Хоёр настай хүүхэд маань “No” гэж хэлд орж, зургадугаар ангийн хүү, гуравдугаар ангийн охиноосоо “Монгол хэлний хичээлдээ дуртай юу, математикийн хичээлдээ дуртай юу” гэж асуухад шулуухан л “математик” гэж хариулахад шууд л гуниг төрөх...
Билгүүн номч Бямбын Ренчин гуайн хэлсэнчлэн “Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл” минь өнөөдөр яагаад биднээс ингэж алсарч байна вэ. Алсран буй шалтгаан нөхцөл нь юу байв, ямар үр дүнд хүргэж болох талаар бид энэ удаагийн эрэн сурвалжилгаа бэлтгэлээ.
Сурвалжилгаа “Математикаас хүнд монгол хэл” гэж гарчигласан нь учиртай. Магадгүй зарим хүн энэ сэдвийг сэтгүүл зүйн эрэн сурвалжлах асуудал мөн үү гэж харж мэднэ. Бид үнэхээр энэ талаар сурвалжилж, олон нийтийн эрх ашгийн төлөө асуудлыг хөндөхөөс өөр аргагүйд хүрсэн байна. Эх хэлээсээ алсарна гэдэг эх орноосоо холдож байгаатай агаар нэг билээ.
Бид өнгөрсөн 30 жилийн алдаа, завхралын талаар сүүлийн үед хангалттай ярьж, шогширч байна. Тэр дундаа нийгэм, улс төр, хууль, эрх зүйн салбарт гарсан алдааг соргогоор харж, шүүмжлэх атлаа монгол хүний үнэ цэн, улсын тусгаар тогтнолын нэгэн багана болсон эх хэлнийхээ алсрахыг байх л ёстой зүйл мэтээр халхавчлан хүлээн зөвшөөрч суугаа юм биз. Энэ асуудалд олны анхаарлыг хандуулах нь манай сурвалжилгын нэгэн зорилго оршиж байна.
Судлахад...
Юуны өмнө манай сурвалжлах баг Ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн сурагчдаас багахан хэмжээний судалгаа авч үзэв. Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн гуравдугаар ангийн 45 сурагчаас өнөөх л “Монгол хэлний хичээлдээ дуртай юу, математикийн хичээлдээ дуртай юу” хэмээн асуухад 34 хүүхэд нь математик, 11 нь монгол хэл хэмээн хариулж байна. Анги удирдсан багшаас нь “Яагаад монгол хэлний хичээлд ийм дургүй” байгааг асуухад “Монгол хэлний хичээлийн сургалтын агуулга өөрчлөгдсөн. Тухайн агуулга дээр тулгуурласан заах арга жигдрээгүй” гэж тайлбарлана лээ. Дараа нь Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн зургадугаар ангийн хүүхдүүдээс дээрх асуултаа асуулаа. Анги удирдсан багшид нь асуултаа танилцуулахад “Манай хүүхдүүд ер нь 50, 50 хувьтай л гарна даа” гэв. Гэвч судалгаа арай өөр дүн үзүүлэв. Тэднийх 48 хүүхэдтэй. Үүнээс 32 хүүхэд нь математикийн хичээлдээ дуртай гэсэн бол 16 нь “Монгол хэлний хичээл” гэв. Цаашлаад энэ асуудал орон нутагт ямар байгааг сонирхлоо. Архангай аймгийн “Хүмүүн цогцолбор” сургуулийн 12 дугаар ангийн 25 сурагчаас дээрх асуултыг асуухад 20 нь “Математикийн хичээл илүү сонирхолтой” гэлээ. Анги удирдсан багш нь анги ахих тусам хүүхдүүд математикийн хичээлийг илүүд үздэг. Эцэг эх нь ч ингэж зөвлөдөг. Олон мэргэжлийн суурь болдог учраас тэгдэг байх. Харин монгол хэлдээ сайн байвал монгол хэлний багш л болдог гэсэн ойлголттой холбоотой” гэв. Тус сургуулийн долдугаар ангийнх нь сурагчдаас асуухад 36 хүүхдийн 27 нь “Математик” гэсэн бол есөн хүүхэд нь “Монгол хэлний хичээлдээ дуртай” гэж байв. Ийнхүү нийслэлийн хоёр, орон нутгийн хоёр сургуулийн сурагчдаас багахан судалгаа авахад л монгол хэлний хичээл “моод”-ноос гарсан нь харагдав. Судалгаанд нийт 154 сурагч хамрагдаж, түүний 72.7 хувь нь “Монгол хэлний хичээлийг сонирхолгүй” гэжээ. Уг нь саяхан л монгол хүүхдүүд эх хэлээрээ гоёж, дуртай хичээлээ “Монгол хэл” хэмээн бахархалтайгаар гар өргөдөг байсан сан. Харин нөхцөл байдал ийн өөрчлөгдөхөд юу нөлөөлөв, үргэлжлүүлэн сурвалжилъя.
Монгол хэлний багш нарын таамаг, дүгнэлт
“Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян бэ, монгол баян” хэмээн зохиолч З.Дорж гуай монгол хүний сэтгэл зүрхэнд сийлэн үлдээжээ. Энэ үгийн үнэ цэнийг одоогийн энэ нөхцөл байдалтай харьцуулахад хэцүүхэн л юм. Тусгаар улсын хилийн зурвас өөрчлөгддөггүйтэй адил монгол хэл ганхашгүй бат бөх байх учиртай. Гэвч ажиглаад байхад бид өнгөрсөн хугацаанд монгол хэлээрээ нэлээд “оролдож”, олон улсын арга барил нэрээр хичээлийн агуулга, заах аргыг нэлээд өөрчилсөн байх юм.
