УОК-оос зудын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. Цаг үеийн асуудлаар УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, Мал эмнэлгийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Т.Тунгалаг нар мэдээлэл хийлээ.
УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү “Зудын нөхцөл байдалд үнэлгээ хийхэд өнөөдрийн байдлаар 13 аймгийн 58 суманд төмөр зудын, 17 аймгийн 139 суманд цагаан зудын, 18 аймгийн 69 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байна. Нийт 21 аймгийн 266 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн. Малын хорогдол 2,136,563 болж өнгөрсөн оны мөн үеэс 85.9 хувиар өссөн.
УОК-ын Шуурхай штаб дээр нийт 11 аймгийн 46 суманд гурваас доошгүй ам бүлтэй 1,408 өрхийн гэр, өвөлжөө бууж нь цасанд дарагдсан гэдэг тооцоо гаргаж, шар усны үерээс урьдчилан сэргийлэхээр шаардлагатай хүн хүчийг гаргах төлөвлөлт хийсэн. Өнөөдрөөс зарим аймгууд дээр ажиллагаандаа ороод эхэлсэн.
УОК-д 1.3 тэрбум төгрөгийн мөнгөн хандив, 560 орчим сая төгрөгийн бараа, материалын хандив цугларсан байна. Энэ дүн мэдээ цахим хуудсанд нээлттэй байгаа. Малчдад туслах хандивт нэгдэж байгаа хүмүүст талархал илэрхийлье. Цугларсан хандив, бараа материалыг нэн шаардлагатай айл өрхөд хүргүүлнэ" гэв.
Сэтгэгдэл бичих