ТБХ: Таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв


4-р сарын 18
8 цаг 58 минут

       Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны /2024.04.17/ хуралдаанаар таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Б.Бейсен, С.Ганбаатар, Д.Ганбат, Г.Ганболд, Ц.Туваан, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин нараас 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцууллаа.

Монгол Улс хөнгөн үйлдвэрлэлийн салбар тэр дундаа оёдлын салбарыг дэмжих бодлогын хүрээнд 2005 оны 03 сарын 18-ны өдөр Гаалийн тариф, гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийг баталж, мөн хуулиар оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа сэлбэг, түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн албан татвараас чөлөөлж, салбарын аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжиж байсан туршлагатай. Уг хуулийг 2016 онд хүчингүй болгосноор салбарын үйлдвэрлэл эрхлэгчдэд татвар, санхүүгийн дарамт нэмэгдсэн төдийгүй үүнийг дагасан бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ, ажлын байрны тоо, зах зээлд эзлэх хувь хэмжээ буурсан үзүүлэлттэй байна гэж танилцуулгад дурдсан байв.

Дотоодын бэлэн хувцасны хэрэглээний найман хувийг хангаж буй оёдлын салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ, эдийн засагт үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэх, цаашлаад экспортын бэлэн хувцасны төрөл хэмжээг нэмэгдүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, салбарын хөдөлмөр эрхлэгчдийн татвар, санхүүгийн дарамтыг бууруулж, олон эерэг үр нөлөөг бий болгох зорилгын хүрээнд хуулийн төслийг боловсруулсан байна.

Уг хуулийн төсөл нь 3 зүйлтэй. Хуулийн төслийн 1 дүгээр зүйлээр Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн “Гаалийн албан татвараас чөлөөлөгдөх барааны жагсаалт” гэсэн 38 дугаар зүйлд 38.1.23 дахь заалтыг нэмж, оёмол бүтээгдэхүүний түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн албан татвараас хугацаагүй чөлөөлөх, 2 дугаар зүйлээр гаалийн татвараас чөлөөлөх оёмол бүтээгдэхүүний түүхий эд, үндсэн болон туслах материалын жагсаалтыг Засгийн газар батлан зохицуулахаар тусгасан талаар танилцуулгад дурдсан байлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ оёмол үйлдвэрийн үндсэн хөрөнгө болох үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг  судалж үзэх нь зүйтэй  гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр томоохон хэмжээний эргэлт хийх зайлшгүй шаардлагатайг дурдаад импортоор бүх төрлийн даавуу болон даавуун бүтээгдэхүүнээ авдаг манай улсын хувьд ажлын байр нэмэгдэхгүй байна. Эмэгтэйчүүд олноор ажилгүй байгаа тул 45 хоногийн сургалт, дамжаанд суулгаад оёдолчин болох бүрэн боломжтой. Тийм учраас энэ асуудалд томоохон эргэлт гарна гэж үзэж байгаагаа онцлон тэмдэглэв.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд хөнгөн үйлдвэрлэлээ дэмжих бодлогоо гаргаад явуулахгүй бол энэ байдал цаашаа явахгүй. Цаг алдахгүйн тулд ирэх оны төсвийг хэлэлцэх үеэр юм уу эсвэл төсвийн тодотголоор асуудлыг шийдэх боломжтой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлье, бүтээгдэхүүнээ үнэд хүргэе гэвэл боловсруулах түвшний үйлдвэрлэлийн хурдцыг нэмэгдүүлэх шаардлагатай. Хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлж байж, улс орны эдийн засгийн өсөлт, дотоодын хэрэгцээгээ хангах цаашлаад ажиллах хүч нь эдийн засагтаа тодорхой хувь нэмрээ оруулан амьдралын чанараа дээшлүүлэх боломж бүрдэх юм. Иймд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэний дараа хэлэлцүүлгийн явцад асуудлаа нарийн нягталж ярилцах нь зүйтэй гэсэн саналтай байсан юм. 

Ингээд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нь дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн юм. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа чуулганы нэгдсэн хуралдаанд таницлуулахаар болов.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 7 гишүүнээс 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн  анхны хэлэлцүүлгийг хийв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан  асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулав. Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээс гаргасан “төслийн 1 дүгээр зүйлийн автомашины нүүрсэн яндан, нүүрсэн яндангийн хаягдал гэснийг автомашины нүүрсэн яндан, катализатор, тэдгээрийн эд анги, хаягдал өөдөс гэж өөрчлөх” гэсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулахаар тогтлоо.

Хуралдаан Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Манай улсад гепатитын вирусийн халдварын тархалт өндөр байгаагаас элэгний хатуурал, хорт хавдраар өвчлөгсөд болон нас баралтын түвшнээр дэлхийд дээгүүрт орж байна. Тэр дундаа гепатитын B, Д вирусийн хавсарсан халдварын 80 хувь нь элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдраар хүндэрдэг гэсэн нотолгоо байдаг. Манай улсад ДЭМБ-аас 1995 онд хийсэн судалгаагаар гепатитын Д вирусийн халдвартай 60 гаруй мянган иргэн байх магадлалтай гэсэн тооцоолол хийсэн.  

Гепатитын Д вирусийн халдварыг эмчлэхэд Булевиртид эм үр дүнтэй байна гэж үзэж байна. Энэ нь 47 амин хүчлээс тогтсон нийлэг эм бөгөөд элэгний эсэд Д вирус нэвтрэхийг саатуулах үйлчилгээтэй. Эмийн чанар, аюулгүй байдлын хатуу зохицуулалттай хяналтын байгууллага болох Европын эмийн агентлагаас Булевиртид эмийг эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэж, гепатитын B, Д вирусийн архаг халдварын эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгосон. Үүнтэй уялдуулан манай улс Булевиртид эмийг өнчин эмийн жагсаалтад оруулж, гепатитын B, Д вирусийн эмчилгээний заавраа шинэчлэн баталж, 2024 оноос мөрдөж эхлээд байна. Гэвч гепатитын B, Д вирусийн эмчилгээнд хэрэглэх Булевиртид эмийн үнэ өндөр байгаатай холбоотойгоор тус эмчилгээнд шаардлагатай иргэд хамрагдаж чадахгүй байна гэж танилцуулгад дурдсан байв.