Эхлээд энэ асуудлаар багш нарын байр суурийг сонслоо.
Хэнтий аймгийн ... сумын ЕБС-ийн монгол хэлний багш:
-Би 28 жил монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байна. Мэдээж хэрэг, одоогийн хүүхдүүдийн дийлэнх нь гадаад хэл маш ихээр сурах болсон. Цахим хэрэглээ бас нөлөөлж байна. Үүнээс шалтгаан сурагчид монгол хэлээ тогтож үзэхгүй байгаа тал ажиглагддаг. Гэхдээ энэ бол зүгээр шалтаг гэхэд болно. Яг үнэндээ сурагчийг монгол хэлд дургүй гэдэг юм уу, сурах хүсэлтгүй болоход манай боловсролын салбарын буруу бодлого нөлөөлж байна. Тухайлбал, нэг хэсэг МУБИС, МУИС-ийн багш нар монгол хэлээс болж талцсан. Үүнээс шалтгаалан зөв бичгийн дүрэм өөрчлөх асуудал яригдаж байлаа. Харин эх хэлний хуультай болсон учраас өмнөх хэлбэртээ буцаж орсон. Ер нь 1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхээр онолын ойлголт, үгсийн аймаг гэх мэт хэлний дүрэмд маш их өөрчлөлт орсон. Тодотгол гишүүн гэхэд харьяалахын тодотгол, нэрийн хамжсан тодотгол, үйлийн хамжсан тодотгол гэж өөрчлөгдөх жишээтэй. Ерөнхийдөө ЕБС-ийн хичээлийн агуулга оновчгүй болж хувирсан. Сургалтын тогтолцоо алдагдсан. Доголдол үүссэн. Бага, дунд ангийн сурагчдын монгол хэлний хичээл хүнд байгаа нь мэдэгддэг. Үндсэндээ амьдралд хэрэггүй, хийсвэр шинжлэх ухаан заадаг болсон. Бага боловсролд зөв бичгийн дүрэм байхгүй. Мэдээ бичих, захиа бичих гэх мэт байдаг. Мөн унших хичээлийн цаггүй болсон. Зөв бичгийн дүрмийн агуулга багассан. Саяхан олон улсын “PISA” үнэлгээгээр монгол хүүхдийн уншаад ойлгох чадвар маш муу гарсан шүү дээ. Энэ маш муу нөлөөлөл, үр дагавар гарч байна. Бас дунд ангид долоо хоногт хоёр цаг, ахлах ангид ганцхан цагийн хичээл орж байна. Гэтэл математик дөрвөн цаг ордог. Товчхон хэлэхэд энэ. Эндээс л монгол хэлний хичээлийн үнэлэмж, үр дүн тодорхой харагдах байх.
Нийслэлийн 65 дугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багш:
-Би МУБИС-ийг 2020 онд төгссөн. Одоогоос найман жилийн өмнө буюу 2016 онд зөв бичгийн дүрмээр 700 үг журамлагдсан. Би энэ үед их сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан байлаа. Дээрх журамлагдсан үгийг зөв бичих талаар багш нар заасан. Журамлагдсан 700 үгийн бүтцийг нь ярилцаж, нүдлэн тогтоосон. Одоо энэ дүрмийг дагаад явж байгаа. Дүрэмд өөрчлөлт орох нь асуудал дагуулдаг. Тухайлбал, хүүхдүүд цээж, чээж гэдэг үгийг бичихдээ их эргэлзэнэ. Тиймээс журамлагдсан үгийг сурагчдадаа үндэс, язгуур, бүтцээр нь задалж тайлбарлаж байгаа. Эх хэл их өргөн агуулга, дүрэмтэй байдаг. Тиймээс авиа зүй, дуудах зүй, үгийн бүтэц язгуур, үндэс нь судлагдахуун ихтэй залгамал бүтэцтэй. Сүүлийн үед монгол хэл сурахад хүнд хичээлд тооцогдож байгаа. Бусад орны хүмүүс монгол хэлийг сурахад хэцүү гэж хэлдэг. Монгол хүмүүс ч эх хэлний судлагдахуунаа бүрэн эзэмшээгүй байж гадаад хэлийг сурахыг илүүд үздэг.
Баянхонгор аймгийн Жаргалант сумын багш:
-Зөв бичгийн дүрэмд олон удаа өөрчлөлт орохоор хичээл заахад хүндрэлтэй. Журамлагдсан үгийг сурагчдад тайлбарлахаар төөрөгдөж будилах жишээтэй. Ер нь хүүхдийн ойлгож унших чадвар сул байдаг. Тайлбарлаад байхад ойлгодоггүй үе гарна. Үүнээс болж хүүхэд монгол хэлний хичээлдээ дургүй болдог. Хэл бичгийн хичээлээ хийхгүй болохоор аливааг уншиж ойлгох чадварт суралцдаггүй. Дээр нь нэмээд сурах бичиг дахин хэвлэгдэж нэмж, засварлагдаж байгаа нь асуудалтай. Агуулга нь зөрөх нь бий. Үүний учрыг нь сурагчдадаа тайлбарласаар байтал хичээлийн цаг хүрдэггүй. Сурах бичгийг олон дахин шинэчлэхгүйгээр нэг удаа засварлаж хэвлэх нь зөв гэсэн байр суурьтай байдаг. Сумын сургуулийн анги бүрд жилдээ таван ширхэг сурах бичиг ирдэг учраас хичээлд хүндрэл учирдаг. Чанарын хувьд гэвэл бага ангийн сурах бичгийн агуулга, бүтэц нь таалагдсан.
