-Таны бага, залуу нас хаана өнгөрөв. Та аль нутгийн хүн бэ?
Би Баянхонгор аймагт төрж өссөн. Аав, ээж минь төрийн байгууллагад ажилладаг. Тэд хаана ажиллахаар томилогдоно, тэнд нь сурна. Эргээд бодохоор аав, ээжийнхээ ажлыг дагаад 3, 4 сум дамжин ерөнхий боловсролын таван сургуульд суралцсан байдаг. 10 дугаар ангиа аймгийн төвийн хоёрдугаар 10 жилд сурч төгссөн. Бага байхаасаа түүх, уран зохиолын хичээлд илүү сонирхолтой байлаа. Математик, физикийн хичээлдээ сайн хүүхэд байсан. Тэр үед конкурс өгнө гэдэг “наадам” шахуу л юм болдог байсан. Монгол хэл, нийгэм, түүхийн хичээлээр шалгалт өгч Түүхийн шалгалтын оноогоор аймагтаа хоёрдугаар байранд орсон юм. Их сургуульд орно гэдэг чинь бөх ам авдагтай төстэй үйл явдал болдог байлаа. Нэгдүгээр байрт орсон хүүхэд маань МУИС-ийн хуваарийг авчихлаа. Би араас нь ороод Багшийн их сургуулийн түүх, археологийн ангийг сонгосон юм сан. Оюутан боллоо. Мэргэжлээрээ хоёр жил орчим сурчихсан. Нэгдүгээр курстээ эртний судлал, археологийн судалгаа хийсэн. Ингэхдээ ШУА-ын Д.Баяр багшийн удирдлага дор нэлээд ном сурсан. Хоёр жил сурсан оюутан нийгмийнажилд идэвхтэй оролцож эхэлсэн минь нийгмийн салбарт ажиллах шалтгаан болж байсан гэж боддог. Ингээд багш нартайгаа ярилцаж байгаад ангиа сольж түүх, нийгмийн анги руу шилжсэн. Түүх, нийгмийн багш мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан. 2008 онд боловсролын удирдлагын чиглэлээр магистр хамгаалсан. Сургуулийн онцлог маань боловсролын салбар руу чиглэсэн учраас ерөнхий боловсролын салбарын асуудлыг илүү судалж магистраа хамгаалсан гэсэн үг л дээ. Ингээд улс төрийн чиглэлээр доктор болох нь зүйтэй юм байна гээд сургуулийнхаа докторын сургалтад хамрагдах хүсэлт өгч судалгааны ажлаа хийж байна. Үндсэндээ Н.Батсүмбэрэл гэдэг хүн МУБИС-ийн л “бүтээгдэхүүн”. Сүүлд өөрийн сонирхол, ажлын онцлогоор гадаад харилцаа, төр улсын аюулгүй байдлын салбарыг судлахаар Үндэсний батлан хамгаалахын сургуульд аюулгүй байдлын чиглэлээр сурч байна
- Та археологийн судалгаа хийсэн гэлээ. Хоёр жил судалсан хичээлийн судалгаа хийнэ гэдэг амар ч биш дээ. Судалгаа хийхэд багшийн нөлөө байсан уу?
Оюутан болоод эхний жил археологич болно гээд зүтгэсэн. Ингэхдээ Германы экспидезид ажиллан Хархорины судалгаанд оролцсон юм. Мөн Д.Баяр багшийнхаа удирдлага дор их сургуулийн оюутнуудад сүг зургийн судалгаагаар илтгэл тавьж байлаа. Илтгэлээ бэлтгэхийн тулд нэг сарын турш хөдөө ууланд тэмээгээр явж сүг зураг судалсан. Тухайн үедээ “Хүрэлийн үеийн хадны сийлмэл зураг”- ийг судаллаа. Миний судалсан сүг зураг өмнө нь судлагдаагүй байсан юм билээ. Надад археологийн хичээлийг МУБИС- ийн археологич, У.Эрдэнэбат багш зааж байлаа. Харин ШУА-ийн судлаач Д.Баяр багшийн гарын шавь байсан. Багш нар минь намайг үнэлж байх тэр үед нийгмийн ажилд илүү анхаарах болсон учраас “За хүү минь яагаад алга болоод байна” гэж байна. Тэгээд надад түүх, археологийн хүн илүү зүйлд сатаарах цаг хугацаа байхгүй, судалгаа, шинжилгээний ажилдаа илүү цаг, зав гаргах ёстой л гэж байна. Тэгтэл хэсэг хугацааны дараа багш минь “Чи түүх, археологийн хүн болох шинжгүй байна. Нийгэм, олон нийтийн ажлыг илүү сонирхож байгаа бол түүнийгээ сайн хий” гэж билээ. Багштайгаа ойлголцсон хүн чинь мэргэжлээ түүх, нийгмийн багш, судлаач болгож сольсон хэрэг л дээ.
