Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өнөөдөр болсон ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Эдийн засаг, банк санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв эрсдэлийг харгалзан бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 11%-д хүргэх шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэр нь дунд хугацаанд инфляцыг зорилтот түвшинд тогтворжуулах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилттой нийцнэ гэж үзсэн байна.
Жилийн инфляц дөрөвдүгээр сард улсын хэмжээнд 6.4%, Улаанбаатар хотод 6.1%-тай гарчээ. Импортын бараа бүтээгдэхүүний инфляц саарах хандлага үргэлжилсний зэрэгцээ дотоодын хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт тогтворжсоноор инфляц буурсан байна.
Цалин, тэтгэврийн өсөлт төсөв, түүнтэй адилтгах санхүүжилт нь инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэй хэдий ч түүний нөлөө хүлээлтээс бага байгаа тул инфляцын богино хугацааны төсөөллөө бууруулсан болохыг Монголбанкнаас мэдээллээ.
Сэтгэгдэл бичих