Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ


4-р сарын 23
17 цаг 37 минут

       Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн  /2024.04.23/ хуралдаанаар Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хуулийн төслийн талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 35 дахь заалт, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2021 оны 02 дугаар зөвлөмжид “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тусгасны дагуу Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дараах зарчмын өөрчлөлтүүдийг тусгасан байна.

-Хуулийн зарим нэр томьёоны тодорхойлолтыг өөрчлөн найруулж, энхийг дэмжих ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг нарийвчлан тодорхойлжээ.

-Монгол Улсын Их Хурал, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга болон Цагдаагийн төв байгууллагын даргын бүрэн эрх, Цэрэг, цагдаагийн багийн захирагчийн нийтлэг эрх, үүрэг, энхийг дэмжих ажиллагаанд оролцогч цэрэг, цагдаагийн алба хаагч, багийн нийтлэг үүргийг шинээр нэмж, Засгийн газрын болон гадаад харилцаа, батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхтэй холбогдох зохицуулалтыг нарийвчлан тодорхойлсон байна.  

-Энхийг дэмжих ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүнд хамаарах Нэгдсэн Үндэстний Байгууллагын албан тушаал, сонгон шалгаруулалтад тэнцсэн бие бүрэлдэхүүнийг томилох, эгүүлэн татах асуудлыг тусган, Монгол Улсаас энхийг дэмжих ажиллагаанд цагдаагийн баг оролцуулах, үүрэг гүйцэтгэх төрлийг тодорхой болгожээ.

-Энхийг дэмжих ажиллагаанд оролцогч хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан тохиолдолд НҮБ-аас нөхөн олговор олгуулах, ээлжийн амралтаа эдэлж чадаагүй тохиолдолд мөнгөн урамшуулал олгох, үүрэг гүйцэтгэх хугацаанаасаа өмнө эгүүлэн татагдах тохиолдолд холбогдон гарах зардлыг тухайн алба хаагч өөрөө хариуцах, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нарийвчлан тодорхойлох зэрэг өөрчлөлтүүдийг тусгасан байна.

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад Монгол Улсын хувь нэмэр, үүрэг оролцоо нэмэгдэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр энхийг сахиулах ажиллагаа болон олон улсын бусад ажиллагаанд оролцох хууль, эрх зүйн орчин боловсронгуй болж, энхийг сахиулагчдын аюулгүй байдал, эрх зүйн байдал, үүрэг гүйцэтгэх чадавх, оролцоо, төрөл нэмэгдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баделхан, Энхийг сахиулах ажиллагаанд оролцох хүмүүсийг хэрхэн сонгон шалгаруулдаг вэ. Энхийг сахиулах ажиллагаанд оролцсоноор манай улсад орлого ордог уу, мөн хэр хэмжээний зардал гардаг вэ хэмээн асуусан.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр,  НҮБ, цэрэг илгээгч орнуудын хооронд НҮБ-ын дүрэмд заасны дагуу гэрээ байгуулж, санамж бичигт гарын үсэг зурдаг.  Санамж бичигт НҮБ-ын энхийг сахиулах мандаттай ажиллагаанд цэргийн баг, алба хаагчдыг илгээх асуудлыг нарийвчлан тодорхойлсон байдаг. Мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцогч цэргийн албан хаагчийг сонгон шалгаруулах манай журам байгаа. Энэ журмын дагуу сонгон шалгаруулсан цэргийн алба хаагчдын материалыг НҮБ-руу илгээдэг.  НҮБ манай материалыг хүлээн аваад дахин хянадаг.  

Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэргийн баг, алба хаагчдад НҮБ гэрээнийхээ дагуу нөхөн төлбөр олгодог. Тухайн ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа зэвсэг, галт хэрэгсэл, техник бүрт олгох НҮБ-ын нөхөн төлбөрийн норматив гэж бий. Энэ нормативын дагуу нөхөн төлбөр Монгол Улсад орж ирдэг. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд явсан цэргийн алба хаагчид цалин хөлстэй байдаг. Монголд хашиж байсан албан тушаалынхаа цалинг бүрэн авна. Мөн  үүрэг гүйцэтгэсэн томилолтын нөхөн төлбөр авдаг. Нэг жил үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагч бол дунджаар 30-35 сая төгрөг нөхөн төлбөрт авдаг гэсэн хариулт өгсөн.

Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, цагдаагийн байгууллагын хаагчид энхийг сахиулах үйл ажиллагаанд ямар үүрэгтэй оролцдог вэ. Энхийг сахиулах үйл ажиллагаанд онцгой байдлын албан хаагчдыг оролцуулах боломж бий юу. Дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй үер усны аюул, газар хөдлөлт, гал, усны хохирлын голомтод тэдгээр алба хаагчид ажиллаж туршлага суух шаардлага байгаа хэмээн тодруулсан.