-Таны ажлын гараа хаанаас эхэлсэн бэ. Нийгмийн салбар тэр дундаа багш мэргэжилтэй залуу, улс төрийн албан тушаалтан болоход юу нөлөөлөв?
-2006 онд сургуулиа төгссөн хавар, тухайн үеийн хотын Намын хорооны дарга Ё.Отгонбаяр ах “Сургууль, соёлоо төгсөж байна уу. Ямар ажил хийж байна” гээд дуудаж уулзсан юм. Тэгээд надад улс төрийн ажил хийх санал тавьснаар ажлын гараа маань эхэлсэн. Шинэ залуу боловсон хүчин хотын Намын хороонд улс төрийн ажилтнаар томилогдсон юм шүү дээ. Намайг оюутан байх үед цахим хэрэглээ бага, хүн хоорондын харилцаа өндөр байсан. Би чөлөөт цагаараа илтгэл, мэтгэлцээний уралдаан хийнэ. Олон нийтийн ажилд идэвхтэй оролцоно. Оюутан залуусын уулзалт, уралдаан, семинарт оролцоно. Заримыг нь өөрөө зохион байгуулна. Ингэж явахдаа л Ё.Отгонбаяр ахад “тоогдсон” юм байна гэж боддог.
-Таны ажиллах хугацааны дийлэнх нам, улс төрийн ажилтай холбоотой юм байна. Бизнесийн салбарт хэрэгжүүлэх ажлын туршлагыг хаанаас олж авсан бэ. Учир нь дүүргийнхээ үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хэрэгжүүлж байгаа ажлууд үр дүнтэй байгааг хүмүүс хэлж байна л даа?
- Надад хувийн бизнес бүү хэл бизнесийн салбарт ажилласан туршлага тун хомс. 2011 онд МАН-ын дэргэдэх оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа өглөө. Тэгж байтал МҮХАҮТ-ийн дарга С.Дэмбэрэл танхимд ажиллах санал тавиад гишүүнчлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар томилно гэдэг юм байна. “Надад ч бизнесийн туршлага байхгүй, би сайн мэдэхгүй салбар шүү дээ” гэхэд минь нийгмийн чанартай ажил учраас чадна гэдэг юм. Ингээд нэг жил бизнесийн салбарынхантай тулж ажилласан. Тэдний жаргал, зовлон, бэрхшээл гээд бүхий л нарийн асуудлын талаар мэдээлэлтэй болж гарах арга замыг нь эрэлхийлж ажилласан. Эндээс бүх салбарын аж ахуй эрхлэгчдийг дэмжих ёстой юм байна гэдэг суурь ойлголттой болсон хэрэг. Гэхдээ амьдралын ухаанаас суралцсан нь надад хүч өгдөг гэх юм уу даа. Би чинь айлын том. Хөдөө орон нутагт, өвөө, эмээ дээрээ өссөн, картын барааны үеийн хүүхэд. Намайг бага байхад юмхнаар юм хийх ухаан заадаг байлаа. Айлын том учраас аж ахуйн ажилтай зууралдсан гэж болно. Анх 1993, 1994 онд приставкаар кино үзүүлж мөнгө олдог байлаа. Түүний дараа найзтайгаа хамт сега тоглоом тоглуулдаг боллоо. За болоогүй хөдөө гэрээс сүү авчирч аймгийн төвд зарна. Зун наадмаар дүү нартайгаа хамт хуушуур хийж зарна. Энэ бол надад төлөвшсөн бизнесийн суурь мэдлэг юм уу даа. Украйн дугуй гэж байсан юм, тэр үед. Унамаар байсан ч ээж, аав авч өгөхгүй. Би долоодугаар ангид байхдаа наймаа хийж мөнгөө цуглуулж байгаад мөрөөдлийнхөө дугуйг авч унасан. Хэсэг хугацааны дараа сонирхол буурна биз дээ. Тэгээд дугуйгаа тоноглосон гуулин хазаараар зарж, хонь худалдаж аваад. Хонио аймгийн төвд хүнсний хэрэгцээнд зориулж зарлаа. Энэ бүхэн дунд сургуулийн хүүхдэд бизнесийн суурь ухааныг өгсөн болов уу гэж санадаг.