Мөн Эрүүл мэндийн яамнаас Булевиртид эмийн албан ёсны патентыг эзэмшигч АНУ-ын “Gilead Sciences Inс” компанитай эмийн үнийг хэд дахин бууруулах талаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэн хийж байна. Элэгний Д вирусийн эмчилгээг эхлүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Гэвч энэ эмийн сарын эмчилгээнийх нь зардал өндөр тул иргэдийг санхүүгийн ачааллаас хөнгөлөх зайлшгүй шаардлагын улмаас уг хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр нэлээд үр дүнгээ өгсөн.  Монгол Улсын 2023 оны төсөв батлахдаа Улсын Их Хурлаас иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө гепатит Д вирустэй тэмцэх үйл ажиллагааг өргөжүүлэх хүрээнд гурван тэрбум төгрөгийн асуудлыг шийдсэнийг дурдаад үр дүнгийн талаар тодруулав.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хариултдаа, 2023 онд батлагдсан төсвөөс Д вирусын эмчилгээний эм болох интерфероныг иргэддээ төлбөргүйгээ хийе гээд 9 тэрбум төгрөгөөр худалдан авах тендер зарласан. Үлдсэнээр нь аймаг, орон нутгуудад элэгний Д вирусийг оношлох, шинжилгээ хийх чадавхыг бэхжүүлэх болон ХӨСҮТ дээр Д вирусийг оношлох, тоолох тоног төхөөрөмж авахаар зарцуулсан. Иргэдийн зүгээс интерфероны эмчилгээг гаж нөлөө нь өндөр байна гэсэн үг хэл гаргасан тул эмийн худалдан авалтын үйл ажиллагааг зогсоосныг дурдав. Мөн тэрбээр, "Сангийн яамтай бид ярилцаад хуулийн төсөлд АНУ-ын “Gilead Sciences Inс” компанийн Булевиртид эм гэж тодорхой нэр, хугацаатай бүтээгдэхүүн зааж оруулах нь зүйтэй гэж үзсэн" гэв.  

Ингээд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжив. Энэ талаарх  Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан танилцуулахаар тогтлоо.

Дараа нь Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг сайд танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Элэгний Д вирустэй иргэд эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байна. АНУ-ын “Gilead Sciences Inс” компанийн Булевиртид эмийг иргэдийн санхүүгийн дарамтаас чөлөөлөх үүднээс Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барьсан гэв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг хэлэлцэхийг дэмжлээ.  

Хуралдааны төгсгөлд Үндэсний аудитын газрын тайланг хаалттай горимоор хэлэлцэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа1 минут 35 секундын өмнөЦэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна4 минут 35 секундын өмнө“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ7 минут 28 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв1 цаг 16 минутын өмнөМаргааш төв талбайд болох "Дээлтэй монгол" наадмын хөтөлбөр1 цаг 24 минутын өмнөБаянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн урд тогтсон 310 тонн үерийн усыг соруулж, газрыг ариутгалаа1 цаг 29 минутын өмнөГССҮТ: 260 тун могойн хорны ерөндгийг эмнэлгүүдэд тарааж, бэлэн байдлыг хангажээ2 цаг 40 минутын өмнөНийслэлийн ус тогтсон байршлуудад ГУББГ-ын 110 хүний бүрэлдэхүүнтэй есөн баг 45 механизмтай ажиллаж байна2 цаг 47 минутын өмнөБ.Пүрэвдагва: “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хэрэгжиж буй үерийн ус хуримтлуулах усан сангийн газар чөлөөлөлтийн асуудлыг шуурхай шийднэ2 цаг 54 минутын өмнөЭ.Гандуулга: Гэрлийн гялбаанд орсон жолооч таван секундын турш хяналтгүйгээр хөдөлгөөнийг үргэлжлүүлэх эрсдэл үүсдэг3 цаг 17 минутын өмнөҮйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал5 цаг 31 минутын өмнөН.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав5 цаг 36 минутын өмнөЗамын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно5 цаг 46 минутын өмнөТөлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа5 цаг 54 минутын өмнөХуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо5 цаг 58 минутын өмнөARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк6 цаг 2 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан6 цаг 49 минутын өмнө“Үдийн хоол” хөтөлбөрт 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал солилцлоо7 сар 7. 16:53Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө иргэд, олон нийтэд танилцуулж байна7 сар 7. 16:47“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана7 сар 7. 14:42Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө7 сар 7. 14:37Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Шатахууны нөөц хангалттай байгаа7 сар 7. 14:27“Парламентын судалгаа шинжилгээ” эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хүлээн авна7 сар 7. 14:18Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 7. 12:28Бага насны хүүхдийг гол, усны ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна7 сар 7. 11:52Говийн бүсийн ахмад настны чуулга уулзалт цахимаар боллоо7 сар 7. 11:47Замын хураамжийг нэмж 10000 төгрөг болгоно7 сар 7. 10:01Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа эхэллээ7 сар 7. 9:59Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнийг огцом бууруулжээ7 сар 7. 9:54“Дэлхийн адууны өдөр”-ийг Монгол Улс олон улсын эрдэм шинжилгээний хурлаар эхлүүллээ7 сар 7. 9:49
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.