Нийслэлийн “Монтэ Роза” сургуулийн багш:
-Сүүлийн үед зарим үгсийг олон янзаар бичих болсон нь хүүхдүүдэд их эргэлзээ төрүүлэх болсон. Жишээ нь танд гэж бичих үү таньд гэж бичих үү, гэдэг дээр хүүхдүүд эргэлздэг. Яг яаж бичих вэ гэдгийг багш нь хэлж өгсөн ч энд тэнд янз янзаар бичиж байгаа учраас хүүхдүүд тогтоохгүй эргэлзээ үүсдэг. Уг нь монгол хэлийг сонирхолтой байдлаар заавал хүүхдүүд их ойлгодог, сонирхдог. Гэтэл зөв бичихээсээ эхлээд олон янзын дүрэм байдаг учраас дунд, ахлах ангийн хүүхдүүдийн сонирхол нь буурчихдаг. Монгол хэлний зөв бичгийн дүрэм яг цэгцэрсэн гэхэд хэцүү, үнэн юм уу худлаа юм уу. Монгол хэл дүрмийн олон өөрчлөлтөөс болоод хүүхдүүдэд хэцүү. Ойлгомжгүй байдал үүсгэдэг. Тухайлбал, аравдугаар ангийн хүү минь нэг эссэ бичихдээ үүнийг яаж бичих юм бэ гэж асууна, солигдсон уу, хэвээрээ юу гэж байнга асууна. Энэ нь тэр хүүхдэд төвөгтэй байдал үүсгэх жишээтэй.
“Монтэ Роза” сургуулийн бага ангийн багш:
-Хүүхдүүд анхаарал төвлөрөл удаан, юмыг тогтоохдоо олон дахин хэлүүлж байж ойлгодог болсон. Жилээс жилд хүүхдүүдийн монголоор унших, ойлгох чадвар буурч байгаа. Энэ нь нэг талаар дэлгэцийн хамаарал ихтэйгээс болж байна. Нөгөө талд монгол хэлний гэлтгүй хүүхдийн номууд хүртэл хэтэрхий энгийн үгээр, хүүхэд сэтгэн бодож цаашид гүнзгийрүүлж ойлгох нөхцөлийг өгөхгүй байгаа. Урьд нь ном уншсан ч хүүхэд тэр номын утгаас илүү их юм ойлгох чадвартай байсан бол одоо шүлэг уншаад ч утгыг нь ухаж ойлгох чадвар үнэхээр сул болсон гэлээ.
Монгол хэлний багш нарын ярианаас дүгнэхэд, одоогийн хүүхдүүд монгол хэлний хичээлд дургүй болсныг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна. Үүнд, боловсролын салбарын буруу бодлого, салбарын эрдэмтдийн талцал хуваагдал, сурах бичиг, заах арга зүй, хичээлийн хөтөлбөрийн агуулгыг өөрчлөлт, 700 үгийг шинэчилсэн цаг үе, цахим орчны хэрэглээ гээд янз бүрийн шалтгаан нөлөөлж байгааг хэлж байна.
Монгол хэлний түүх, “өөрчлөлтүүд”
Монгол Улс түүхэндээ дөрвөлжин, тод, соёмбо, багиндра зэрэг 10 гаруй бичиг үсэг хэрэглэж хожим латин, кирилл бичгийг хэрэглэсээр энэ цаг үетэй золгожээ. Академич Ц.Дамдинсүрэн 1941 онд кирилл үсгийг авиа зүйн онцлог бүтцэд тохируулан цагаан толгойн үсгийг зохиож, тэр цаг үеэс шинэ үеийн монгол хэл “мэндэлсэн” тухай түүхийн хуудаснаа бий. Ц.Дамдинсүрэн гуай монгол хэлийг 1941 онд “эх барьсан” бол 1942 онд товч дүрмийг хэвлэн олон нийтэд хүргэсэн. Дараа нь 1946 онд засаж сайжруулан хэвлэж, 1949 онд дахин хэвлэсэн байдаг. Улмаар хамгийн анхны зөв бичих дүрмийн толь бичиг 1951 онд гарсан. Түүнээс хойш тэрхүү толь бичиг дээр суурилсан кирилл бичгийг монгол даяараа хэрэглэсэн билээ. Дахин толь бичгээ шинэчлэн сайжруулж, 1983 онд гаргасан. Академич Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 онд хэвлүүлсэн толь 18 мянга, шинэ толь бичиг 38 мянган толгой үгтэй. Ц.Дамдинсүрэн гуайгаас хойш түүний “зохиосон” монгол хэлийг ойлгож, бүрэн гүйцэд таниулан тайлбарлах эрдэм мэдлэгтэн одоо ч төрөөгүй гэлцэнэ.
Монгол хэлний “өөрчлөлт”-ийн түүхийг товчхон өгүүлэхэд ийм байна. Дараа нь 2018 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор “Монгол хэлний зөв бичих журамласан толь”-ийг эрдэмтэд оролцсон баг боловсруулж хэрэглэж эхэлсэн. Олон нийт энэ толиор олон үг өөрчлөгдсөн гэж үздэг. Тухайлбал, авлига, гараг, төвөд, ойрад, эрвээхий, дэгдээхий, авлига гэх мэт 23 үгийг зүй тогтлын дагуу зөв бичих дүрмийг журамласан. Хүмүүсийн маргалдаад байдаг санаачилга, сурвалжилга, байцай, бөжин, шавж гэсэн үгийг өөрчлөөгүй. Ц.Дамдинсүрэнгийн толь бичигт ямар байсан яг тэр чигээр нь оруулж, журамласан. Энэ талаар эрдэмтэд толь бичигт зөвөөрөө байгаа зүйлийг зарим хүн буруу бичиж хэвшсэнийгээ зөв хэмээн тайлбарлаж нэг хэсэгтээ хоёр талд гарч маргалдсан зүйл бий. Энэ нь магадгүй, монгол хэлний эх суурь хөдлөхөд хүргэсэн байж мэдэх юм. Бүжин гэдэг үгийг хоёр янзаар бичнэ. Туулайн бөжин гэхэд “ө” үсгээр бичнэ. Бөндгөр хөөрхөн гэдэг үгээс гаралтай. Хүний нэр Бүжин бол түвд хэлнээс орж ирсэн охин тэнгэрийн нэр гэдэг билээ. Ийнхүү утга агуулгад тааруулан үгийг өөрчилсөн нь олон нийтийн дунд маргаан гарах нэг шалтгаан болсон байдаг.