-Бизнесийн суурьтай “сурагч” хүү оюутан болоод илүү туршлагатай болсон байх, тийм үү?
-1990 оны сүүл үе эдийн засаг хүнд байсан юм болов уу. Манайх хөдөө байсан учраас хүмүүсийн цалинг гэрийн бүрээс, пакалан гутлаар өгдөг байсан юм. Энэ хүнд үед оюутан болж нэгдүгээр курстээ хамаатныдаа амьдарч байлаа. Хоёрдугаар курстээ дотуур байранд орсон. Энэ үеэс л нийгмийн ажилд илүү оролцоотой болж ирсэн юм шүү дээ. Оюутан хүүхдэд мөнгөний хэрэгцээ гарна. Нийгмийн амьдрал тийм ч сайн биш байсан үе. Аль болох аав, ээжээс мөнгө авахгүй байхыг хичээнэ. Ингээд л найзуудтайгаа одоогийнхоор цагийн ажил хийдэг байлаа. Би дийлэнхдээ хүүхдүүдийн бие даалт, рефератыг хийж өгөөд өдрийн хоолныхоо мөнгийг олчихно. Архангайн Содбилэг гэж найзтайгаа хамт машин угаалгын газар ажилладаг байлаа. Бямбаа, Галаа хоёртойгоо нийлж контейнер буулгаж, хураадаг ажил хийж байв. Өглөө, орой хоёр даавуу буулгаад өдөртөө 5000 мянган төгрөг олно. 2000 оны эхэн үеийн 5000 мянга гэдэг маш их мөнгө шүү дээ. Энэ мэтчилэн багаасаа л мөнгө хуримтлуулах учиртайг ойлгож, аж ахуйн ажлын нарийн учрыг мэдэрч өссөн дөө.
-Наймаа хэр их хийсэн бэ. Танай үеийнхэн гар утасны наймаа сайн хийдэг байсан тухай сонсож байв?
- Гар утас дөнгөж хэрэглээнд нэвтэрч байх үед аймаг руу гар утас явуулж зардаг байсан шүү. Мэдээж хүмүүс бөөнд нь өгөхгүй. Зээлээр өгсөн утасныхаа мөнгийг хамаатны эгч маань цуглуулж өгнө. Найзтайгаа хамт хувцас, бараа зардаг байлаа. Наймаа хийж яваад шатаж байсан үе бий. Айлын том, төрийн албан хаагчийн хүүхэд хүссэн бүхнээ авч чадахгүй байсан минь амьдралын ухаанд суралцах зайлшгүй шаардлага болж хувирсан юм болов уу.
-Ном зохиолыг яруу найрагчид, зохиолчид, сэтгүүлчид гаргасан гэхэд хүмүүс төдийлөн гайхахгүй. Учир нь тэдний үндсэн ажил. Харин таныг ном бичсэн гэхээр улс төрийн их ажлын хаагуур нь амжуулсан юм бол гэж сониучирхмаар санагдлаа?
-Өвөө, эмээ дээрээ өссөн болохоор үлгэр сонсож өслөө. Хүүхэд байхад минь “32 хүний модон үлгэр” гэдэг номыг өвөө минь уншиж өгдөг байсан. Бичиг үсэг сураад ном уншдаг “хобби”-той боллоо. Хамгийн анх “Манан, будан” гэдэг номыг хонины бэлчээр дээр уншдаг байлаа. 1040 хуудастай номыг бүтэн сар уншсан юм шүү дээ. Намайг сургуулийн сурагч байхад “Хэн ном сайн унших вэ” гэдэг уралдаан болно. Аймгийнхаа ном сайн уншдаг хүүхдүүдийн нэг. Аймгийн хэмжээнд хоёрдугаар байрт орсон хүүхэд байлаа. Түүх, судалгаа, улс төр, нийгмийн чиглэлийн ном эмхэтгэсэн. Ганц нэг намтарын ном бас бий. 2013 онд судалгаа хийдэг найз нартайгаа хамт өөрсдийн бичсэн нийтлэлүүдээ эмхэтгэн ном болгосон. Түүний дараа намын улс төрийн илтгэлүүдийг эмхэтгэж байлаа. Үүнийг хийх болсон шалтгаан нь намын ажил хийхэд дарга нарын хэлэх үг, бичиг цаасны ажил хийх үед ном харах шаардлага үүснэ. Заримдаа хэрэгтэй мэдээлэл, материал олдохгүй байх нь бий. Эсвэл олон тооны ном авч явах хэрэгцээ гарна. Эндээс л намын улс төрийн илтгэлүүдийг бүгдийг нь эмхэтгээд бэлтгэчихвэл гарын авлага болох юм байна гээд гурван цувралаар гаргасан.
