МАН-ын Бага хурал болон Ардын хүч холбооны гишүүн Б.Цогтгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа
–Ардын хүч гэж хэзээ байгуулагдсан, ямар зорилготой холбоо юм бэ?
-Миний санаж байгаагаар Ардын хүч гэж 2017, 2018 оноос эхэлж л яригдаж гарч ирсэн. Тэр үедээ л нам дотроо улс төрийн акц өрнүүлэх, янз бүрийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Эхэндээ ч бүлэг, фракц ч юм уу эсвэл жигүүр ч юм шигээр хэлбэрээ олж чадахгүй явсаар 2020 оны есдүгээр сард холбоо болж албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй.
-Холбооны тэргүүнээр ямар хүн ажиллаж байна вэ?
-Тэргүүнээр гэвэл Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн агсан Л.Одончимэд гуайн хүү О.Одбаяр ажиллаж байгаа.
–Ардын хүч холбооноос МАН-ын удирдлагуудад шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагын гол агуулга юу байна вэ?
-Энэ жил бол сонгуулийн жил. Тэр утгаараа сонгуулийн жилийн эхний сарын улс төрийн намуудын рейтингийн судалгаа гарч ирлээ.
Уг судалгаагаар өнөөдөр аль нэг улс төрийн намыг сонгохгүй, мэдэхгүй гэж байгаа. Саарал масс 35 хувьтай байна. Угтаа улс төрийн намуудын рейтинг 35-аас дээш, харин саарал массын хувь 10 гаруй хувьтай л байдаг байсан.
–Тэгэхээр улс төрийн намд итгэхгүй байх иргэдийн хувь өссөн гэсэн үг үү?
-Тийм. Үндсэндээ улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэл алга болсон гэдгийг дээрх судалгаа тодорхой харууллаа. Өнгөрсөн оны зургадугаар сард манай намын рейтинг 25-28 хувьтай байсан. Тэгэхээр энэ жилийн хувьд багассан нь төрд цаашлаад улс төрийн намд итгэх иргэдийн итгэл эрс буурсан байна гэдгийг тодорхой харууллаа л даа.
–Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад танай намын рейтинг унасан байна. Тэгвэл ийм үзүүлэлттэй сонгуульд орвол ямар үр дүн МАН-ыг хүлээж байна вэ?
-Мэдээж энэ бүхнийг бид бүхэн судалж, тооцоолсон. Ер нь улс төр мэддэг, сонирхдог хэн ч ийм тооцоолол хийнэ. Тэгэхээр удахгүй болох сонгууль маань бүсчилсэн том тойргоор явагдана. Тэр утгаараа өнөөдөр гарсан энэхүү судалгааны үр дүнгээ тэрхүү том тойрогт зоогоод тооцсон байгаа. Яг энэ тооцооллоор бол тухайлбал, Улаанбаатар хотод 48 суудлаас есийг нь авахаар байгаа. Харин томсгосон тойргоор бол МАН-аас 10 хүн нэр дэвшлээ гэж бодоход хоёр нь л гарахаар байна. Өөрөөр хэлбэл судалгааны дүн бидэнд ийм үр дүнг хэлээд байна гэсэн үг. Бидний хувьд олон жил улс төрийн намд ажиллалаа, олон удаагийн сонгуулийн нүүр үзэж, утааг нь үнэрлэчихсэн хүмүүс. Тэр утгаараа бодит судалгааны үр дүн ингэж гараад байхад бид яаж зүгээр суух билээ. Зүй ёсны арга хэмжээ авч ажиллана биз дээ.
–Зүй ёсны арга хэмжээ авна гэлээ. Яг ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Бидний авах арга хэмжээ тодорхой. УИХ-ын томоохон үйл явдалд УИХ-ын чуулганы нээлт, хаалтын хурал ордог, тийм үү. Энэ хурлуудад Монгол Улсын Ерөнхийлөгч эсвэл УИХ-ын дарга үг хэлдэг. Нээлт нь дээр зорилтоо тодорхойлж үг хэлдэг бол хаалт нь дээр дүгнэж үг хэлдэг. Тэр утгаараа саяхан УИХ-ын намрын отгон чуулган өндөрлөлөө. Тэрхүү хаалтын чуулганы үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хариуцлагын арга хэмжээ ав гэдгийг тодорхой хэлсэн. Өөрөөр хэлбэл асар олон авлига албан тушаалын хэргүүд олон нийтэд ил тод боллоо. Гэтэл хариуцлага тооцсон арга хэмжээ аваагүйгээс болоод ямар ч үр дүн гарсангүй гэдгийг тодорхой хэлсэн. Тэгэхээр бид саяхан гарсан судалгааны үндсэн дээр юу гэж үзэж байна вэ гэхээр хариуцлага тооцохгүй байгаа явдал нь МАН-ын нэр хүндийг унагаж байна. Тиймээс хариуцлага тооцох арга хэмжээг нэн яаралтай авах ажлыг өрнүүлье.
–Мэдээж иргэдэд ил тод болсон олон хэрэг байна. Тэр бүхнээс үүдэж МАН-ын рейтинг унасан гэж ойлголоо. Цаашлаад энэ хувь улам буурвал яах вэ?
-Бидний хувьд хамгийн доод түвшинд МАН хүрлээ гэж ойлгож байгаа. Тэгэхээр үүнээс дээш бид яаж ахих вэ гэдгээ бодох, хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнийг нэг нь бидний тавьж байгаа хариуцлага тооцох шаардлага. Өөрөөр хэлбэл, унасан рейтингээ өсгөхийн тулд ерөөсөө хариуцлагын арга хэмжээг авна л гэсэн үг. Үүнийг бид холбоо дээрээ олон удаа ярьсан. Хоёр ч удаа томоохон хэлэлцүүлэг өрнүүлж, санал цуглуулсан. Улмаар МАН-ын гишүүддээ хариуцлага тооц гэдэг шаардлагыг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон намын Хяналтын хороонд тус тус уламжилсан.