“Хил даваад л хэрэггүй болох монгол хэл” гэв үү?....
Сүүлийн үед цахим сүлжээнд монгол хэлний дархлаа унаж байгаа талаар хэн бүхэн ярьж байна. Гэтэл залуусын дунд “Ойлголцож л байвал болно”, “Сүртэй юм” гэх зэргээр буруу бичиж, зөрүү ярьж байгаагаа өмөөрөх, зөвтгөх хандлага түгээмэл байна. Цахим сүлжээнд нийтээрээ буруу зөрүү бичих хандлага хавтгайрч байгааг харахад “Эх хэлний дархлаа гэж хүн бүр ярьдаг ч тэр дархлаагаа бид өөрсдөө санаатайгаар унагаад байдаг юм биш биз” гэсэн гунигт бодол эрхгүй төрнө.
Монгол хэл бол үндэстний дархлааг тээж явдаг хосгүй үнэт өв хэмээн бахархан ярьж, бичдэг ч өнөөдөр монгол хэлээрээ алдаагүй зөв бичдэг нь хэд билээ...
Сошиал орчинд бидний монгол хэлээр ярьж бичиж байгаа буруу хандлага цадигаа алдаж, эх хэлний дархлаа үгүй болсоор байгаа жишээг өдөр тутамд бид хангалттай олон нэрлэж чадна. “Өглөөнинг” гэж мэндлэхээс эхлээд залуучуудын монгол хэлийг эрэмдэглэж байгаа олон жишээ бий.
Мэдээж харь хэлнээс нутагшиж орсон харь үгсийн сан гэж аль ч хэлэнд байдгийг үгүйсгэж байгаа юм биш. Гэхдээ одоогийн зэрэмдэглэж байгаа асуудал бол огт өөр хэрэг юм. “Крашлах”, “шэйрлэх”, “постлох” гэх мэтээр гадаад үгэнд шууд монгол хэлний нөхцөл залгаж, монгол ч биш гадаад ч биш болгох нь бүр утгаа алдлаа. Түүн дээр “ингэсэнүүдээ”, “тэгснүүдээ”, “гарчийн”, “оржийн” гэх мэтээр ярианы хэлээр бичих, “аван”, “заран”, “гаран” гэх мэтээр зориуд маяг болгон нөхцлийг сольж бичих зэрэг нь эхний үест, хөнгөн наргиа мэтээр ойлгогдовч цаашид энэ буруу бичиглэлээр нутагшиж, ийм байдаг гэж маргалдаж мэтгэлцэх бүр олон жилийн уртад үнэхээр ийм мэтээр итгүүлэн үнэмшүүлэх зэргээр алс хэтдээ монгол хэлний дархлаанд асар хортой. Харамсалтай нь мэдсээр, мэдэрсээр байгаа атлаа бид байдаг л зүйл, байх ёстой мэтээр хүлээж аваад байгаа нь хэр зөв бэ. Бүр англиар хэдэн үг сурсныгаа ихэд өндрөөр бодож, “Хил даваад л хэрэггүй болох монгол хэлийг зөв, буруу сурсан гэх ялгаа бараг байхгүй. Ойлгож л байвал боллоо” гэж оодрох хандлага орчин үеийн залуусын амнаас алдас болон гарсаар байна.
Гэтэл монгол хэл судлалаар мэргэшиж, арав гаруй хэлээр эх хэлнээсээ дутахгүй ярьдаг байсан Б.Ренчин гуай, өнөөгийн кирилл бичгийн эхийг тавьсан Ц.Дамдинсүрэн багш, Хэл шинжлэлийн ухааны доктор Чой.Лувсанжав нар гээд хэлний мэргэжлийн хүмүүс ч монголоор ярихдаа гадаад үг хэлж байсан түүх байдаггүй тухай өдгөө шавь нар нь бахархан дурсдаг. Тэд гадаад хэлгүйдээ, чамирхан гоёх дургүйдээ биш эх хэлнийхээ дархлааг үгүй хийхгүйн тулд хичээж харь хэлэнд тун хянамгай ханддаг байсны хэрээр монгол хэл маань өдий зэрэгтэй “эрлийз болчихолгүй” өнөө хүрсэн байх гэж ч дотроо талархах. “Монголын радио хятадаар мэндчилэхэд би үхнэ” гэж модернист С.Галсансүх нэгэнтээ бардамнаж явсан цаг үе дэргэд ирээд Монголын залуус “Өглөөнинг” гэж мэндлэхийг өнөөдөр бид маазрал гэж тоохгүй өнгөрч болохгүй. Эх орны хил дархан байдаг шиг эх хэл дархан байх ёстойг ирээдүйн залууст бид л ойлгуулж, чиг шугамыг нь зааж, чин үнэнээр нь хэлж байж монгол хэлний жинхэнэ дархлаа үлдэх биш үү. Уг нь манай улс эх хэлээ Үндсэн хуулиараа дархалж, бүр тусгайлсан Монгол хэлний тухай хуулийг 2015 онд баталсан. Эндээс харахад бид эх хэл соёлдоо хүндэтгэлтэй ханддаг мэт боловч үнэн чанартаа өдөр тутмын харилцаа, бичлэгийн өнгө аясаараа монгол хэлээ үгүй хийхэд оролцоод байгаа юм биш биз.