Сүүлд МУБИС-ийн ангийн маань найз Гантогтохын эртний хотууд, Орхон, Тамирын хөндийд хийсэн судалгааны номыг редакторласан. МУБИС-ын багш Туяачимэгтэй хамт “Z сонгогч гэж хэн бэ?” гэдэг ном хэвлүүллээ. Энэ номд орчин үеийн залуус тэр дундаа Gen-Z үеийнхний хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлага, хандлагын талаар судалгааны эмхэтгэл гаргасан юм.
-Таныг хэд хэдэн судалгааны ажил хийж байгаа тухай сонссон юм байна. Ямар сэдвээр судалгаа хийж доктор хамгаалах гэж байгаа вэ?
- Би нийслэлийн иргэдийн хуралд хоёр удаа, дүүрэгт хоёр удаа сонгогдсон төлөөлөгч. Энэ хугацаандаа хуулийн дагуу цэргийн мэдлэг олгох, улс орны аюулгүй байдал, батлан хамгаалахын чиглэлээр сургалтуудад хамрагдсан. Энэ бол ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга нарын хуулиар хүлээсэн үүрэг. Нэг удаагийн сургалт дээр доктор, профессор, бэлтгэл хошууч генерал С.Баасанхүү ахтай таардаг юм. Тэгтэл аюулгүй байдлын чиглэлээр докторын зэрэг хамгаалах сургалт явагддаг. Гэтэл энд нийслэлээс хүмүүс хамрагдахгүй байна. Орон нутгийн хамгаалалтын чиглэлээр нэлээдгүй ажлуудыг хийх шаардлага тулгарч байгаа. Гэвч энэ талаарх мэдлэг, ойлголт хомс учраас судалгааны ажил хийх хэрэгтэй байна. Орж суралцаач гэдэг юм. Ингэж яваад аюулгүй байдлын талаар суралцах нь зүйтэй гэж шийдсэн учраас судалгааны ажил хийгээд явж байгаа. Ер нь аюулгүй байдал гэдэг маш энгийн зүйлээс эхэлдэг учраас төрийн алба хашиж байгаа хүн бүрийн зайлшгүй мэддэг, бодол санаандаа тусгадаг байх ёстой асуудал. Өөрөөр хэлбэл, гамшиг тохиолдлоо гэхэд хүн бүрийн үүрэг ямар байх вэ гэдгээс аюулгүй байдалд оролцох хувь хүн, төрийн албан хаагчийн оролцоо чухал. Түүнчлэн улс төрийн намын гишүүнчлэл тэр дундаа орчин үеийн залуусын намд хандах хандлагын талаар судалгааны ажил хийхээр ажиллаж байгаа.
- Таны дүүрэгт хийж хэрэгжүүлж буй ажлын талаар ярилцья. Танай дүүрэг байшин болон гэр хороолол хосолсон байршилтай. Төвийн хороодод хүртээмжийн асуудал харьцангуй бага. Харин захын буюу гэр хороололд боловсролын хүртээмж дутагдалтай тал бий. Энэ тухайд ямар менежмент хийж байна вэ?
-Чингэлтэй дүүрэг газар нутгийн хувьд онцлогтой. Тухайлбал, манай 24 хорооны зургаа нь байшин, бусад нь гэр хороололд хамрагддаг. Тэгэхээр боловсролын хүртээмжийн талаар зайлшгүй яригддаг. Хүүхдүүд хаана амьдарч байгаагаас үл хамааран тэгш боловсрол эзэмших ёстой гэсэн бодлогыг дүүргийн Засаг дарга болсноос хойш барин ажиллаж байна. Хотын төвийн болон гэр хорооллын сургуулийн ялгаатай байдлыг арилгах менежментийн хүрээнд энэ жил 23 дугаар сургуулийг 37 дугаар сургуультай, 57-г 24 дүгээр сургуультай туршлага судлуулсан. Энэ ажлын үр дүнд 37 дугаар сургуулийн гүйцэтгэлийн үнэлгээ өмнөх оноос 16.9 хувиар ахисан байна. Түүнчлэн 145 дугаар сургууль байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр түвшин ахиж гуравдугаар түвшинд үнэлэгдсэн. Нийслэлийн шилдэг ментор сургуулиар 23 дугаар сургууль мөн шалгарлаа. Энэ ажлын хүрээнд багш нарын ажлын төлөвлөлт сайжирч, ажлын байрандаа хөгжих, бүлгээр ажиллах чадавх нэмэгдсэн эерэг үзүүлэлт гарсан байна.
