Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнөө жил тохиож буй. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад айлчилсан.
Энэ жил хоёр улсын түүхэн ойн хүрээнд урлаг соёл, нийгмийн олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд ХБНГУ-д улсаа сурталчлах гурван киноны нэгээр Монголын ахуй амьдрал, ёс заншил, монгол хүний мөн чанарыг агуулсан “Шар гэгээ” УСК сонгогджээ. Товчхондоо, монгол кино Германы үзэгчдэд хүрэхээр болсон байна.
Оранж энтертайнмент, Рэд Пойнт медиа, “”Промикс саунд”-ын хамтын бүтээл болох “Шар гэгээ” уран сайхны кино нь Улаанбаатар олон улсын кино наадмын шилдэг кино зохиол, шилдэг туслах эмэгтэй дүр, шилдэг хөгжмийн зохиолоор шалгарсан, Монголдоо чансаа дээгүүр бүрэн хэмжээний кинонд багтаж байгаа аж. Түүнчлэн, уг кино нь иргэд олон нийт, кино сонирхогч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан.
Мөн гарсан цагаасаа бүх IPTV, OTT видео сангаар үзэгчдийн хүртээл болж, үзэлтээрээ тэргүүлсээр байна. /Кино театруудыг байлдан дагуулсныхаа дараагаар IP-д байршсан уг кино одоо хамгийн хандалт өндөртэй бүтээлээр нэрлэгдэж байна/.
Ийнхүү Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиолоос сэдэвлэсэн, Найруулагч Б.Батдэлгэрийн бүтээл “Шар гэгээ” уран сайхны кино Германы үзэгчдийн мэлмий, сонорт хүрэх нь.
Сэтгэгдэл бичих