Англи хэл 300 жилд нэг удаа дүрмээ “эргэж хардаг”
Дэлхий нийтийн хэл болж хүлээн зөвшөөрөгдсөн англи хэлний дүрэм ямар хугацаанд өөрчлөгдөн шинэчлэгддэг талаар бид судаллаа. Одоогийн орчин үеийн англи хэл нь түүхийн хувьд тавдугаар зууны үед Англид үүссэн, Энэтхэг-Европ хэлний аймгийн Роман-Германы хэлнээс салбарлаж үүссэн гэж хэлний шинжлэх ухаанд авч үздэг. Тэгвэл тавдугаар зуунаас 21 дүгээр зуун хүртэл 1600 жилийн хугацаанд англи хэлний дүрэмд таван удаа томоохон өөрчлөлт хийгдсэн байна. Үүнийг дундажлаад үзэхэд нэг удаагийн томоохон дүрмийн өөрчлөлт хийхэд 300 орчим жил шаардсан гэсэн үг юм. Хятад хэлний дүрэм ч мөн адил дуртай болгон нь өөрийн дураар бичээд, яриад зохиогоод байж чадахгүй дархлаатай. Хэдийгээр хятад хэл нь овог аймаг, газар нутгийн байрлалаас шалтгаалан олон янз байдаг ч дүрмийн хувьд тэр болгон хүрээд байдаггүй. Үүндээ ч хэлний асуудалдаа онцгой анхаардаг нь харагдаж буй юм. Гэтэл манай улсын хувьд 2000 оны эхээс эхлээд монгол хэлийг хүн бүр мэдэмхийрэн өөрчилж, дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх болсон. Эргэлзээтэй бичигддэг 700 үгийг журамласан нь хэсэгтээ бүр ч толгой эргүүлж “цээж” байсан нь “чээж” болтлоо хэсэг будилсан. Хэсэгтээ талцуулсан энэ асуудал овоо намжиж, 700 үгийг журамласан журмыг хүчингүй болгосон байна. Одоогийн хүүхдүүд байтугай монгол хэлний багш нар хүртэл маргах хэмжээнд өөрчлөгдөж, хүн бүр өөр өөрийн үзэмжээр бичих болсон асуудал 2019 онд журамласан толь гарснаар арай хийж нэг тийш болсон нь сайн хэрэг. “Монгол хэлний журамласан толь”-ийг баталгаажуулахдаа 1983 он гаргасан Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын толь бичгийг ашигласан, дүрмийн хувьд ямар ч өөрчлөлт ороогүй хэмээн хэл шинжлэлийн томчууд тайлбарлаж буй. Гэвч хэсэгтээ манаргасан 700 үгийн замбараагүй өөрчлөлтөөс болж монгол хэлний хичээлд эргэлзэх, дургүй болох, ядаргаатай хэмээн төвөгшөөх цаашлаад “хил гараад хэрэгцээгүй болох монгол хэл” хэмээн үл тоомсорлохын шалтгаан болсон ч юм билүү.
Сурагчдын уншиж ойлгох чадвар муудсаныг PISA нотлов
Одоогоос хоёрхон сарын өмнө манай улс анх удаа олон улсын PISA шалгалтад оролцсон тайлангаа тавьсаныг уншигчид санаж байгаа байх. Тэрхүү шалгалтын үр дүнд манай улсын дунд сургуулийн боловсролын түвшин хаахна явааг харьцуулан дүгнэх боломж олдов. 15 настнуудын анх удаа өгсөн PISA шалгалтын үнэлгээний талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан монгол хүүхдүүдийн уншиж ойлгох чадвар маш сул байгаа нь харагдаж байна” гэсэн мэдэгдэл хийсэн. Шалгалтад оролцсон хүүхдүүдийн уншиж ойлгох чадварын тухайд манай улсын үзүүлэлт 81 орноос 65 дугаарт эрэмбэлэгдсэн нь Монголын 15 настай суралцагчдын эргэцүүлж бичих, ойлгож унших чадвар ямар тааруу байгааг харуулсан үр дүн юм. Товчхондоо бол 10 хүүхэд тутмын зургаа нь аливаа эхийг уншаад ойлгох тал дээр маш хангалтгүй үнэлгээтэй байгаа нь олон улсын шалгалтаар батлагдчихаад байна.
Судлал шинжлэлийг сурах бичгээсээ “татъя”
Сурвалжилгын хүрээнд салбарын эрдэмтэн судлаачидтай уулзаж явахад олонх нь ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн агуулга, монгол хэлний хөтөлбөр хэтэрхий судлал шинжлэлийн шинжтэй байгаа нь хүүхдүүдийг залхааж байна. Энэ нь монгол хэлээс татгалзах нэг шалтгаан болж байна гэсэн байр суурийг илэрхийлж байна. Мөн мэдээллийн их урсгалд эх хэлийг зэрэмдэглэх, өөрчлөх, санаатай санаагүй гуйвуулж бичих зэрэг нь түгээмэл болсноор залуу үеийнхэнд төөрөгдөл бий болж байгааг багш нар ч хэлж байна.