-Чингэлтэй дүүрэг өнгөрсөн оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд гарсан үр дүнгийн талаар та мэдээлэл өгнө үү. Ер нь Засаг даргаар ажиллах хугацаанд дүүргийн хөгжлийг хэрхэн тодорхойлж, ямар бодлого баримталж ажиллав?
-Дүүргийн хөгжил гэдэг нь нэн тэргүүнд иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд чиглэх учиртай. Оршин суугчдын амьдрах орчин ая тухтай байхын зэрэгцээ аюулгүй байх нь хамгийн чухал. Тиймээс гэр хорооллын болон орон сууцны дундах замыг шинэчлэн сайжруулах, зарим газарт шинээр зам тавих зэрэг ажлыг ээлж дараатайгаар хийж байна. Түүнчлэн орой үдшийн цагаар аюулгүй зорчих боломжийг бүрдүүлэхийн тулд гудамж талбайн гэрэлтүүлэг тавих ажлуудыг ч хийж байна. Эдгээр ажил дүүргийн хөгжлийн нэгээхэн хэсэг нь гэж ойлгож болно. Нөгөөтэйгүүр, дүүрэг бие даасан эдийн засгийн бодлого хэрэгжүүлдэггүй ч орлого бүрдүүлэгч. Дүүргийн орлогын бүрдэлтэд иргэд, аж ахуйн нэгжийн татварын орлого голлох үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс манай хамт олон жижиг, дунд үйлдвэрлэл, бизнесийг дэмжих бодлого баримталж ажилладаг. Энэ хүрээнд өнгөрсөн жилийг Чингэлтэй дүүрэг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан. Манай дүүрэгт албан бус тоогоор 30-аад мянган хүн үйлдвэрлэл эрхэлдэг. Үүнээс 50 хувь нь дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийн төвд бүртгэлтэйгээр байнгын үйл ажиллагаанд оролцдог 800 гаруй аж ахуйн нэгж бий. Хамгийн гол нь үйлдвэрлэлээ дэмжсэнээр тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх, өрхийн орлогыг өсгөх, цаашилбал, ядуурлыг бууруулахад голлох нөлөө үзүүлдэг. Түүнээс гадна үйлдвэрлэгч эцсийн дүндээ баялаг бүтээгч болж байгаа юм. Нөгөөтэйгүүр бид дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг дэмжиж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэн, гадагш урсах валютын урсгалыг тогтоон барих учиртай. Үүний зэрэгцээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 95 хувь нь цар тахлын үед уналтад орсон. Тиймээс энэ салбарт зайлшгүй дэмжлэг хэрэгтэй болсон учраас бид гол бодлогоо чиглүүлсэн юм. Манай дүүрэг “Чингэлтэйд үйлдвэрлэв 2024” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, сургалт, хөгжүүлэлт, зөвлөх үйлчилгээ, төсөл хөтөлбөрт хамруулах, оролцуулах, үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг дотоодод сурталчлан таниулахын зэрэгцээ экспортод гаргахад нь шаардлагатай дэмжлэгийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Дүүрэг өөрөө зээл гаргах эрх зүйн зохицуулалт байхгүй учраас бид үндсэндээ холбон зуучлах ажлыг хийдэг. 2021-2023 онд нийт 284 үйлдвэр эрхлэгчийг 7.2 тэрбум төгрөгийн зээл тусламжид хамруулсан байна. 976 үйлдвэр эрхлэгчийг гадаад, дотоодын 50 үзэсгэлэн худалдаанд оролцуулж, 1.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна. Мөн “Чингэлтэйд үйлдвэрлэв” дэлгүүрийг ажиллуулж, үйлдвэр эрхлэгчдээс төлбөр гаргахгүйгээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг олгохын зэрэгцээ өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар 267.1 сая төгрөгийн борлуулалт хийсэн үр дүнтэй байна.
