Дорноговь аймагт сургуульдаа явахаар гэрээсээ гараад онц хэрцгийгээр бусдын гарт амиа алдсан 13 настай охины өмгөөлөгч олон нийтэд хандан мэдээлэл өглөө.
Хохирогчийн өмгөөлөгч: Засгийн газрын Тусгай сангийн тухай хууль болон Иргэний хуулийн 511-д сэтгэл санааны хохирлыг суулгаж өгөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хохирогчийн эрх зүйн байдал улам дордоод байна.
Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 13-д гурван хэлбэр л байгаа. Ямар нөхцөлд тусгай сангаас хохирогчид хохирлыг нөхөн төлүүлэх вэ гэхээр нэгд, оршуулгын зардал. Хоёрт, эмчилгээний зардал. Гуравт, хөдөлмөр алдалтын цалин, орлогыг олгох зохицуулалттай. Үүнээс гадна дөрөвт, шүүхээс гэм буруутай этгээд бүх насаараа хоригдох ял авсан тохиолдолд энэ хуулиар зохицуулах нь зүйтэй юм байна.
Тиймээс энэ хуулиа засан сайжруулж, нэмэлт өөрчлөлт оруулаад өгөөч. Тэгэхээр бүх насаараа хорих ял эдэлж байгаа тохиолдол цөөхөн байдаг юм байна. 20 хүрэх үү, үгүй юу. Эдгээрийн хохирогчдод энэ хуулиар зохицуулаад сэтгэл санааны хохирлыг нь гаргаж өгье.
Хорих анги хоёр төрөл байна. Бүх насаараа хорих ял эдэлж байгаа этгээд бол ямар нэг ажил хийхгүйгээр ганцаарчлан хоригдож байгаа. Харин бусад хоригдлууд бол ажил хийж, ажлын хөлсийг нь хохирогчийн сэтгэл санааны хохиролд нь олгох боломж байгаа. Ийм хоёр төрөл нь хорих ангид байна. Тиймээс бүх насаар нь хорих ял эдэлж байгаа этгээдийн хохирогчид хэзээ ч сэтгэл санааны хохирол олдохгүй. Иймд Тусгай сангийн хуульд оршуулгын зардал, эмчилгээний зардал, хөдөлмөр алдалтын цалин орлогыг олгох гэж байгаа дээр дөрөвт нь гээд энэ заалтыг л оруулчихмаар байна. Бүх насаар нь хорих ял эдэлж байгаа ялтны хохирогчид гээд оруулчихвал энэ хууль сайжрах гээд байна.
Манай хохирогчид 182 сая 500 мянган төгрөгийн сэтгэл санааны хохирол гаргуулахаар шийдсэн байдаг. Гэхдээ миний үйлчлүүлэгч энэ мөнгийг ялтан Гантулгаас гаргуулж авах юм байна гэдэг А4—ийн цаастай л үлдсэн гэлээ.
Тус хэргийн тухайд өнгөрсөн онд гарсан бөгөөд гэмт хэрэгтэнд бүх насаар нь хорих ял оноогоод байсан юм. Тэгвэл ийнхүү хохирогчдын зүгээс сэтгэл санааны хохирлыг ялтангаас авах боломжгүй болсон талаараа мэдээллээ.
Сэтгэгдэл бичих