–Дуулиант хэргүүдэд нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг шаардсан байна. Өөр ямар шаардлага байгаа вэ?
-Саяхан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-ын түвшинд хэлэлцлээ. Бас их өрнөлтэй, маргаантай хэлэлцүүлэг боллоо шүү дээ. Тэгвэл энэ шуугиантай хэлэлцүүлгийн үеэр кабинетын зарчим барьж ажиллаж чадаагүй Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооц гэж байгаа юм.
–Гэхдээ Засгийн газрын гишүүн ч гэлээ тэр хүмүүс бол УИХ-ын гишүүн. Тэр утгаараа асуудлыг эсэргүүцэж болох юм биш үү?
-Мэдээж УИХ-ын гишүүн. Гэхдээ Засгийн газрын хувьд яаж ажиллаж, ямар байдлаар тогтоол шийдвэр УИХ-д оруулдаг вэ гэдгээ эхлээд бодох хэрэгтэй. Засгийн газрын тогтоол ч байна уу, тэмдэглэл ч байна уу хамаагүй бүх зүйлд сайд, гишүүд холбогдох хүмүүс саналаа өгдөг. Засгийн газар дотроо шүү дээ. Тэр утгаараа сайд нарын хэлэлцүүлэг Засгийн газрын хуралдаан дээр л болох ёстой. Өөрөөр хэлбэл аливаа маргаантай асуудлаа Засгийн газрын санал авах хуралдаан дээрээ шийднэ гэсэн үг. Улмаар маргаанаа эцэслэчихээд УИХ-д гар гасан шийдвэр, тогтоолуудаа өгөх ёстой. Үе үеийн Засгийн газруудын зарчим ийм л байсан. Гэтэл үүнийг УИХ-ын түвшинд маргаан болгоод асуудал үүсгэчихэж байгаа юм. Үүнийг УИХ-ын дарга анзаарахгүй өнгөрүүлэхгүй нь тодорхой. Тэрбээр “Засгийн газар өргөн барьсан төслөө дотроо санал авч хэлэлцүүлээгүй байж яагаад УИХ-д оруулж ирж хэрүүл дагуулаад байна вэ” гэсэн. УИХ-ын даргын энэхүү байр суурьтай манай МАН-ын Ардын хүч холбоо яг ижилхэн байр суурьтай байгаа. Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар УИХ-ын гишүүн байж болно. Гэхдээ энэ хүмүүс бусад Засгийн газрын гишүүдийг хулгайчаар нь дуудаж байгаа нь кабинетын зарчмыг бүрэн сөнөөж байгаа үйлдэл. Том зургаараа кабинетын зарчимгүй болсноор Засгийн газрын үйл ажиллагаа доголдоно. Улмаар МАН-ын нэр хүнд унана. Тиймээс энэ хоёр нөхөрт хариуцлага тооцох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр ногоон автобус, БЗС-гийн хулгайч гишүүдэд болон сайд нартаа хариуцлага тооц эсвэл ялагд гэдэг ийм хоёр сонголтод манай нам тулж ирсэн.
–Авлига албан тушаа лын хэрэгт нэр холбогдсон гишүүнийг намаас хөөх дүрэмтэй санагдах юм. Энэ дүрмийг сүүлд болсон намын Их хурлаараа батлах гэж нэлээд маргаан өрнөсөн биз дээ. Одоо энэ дүрэм хэвээрээ биз?
-Энэ дүрэм хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Авлига албан тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татсан этгээдийг МАН-ын гишүүнчлэлээс хасна гэсэн заалт манай намын Үндсэн дүрэмд орсон. Нэг талдаа бид энэхүү шаардлагаараа уг дүрмийн биелэлтийг нэхэж байгаа юм. Нөгөө талдаа олонхоороо баталчихсан дүрмийн биелэлт гэж байх ёстой. Шаардлагаа бид өгчихсөн. 100 гаруй хүмүүс гарын үсэг зурсан. Орон нутгийн гишүүд ч дэмжиж байгаа гэдгээ хэлсэн. Тэр бүхнийг шаардлагадаа хавсаргаад хүргүүлсэн.
-Бидний хувьд хардлагад шууд л хариу өгч байгаа. Тийм ээ, энэ бол улс төр. Гэхдээ улстөржих юм гэж байна. Улстөржихгүй юм гэж байна. Бидний хувьд энэ асуудал буюу хулгайд нэр холбогдсон хүмүүс дээр улстөржих хэрэгтэй. Яг л улс төрийнхөө зарчмын шаардлагуудыг хангаж л ажиллах хэрэгтэй байгаа юм. Үнэхээр манай намын хувьд чин зүрхний анд нөхдөдөө үгүй гэж хэлэх цаг болсон.
Нэг талдаа нийгмийн хэрэгцээ шаардлага ч ийм байна. Өөрөөр хэлбэл эрхэм намын гишүүн та олон нийтийн итгэлийг дааж ажиллаж чадсангүй. Тиймээс намаас таныг явуулж байна, улс төрийн аливаа дэмжлэг үзүүлж чадахгүй гэдгээ хэлэх цаг болсон гэсэн үг. Яг энэ агуулга манай намын дүрмийн заалтад ч бий. Тиймээс бид дүрмийнхээ заалтыг хэрэгжүүлье гэж байгаа юм.
Сэтгэгдэл бичих