаар хэрэглэж үл болохоор зарласан боловч мөн хэвээр үргэлжлүүлэн байх учир энэ тухай суртал таниулгын ажлыг ардын дотор явуулан ийнхүү хэрэглэх явдлыг бүрмөсөн зогсоож дагаж явуулахыг эрсүгэй.

Тэргүүлэгч гишүүн Чойбалсан≫ гэжээ.

  МАН-ын Баримтын төв х- 4, д-1, хн- 316

Дээрх баримтаас үзвэл урьд нь Хотыг захирах яамнаас 31-дүгээр тоот тушаалаар хас тэмдгийг хэрэглэхийг хориглох шийдвэр гарсан  хэдий ч хасыг хэрэглэсээр  байсан тул 1938 онд хас тэмдгийг хэрэглэх явдлыг бүрмөсөн зогсоох талаар ард иргэдийн дунд суртал ухуулга, таниулга зэрэг хүчтэй компанит ажлыг зохион байгуулсан нь хас тэмдгийг мартахад хүргэсэн байна.

Мөн  Ардын хувьсгал ялж аймаг, хошуу, сумдад МАН-ын үүр, хороод  байгуулагдан эл үүр хороод  хасыг, тамга, тэмдэгдээ оруулан хэрэрглэж  байсан хэдий ч тухайн үеийн үзэл суртлын гадна, дотны нөлөөгөөр  энэ тэмдэг  улаан оросын таван хошуу тэмдгээр солигдсон юм. Түүнчлэн хасыг  малын им тамга дээр хэрэглэх явдал нь ардын аж ахуйтнуудыг нэгдэлжүүлж, мал улсын өмч болсноор зогсжээ.

Бидний үеийхэн төдийгүй дэлхийн бусад улс орны ард түмэн  хас тэмдгийг фашист   Гитлерийн тэмдэг мэтээр ойлгож ирсэн. Энэ нь өрөөсгөл ойлголт юм. Монгол улсын мандан бадралт, бууран доройтолт гээд эл улсын түүхийн бүхий л цаг үеийн шалгуурыг давж ардчилсан хувьсгалтай золгон ард түмний үндэсний ухамсар сэргэснээр өргөн түмэн монголчуудын язгуурын бэлгэдэл болох  хас тэмдэг бидний зүрх сэтгэлд дахин  ассан юм.

Үндэсний Төв Архивын  МАН-ын  Баримтын Төвийн сан хөмрөгт  хадгалагдаж буй      “Хас ”-тай   холбоотой зарим баримтыг танилцуулбал:



1. Тэргүүлэгч гишүүн Чойбалсангаас МАХН-ын Төв Хорооны Нарийн бичгийн дарга  Лувсаншарав,
Баасанжав нарт  хас тэмдгийг хорих талаар явуулсан бичиг



Зураг 2.   ХОВДЫН ХЯЗГААРЫН АРДЫН НАМЫН ХОРООНЫ ТАМГА




3. ХАН ХЭНТИЙ УУЛЫН АЙМГИЙН НАМЫН ХОРООНЫ ТАМГА




4. 10-Р ҮҮРИЙН ТЭМДЭГ





5. 12-Р ҮҮРИЙН ТЭМДЭГ



6. 55-Р ҮҮРИЙН ТЭМДЭГ




7. 106-Р ҮҮРИЙН ТЭМДЭГ



8.   ДАЛАЙ ЧОЙНХОР ВАНГИЙН НАМЫН ҮҮРИЙН ТЭМДЭГ



9. САЙН НОЁН ХАН АЙМГИЙН 56-Р ҮҮРИЙН ТЭМДЭГ



10. САЙН НОЁН АЙМГИЙН 52-Р ҮҮРИЙН ТЭМДЭГ



11. САЙН НОЁН ХАН АЙМГИЙН АРДЫН НАМЫН ХОРООНЫ ТАМГА



 12. 1922 оны “ Шинэ байдал” сонины нүүрэн  дэхь зураг



13. САЙН НОЁН ХАН АЙМГИЙН 50 ХОРООНЫ ТЭМДЭГ


МАН-ын Баримтын Төвийн Сан хөмрөгч Б.Амартүвшин

  • Шинэ
  • Их уншсан