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга С.Ганбямба,  Зэвсэгт хүчин болон төрийн цэргийн байгууллагын алба хаагчид энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байгаа. ЗХЖШ-аас төрийн цэргийн байгууллагад квот өгч байгаа. Хилийн цэрэг, дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагад квот өгөөд онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа. Онцгой байдлын алба хаагчид Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байна. Одоо Нил мөрөн үертэй байгаа. Тэнд онцгой байдлын алба хаагчдын туршлагыг ашиглаж байгаа. Онцгой байдлын алба хаагч энхийг дэмжих ажиллагаанд оролцох асуудал нээлттэй байгаа хэмээн хариуллаа.

Үргэлжлүүлэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.

Дараа нь Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д тусгагдсан “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн боловсрууллаа хэмээн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцуулав. .

Хуулийн төсөлд алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбарт тав ба түүнээс дээш жилийн хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчид мөнгөн урамшуулал олгох эрх зүйн зохицуулалтыг тусгажээ. Мөн дотоод, гадаадын цэргийн сургуульд суралцаж байгаа сонсогч, суралцагчдад цалин хөлс олгох журмыг холбогдох Засгийн газар гишүүн батлах, улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа цэргийн алба хаагчийн ажил, албан үүргийг хуулиар албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцохоор тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар цэргийн алба хаагчийн нийгмийн баталгаа дээшилж, алслагдсан болон хөдөө, орон нутагт байрлах цэргийн анги, салбарт тогтвор суурьшилтай ажиллах, цэргийн албаны хэвийн, аюулгүй, тасралтгүй үйл ажиллагаа хангагдах нөхцөл сайжирна хэмээлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Н.Энхболд, хуулийн төсөлд зөвхөн алслагдсанд тооцогдсон цэргийн анги салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цэргийн цолны нэмэгдлийн тухай тусгасан гэж ойлгож болох уу хэмээн лавлав.

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга С.Ганбямба, Хуулийн төсөлд Засгийн газрын тогтоолоор алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбарт ажиллаж байгаа цэргийн алба хаагчдад мөнгөн урамшуулал олгохоор тусгасан байгаа. Өнөөдрийн байдлаар Хилийн тухай хуулийн дагуу зөвхөн агаарын цэргийн салбарт ажиллаж байгаа алба хаагчид хамаарч байсан. Энэ хууль батлагдсанаараа хуурай замын тусгай хүчний, мөн радио электрон, тагнуулын зарим ангийн алба хаагчид нэмэгдэж, 5 жил тутам мөнгөн урамшуулал олгох асуудал нь шийдэгдэх юм гэсэн хариулт өгсөн.

Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Монгол Улсын батлан хамгаалах салбар  39 улстай хамтын ажиллагаатай. Одоогийн байдлаар 11 улсын цэргийн академи, их дээд сургуульд монгол оюутнууд, сонсогчид, офицер, ахлагчид суралцаж байна. Гадаадад суралцаж байгаа цэргийн албан хаагчдын үндсэн цалин ар гэрт нь олгогддог хэвээрээ юу хэмээн асуусан. Дотоодод сурч байгаа сонсогч, ахлагч, офицеруудын суралцах хугацааг ажилласан жилд нь оруулж тооцдог. Гадаадад сурч байгаа сонсогч, ахлагч, офицеруудад энэ заалт хамаатай юу хэмээн тодруулав.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр,  Хууль зүйн сайд, Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээнд гадаадад суралцаж буй алба хаагчдын цалинг олгоод явж байгаа.  ОХУ-д академи, дээд сургуульд суралцаж байгаа сонсогч, суралцагчид цалингаа 100 хувь авч байгаа. Тэтгэлэг өндөртэй оронд сурч буй хүмүүсийн цалин 50-иас дээш хувиар олгогдож байна. Энэ хууль батлагдсанаар гадаадад суралцаж байгаа цэргийн албан хаагч, сонсогч, суралцагч цалингаа бүрэн авах эрх зүйн үндэс нь баталгаажна. Гадаадад цэргийн сургуульд суралцаж байгаа сонсогчдын суралцах хугацаа нь алба хаасан хугацаанд тооцогдоно гэсэн хариулт өглөө.

Хуулийн төсөлтэй холбогдуулан үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Мөн хуралдаанаар Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцуулсан юм.

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас “Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц”-ыг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн билээ.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”,  “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т олон улсад өрсөлдөх чадвартай боловсролын хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлж байна.

2019 оны 11 дүгээр сард ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 40 дүгээр чуулганаар батлагдаж, эхний 20 орон нэгдсэн орсноор 2023 оны 03 дугаар сарын 05-нд хүчин төгөлдөр болсон  “Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц” нь Нэгдсэн Үндэстний Байгууллагаас дээд боловсролыг салбарыг хамарсан анхны дэлхийн хэмжээний гэрээ юм. 2024  оны 03 дугаар сарын байдлаар  Япон, Франц, Норвег, Швед, Их Британи зэрэг дэлхийн 28 улс  энэхүү гэрээнд нэгдэн ороод байна.

