Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ


2-р сарын 10
8 цаг 18 минут

       “Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Та бүхэндээ XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Настан буурлуудын ерөөл үр хүүхдүүдээ ивээж, насны буян хишиг нь өнө мөнхөд дэлгэрч, хатуу өвлийг өнтэй давж, хаврын урьтай учран золгож, буурал жилээ үдэж, буянтай жилээ угтахаар сар шинэдээ сайхан шинэлж байна уу?

Монголчууд бидний өвөг дээдэс өнө эртнээс тэнгэр газрын үзэгдэл, нар сар, од эрхсийн хөдөлгөөнийг шинжиж, газар нутаг, аж амьдралдаа нийцүүлэн, монгол цаг тооллоо тогтоон, жилийн тэргүүн барс сард сар шинэ, цагаан сараа ёслон тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай билээ.

Монголын цагаан сар бол Хүннү гүрний гурван их баяр цэнгэлийн нэг, Их Монгол Улс, Эзэнт гүрний төрт ёс, түүх соёл, түмэн олны эв нэгдлийн бэлгэдэл, монголчууд бидний өв соёл, үнэт зүйл, түүхэн ой санамж юм.

Бидний өвөг дээдэс ирж буй жилийнхээ өнгө төөрөг, өлзий дэмбэрлийг цагаан өнгөөр бэлгэдэн, сар шинийн баяраар цайвар зүсмийн морь унаж, цагаан дээл хувцсаар гоёж, цагаан идээ ундаагаа хүртэж, сүүн цагаан сэтгэлээр ерөөл бэлгэтэй үг хэлэлцэж, эвийг эрхэмлэн, итгэлийг бэхжүүлж, ахас ихсээ хүндэтгэн, ард түмнээрээ ёслон золгодог сайхан уламжлалтай.

Монголчууд бидний энэхүү өв соёлын өвөрмөц онцлогийг манай нэрт Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав гуай нэгэнтээ “Миний ардын сэтгэл цагаан, Мэндлэн золгох ёс нь ариун” хэмээн яруу тунгалгаар шүлэглэн хэлсэн байдаг.

Энэхүү үндэсний их баяр ёслолоороо монгол хүн бүр эцэг тэнгэр, эх дэлхий, уул усандаа сүслэн мөргөж, эцэг эх, ахас ихсээ хүндлэн золгож, их түүхээрээ бахархан, өв соёлоороо гоёж, үр хүүхдүүддээ өвлүүлэн, үнэт зүйлээрээ нэгдэж, үндэсний дархлаагаа бэхжүүлдэг учиртай.

Мөнх тэнгэрийн хүчин дор монголчууд бид мянга мянган хавар сар шинэ, цагаан сарын баяраа өргөн дэлгэр тэмдэглэж, өв соёлоо хөгжүүлж ирсний учир үүнд оршдог билээ.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Улиран одож байгаа “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 67 мянган үр хүүхдээр ам бүлээ нэмж, монголчууд бид 3 сая 500 мянгуулаа боллоо.

Малчин түмний маань хичээл зүтгэл, хангай дэлхийн ивээл хишгээр буянт мал сүргийн тоо толгой 65 саяар тоологдлоо.

Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, үндэстний үйлдвэрлэл сэргэж, эдийн засгийн бодит өсөлт 7 хувьд хүрлээ.

Гадаад валютын албан нөөц 4.7 тэрбум ам.доллар болон нэмэгдэж, Монгол Улсын төсөв цар тахлаас хойш анх удаа ашигтай гарсан сайхан мэдээтэй луу жилээ угтаж байна.

Мөн манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж, түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн айлчлалууд амжилттай хийгдэж, монголчууд бидний баялаг түүх, бахдам соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулсан, Монголыг дэлхийд, дэлхийг Монголд ойртуулсан гадаад харилцааны өрнөл бадралын түүхэн он жил байлаа.

Сар шинийн босгон дээр хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэстний бахархал, монголчууд бидний түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, цог хийморийн эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуураа эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлигийг Монгол Улсын Төрийн тэргүүн гаргалаа.

Хөх тэнгэрийн хүчтэн луу жилдээ морин дэл дээр ассан монгол түмний сүлд хийморь босоо монгол бичиг шигээ өөдөө байж, молор эрдэнийн бэлгэдэлт морин хуурын аялгуу айл бүрийн хойморт эгшиглэн хөгжиж, монгол өв соёл, зан заншил үеийн үед түгэн дэлгэрч байх болтугай.

Миний Монголын ард иргэд ээ,

Даян дэлхийд тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Монгол хүн бүр Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлаж, Их хааныхаа билиг сургаалыг даган мөрдөж, халуун зуураа эе эвээ хичээж, нэг монгол, нэг ард түмэн, нэг гэр бүл гэдгээ ямагт санаж, уудам харж уужим сэтгэн, бие биеэ хайрлаж, бие биеэ дэмжиж, элэг зүрхнээс уяатай энхрий Монгол орноо мандуулан хөгжүүлэх учиртай.

Сар шинийн баярын энэ өдөр өнө эртний түүхтэй нүүдэлчин түмний өв соёл, эрдэм ухааныг өвлөн тээгч, эрдэнэт мал сүргийн эзэн малчин түмэндээ өвлийг өнтэй, хаврыг хавтай давж, дэлгэр сайхан зунтай золгохын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Тэнгэр шигээ тэнүүн сэтгэлтэй, тал шигээ уужим ухаантай монгол түмний минь цог хийморь, буян заяаг Их Эзэн Чингис хааны сүр хүч, суу алдар өнө мөнхөд ивээх болтугай.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.”



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол35 минут 44 секундын өмнөТөрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв45 минут 56 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль, шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм52 минут 22 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв55 минут 13 секундын өмнөС.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн57 минут 34 секундын өмнөИх Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан1 цаг 2 минутын өмнөӨвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр2 цаг 3 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан2 цаг 9 минутын өмнө“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа11 сар 9. 22:24Зөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй сургалт боллоо11 сар 9. 21:32Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв11 сар 9. 16:49УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог11 сар 9. 16:45УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үг11 сар 9. 16:41Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ11 сар 9. 16:29АТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан11 сар 9. 14:01ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно11 сар 9. 13:53Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа11 сар 9. 12:54ГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ11 сар 9. 12:51“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ11 сар 9. 12:46Дэлхийн хамгийн хуурай цөл цэцэгсээр хучигджээ11 сар 9. 11:56АТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв11 сар 9. 11:52Хууль бусаар олсон хөрөнгийг хураахыг шаардсан нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ11 сар 9. 9:58Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо11 сар 9. 9:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав11 сар 9. 9:10“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно11 сар 9. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан11 сар 9. 8:47УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо11 сар 8. 9:01Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.11.02-11.0611 сар 8. 8:47“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 7. 10:47“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ11 сар 7. 9:57
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.