-Чингэлтэй дүүрэг өнгөрсөн оны төсвийн хөрөнгөө аль салбарт түлхүү зарцуулсан бэ. Эрүүл мэндийн салбарт томоохон олон бүтээн байгуулалт өрнөж байх шиг байна?
-Дүүрэг, орон нутгийг хөгжүүлэхэд бүхий л салбарт анхааран ажиллахыг хичээдэг. Хаана, юу дутагдалтай байна, иргэдэд ямар үйлчилгээ хэрэгцээ шаардлагатай байгааг харж, тэнд хүрч ажиллахыг эрмэлздэг. Манай дүүргийн хувьд эмнэлгийн байрыг шинэчлэх, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх боломжийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байгаа. Учир нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2017 онд эмнэлэг барих шийдвэр гарсан ч газрын асуудалтай холбоотойгоор баригдалгүй өдийг хүрсэн. Тиймээс дүүргийн ИТХ-д энэ асуудлыг тавьж, дүүргийн төсвийн хөрөнгөөр аравдугаар хороо буюу “Дэнжийн 1000”-д 2.8 га газрыг бүрэн чөлөөлснөөр Азийн хөгжлийн банкны 30 сая ам.долларын санхүүжилттэй орчин үеийн эмнэлэг барих боломжтой боллоо. Мөн одоо ажиллаж буй эмнэлэгтээ өргөтгөл хийж байна. Түүнчлэн улсын хөрөнгө оруулалтаар Хайлаастад баригдаж буй амбулатори энэ онд ашиглалтад орно. “Эрт илрүүлгийн төв” баригдаад эхэлсэн. Үүнээс гадна дүүргийнхээ таван хороонд жишиг өрхийн эмнэлэг байгууллаа. Үүний үр дүнд эмчийн тоо нэмэгдэж, тоног төхөөрөмжийн хүчин чадал сайжирч, иргэдэд хүрэх эмнэлгийн тусламж үйлчилгээ хүртээмжтэй болж байна.
-Дэд бүтцийн тухайд хийж, хэрэгжүүлсэн онцлох ажлаас танилцуулна уу? Энэ тухайд бид цөөнгүй ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Тухайлбал, “Хашаа” арга хэм - жээний хүрээнд тодорхой ажлуудыг хийсэн нь үр дүнд хүрсэн. Иргэдэд, шуурхай хүрэх үйлчилгээ буюу түргэн тусламж, онцгой, цагдаагийн авто машины явах гарцыг хаасан байдаг нь хүний амь нас, аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлдөг. Тиймээс энэ арга хэмжээг хэрэгжүүлснээр ард иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлээд байна. Нөгөөтэйгүүр иргэд амьдарч байгаа орчиндоо эрүүл, айх аюулгүй, тав тухтай амьдрах “Ногоон бүс” төслийг Сөүл, Москва, Лондон хотод амжилттай хэрэгжүүлж, гэмт хэргийн 45-47 хувийг илрүүлсэн байдаг. Тиймээс олон улсын энэ сайн туршлагыг дүүрэгтээ нэвтрүүлэн хэрэгжүүлж эхэлсэн. 2022 онд эхлүүлсэн төсөл өдгөө улсын хэмжээнд жишигт тооцогдож байна. Одоогийн байдлаар дүүргийн 21 хороог бүхэлд нь камержуулсан байна. Хороодын газар нутгийн хэмжээнээс хамаараад камерын тоо харилцан адилгүй байдаг. Ямартаа ч одоогоор хороо тус бүрд 30-125 камер суурилуулсан. Бид энэ ондоо багтааж дүүргийн хэмжээнд 2000 гаруй камертай болгохоос гадна программ хангамжийн хувьд ухаалаг болгохоор зорин ажиллаж байна. Камерын хяналтын тусламжтайгаар гэмт хэргийн гаралтыг бууруулж, урьдчилан сэргийлэх үндсэн зорилготойгоос гадна нийтийн хэв журам сахиулахад хүртэл чухал үүрэгтэй байдаг. Гэр хорооллын иргэд зуны цагт угаадас, өвлийн цагт үнсээ гудманд гаргаад асгачихдаг. Хаа сайгүй камер суурилуулчихаар иргэд ч ухамсартай болж байна. Энэ төрлийн гомдол, санал тасардаггүй байсан бол илтэд буурч эхэлсэн эерэг үр дүн гарч байна.
Сэтгэгдэл бичих