Энэхүү конвенц нь нэгдэн орсон улс орнуудын их, дээд сургуулиудын боловсрол, сургалтын үр дүн, зэрэг, цолыг ил тод, шударгаар хүлээн зөвшөөрөх, суралцагчдад бусад орны их, дээд сургуулиудад үргэлжлүүлэн суралцах, хөдөлмөр эрхлэх, зайн хэлбэрээр суралцаж, эзэмшсэн мэргэшлээ хүлээн зөвшөөрүүлэх боломжийг олгодог гэсэн мэдээллийг өгөв.

Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенцыг соёрхон батлах тухай хуулийн  төсөл батлагдсанаар:

-Монгол Улс дэлхийн улс орнуудтай дээд боловсролын салбарт хамтран ажиллах, бүс нутаг хоорондын инновацыг дэмжих,

-дээд боловсролын салбар дахь олон улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх,

-Монголын дээд боловсролыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд хувь нэмрээ оруулахаас гадна дээд боловсролын салбарт чанарын баталгаажуулалтын тогтолцоо, соёлыг төлөвшүүлж, чанарын баталгаажуулалтын найдвартай байдал, уялдаа холбоо, чадавхыг бэхжүүлэх боломж бүрдэх юм байна.

Улсын Их Хурлын 2023 оны хаврын чуулганаар шинэчлэгдэн батлагдсан Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу олон улсад магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийг баталгаажуулах, бүртгэх, олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд боловсролын зэрэг, баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх судалгаа, үнэлгээ хийх, баталгаажуулах сантай байх чиг үүргийг Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллага хариуцан ажиллах ажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асууж, хариулт авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Сэрэмжлүүлэг: Жолоодох эрхгүй этгээд бага насны хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ2 цаг 11 минутын өмнөМонгол Улсын нутаг дэвсгэрээс анх удаа мөнгөн гэрэгэ олджээ2 цаг 17 минутын өмнөЕрөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар дангаараа засаглаж, бүтцээ багасгаж, төсөвт тодотгол хийнэ гэжээ2 цаг 24 минутын өмнө172 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа3 цаг 20 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь3 цаг 33 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан3 цаг 36 минутын өмнө“Улаанбаатар биенналь 2025”-ын хүрээнд “Монгол кино өдөрлөг” зохион байгуулж байна6 сар 9. 19:25Төрийн банк “Кинг Тауэр” цахим тооцооны төвийн нээлтээ хийлээ6 сар 9. 19:21Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилохыг МАН-ын бага хурал дэмжлээ6 сар 9. 19:18Даншиг наадам энэ сарын 27-29-нд болно6 сар 9. 19:04Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, бэлтгэсэн хэргийг шүүхэд шилжүүллээ6 сар 9. 18:59Морингийн давааны төвлөрсөн хогийн цэг хүртэлх 1.5 км авто замыг наймдугаар сард ашиглалтад оруулна6 сар 9. 18:55Г.Занданшатар: Миний үйлдэл үгнээс илүү байх болно6 сар 9. 18:15Т.Даваадалай: ТҮЦ түүхэндээ үүргээ гүйцэтгэсэн. Хотын асуудлыг улстөржүүлж болохгүй6 сар 9. 16:20Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ6 сар 9. 16:17Т.Даваадалай: Хатуу хог хаягдлыг боловсруулан хайрга, дайрга болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдсэн6 сар 9. 16:12Гэмт хэргийн шинжтэй 121 гомдол, мэдээллийг шалгав6 сар 9. 14:29Хоёр байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсарч байна6 сар 9. 14:07Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд хийж буй 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна6 сар 9. 14:04МАН-ын Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, Бага хурлаар шийдвэрлүүлэхээр боллоо6 сар 9. 13:55Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн хувийн хэвшлийн түншлэгч сонгох сонгон шалгаруулалтын урилгад өөрчлөлт орууллаа6 сар 9. 11:37Харвардад суралцах гадаадын оюутнуудад үргэлжлүүлэн виз олгоно6 сар 9. 11:34ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтын мэдээлэл өгөх хэлэлцүүлэг боллоо6 сар 9. 10:23Нөөцийн махыг 8 дүүргийн 38 байршилд хямдралтай үнээр борлуулж байна6 сар 9. 10:20Дамбадаржаа Дулааны станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна6 сар 9. 9:35ТЦГ: Насанд хүрээгүй 13-16 насны хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргажээ6 сар 9. 9:27Баянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна6 сар 9. 8:52МАН-ын Бага хурал 11.00 цагаас эхэлнэ6 сар 9. 8:50Баянхошуунд барьж буй 650 хүний суудалтай спорт цогцолбор ирэх намар ашиглалтад орно6 сар 9. 8:47Дараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу?6 сар 9. 8:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.