УИХ-ын 2024 оны сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлдлээ. Намуудаас нэр дэвшихээр горилогч зарим хүн Сонгуулийн тухай хуульд заасны дагуу оны өмнөхөн албан тушаалаасаа чөлөөлөгдөж, УИХ-ын гишүүд тус тусын тойрогт ажиллаж байна. Харин сайд нар зудтай аймгуудад ажиллаж, далимд нь сонгуулийнхаа шоуг хийх гэсэн биш олон нийтийн сүлжээний сэдэв болов. Ирэх сонгуулийн нэг онцлог нь нэр дэвшигчид бүсчилсэн тойргуудад өрсөлдөх явдал юм. Тиймээс МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа сайд нарт "Улс төрийн манлайллаа үзүүлж тойрогт нэр дэвш" хэмээн хэлсэн тухай мэдээлэл өнгөрсөн онд улс төрийн хүрээнд түгсэн. Харин АН, ХҮН-ынхан бүсчилсэн тойргуудад нэр дэвших нь эрсдэлтэй гэж үзэж буй учир Үндсэн хуулийн Цэц дээр энэ асуудлыг унагах улс төрийг "хөшиг"-ний ард хийж буй гэлцэх. Гэвч эрх баригч хүчнийхэн ирэх сонгуулийн зургийг зурахдаа "Бүсчилсэн тойргоор сонгууль явуулах нь манай намд ашигтай, улс оронд хэрэгтэй" гэж үзсэн учраас АН, ХҮН-ынхны далд санаархал нэг их явахгүй л болов уу. Ямартай ч МАН-ын Удирдах зөвлөл маргааш хуралдаж сонгуульд хэрхэн оролцох тухайгаа хэлэлцэх аж. Намууд ирэх сарын 25 гэхэд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө бэлэн болгосон байх учиртай.
Г.Анир
Сэтгэгдэл бичих