Аль аль нь үнэн. Сурах бичгийн хөтөлбөрийн агуулгын өөрчлөлтийг БШУЯ-ны харьяа Боловсролын судалгааны хүрээлэн хариуцан ажилладаг. “Сурах бичгийг жил бүр хэвлэдэг бөгөөд 10 жил тутамд хөтөлбөрийн шинэчлэлт хийгддэг” хэмээн хариуцсан мэргэжилтэн хэлж байна.
Ганцхан жишээ гэхэд, бидний мэдэх өгүүлбэрийн бүтцээр задалж, зурдаг хуучны монгол хэлний арга зүй 10 гаруй жилийн өмнөөс өөрчлөгдөж, эх дээр ажиллах, эхийг гүйцээх зэрэг илүү хялбаршуулсан байдлаар сурах бичигт оруулдаг болжээ.
“Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ” хэмээн их зохиолч Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс” зохиолд өгүүлдэг. Одоогоос 20 гаруй жилийн өмнө монгол хэлний улсын шалгалт, олимпиад зэрэг уралдаант шалгалт бүрт ёс мэт орж, өгүүлбэрзүйн задлан хийх даалгавар болдог байсан энэхүү өгүүлбэрийг одоогийн хүүхдүүд яаж задлахаа ч мэдэхгүй. Яагаад гэвэл монгол хэлний өгүүлбэр зүйн задлан шинжлэлийг бага ангиас заахаа больж, эх дээр ажиллах гэж тодорхойлсон шинэ аргачлалаар заадаг болжээ. Ингэснээр өмнө нь дөрөв, тавдугаар ангид заадаг байсан өгүүлбэрийн бүтцээр задлан шинжлэл үгүй болж, агуулгын хувьд эрс өөрчлөгдсөн байна. Ингэж бага ангийн сурагчдад хялбаршуулж зааж байгаа нь сайшаалтай мэт боловч эргээд монгол хэлээ сонирхохгүй болох, цаашлаад өнгөц мэдлэгтэй, уншсан судалснаа ойлгож ухах чадваргүй дутуу дулимаг монгол хэлтнийг төрүүлээд байгаа юм биш биз. Ялангуяа PISA олон улсын шалгалтын үнэлгээний дүнгээс харахад дунд сургуулийн сурагчдын монгол хэлээр уншсанаа ойлгох чадвар дөнгөж 64 хувийн үнэлгээтэй байгаа нь монгол хэл сүүлийн жилүүдэд яаж хаягдаж, өөх ч биш булчирхай ч биш болж өнөөг хүрснийг гэрчлэх нэгэн тоо болж байна.
Одоо тэгвэл яах вэ. Эл асуултад хариулт хайн салбарын эрдэмтэд, сургуулийн багш нар, хэл шинжлэлийн холбогдох мэргэжилтнүүд гээд олон хаалга татаж явахад тоймтой хариулт, шийдтэй үгс сонсогдсонгүй. Зарим нь “Хэл шинжлэл хэтэрхий хүнд” гэж бухах. Өөр нэг нь “Багш нарын ур чадварт учир байна” гэж мэлзэх. Багш нар нь “Агуулга хөтөлбөрт өөрчлөлт ороод, зөв буруу бичихийг бид заах нь байтугай, заалгахдаа тулж байна” гэж гомдол хэлэх.
Ингээд үр дүндээ хүрээгүй, бие биедээ рүүгээ чихсэн, цахим орчин шигээ замбараагүй хаясаар байтал эх хэлээ тоодоггүй, харийн хэлээр хольж ярьдаг, мэддэг мэддэггүйн дунд орхигдсон бүхэл бүтэн үе өндийн босоод ирлээ. Тэгэхээр сүүлийн 30 жилд балархай эгшиг шиг балрах дөхсөн монгол хэлний асуудлыг нэг мөр цэгцэлж анхаарах нэгдсэн бодлого хэрэгтэй байна. Эрдэмтдийн баталсан, их сургуулийн түвшний хичээлээр дунд сургуулийн сурагчдыг “айлгаж”, монгол хэлээ судлах хүслийг нь мохоолгүй, “судлан шинжлэх” агуулгаа сурах бичгээсээ татъя. Сургуулийн багш нар нь ч төөрөлдөөд байгаа монгол хэлний зөв бичгийн дүрмээ ягштал баримталж, олон нийтэд зөвөөр таниулахад өөрсдийн хэрээр дэмжээд өгвөл эрээвэр хураавар явж ирсэн эх хэлний учиг зөв тайлагдах болов уу. Нэгэн цагт Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан “Өнөр баян Эх хэлнийхээ гүн далайд Өвчүүн завь шиг сэлж сурсандаа би баярладаг” хэмээн бичсэн байдаг. Өнөө цагт эх сайхан хэлээрээ төгс зөв ярьж бичих, ирээдүй хойч бидэнд үлдэх нь үү гэсэн асуулт тээсэн дүгнэлтээр энэ удаагийн эрэн сурвалжилгаа өндөрлөе.Үргэлжлүүлнэ.
МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, дэд профессор Д.Ганболд: Манай монгол хэл “хөдөлгөөнтэй хэл”-д багтдаг
-Монголчууд өөрийн хэл соёлтой болоод хэдэн мянган жилийг үджээ. Энэ хугацаанд хэлний дэг ёс, түүхийг бүтээсэн. Дэлхийн бусад үндэстний хэлтэй харьцуулахад өвөрмөц онцлогтой бие даасан хэл гэдгийг онцолъё. Өргөн хэрэглээний хэлтэй дүйцүүлбэл зэрэгцэж очно. Түүхэнд монголчуудыг олон янзын хэл зохиосон. Үүнээс гадна бусдын бичиг үсгийг шууд авч хэрэглэсэн гэж үздэг. Хэд хэдэн бичиг үсгийг зохиож хэрэглэжээ. Дэлхийн хэлтэй харьцуулахад манай улсын зохиосон хэл нь хөдөлгөөнтэй шинжтэй. Дэлхий нийтийн тэргүүлэх таван хэл тогтвортой байгаа. Эндээс манай улсын бичиг үсэг яагаад хөдөлгөөнтэй байна гэвэл нүүдэлчин соёл иргэншилтэй холбоотой. Олон жил хэрэглэсэн бичиг үсгийг харахад олон жил хэрэглэсэн нь монгол бичиг. Хос бичигтэй болох хууль ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжинэ. Монгол бичгийг бид 1000 жил хэрэглэж байгаа. Сонирхолтой байдал нь монгол хүний оюун сэтгэлгээтэй холбоотой. Хэлний соёл нь монгол хүний оюун сэтгэлгээтэй салшгүй холбоотой. Бичгийн хэл үргэлж ярианы хэлнээсээ хоцордог. Ярианы хэл хөдлөнгө бол бичгийн хэл тогтвортой шинжийг агуулдаг. Сүүлийн үед бусад улсын хэлийг хараад сурахад амар хэмээн эндүүрч байна. Энэ нь уламжлалаасаа тасарч буй байдал. Өнөөдөр эх хэлний хэрэглээ, бичиж буй буруу дадал даамжирч байгаа нь ажиглагддаг. Тухайлбал, нэг нүүр уншууртай бичвэр олж уншиж чадахгүй байгаа. Эндээс бичгийн хэлний хэрэглээ ямар түвшинд байгааг харж болно. Эх хэл хүний хүслээр нь тархи толгойд суухгүй. Эрдэм мэдлэгийг хичээл зүтгэлээр сурдаг. Үүнд анхаарвал эх хэл үнэ цэнтэй байна. Монгол хэлээ мэдэхгүй байгаа учраас өнөөдрөөс математикийн хичээлээс хүнд хэмээн ярих болж. Монгол хэл оюун сэтгэлгээний дасгал. Тиймээс эх хэлээ сурахыг хичээвэл юутай ч зүйрлэмгүй мэдлэгийн далай мөн. Үүнийг сурч мэдээд цааш уламжлуулах чухал.
Боловсрол судлалын үндэсний хүрээлэнгийн Монгол хэл бичгийн сургалтын хөтөлбөр, үнэлгээ хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Б.Оюунцэцэг: Монгол хэлний сурах бичигт үндсэн агуулга голлох ёстой
-Одоогоос 16 жилийн өмнө бага, дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавигдах стандартыг тогтоосон. Энэхүү баримт бичиг дотор сурах бичгийн агуулга, арга зүй, хэл найруулга, дизайн технологи, эх бэлтгэлд тавигдах шаардлага гэсэн таван бүрэлдэхүүн хэсгийг тусгасан. Агуулга тус бүртээ 6-10 шаардлага бий. Энэ стандартын дагуу сурах бичгийг хэвлэдэг. Стандартын агуулгыг холбогдох байгууллагуудын баг хамтарч ажиллахад нь тогтооход стандартчилал хэмжил зүйн үндэсний төвөөр батлуулсан.
Сурах бичгийн агуулгыг сургалтын хөтөлбөрийн дагуу боловсруулдаг. Сургалтын хөтөлбөр өөрчлөгдөхөд сураг бичиг шинээр хэвлэгдэнэ. Хөтөлбөрт сурагчид хэддүгээр ангидаа ямар чадвар эзэмшсэн байх ёстойг тусгасан байдаг. Ямар даалгавар хийснээр ямар чадварт суралцахыг нь тооцоолох жишээтэй. Сурах бичиг боловсруулах багууд сонгон шалгаруулалтад ороод тэнцсэн нь сурах бичиг боловсруулдаг. Сурах бичгүүд улсын хэмжээнд ЕБС-д тараагдаж байгаа учраас зураг дизайн нь мэдэхгүй зүйлээ мэдэж авах боломжийг бүрдүүлэх нь зөв. Сурах бичгийн ихэнх хэсэгт хүүхдийн мэдэхгүй амьтны зураг гараад байвал хүүхдэд хүндрэлтэй санагдана. Ер нь Монгол хэлний сурах бичигт үндэсний агуулга голлосон байх ёстой. Хүүхдэд ойр зураг агуулгатай байх шаардлага тавьдаг. Нэгдүгээр ангийн сурах бичиг илүү онцлогтой. Үсэг дөнгөж үзэж байгаа учраас зураг олон байх нь бий. Нэг зургийг олон дахин оруулах нь 6-7 настай хүүхдийн онцлогт тааруулсан. Энэ насны хүүхэд нэг зүйлийг олон харж тогтоодог.
Монгол хэлний хичээлийн сурах бичиг 2013 оноос өмнө хэл зүйг голлосон агуулгатай байлаа. Харин 2013 оноос хойших агуулга нь уншиж, бичих, сонсох, хэл зүйн үгийн сангийн хэрэглээ гэсэн хөтөлбөртэй болж өөрчлөгдсөн. Үүнийг өмнөх хөтөлбөртэй нь харьцуулахад хэл зүй, хэрэглээний чадвартай холбоотой агуулга түлхүү орж ирсэн гэж ойлгож болно. Задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, эх дээр ажиллах агуулга нэмэгдсэн. Агуулгад өөрчлөлт орсон учраас сурагчдад хэцүү санагддаг болов уу. Багш нарын хувь ч хуучин заадаг байсан агуулгаас нь зөрдөг учир зарим алаар хүндрэл үүсэх нь бий. Монгол хэлний хичээлээр дүрмээс гадна уншиж ойлгох, ярих чадвар, бодол санаагаа бичгээр илэрхийлэх чадвараа хөгжүүлэх боломжтой. Энэ чадварыг хэрэглээний агуулгаас эзэмших нь чухал. Агуулгыг боловсруулахдаа судалгаанд суурилсан.
Монголын зохиолчдын эвлэлийн орлогч дарга, яруу найрагч П.Нямлхагва: Бид монгол хэлийг биш, хэл шинжлэлийг хүүхдүүдэд зааж ирсэн
-Монгол хэлний хэрэглээ цаг үеэ дагаад үгийн сангийн хомсдолд ороод эхэлсэн. Тоймтой хэдхэн үгсээр хоорондоо ойлголцох, харь үгийн нөлөөнд автах зэрэг нь хомсдол үүсэх шалтгаан болсон. Цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд тухайлан монгол хэл уламжлалаа хадгалах, түүний үгийн утгад мэргэших, энэ чиглэлийн цэгцтэй сургалтын хөтөлбөр дутагдаж байна. ЕБС-ийн сурагчид монгол хэлний хичээлдээ дургүй хойрго байгаагийн шалтгаан нь ЕБС-ийн сурагчдаас Элсэлтийн ерөнхий шалгалт авахдаа монгол хэл, монгол бичиг, найруулга, өгүүлбэр зүй, зөв бичгийн дүрэм зэргээр хүндрүүлдэг нь сурахад төвөгтэй байгаа юм шиг санагдах хүүхдүүд төвөгшөөх г байдал үүсгэдэг. Энийг засахын тулд хамгийн гол нь монгол хэл бичгийн сурах бичгийн агуулгыг шинэчлэх ёстой юм болов уу гэж би боддог. Хэлийг заах, хэл шинжлэл бол чухамдаа хоёр өөр зүйл. Бид сурагчдыг үг хөгжил, Монгол хэлний үгийн утгад мэргэшүүлэх үгийг цээжлүүлэх зэрэгт сургах ёстой. Өөрөөр хэлбэл тухайн хүүхэд арванхоёрдугаар анги төгсөхдөө маш олон үгийн баялагтай болоод төгсөх ёстой юм. Мөн найруулга зүй, зөв бичих дүрмийг төгс эзэмшсэн болж төгсөх ёстой. Найруулга зүй, зөв бичих дүрэм гэдэг бол энгийнээр тухайн үг хөгжил гэдэг хичээлийн явцад үзэж байгаа эх бичиг, сурвалжуудаасаа хүүхэд олж аваад танин мэдээд түүн дээр нь тулгуурлаж заах ёстой зүйл. Тэгвэл тухайн хүүхэд Монгол хэлэндээ сайжрах байх гэх бодолтой байдаг. Саяхан нэг судалгаанаас ЕБС-ийн сурагчдад насанд нь тохирсон зүйлийг заахгүй байна гэх зүйлийг олж харсан. Энэ бол үнэхээр үнэн. Бид маш олон жил ЕБС-ийн дунд сургуулиудад монгол хэлийг биш хэл шинжлэлийг зааж ирсэн. Өгүүлбэрийн бүтэц, байц, тусагдахуун хавсарсан болон энгийн, нийлмэл өгүүлбэр, эгшиг авиа гээд хэтэрхий их мэргэжлийн зүйлсийг дунд сургуульд заадаг. Энэ бүхэн чинь угтаа хэл шинжлэл юм . Хэл шинжлэлийг их дээд сургуулийн нэг, хоёрдугаар курст үндсэндээ үзэх ёстой. Харин дунд сургуульд дээд анги буюу арав, арваннэгдүгээр ангид үзэх ёстой. Үүнийг дунд ангиас нь үзээд эхлэхээр хүүхэд залхаад байгаа юм. Үүний гол гарц гаргалгаа нь гэвэл үг хөгжил. Монгол хэлний үгийн утга, үгийн баялгийг нэмэгдүүлэх, Монголоор зөв сайхан ярьдаг зөв бичдэг, болгохын тулд тэр үг хөгжил буюу үг хөгжлийг дагасан, Эрт эдүгээгийн олон сайхан эхийг үзэх ёстой юм. Энэ эхээс Монгол хүн хоорондоо ингэж мэндэлдэг юм байна. Хоорондоо ингэж харилцдаг юм байна. Хүндэтгэлийн үгийг хэрхэн зөв хэрэглэдэг юм. Доромж үгсийг ямар нөхцөлд хэрэглэх вэ зэрэгт сурах, үгийн утга нь ийм байдаг юм байна, энэ утгад ингэж зангидагддаг юм байна зэргийг заахгүйгээр учир зүггүй өгүүлбэрийн бүтэц, хэл шинжлэлийг заагаад байгаа. Энэ бүхэн нь үгийн баялаг сайтай Монголоор сэтгэж, Монголоор ярьдаг хэл мэддэг хүнд төдийлөн тус нэмрээ өгөхгүй зүйл. Ерөнхийдөө бол үг түүний утгын зааж өгөөгүй байж хэл шинжлэлийг л заагаад байгаад л учир бий. хэчнээн сайхан орос, англи хэлтэй хүн байгаад эхлээд үгийг цээжилж сурдаг шүү дээ түүн шиг Боловсролын салбарт Монгол хэлэнд сургах, Үгийн утгад мэргэшүүлэх чиглэл маш их дутагдаад байна.
ЭРЭН СУРВАЛЖЛАХ БАГ
Сэтгэгдэл бичих